Т.Галсан Оюутолгой бол дундрах, оюун ухааных бол ундрах орд

бодсоор очтол бас ч гэж гайгүй ээ.

Зохиолчийн хэлснээр нэгэн сайхан гайхуулгын ордонд бид хөөрөлдсөн юм. Энэ нь Улаанбаатарын музей бөгөөд Тоншуул сэтгүүлийн газраас гаргасан шог зургийн үзэсгэлэнтэй холбоотой асуудлаар уран бүтээлчид уулзалдахаар болзсон байсныг бид ашигласан хэрэг. Бид хэрхэн ярилцсанаа сонирхуулъя.

ХАМГИЙН ТОМ ШИРЭЭТЭЙ ЗОХИОЛЧ БОЛ БИ

-Та сайхан хаваржиж байна уу. Энэ сайхан үзэсгэлэнг таны цуглуулгад түшиглэж гаргасан гэж дууллаа. Та үүцээ дэлгэжээ?

-Ийм сайхан гайхуулгын ордонд Монголын хошин зургийн үзэсгэлэн гаргасан нь соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр хүүгийн гавьяа. Энд 1942-1960 оны Тоншуул сэтгүүлийн дугаарууд байгаа юм. Миний авдранд л байсан сэтгүүлүүд одоо С.Цогтбаяр хүүд ирсэн. Эндээс Монголын хошин урлагийн, хошин зургийн түүхийг харж болно. Яаж хөгжиж ирсэн, хэн хэн оюун ухаанаа дайчилж ирснийг мэдэж болно.

-Та гавьяат цолыг нь мялааж эднийгээ бэлэглэсэн гэсэн. С.Цогтбаяр зураач дээр нь өөр бүтээлүүд нэмээд олон түмэнд толилуулж байгаа юм билээ. Та өдий наслахдаа их олон удаа нүүсэн байж таарна аа даа?

-Мэдээж шүү дээ.

-Нүүх тоолондоо энэ сэтгүүлүүдээ хаанаас хаа хүртэл зөөгөөд л, хайрлаж гамнаад л явсан байх даа?

-Нэг ийм юм хэлье. Монголын тэргүүлэх сэхээтний өндөрлөгөөс тэмээчин болоод явах нь хувь хүн төдийгүй хувьсгалын үйл хэрэг, ард түмэн хохирох хэрэг. Өөрийгөө хэлж байгаа юм биш. Аугаа их Төмөр-Очир, Лоохуузыг малчин, ажилчин болгоод явуулна гэдэг тархи, зүрхний мэс засалчийг гутал хадагч болгоод явуулснаас ялгаагүй. Ийм үед үрэгдээгүй, хохироогүй юм маш ховор. Гэвч хүнд нэг тооцоо байдаг. Хайртай юм гэж бий. Миний хайртай юм бол яруу найраг, хошин шогийн ертөнц минь. Түүнээс биш улс төр, нийгмийн чиглэлийн номын ихэнхийг сургуулийн, нэгдлийн номын санд тарааж өгсөн. Доод тал нь 40 мөнгө, дээд тал нь 100 гаруй рублийн үнэтэй номнууд байсан. Тэднийг номын сангуудад өгөхөд эсэргүү Т.Галсангаас авсан болох гээд байсан болохоор нэгдэл манай авгайгаас авсан болгож зохион байгуулаад надад хэдэн төгрөг өгч байх жишээтэй. Тэгээд би номун үгүй атал нэг хайртай юм хадгалсан байна. Гэхдээ би хадгалахдаа хэзээ ч юм шатааж мэднэ. Иймээс итгэлтэй найдвартай НАХЯ-ны хүн нохой, намын гар хөл бологсод биш, харин эгэл монгол хүмүүст тарааж хадгалуулдаг байлаа. Сүүлд орон байртай болсон хойноо зах зухаас нь ойртуулж цуглуулсаар байгаад одоо бол гурван газарт том том өрөөнд номнуудаа хадгалж байна. Өнөөдөр Монголд хамгийн том ширээтэй зохиолч би болж байна л даа.

-Энэ юу гэсэн үг вэ?

-Ёворцогны ширээ. Ёндгойг ёвроор ёгжоод ёнхлой руу ёндгосхийлгэдэг тоглоомыг ёворцог ёврох гэнэ. Залуусын хэлээр бол бильяард. Тийм ширээн дээр 100 гаруй хайрцаг юм байна, миний ном. Тэдний хоёрт нь Тоншуул сэтгүүлийн энэ дугаарууд байсан юм. Тэндээс гаргаад ирэхэд л Монголын утга зохиолын, авьяас билгийн, цаг үеийн үнэнийг хэлсэн хэчнээн чухал баримт байв даа. Эднийгээ төрөлжүүлж янзлаад ном гаргаж байгаа юм. Жишээ нь сая нэг хайрцаг дахийг нь эмхэлж Ертөнцийн гурав гээд боть гаргалаа, 456 хуудастай. Үүнийг академич Цэрэнсодном гуай Эрээд эрээд олддоггүй эрдэнэсийн санг нээжээ гэж хэлсэн. Л.Түдэв болохоор Монголын цээж их соёлын алтан түлхүүрийг баригч гэж цоллосон. Тэгэхээр бусад хайрцгаас нь юу гарах вэ. Шог зураач Цогтбаяр маань Монгол Улсын Ерөнхийлөгчөөс соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх цол авлаа шүү дээ. Тэгээд баяраа хуваалцахаар үзэг нэгтэй, үзэл нэгтэй өвгөн надаас авахуулаад хүмүүсийг цуглууллаа. Найран дээр нь юу өгөх вэ гэж бодлоо. Би олон найранд очсон хүн л дээ. Хүн хүнд өгөх бэлэг өөр. За, хошин шогийн бэхийг дэвтээж, бийрийг хурцалж явах, цаг түүхийн ачаа үүрч яваа нь энэ хүүхэд гэж бодоод Тоншуул сэтгүүлийн анхны дугаараас эхлүүлээд 1960-аад он хүртэлх, өөрөөр хэлбэл намайг цөллөгөнд явах хүртэлх үеийн дугаарыг аваарай гэсэн юм. Тэгэхэд хүмүүс үнэмшээгүй байж магад. Энэ нөхөр найран дээр хоосон ирсэндээ бантаад ингэж хэлж байна гэж бодсон ч байж магад. Тэгсэн чинь хүү дараа нь өдрийн сайныг үзэж байгаад, их гарын сайхан хадагтай, зохиолчийн цайтай ирлээ. Зохиолчийн цай гэж мэдэх үү?

-Гадарлаж л байна. Эвгүй нэр нь шилтэй цэнхэр байх шүү?

-Зохиолчийн цай авдраар шүү. Байды, мань мэтийн биеийнх нь гал унтарчихсан өвгөчүүд устай галаар сэлбээд данхалзаж суухад аятай. Багачуудад бол таарахгүй. Залуу хүний бие нь гал байдаг. Тэгэхээр хоёр галын дундаас түймэр гараад хувь заяагаа хуйхалчихна шүү дээ, болохгүй. Бид бол яах вэ дээ, хааяа сэлбэхэд пионерийн П шиг даруухан байснаа, феодалын Ф шиг хоохолзоод ирж байгаа юм. За тэгээд Тоншуул сэтгүүлүүдээ Цогтбаяртаа хүлээлгэж өгсөн дөө. Би бол үзэсгэлэн гаргаж, Гайхуулгын ордон байгуулж чадахгүй. Яагаад гэхээр үхэл бид хоёр өөд өөдөөсөө гүйж байна. Хоёр талаасаа хурдлахаар хоорондох зай ойртож байна.

-Сэтгүүл анх Матар нэртэй байж. 1942 оны нэгдүгээр сар гэж байна шүү. Их сонин юм. Үүнийг ёстой л олдвор гэх байх даа…

-Олдвор гэх юм уу, элдвэр гэх юм уу. Ямар ч л гэсэн хошин шогийн нэг орд юм даа. Эхлээд монгол бичгээр гарч байж. Дараа нь хөндлөн үсгээр гарч эхэлсэн. Гэхдээ арай соёлжиж амжаагүй байсан үеийнхээр байна л даа. Сүүлдээ орос хэлний өнөөх ударение (эгдүүцсэн маягтай сунжруулж хэлэв) гэгч орж ирсэн үед гарсан нь энэ.

-Таны зурсан бүтээл байгаа гэсэн үү?

-Гоо сайхны газар очсон бүсгүй таван насаар залуужаад гардаг биз. Харин би зурвал эмэгтэй хүнийг өвгөн болгож харагдуулах болов уу. Миний зурах гэж юу байх вэ. Харин миний гарын үсгийг гоё гэдэг. Монголоороо бичдэг болохоор тэр биз. Зарим хүн монголоороо хорхой мөлхөж байгаа юм шиг бичих нь бий. Гэтэл бидний бичиг үдийн нарнаас эх газар руу нарны цацрал бууж байгаа юм шиг харагддаг. Гарын үсэгтэй холбоотой сонин түүх ярья л даа. Би 1986 онд Эрх чөлөөний аралд очоод. Америкийн их саятнуудаас хурааж авсан өндөр сайхан Гавана клуб гэдэг буурчийн газарт хоол идэхээс илүү тэр дор байгаа гуталчны тагц шиг жаахан газарт хооллож ундлахыг илүүд, эрхэм дээд хүндэтгэл гэж үздэг юм байна. Яагаад гэхээр тэнд буусан алдартнууд гарын үсгээ үлдээдэг уламжлалтай. Дэлхийн хэмжээний хувьсгалч алдарт Че Гевара, Кубыг эрх чөлөөний арал болгосон Фидель Кастро, Латин Америкийн их зохиолч Эрнест Хемингуэй, Чилийн Пабло Неруда нар тэнд хоол идээд гарын үсгээ зурж үлдээсэн байх юм. Ийм суут хүмүүс очдог гэхээр бусад хүнд ч тэнд хооллох хүсэл төрдөг байна л даа. Ялгаагүй плов гээд хуурсан будаан хуурга байх ч их үнэтэй юм билээ. Тэгтэл тэр олон гарын үсэг дунд монголоор бичсэн ганцхан гарын үсэг байх юм аа. Тэгсэн алдсан морио аймгийн наадмаар уяан дээрээсээ олж байгаа юм шиг санагдаад хачин их баярлаад явчихаж байгаа юм чинь. Тэгсэн тэр хэн байсан гэж санана. Манай утга зохиолын нэртэй залуу орчуулагч Мэргэний аав утга зохиолын нэртэй судлаач Ц.Хасбаатар гуайнх байсан. Үгүй мөн сайхан таталжээ. Ингэж тэмээний бэлчээрээс гарах эрхгүй байж байгаад тив алгасч аялсан хүн шүү дээ, би.

-Ямар учрал ерөөлөөр очсон юм?

-Энэ бол өөрчлөн байгуу­лалтын салхи сэвэлзсэний тэмдэг байлаа. Тэндээс Тангадын Галсанд гэсэн урилга ирсэн байсан л даа. Тухайн үеийн манай Зохиолчдын хорооны гадаад харилцаа хариуцсан дарга нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байсан юм. Тэр нэг өдөр Галсан ах аа, таны нэр дээр урилга иржээ. Гэтэл энд эсэргүүний үлдэгдэл явах хэрэг үү, цөмөөрөө явбал яасан юм гэх зэргийн яриа гараад байна гэдэг юм байна. Тэр урилга яагаад миний нэр дээр ирсэн бэ гэж асуух байх л даа. Тэр улсын Зохиолчдын байгууллагын дарга нь манай улсад ирсэн юм. Тэгсэн мань хүн ганцхан зохиолчийнхоор орж үзмээр байна гэж л дээ. Тэгсэн хэлмэрч нь дагуулаад шөнө 12 өнгөрсөн хойно манайд ороод ирдэг байгаа. Тэр халуун орны хүнд нэг муу Дархан дээл нөмөргөчихсөн чинь таараагүй, зохиогүй гэж яав аа. Бээвэгнээд чичирчихэж. Тэгэхээр нь би загнаад. Яаж байгаа юм, тэр олон алдартай цуутай зохиолч байхад манайхаар авч ирдэг нь юу юм гэлээ. Тэгсэн Энэ учиртай. Заавал монгол зохиолчийнхоор орно гээд байгаа юм гэж байна. Ороод ирэхэд л ёс заншил, эд агуурс, аяга тавагнаас авахуулаад монгол байх юм гэж гэнэ. Хэлмэрч надад ингэж өөх үнхүүллээ. За тэгээд байхаар нь өнөөхөд чинь мөнгөн аяганд сүү аягалаад барилаа. Тэгсэн сүүгээ уухгүй аяга сонирхоод байдаг. Бүр аяга судлаач болж гүйцлээ. Есөн луу хөлөглөсөн, загасан сээр гүйлгэсэн, үйтэн ший модны дэргэд эвтэй дөрвийг жагсаасан зэргийг сонирхоод, сүүгээ уудаггүй дээ. Тэгснээ аягаа тавьчихаад ус ууя гэнэ. Ямар муу ёрын амьтан бэ гэж бодон бодон хийгээд өгсөн чинь уугаад Танай ус ямар сайхан юм бэ гэж байна шүү. Тэр үед манай ус мөнхийн рашаан шиг цэнгэг байсан үе шүү дээ. Тэгээд өнөө хүн гарахдаа тэмдэглэлийн дэвтэртээ юм бичээд уянгалаг сайхан испани хэлээрээ хэдэн үг хэлсэн нь Хойтон өдийд хоёулаа Гаванад уулзаяа гэж байна. Томчууд худлаа хэлдэггүй юм билээ. Тэгээд ч нэртэй урилга ирүүлчихээр дарга нар явах байсан ч чадахгүй, би явахгүй юү (хөхрөв).

-Тэгж та тэр алдартай газар гарын үсгээ зурсан хоёр дахь монгол хүн болоо юу?

-Тэгсэн. Бичээд дуустал Та өөрийгөө зурчихлаа. Одоо гарын үсгээ зурна уу гэж байна. Яагаад тэр хүмүүст зураг зурсан мэт санагдсан гэхээр монгол бичиг утга гаргахын зэрэгцээ дүрслэлийн илэрхийлэлтэй учраас тэр юм. Бичиг маань амтай, хамартай, чихтэй болохоор хүн дүрсэлсэн мэт харагдаж л дээ. Ийм сонин сайхан бичиг үсэгтэй ард түмэн шүү дээ, бид чинь. Тэр дүрслэлийг зураг зурсан гэж үзэж л дээ. Тэмээ хариулж байхдаа бол зурж байсаан.

-Тэр зурагнууд тань одоо бий юү?

-Өнөөх цаасан хайрцагнуудад байхгүй гэх газаргүй. Ухвал гарч ирэх л байх.

-Та Русскаяа гимназия сургуульд хоёр өрөөнд сууж байгаа гэсэн. Түрээсэлдэг юм уу?

-Үгүй ээ. Намайг тэр сургуулийн эзэн Энхтайван гэж хүүхэд уран бүтээлээ хийж суу гээд хоёр өрөө гаргаж өгсөн юм. Би ямар ч төлбөр төлдөггүй.

-Яасан буянтай, ухаантай хүн бэ…

-Өдөр хажуулж болно. Зохиолчид ирвэл сэтгэлийн таглаа, лонхны бөглөө нээж болно. Хоолоор биш, хөдөлгөөнөөр өлсгөлөн байх болсон энэ үед тэр ёворцог чинь их тустай.

-Тэгвэл та тааваараа уран бүтээлээ хийж суугаа юм байна. Зохиолчдоо очиход хүлээгээд авах тухтай орчин байна гэдэг хамгийн сайхан санагдлаа…

-Ер нь хүнд бол одон тэмдэг бол шагнал биш юм. Өнгөрсөн жил би есөн одон авлаа. Батгана суух зайгүй паалантай төмөр болж гүйцлээ. Тэгэхээр энэ бүгд хүндэтгэл биш, доромжлол болчих гээд ч байх шиг. Түүнтэй харьцуулахад уран бүтээлээ чөлөөтэй хийх хоёр өрөө байр байна гэдэг том шагнал аа даа. Түрээсэлбэл их мөнгө. Тэгтэл нэг муу өвгөнийг оюун ухааныхаа тайланг ард түмэндээ хүргэг дээ гэж бодоод орон зай гаргаж өгч байгаа нь том шагнал байгаа биз дээ. Манай хөдөлмөрийн баатар Л.Түдэв Үнэн сонины байранд нэг жаахан өрөөнд суудаг. Түүнийг нь Д.Цоодол хараад Гуундаа томдсон бурхан шиг суудаг гэж хэлсэн шүү дээ. Том зохиолч жижигхэн өрөөнд суугааг үүнээс өөрөөр яаж хэлэх вэ дээ. Тэгтэл би жаазандаа багадсан зураг шиг. Л.Түдэв миний Ертөнцийн гурав-ыг тэр чигээрээ монгол ертөнц юм гэсэн.

-Эвгүй асуулт байж магадгүй. Таны Ертөнцийн гурав хэр борлогдож байна вэ?

-Гурван ботийн эхнийхийг л хэвлүүлсэн шүү дээ. 30 мянган хувь гаргасан, дэлгүүрт тавьсан дуусч байна л гэсэн.

-Монголчууд оюуны бүтээл үнэлдэг болжээ гэж ойлгож болох уу?

-Монголчууд бүтээл үнэлдэг болсны зэрэгцээ хэрэгтэй юм байгаа болоод зарагдаад байгаа юм байлгүй. Хүнд хэрэгтэй биш бол борлогдох нь үгүй. Гоо бүсгүй ч юу л бол. Гэтэл гоо үзэмжээр төгс биш ч удам сайтай, оюун ухаан тэгш охин хадамд гарах нь хурдан байдаг биз. Үүнтэй адилхан. Өрнийн гүн ухаан болохоор Оюутолгойгоос нэг жоохон чулуу аваачиж тээрэмд хийгээд алт, зэс, оюу, гууль хэдэн хувь байна гээд задалдаг ухаан. Гэтэл монгол ухаан бол нийлүүлдэг. Гурван өөр юманд адилхан шинж юу байна гэдгийг эрж хайдаг. Савгаараа цас шүүрдсэн сарлаг гэдэг үхэр, шашир дэл нь өвдгөө хүрсэн адуу гэдэг амьтан, сахал нь өнөө хүрсэн өвгөн гуравт адил юм юу байна гэдгийг хайдаг. Энэ талаар Ертөнцийн гурав-т өгүүлдэг. Энэ гурвуул гүйдгээрээ адил. Үхэр намар гүйдэг, нутаг руугаа. Адуу хавар гүйдэг. Хүн өтлөхөөрөө гүйдэг.

Гурван анчин гэж байна. Сайн анчин Алдчих шахлаа гэдэг. Юу гэсэн үг вэ, авсан байна. Саар анчин Авчих шахлаа гэдэг, алдсан байна. Харин шаар анчин Яая, алуулчих шахлаа гэдэг. Буугаа биедээ тулгалгүй буудсан нь эрүүг нь зад тийрэх эсвэл нөгөө сайн анчны буудсан шархтай ан нөгөөхийг чинь дайраад хадрах гэхгүй юү. Тэгэхээр ингэж ертөнцийг дооглож чадсан, ертөнцийн мөн чанарыг ухаж чадсан, гурван адилхан юманд гурван өөр бахархал, шившиг гарч ирж байх жишээтэй. Ер нь бол Оюутолгой дундрах орд. Оюун ухааных бол ундрах орд. Тэгээд нэг Монголоос биш, дэлхий дээрх бүх Монголоос цуглуулсан учраас, 50 жил хураасан учраас нэг хайрцагнаас гарч ирсэн нь л гэхэд ийм болж байна. Энэ мэтийн олон хайрцаг байна даа. Нас гүйцэхгүй байх. Гэхдээ ард түмний алган дээр аз байх байлгүй дээ. Би 63-хан кино, 95-хан ном ард түмний алган дээр тавилаа. Энэ бол юу ч биш. Цаад авдранд хамаг юм байна. Ц.Дамдинсүрэн багш минь бичсэн дээ, Хазгар өвгөнд эрдэм бий, хар авдранд ном бий, хамаагүй басч болохгүй ээ гэсэн.

-Тэгэхээр та өөрөө өөрийнхөө уурхайг ухаж байгаа юм байна шүү дээ…

-Нэгдүгээрт ардчиллын буянаар мэдсэн дуулсан бүхнээ хүмүүст хүргэх цаг үе нь сайхан болж. Хоёрдугаарт сайн санаат хүмүүсийн буянаар өдөр тутам нүд нээж байна. Сая Киргизстан улсад Ерөнхийлөгчтэй цуг яваад ирлээ. Би тэнд Чингиз Айтматовын урилгаар хоёр удаа очсон юм. Арав арван жилийн зайтай гурван удаа очиход нийгэм, ард түмэн, хөгжил, дэвшилд ямар их ялгаа гардгийг шууд үзүүлж байна. Ерөнхийлөгч соёлыг, соёлоо хүндэтгэлээ. Төрийн тэргүүний айлчлалд шог зураач явж байна гээд бод доо, та нар. Энэ бол өөрийнхөө намыг, өөрийнхөө үзэл суртлыг л хамгаалан магтагчдыг биш, авьяас билгийн төлөөллийг авч явж байгаагийн жишээ.

-Та Киргизстанаас ямар ачаа тээж ирэв дээ?

-Хачин хачин. Зочин хоосон очиж болохгүй учраас Хөх толбо сонинд Эзэн Чингисийн нутгаас Чингиз Айтматовын нутагт гээд нэг, хоёр, гурав, наймдугаар нүүр дамжсан их хөөрөлдөөн байгаа юм. Тэнд бол өмнөх үеийг харьцуулсан. Одоо бол эргээд 10 жилийн өндөрлөгөөс харахаар үгүй ядаж урьд бид алтан Москва, Алмата ороод, цаашаа Фрунзе гэж улаан жанжны нэртэй хот руу очдог байсан. Зөвхөн унаагаар харьцуулахад. 1992 онд гэсэн чинь манайхан Өлгий хотод буучихаад цаашаа очиж Алматад буугаад явдаг байлаа. Бишкек гээд нэр хүртэл өөр болчихсон байдаг. Яагаад гэвэл туурга тусгаар улс болсон. Урьд нь Холбооны улсын бүрэлдэхүүн жаахан улс байсан. Сая болохоор Ерөнхийлөгчийнхөө унаанд дайгдаад гурван цаг 40 минут нисээд очлоо. Гурван хоногийн явдлыг гурван цагт туулна гэдэг цаг, түүхийн маш их дэвшил. Монгол маань цөөхөн хэрнээ олноос дутахгүй байхын шинж ээ дээ. Анх эхлээд очиход сонин байсан. Сталин холимог хуурга маягтай үндэстнүүдийг төрийн их бодлогоор нийлүүлчихсэн. Гочкербаев гэдэг хамтралд очиход дарга нь орос, намын дарга нь киргиз, газар тариалангийн дарга нь узбек, мал хөдөө аж ахуйн дарга нь казах, хамтралын үйлдвэрлэлийн хорооны дарга нь солонгос, инженер нь герман байсан. Одоо тэгэхэд тэр нутгийн эзэн үндсэндээ хиргэсүүд байна. Тэр бол улс туурга тусгаар болсны дараа үндэстэн бүхэн өөр өөрийнхөө гал голомт руугаа, нутаг руугаа явчихсаных.

Цөөн тооны орос үлдсэн байдаг юм байна. Тэгэхэд манай монгол арван түм байна, торгуудууд. Хөгжил дэвшил шууд нүдэнд тусч байна. Манайх өндөр сайхан орд харштай болж байна. Гэтэл энэ бол хүн амьдрах төгс төгөлдөр орчин биш. Яагаад вэ гэвэл энэ байшинд шөнөдөө л хононо. Хүүхдээ өгөх цэцэрлэг тэнд байхгүй, хүүхэд нь өөрөө гүйгээд орчих сургууль байхгүй. Хөгшид нь очоод нарлаад суух сайхан нарлаг талбай байхгүй. Эрвээхэй ниссэн цэцгийн мандал байхгүй. Явган хүн таван км явчих зам байхгүй. Дугуйтай хүний тухай бүр ярих хэрэггүй. Тэгэхэд тэр жаахан Хиргэст нэг нэгийгээ сүүдэрлэсэн нэг ч байшин байхгүй. Сүүдэрлэнэ гэдэг нян үржихийн эхлэл. Ганц худгийн гяндангийн тэнд нар үздэг атал манай шинэ харшуудын энд бол нар үзэхгүй. Энэ бол гадныхан монгол газар дээр орон байр биш, шорон байр барьж байгаагийн жишээ юм. Тэнд төрөл бүрийн сайхан мод байна. Хүжилсэн үйтэн шиг мод, буурал генерал шиг сайхан цэнхэр агч мод, дээгүүр нь хэрэм дүүлсэн нарс, хуш байх юм. Хотын гудманд нь хэрэм дүүлж байна шүү дээ. Энэ юу вэ гэвэл амьтан амьдарч болох орчин гэдгийг хэлж өгч байна. Амьтан амьдарч болох газар л хүн амьдарч болно. Ширгэн дээр нь хөрвөөж, эрвээхэй дүүлж, усанд нь шувуу бууж байвал тэр хүн амьдрах орчин. Гэтэл манай усанд шувуу буухгүй. Одоо Туулд шувуу буухаа байсан. Энэ бол сайхан Туулаа бид ус биш, угаадас болгочихсон гэсэн үг. Ингээд харьцуулахад улс төр, соёлын амьдрал, ер нь бүх юм шал өөр байна. Бид нэг нэгнийгээ нөхсөн цагт цаг сайхан болно. Хоёулаа жаахан улс. Хоёулаа хондлой дээрээ тэнгэрийн хөх оортой. Манайхан толбо гэдэг, энэ буруу шүү. Зочид буудлын орны дунд хэсэгт байдаг халтрыг толбо гэнэ. Тэгэхээр үүнээс хойш хөх оортой гэж хэлж байгаарай.

-Тэгэхээр таны тээж ирсэн мэдрэмж тань ачаа байх нь ээ?

-Би аян замд энэ их хүндэтгэлд умбаж явчихаад ард түмэндээ сэтгэлийн бэлэггүй ирэх юм бол аян замд явсан Монголын төлөөлөгч, уран бүтээлийн сэхээтэн биш, харин зүгээр ачаа тээж явж байгаад буцаж ирж байгаа чингэлэг юм уу, эсвэл аян жинд яваад ирээд амарч байгаа атан тэмээ болж таарна. Авгай хүүхдэдээ жаахан бэлэг авч ирье гэвэл үүнийг хэн ч хийж чадах өчүүхэн юм. Харин ард түмэндээ үзсэн, дуулсан хоёроо өгнө гэдэг бол бүх нийтэд хүргэх бэлэг юм. Ийм учраас аян замын тэмдэглэл, хөөрөлдөөн зөндөө шүлэг бичих болно.

Р.Оюунжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button