Н.Халиун Монголд од болсон дуучин бий

бүтээлүүд эгшиглэх юм. Тоглолтыг UP Music продакшны хөгжмийн найруулагч, зохиолч Н.Халиун зохион байгуулж байгаа. Түүнээс энэ талаар болон сүүлийн үеийн уран бүтээлээс нь сонирхож, ярилцлаа.

-Зохион байгуулагчийн ажилд томилогдоод зав муутай байна уу?

-Харин тийм ээ. Гэхдээ уран бүтээлийн гараагаа эхэлсэн сургуулийнхаа ойд зориулсан тоглолтод гар бие оролцож байгаадаа баяртай байна. Ирэх намар сургуулийн ойг тэмдэглэх юм.

-Тоглолтод хэчнээн хөгжмийн зохиолчийн бүтээл багтсан бэ?

-30 хүний нэр гаргасан. Бүтээл болон тухайн хөгжмийн зохиолч олны дунд хэр нэр хүндтэй байгааг нь харгалзаж сонгосон. Гэхдээ бүгд дуу биш. Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав нарын хөгжмийн зохиолчийн бүтээл эгшиглэнэ. Мөн рок попын уран бүтээлчид оролцоно. Төгсөгч бүрийг багтаана гэвэл хэдэн өдөр ч үргэлжлэх тоглолт болохоор юм билээ.

-Оролцохгүй уран бүтээлчид гомдол мэдүүлж байна уу?

-Зохион байгуулагчаар ажиллаж байгаа болохоор надад л хамаг бүхнээ тоочих юм. Жил бүр болдог тоглолт биш, сургуулийнхаа ойд зориулсан болохоор аргагүй л дээ.

-Энэ ажлыг хэзээнээс эхлэв?

-Нэгдүгээр сараас. Л.Баттогоо багшийн санаачилгаар.

-Тоглолтоос гадна өөр ямар үйл ажиллагаа зохион байгуулаж байна?

-Хамгийн гоё нь хөгжмийн ангийг төгссөн төгсөгчдийн тухай ном гарна. Мөн тоглолтын өдөр онол пратикийн бага хурал болно. Үүнд 50 жилийн хугацаанд хийсэн ололт, амжилт, цаашдаа юу хийх талаар ярилцана.

-Хөгжмийн ангийг төгссөн хэчнээн хүн байдаг вэ?

-Нарийн тоог нь би мэдэхгүй байна. Эхний төгсөлт нь 1961 онд байсан. Тэр үед хоёр ангитай. Нэг анги нь 30-аад хүүхэдтэй. Харин 1989 оноос нэг ангитай болсон. Үүнээс тооцоод үзвэл багцаа гарна.

-Та хэдэн оны төгсөгч вэ?

-1992 оны.

-Тэр үед танай ангид хэн гэдэг багш нар хичээл орж байв?

-Х.Баярсайхан, Х.Галхүү, Ч.Түвшин гээд мундаг багш нараар заалгасан хүүхдүүд өнөөдөр лидер хөгжмийн зохиолч болохгүй гээд яах юм бэ. Гэхдээ би өөрийгөө хэлэхгүй байгаа шүү. Манай ангиас чадварлаг оюутан төрсөн болохоор ингэж хэлж байгаа юм.

-Танай ангиас олны танил болсон уран бүтээлч байна уу?

-Л.Байзда, гавьяат жүжигчин С.Жавхланг олонд танигдахад нэлээд тус болсон хөгжмийн найруулагч Х.Төрөө, Цэцэг хамтлагийн дуучин С.Батболдыг нэрлэж болно. Мөн авьяастай ч мэргэжлээрээ ажиллаагүй хүн олон. Сургуулийн багш нар бидэнд Багшийн сургуулийн хөгжмийн ангийг дуулиан болгосон хоёр төгсөлт байсан. Гурав дахь нь танайх боллоо гэсэн. Эхнийх нь Ч.Сангидорж багшийн үе. Дараагийнх нь гэж Н.Жанцанноров багшийнхийг хэлж байсан.

-Яагаад танай ангийг онцолсон юм бол?

-Манай анги зөвхөн хөгжим биш ерөнхий эрдэмдээ сайн байсан. Мөн энд тэндэхийн спортын наадмаас медаль алдана гэж байхгүй. Ерөнхийдөө бүх талаараа жигд. Үүнээс харж дүгнэсэн байх. Энэ тоглолт манай анги төгссөний 20 жилийн ойтой давхцаж байгаа.

-Сайхан тохиол байна шүү. Танайхан 20 жилийн дараа уулзалдахаар товлосон бол бүр гоё байх нь ээ?

-Товлочихсон байгаа. Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа ангийнхан маань ч хотод ирсэн сурагтай. Бид төгсөнгүүтээ хоорондоо хэзээ нэгэн цагт уулзах байлгүй гэсэн шиг хэдэн зүг нисэцгээсэн. Гэтэл 20 жил өнгөрчихөж. Хэн нь ямар болсон бол, хэдэн хүүхдийн аав, ээж болцгоов, сурсан эрдмээ ашиглаж ямар амжилт үзүүлэв гээд бидэнд ярих зүйл их байгаа.

-Гэхдээ та тоглолт зохион байгуулж байгаа болохоор ярилцах боломж хомс байх нь дээ?

-Зохицуулна даа. Сэтгэл байвал болохгүй зүйл байхгүй гэдэг биз дээ.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн талаар ярилцъя. Урын сангаа хэр зузаалж байна вэ?

-Зузаалж байгаа. Гэхдээ тоо биш чанарыг эрхэмлэдэг болохоор таарсан шүлэг бүртээ ая зохиогоогүй. Энимон гэж сүүлийн үед залуусын дунд танигдаж байгаа хамтлагийг манай продакшн продюсерлэж байгаа. Мөн гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэхийн төлөө ажиллаж байгаа олон залуу бий.

-Та Камертон хамтлагийг гарч ирэхэд продюсерлэж байсан. Тиймээс залуустай ажиллахад асуудал гарахгүй байгаа биз дээ?

-Камертон-ныг Л.Ган-Эрдэнийн ах Тайванбат продюсерлэсэн. Миний хувьд хөгжмийн талаас нь хариуцаж байсан.

-Өнөөгийн залуус тэр үеийнхтэй харьцуулахад таны шаардлагыг хэр биелүүлж байна вэ?

-Камертон-ыг гарч ирэх үед миний үеийн залуус ашиг сонирхлоосоо илүү залгамж үеэ бэлтгэж, сайн уран бүтээлч болгохын төлөө ажиллаж байсан. Харин одоо үед тэднийг гаргаж ирэхийн зэрэгцээ ашгаа тооцоолж байгаа. Хэчнээн сайхан сэтгэлтэй хүн байлаа ч өнөөгийн нийгэмд санхүүгээ тооцоолохгүй бол амьдрахгүй. Шоу бизнес гэдэг нэр томъёо жинхэнээсээ биелж эхэлж байна. Мөн мөнгө зарцуулж байгаа тэд ч сайн уран бүтээлч болохын тулд хөдөлмөрлөхөөс өөр сонголтгүй болж байгаа юм.

-Тэгэхээр таны шаардлагыг сайн биелүүлж байна гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ сайн уран бү­тээлч байхын тулд хөдөл­мөрлөхийн зэрэгцээ сайн продю­сертэй байх хэрэгтэй. Мөн аз. Аз байгаа цагт од гэрэлтдэг. Өнөөдөр гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг хүмүүс Тэд нарыг од гээд байхдаа яах вэ дээ. Од гэдэг чинь Бритни Спирс, Мадона нарыг хэлнэ гэдэг. Т.Ариунаа, Б.Сарантуяаг гурван сая орчим хүнтэй манай улсын хэн ч мэднэ. Тэгэхээр од л байгаа биз дээ.

-Ингээд ярихаар одооны уран бүтээлчид өөрсдийгөө одын хэмжээнд ойлгох вий?

-Тэгвэл утгаа алдана. Ми­ний хэлсэнчлэн Т.Ариунаа, Б.Сарантуяа нарын цөөхөн уран бүтээлч одын хэмжээнд хүртлээ хөдөлмөрлөж өөрсдийнхөө орон зайг бий болгосон. Таны хэлж байгаа шиг урлагт дөнгөж хөл тавьж буй залуус өөрсдийгөө од гэж дуудуулбал би хариулж чадахгүй. Хэлэх ч үг алга.

-Одоогийн залуус таны шаардлагыг хэрхэн хүлээж авч чадаж байна вэ гэсэн асуултад бүрэн хариулсангүй?

-Аан тийм. Сэдвээсээ хазайсанд уучлаарай. Эдгээр залуусын хүссэн зүйл өндөр хөгжилтэй оронд амьдарч байгаа залуусынх шиг бүх зүйл нь нэг кноп дараад бүтнэ гэж байхгүй. Гэхдээ яваандаа болно гэж бодож байгаа. Хамгийн гол нь сайн продюсер хэрэгтэй. Сайн продюсер байхгүй гэж байгаа юм биш шүү. Л.Тайванбат, С.Ононбат, Харанга хамтлагийн Ц.Чулуун­бат нар байна. Хамгийн гол нь тэд залуудаа зөвхөн сайн уран бүтээлч төрүүлье гэсэн мөрөөдлөөсөө салаагүй байна.

– Мотив, Энимон зэрэг нэр өгч продюсорлож байгаа арын албадыг нь нэг их нөлөө үзүүлэхгүй байна гэж хэлэх гээд байна уу?

-Үгүй. Жишээ нь Киви хамтлагийг Б.Ангирмаа гэдэг бүсгүй нэг шугамд оруулж, өөрсдийнх нь хоолойд тохирсон дуу хэн нэгнээр зохиолгоод стилийг нь эвдэж чад­сан. Камертон хамтлагийг ч ту­хайн үед продюсер нэр хэрэг­лэгддэггүй байхад Титэм хамтлагийн дуучин Л.Тайванбат зөв ажиллаж гаргаж ирсэн. Тэднийг нэг тогоонд хийж байгаад хатуу, зөөлнөөр нэ­лээд сайн хутгаж, жорыг нь тааруулсан. Тэд бага настай байсан ч бидний гарын аяыг дааснаар өдийд ямар сайн уран бүтээлчид болсныг харж байгаа биз дээ. Дараагийнхаа үеийг гаргах гээд Камертон-2 төсөл хэрэгжүүлж байна.

-Поп хамтлаг өдөр ирэх тусам олширч байна. Одоогоор ямар стилийн хамт­лаг гаргавал цаг үеэ оносон, бусдаас онцлог болж чадах вэ?

-Рок хамтлаг зүгээр юм уу даа. Ийм стилийн хамтлаг байгуулах гээд үйл ажиллагаагаа эхэлчихсэн байгаа.

-Хэдэн жилийн өмнө танай продакшн рок хамтлаг байгуулсан биз дээ?

-Тийм. Харамсалтай нь тэд хоорондоо зөрөөд, зарим нь ч гадагшаа сурахаар явсан. Манай продакшны зохион байгуулагддаг хэд хэдэн шоу байдаг. Жил бүрийн есдүгээр сарын 1-нд болдог Хичээлийн дараа, Монголын таван эмэгтэй дуучныг хамтад нь тоглолт хийлгэдэг. Үүний зорилго нь улсдаа дива хэмээх урсгал гаргах юм.

-Манай улсад энэ урсгалыг хангасан уран бүтээлч байна уу?

-Байна. Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, дуу­чин С.Наран, С.Сэрчмаа, Ж.Алтанцэцэг нар. Тэдний тог­лолт ч амжилттай болсон. Б.Сарантуяа, Т.Ариунаа хоёрыг тайзан дээр өөд өөдөөсөө харж зогсч байгаад найзын тухай дуу дуулахад үзэгчид маш халуун дотноор хүлээж авсан. Учир нь үзэгчид тэднийг хэзээ ч хамтдаа нэг тайзан дээр гарч найзын тухай дуулахгүй гэж бодож байсан болохоор.

-Сүүлийн үед дива уран бүтээлч гарч байна уу?

-Анзаарагдаж байна. Тиймээс бид жинхэнэ диваг олохын тулд энэ шоуг зохион байгуулж байгаа юм. Дива гэдэг нэрийг дуртай болгонд нь зүүгээд байвал хоч болно. Үүнээс би их айж байна.

-Ер нь дива нэрийг ямар дуучин хүртэх ёстой юм бэ?

-Хэн нэгэн эмэгтэй дуучин сайн дуулсандаа хүртэхгүй. Хамгийн гол нь олон жил уран бүтээлээрээ амьсгалж, чадахаасаа чадахгүй хүртлээ хөдөлмөрлөсөн дуучныг дива гэж нэрлэнэ. Түүнээс биш Агиймаа, Эгшиглэн, Ц.Хулан нарыг хэлэхгүй.

-Та Хөх тэнгэр хамтлагт байсан. Таны яриаг сонсч байхад энэ хамтлагт байсан уран бүтээлчид өнөөдрийн урлагт толгой цохиж явна гэж бодож байна?

-Тийм шүү. Бид бол уран бүтээлчдийн хувьд дунд үе л дээ. Гэхдээ аливаа урлагийг дунд үе нь авч явдаг юм. Бүхий л эрсдэл, жаргалыг нуруун дээрээ үүрч байдаг. Энэ замналаар бид хөдөлмөрлөж, ажиллаж байна. Тэгээд ч энэ хамтлаг намайг уран бүтээлд ороход маш их нөлөөлсөн. Мөн ур чадвар, урлаг гэдэг ийм зүйл байдаг юм шүү гэдгийг мэдрүүлсэн. Энэ хамтлагт хөгжимчнөөр ажиллах нэр төрийн хэрэг байсан. Ер нь Соёл-Эрдэнэ, Хөх тэнгэр хамтлагаас Монголын рок попын томчууд төрсөн гэж хэлэхэд хилсдэхгүй.

-Хөх тэнгэр хамтлагийг Буян-гийн Б.Жаргалсайхан байгуулсан гэсэн. Тэр түүхээс хуваалцаач?

-Би энэ хамтлагийн сүүлийн гишүүн. Гэхдээ өмнөх үеийг нь сайн мэднэ. Гудамж, орцонд дууг нь дуулж ч явлаа. Б.Жаргалсайхан яагаад энэ хамтлагийг байгуулсан юм бэ гэхээр энэ хүн ерөөсөө л хөгжимд гүн дурласан. Тэр мөнгөө урлагт биш алт, нүүрсний уурхайд зарцуулсан бол илүү ашигтай байх байсан биз. Гэхдээ тэгээгүй. Тиймээс энэ хамтлаг бий болсон.

-Хэдэн төгрөг зарцуулсан бол?

-Мэдэхгүй. Олон зуун ам доллар хүрсэн байх аа. Түүний гадаадаас оруулж ирсэн хөгжим, тоног төхөөрөмж олон хүний хорхойг гозолзуулсан.

-Хаанаас оруулж ирдэг байсан юм бэ?

-Герман, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орноос. Хообий нь энэ болохоор мөнгөө харамгүй зарцуулсан байх. Мөн урлагт үйлдвэрлэл явуулсан. Гэхдээ тэр үеийнхэн хэрхэн зөв ашигласан бол гэдэг нь асуудалтай. Тэгсэн хэрнээ Хөгжим аваад өг. Бид алаад өгье гэдэг байсан. Харин одоо болохоор хөгжим нь байсан ч алаад өгөх хүн нь олдохгүй.

-Яагаад?

-Дадлага туршлагаар явсан үе өнгөрч, онолоор явдаг болсонтой холбоотой. Тэр үед бид нэг техниктэй болохоороо номыг нь хараагүй хэрнээ залгуураа буруу газар нь залгаад шатаачихна. Түүнийхээ дараа Алив нөгөө номыг нь аваад ир. Энэ залгуурыг хаана нь залгадаг гэнэ гээд үздэг. Уг нь залгахаасаа өмнө номыг нь нэг ч гэсэн харах ёстой байсан байхгүй юу.

-Таны аав Соёл-Эрдэнэ хамтлагт хөгжимчин байсан. Ааваасаа их зүйл сурсан биз?

-Аавын минь надад өгсөн хамгийн том хөрөнгө оруулалт бол авьяас. Түүнээс өөр юу ч хэрэггүй. Аав минь энэ хамтлагийг байгуулахад гар бие оролцсон.

-Та гадаадын урлагийнхантай хүч үзмээр байна гэж хэлж байсан. Тэр мөрөөдлөө орхиогүй биз дээ?

-Орхиогүй. Хамгийн гоё нь рок поп урлаг бусад урлагтай харьцуулбал хэнтэй ч, ямар ч үед хамтарч болно. Жишээ нь нэг дууны ард сайн гитарчнаар тоглуулъя гэвэл Тайванийн аль сайн гэснийг нь урьж болно. Хөгжим гэдэг биднийг үүгээр холбодог. Түүнээс заавал гадаад хэлтэй байх шаардлагагүй. Өнгөрсөн жил бид БНСУ-ын хөгжимчдийг урьж авчирсан. Ирэх зун тэд бас ирэхээр болсон. Түүнийг манайхан нэг их танихгүй ч гадуур явж байхад нутаг нэгтнүүд нь гар бариад, гарын үсгийг нь аваад байна билээ. Тэгэхээр тэр хүн нутагтаа ямар их нэр хүндтэй нь тодорхой байгаа биз дээ. Энэ мэтчилэн боломж байна. Хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбатыг хар л даа. АНУ-д жинхэнэ чонын үүрэнд ажиллаж байна. Ази залуу баахан харуудын дунд хөгжмөөрөө ялгарна гэдэг бидэнд бахархууштай санагддаг.

-Та тэдэнтэй яаж холбогддог юм бэ?

-Янз бүрээр. Наад зах нь Facebook-ээр. Мөн амралт, уулзалтын үеэр бас танилын хүрээгээр очиж уулздаг.

-Тэд нэлээд өндөр үнээр ирнэ биз?

-Тэдэнд байхгүй зүйл манайд байна шүү дээ. Жишээ нь, морин хуур, уртын дуу. Түүнээс биш хэчнээн төгөлдөр хуур, гитараар даллаад ирэхгүй. Энэ мэтчилэн хөгжим тэдэнд хоцрогдсон болохоор байхгүй зүйлээ манайхаас хайхаас арга байхгүй. Мөнгөөр зодно гэвэл бүр ч худлаа. Бидний хэлсэн үнэ тэдний хувьд өчүүхэн.

-Таны хувийн амьдралаас цухасхан ч болов сонирхмоор байна. Гурван охиноос тань урлагаар явах хүн байна уу?

-Гэргийг маань Б.Хандсүрэн гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Том охин Хөгжим бүжгийн төгөлдөр хуурын анги төгссөн. Одоогоор хэлний чиглэлээр сурч байгаа. Бага нь цэцэрлэгт, дундах нь сурагч. Тэдний уран бүтээлч болох эсэхийг цаг хугацаа харуулна.

-Аав тань хаана байгаа вэ?

-Бээжинд урлагийн компанид ажиллаж байгаа. Ирж очин байдаг юм. Ээж хотод тэтгэвэрт.

-Таны өвөө, эмээг бас урлагийнх гэж сонссон?

-Өвөөг Д.Лувсанжамц зураач хүн. Эмээг Б.Норолхоо гэдэг. Уран хатгамалч хүн бий. Хоёулаа урлагийн гавьяат зүтгэлтэн. Би нэг зүйлээр бахархдаг. Энэ нь өвөө маань хэдхэн хүнтэй нийлж, Урчуудын эвлэлийн хороог байгуулсан бол аав ч мөн ялгаагүй Соёл-Эрдэнэ хамтлагийг байгуулсан. Харин би тэдэн шиг хэдэн хүнтэй хамтарч Монголын шинэ үеийн урлагт хувь нэмэр оруулахын төлөө дуу бичлэгийн студи байгууллаа. Энэ сайхан санагдахгүй байна гэж үү.

-Тэгвэл та урлагийн аль ч салбарт ажиллахад чадахгүй гэх зүйлгүй юм байна шүү дээ?

-Өвөө намайг бага байхад зураач болгоно гэдэг байлаа. Уралдаанд ч их орно. Түүний зэрэгцээ хөлбөмбөг, сагсан бөмбөг их тоглодог байв. Гэхдээ гадаад, дотоодын хөгжмийг сонсч өссөн болохоор тэр тал давамгайлсан байх. Тэгээд ч намайг долоон настай байхад эмээ төгөлдөр хуур авч өгөөд багштай болгосон. Миний бугуйнаас барьж, төгөлдөр хуурын товчлуурыг даруулсан багшийг Норжин гэдэг.

-Таныг халимагтай байхыг хараагүй юм байна. Үсээ хэзээнээс хусаж эхэлсэн юм бэ?

-1998 оноос хойш үсээ хуссан. Тэр үед ядаргаанаас болж үс унаад хусахаас өөр арга байгаагүй.

-Та энэ нүдний шилээ олон жил зүүж байгаа байх аа?

-Миний хообий шил цуглуулах. Гадаадад явж байхдаа таалагдсан шилээ авна. Хааяа боломж гарахгүй авахгүй өнгөрвөл гэртээ ирчихээд үгүйлээд байдаг юм. Тиймээс аль болох авахыг хичээдэг.

-Хэчнээн шилтэй вэ?

-Хаясантайгаа нийлээд 40 орчим. Дундаж үнэ нь 200 евро.

У.Баярсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button