Хүүхдийн хүмүүжлийг мөнгөөр худалдаж авдаггүй

Ялангуяа өндөр үнэ төлбөртэйг эс тооцвол хувийн цэцэрлэгүүд байгуулагдсанаар олон аав, ээж хүүхдээ хамруулж, ажлаа сэтгэл амар хийх боллоо. Сургуулийн өмнөх боловсрол олгох нийт байгууллагууд БСШУЯ-наас баталсан хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ч улсын болон хувийн цэцэрлэгүүдийн хооронд нэлээд ялгаа бий. Мэдээж, хувийн цэцэрлэгт хүүхдийн тоо цөөн, багшийн хүрэлцээ, хангамж сайтайг хэн бүхэн мэднэ.

Муу хүүхэд гэж байдаггүй, харин муу үйлдэл гэж байдаг. Тэнд муу үйлдэл хийдэг хүүхэд гэж байдаггүй. Багш бүр хүүхдүүдийг магтаж, эвийлнэ. Ийм үг сонсдог эцэг, эхчүүд баярлана. Манай хүүхэд сайн гэж итгэдэг.

Гэтэл улсын цэцэрлэгт очихоороо хааяа нэгийгээ маажчихдаг, сургуульд орохоороо үймүүлдэг гээд л чихнээс хонх уяж гарна даа. Яагаад сайн хүүхэд гэнэт муу үйлдэл хийгээд эхлэв ээ. Асуудлын гол нь хүүхэд хаана, ямар цэцэрлэгт явж байгаагаасаа болж буй юм биш. Харин хаанахын хэн хонх уяад байна гэдэгт л байгаа юм. Орчны нөлөө байлгүй л яах вэ.

Гэхдээ хувийн цэцэрлэг хүүхдийг нь харж өгнө, хүмүүжүүлж төлөвшүүлнэ гэж хэлж төлбөр авчихаад Танай хүүхэд ингээд байна. Тэгээд байна гээд муулаад байвал эцэг эхчүүдэд дарамттай. Ийм болохоор л тэд ганц үг ганхийдэггүй, үүнд эцэг эх нь итгээд явдагт л учир байгаа аж. Энд юу харагдаж байна вэ гэхээр хувийн цэцэрлэг, сургуулиуд нэгэнт өндөр төлбөр авчихсан юм чинь гэдэг байдлаар хүүхдийн хүмүүжилд хандаж байгаа нь харагдаж буй юм.

Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Энэ үг Монголын ард түмний олон зуун жилийн аж амьдралын гүн ухаанаас үүсчээ. Бага насанд тогтсон зан ааль, эзэмшсэн дадал, сурсан эрдэм насан туршид үл мартагдахаас гадна боловсорч төлөвших бүхий л үйл явцад суурь нь болж өгдөг. Эрдэмтэд 3-6 насандаа юмыг ойлгож, оролдож, тоглоом тоглож, оньсого таавар таалцаж байсан хүүхдийн сэтгэхүй хөгжиж, оюун нь задарч эхэлдэг гэж үздэг. Энэ насандаа эрхлэхээс илүү гарахгүй байвал гүйх ухаан суудаггүй, мөлийчихдөг нь үнэний хувьтай.

Дан ганц цэцэрлэг, сургууль ч биш эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд муугаар нөлөөлж байгаа жишээг ч энд дурдахгүй өнгөрч болохгүй. Бидний үр хүүхдүүд ихэнх цагаа гэр бүлийнхэн дотроо өнгөрүүлдэг. Хараад байхад эцэг эхчүүд бид л хүүхдүүдийнхээ ааш аалийг эвдрэхэд нөлөөлөөд байх юм. Гүйж яваад унахаар нь Миний хүүг унагасан энэ муу шалыг зодоод өгье гээд, тээглээд унагасан зүйлийг нь балбах, ахтайгаа тоглож байгаад өөрийнхөөрөө зүтгээд уйлахаар нь Яагаад дүүгээ уйлуулаад байгаа юм бэ гэж томыг нь загнах зэргээр буруу харьцах нь энүүхэнд. Түүнчлэн нялхад нь Аль вэ, миний хүү. Хаана байна? За яриад байгаарай гээд л хурдан ярьдаг болоосой гэж маш их яарна. Гэтэл хоёр, гурван настай болоод яриад, юм сонирхож асуугаад ирэхээр нь Яасан их шалгаадаг юм бэ? Жаахан дуугүй байгаад өгөөч гээд л уцаарлах. Ёстой л өөрсдөө учир нь олддоггүй, олон ааштай юм шиг л аяглацгаана.

Дээхнэ үед анхны хувийн сургуулиудын нэгэнд ажилд орсон нэг багш Сурагчид өглөө их хоцрох юм. Эцэг эхэд нь хэлэхээр Бид төлбөрөө төлсөн. Та нар сургах л үүрэгтэй. Манай хүүхэд жаахан унтаа л биз. Юун сүртэй юм гээд уурладаг. Яамаар ч юм бэ дээ гээд халаглаж байсан. Тэр үеэс хойш олон жил өнгөрчээ. Одоо ч хэн хэн нь энэ системд дассан бололтой. Хувийн, улсын гэсэн ялгааг нэг их ярихаа больжээ. Гэхдээ л хүүхдийн төрөлх ааш эхийн хэвлийд байхад нь тогтож, харин хүмүүжил төлөвшилд орчин нь нөлөөлдгийг мартах учиргүйсэн.

Ж.Цэцэгмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button