Хууль зөрчин шүүгч хийж байгаа юм биш биз

Үнэхээр ч түүний шүүж байсан хэргүүдээс харахад жижиг гар биш нь анзаарагдана. Даргаа хөнөөсөн хилчин залуусын хэрэг, Хадгаламж зээлийн хоршоодын хэрэг, төрийн мөнгөөр казинодсон Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын хэрэг гэхчилэн ноцтой хэргүүдийг шүүсэн байдаг. Хамгийн сүүлд гэхэд 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж буй цагдаагийн экс дарга нарын хэргийг шүүн таслах үүрэг түүнд ноогдсон. Хоёр ч удаа болсон шүүх хурлыг удирдсан Ч.Хосбаярыг хэргийг үнэн зөвөөр шийдэх гэхээсээ хэн нэгний захиалгаар, зориудаар яллах бодлогоор асуудалд хандаж байна уу даа гэсэн хардлага нийгэмд бий болсон.

Гэтэл үүнтэй зэрэгцээд өөр нэгэн ноцтой баримтын талаар гадуур ярилцаад эхэлжээ. Өөрөөр хэлбэл Ч.Хосбаяр шүүгчийг хуульч биш гэцгээж байна. Түүний хуульчийн тусгай зөвшөөрөл дөрвөн жилийн өмнө цуцлагдсан, түүнээс хойш дахин сонгон шалгаруулалтад орж эрхээ сэргээсэн гэсэн мэдээлэл байхгүй гэх юм. Энэ мэдээллийн мөрөөр явж юутай ч хоёр баримт оллоо. Нэг нь Хуульч сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн 2008 оны есдүгээр сарын 19-ний өдөр гаргасан 10 тоот тогтоол. Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн гарын үсэг бүхий уг тогтоол нь Гэрчилгээ хүчингүй болгох тухай гэсэн толгойтой бөгөөд дотор нь Хуульч сонгон шалгаруулах тухай Монгол Улсын хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2008 оны наймдугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн нэр бүхий хуульчдын гэрчилгээг хүчингүй болсонд тооцсон заалт байна. Эдгээр нэр бүхий хуульчид гэдэгт Чагдаагийн Хосбаяр гэсэн нэр байгаа юм. Учир мэдэх хүнээс энэ тогтоолын тухай лавлахад хуулийн сургууль төгссөн хэн боловч тодорхой хугацаанд хуульчийг дагалдан суралцсаны дараа хуульчийн сонгон шалгаруулалтад орж гэрчилгээ авах ёстой. Энэ гэрчилгээгүйгээр түүнийг хуульч гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн юм.

Монгол Улсын Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 3.1.1-д хуульчийн сонгон шалгаруулалт /цаашид сонгон шалгаруулалт гэх/ гэж шүүгчийн албан тушаал эрхлэх сонгон шалгаруулалтад оролцох, өмгөөллийн болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах мэргэшлийн шалгалтад оролцох, прокуророор ажиллах этгээд нь мэргэжлийн хангалттай мэдлэг, чадварыг эзэмшсэн эсэхийг шалгаж, гэрчилгээ олгох үйл ажиллагааг хэлнэ гээд 3.1.2-т нь хуульч гэж энэ хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан этгээдийг нэрлэнэ гэдгийг цагаан дээр хараар бичээд тавьчихсан байна. Түүнээс гадна уг хуульд хуульчийн гэрчилгээг ямар үндэслэлээр хүчингүй болгохыг ч тодорхой заажээ. Тодруулбал, уг хуулийн 18.1.3-т Шүүхийн тухай хуулийн 59.1-д заасан үндэслэлээр шүүгч огцорсон, Прокурорын байгууллагын тухай хуулийн 44.1.4-т заасны дагуу прокурор ажлаас халагдсан, нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.6, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Өмгөөллийн тухай хуулийн 19.1.3, 19.1.5-д заасан үндэслэлээр тус тус хүчингүй болгосон бол хуульчийн гэрчилгээ хүчингүй хэмээн заасан байна.

Тэгэхээр Ч.Хосбаяр гэж хуульч шүүгчээр томилогдон ажиллаж байхдаа энэ эрхээ хасуулсан болж таарч байгаа юм. Түүнийг 2006 онд шүүгч болсон гэсэн. Үүнээс өмнө Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтэст ажиллаж байсан. Мөн өмгөөлөгчийн эрхтэй хуульч байжээ. 2008 оны гуравдугаар сард түүний Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын гарын үсэгтэй тушаалаар хүчингүй болгосон байна. Үндэслэл нь нэг жил зургаан сараас дээш хугацаагаар гишүүний татвараа төлөөгүй нөхцөлд шууд хүчингүй болгодог хуулийн заалт болжээ. Тэгэхээр Ч.Хосбаяр гэж шүүгчийн хуульчийн гэрчилгээ нь өмгөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан шалтгаанаар хүчингүй болсон гэсэн үг юм байна.

Түүнийг 2008 оноос хойш эрхээ сэргээлгэн сонгон шалгаруулалтад орсон гэж дуулдаагүй хэмээн албан бус эх сурвалж дуулгасан. Энэ тухай албан эх сурвалжаас мэдээлэл авахаар ХЗДХЯ-ны Хуульч сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хандахад албан бичгээр хүсэлтээ ирүүлэх ёстой гэсэн юм. Хэрэв Ч.Хосбаяр шүүгч үнэхээр сонгон шалгаруулалтад ороогүй бол Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг зөрчин шүүгчээр ажиллаж буй хэрэг. Түүнээс гадна шүүгчээр томилогдсон буюу төрийн албанд шилжсэн тохиолдолд хуулийн дагуу өмгөөлөгчийн эрхээс өөрөө татгалзах ёстой гэнэ. Гэтэл Ч.Хосбаяр 2006 онд шүүгчээр томилогдсон хэрнээ энэ эрхээсээ татгалзаагүй явсаар гишүүний татвар нь бүтэн хоёр жилээр хуримтлагдсаны эцэст Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байдаг.

Энэ бүхэн түүний хуулийг дээдлэх биш зөрчиж гишгэлж байсныг гэрчилж байгаа юм. Түүнээс гадна хэрэв тэр сонгон шалгаруулалтад ороогүй бол түүнийг хуульч гэж үзэх үндэс байхгүйн дээр шүүгчийн албанд байх ёсгүй гэж буйг холбогдох газрынхан нь шалгахад гэмгүй бололтой.

Н.Гэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button