С.Зоригт хүүхэд бий гэж найдвартай хүнээс дуулсан

-Та С.Зоригтой хэзээ анх танилцсан бэ?

-МонЦаМэ-гийн Монголия сэтгүүлд ажиллаж байхдаа, ардчиллын бужигнаан эхэлж байх тэр үед Мягмарсүрэн намайг С.Зоригтой анх танилцуулсан. Би сэтгүүлч хүн учраас тэр үйл явдлыг сурвалжилж, мэдэх шаардлагатай байсан учир Зоригийг таних хэрэгтэй болсон хэрэг л дээ. Түүх гэвэл ерөөсөө энэ. Тэгээд яриа хөөрөө таараад л.

-Их уулзалддаг байв уу?

-Их нийлдэг байсан. Хөзрөөр кинг гэдэг тоглоомыг зугаагаа гаргах гэж их тоглодог байлаа. Мань хүн кинг-д их дуртай болж, нэг хэсэг ажлын дараа байнга шахуу тоглодог байлаа.

-Улстөрийн сэдвээр хоорондоо ярилцдаг л байсан биз?

-Яах вэ дээ, цөөнх байхдаа, Эд ингэж хийхийн оронд тэгэх байсан юм гэх мэтхэн л ярьдаг. Тиймэрхүү улстөрийн яриа нь бидэнд сонин биш, ер нь Улстөр яриад ч яах юм бэ гэсэн байдалтай байсан. Ер нь мань хүн өөрийнхөө ажлыг бидэнд ярьдаггүй, бид ч асуудаггүй. Энэ байдал бараг бичигдээгүй хууль болчихсон байсан юм.

Зоригоо бол их компанический товарищ л (нөхөрсөг) даа. Их сайхан хөгжөөнө, онигоо их ярина, чөлөөтэй байдаг байлаа. Дуулна гэж үзүүлж өгнө шүү дээ. Мэдэхгүй дуу гэж байхгүй. 23 дугаар сургууль төгссөн гэхэд энэ олон монгол дууг яаж ингэж сайн мэддэг юм бол гэж би гайхдаг байсан. Монгол ардын дууг бараг бүгдийг нь дуулна.

-Өөрийнхөө амьдралын талаар та нарт ярьдаг байсан уу?

-Ерөөсөө ярьдаггүй, бид ч асуудаггүй байлаа. Бид их сонин найзууд байсан юм. Мягмарсүрэн надаас гурав ах, Бадарч надаас хоёр ах, би одоо 50 хүрч байна. Мань хүн хамгийн дүү нь байсан. Гурван хөгшин хүнтэй тэгж айхавтар ойлголцож нийлдэг байлаа.

-Та бүхнийг чухам юу тэгж нийлүүлдэг байсан хэрэг вэ?

-Насны ялгаа хоёр хүний харилцаанд нөлөөлдөггүй юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон. Миний уншсан энэтхэг номонд хүмүүсийг хооронд нь нийлүүлдэг гурван татах хүч байдаг тухай бичсэн байна лээ. Нэг дэх нь ухаан санаа, хоёр дахь нь сэтгэлийн татах хүч, гурав дахь нь биеийн, цэвэр физологийн талын татах хүч гэж байдаг юм байна.

Ухааны татах хүч гэдэг нь хоёр хүний ухаан яг соронзон шиг бие биеийгээ татдаг. Энэ нь хүндлэл төрүүлдэг гэнэ. Сэтгэлийн таталцал нь нөхөрлөл, найрсаг харилцаа үүсгэдэг гэнэ. Биеийн таталцал нь хүслийг төрүүлдэг гэнэ. Энэ гурав нийлэхээрээ хайр дурлал болдог оо гэсэн байсан. Мэдээж хоёр эрэгтэй хүний хооронд биеийн татах хүч байхгүй. Зоригоо бид хоёрт биеийн биш харин нөгөө хоёр нь байсан.

-С.Зориг ямар хүн байсан бэ?

-Одоо ингээд бодоход их сонин шүү. Тэр үнэхээр ухаантай хүн байсан. Үнэхээр бодлоготон, улстөрч, тэгсэн хэрнээ их залуухан хүн учраас залуу насных нь юм байж л байдаг. Жишээ нь архи ууж дампуурна, их энгийн.

-Талийгаачийг хүмүүс маш их магтаж, төгc хүн байсан тухай ярьж, домогчлох байдалтай болж байгааг та анзаараа байлгүй. Таны бодлоор?

-Үгүй ээ. Тийм идеальный (төгc) хүн байгаагүй, ерөөсөө тэгж болохгүй. Сайн талыг нь ярих юм бол мэдээж их бий. Муу талыг нь үнэхээр мэдэхгүй. Ер нь юманд уужуу тайван байцгаа л гэж хандана. Жаахан залхуудуу, Аа, тэр ядаргаа гээд л.

-Шударга хүн байсан уу?

-Ямар утгаар?

-Зан чанар, аливаад хандах зэрэг нь?

-Ер нь тийм. Зориг үнэхээрийн эх орныхоо төлөө, нөлөө бүхий хүн байсан шүү дээ. Гэтэл гэрт нь ч, өөрт нь ч юу ч байхгүй. Өөрийгөө бодох боломж мэдээж байсан байх.

-Гэр бүлтэй болохоос нь өмнө Зоригоод хайртай хүн байсан болов уу?

-Мэдэхгүй ээ. Нэг мэдэхэд л авгайтай болсон гэж дуулдсан. Бид ерөөсөө тийм хов живийн юм сонирхдоггүй байсан.

-Булганыг талийгаачийн хэрэгт хардах, сэрдэх явдал их байна аа?

-Мэдэхгүй юм даа. Булган бол Зоригоод яг таарсан хүн. Мань хүнд юу хэрэгтэй вэ гэхээр зохих хэмжээний эрх чөлөөтэй, гэрт нь халамж, бүх юм нь бэлэн байх, өөрөө бага зэрэг залхуу хүн шүү дээ, тэгээд тайван орчин. Тэр бүхнийг Булган Зоригоод өгсөн.

-Та тэр хоёроос халуун хайр-ыг ажигласан уу?

-Хайр дурлал гэж гэрлээгүй байхад байж л байдаг. Гэрлэсний дараа бол ямар нэг хэмжээгээр өөр болоод явчихдаг шүү дээ. Миний ойлгосноор Булган бол халамжтай, тийм л байсан.

-Тийм нэг тийм байдал тэр хоёрт илэрдэг байсан болов уу. Мөн хоорондоо маргах гэх мэт байдал?

-Мэдэхгүй дээ. Бие биеэ хүндэтгэсэн хэвийн харьцаатай байсан.

Заримдаа жаахан хэтэрхий байсан. Залуу гэр бүл, бие биедээ хайртай гэдгээ бусдад үзүүлэх ч гэж байгаа юм шиг. Харин маргах гэх мэт юм байгаагүй, мань хүн дуугүй бай гэхэд л Булган дуугүй болчихдог байлаа. Эрчүүдийн ярианд Булган ерөөсөө оролцдоггүй.

-Найз тань ийм авгайтай боллоо гэхэд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Мэдэхгүй, тэр үед ерөөсөө ийм юм боддоггүй байсан. Эндээс нэг их сенсаци гарахгүй л болов уу надаас.

-Тэр аймшигт явдлыг та анх яаж мэдеэн бэ?

-Би унтаж байсан. Урд орой нь 20-21 цагийн үед, Мийгаа бид нар нэг шил юм хуваагаад уучихсан, талийгаачийг ирэх байх гэж бодож байсан юм. Мийгаа Зоригийг утсаар дуудсан байх аа. Тэгээд бид тарцгаасан. Тэгтэл үүрээр утас дуугарч байна. Хагас согтуу юм утас авлаа. Мийгаа ярьж байна. Бид Зоригийг зүгээр л начальник (дарга) гэж нэрлэдэг байсан юм.

Мийгаа уйлаад, Манай начальник байхгүй болсон гэсэн. Би гайхаад, юу яриад байгаа юм бэ, юу ярих гээд байгаа юм гэтэл Мийгаа, Тийм ээ, байхгүй болсон, он умер гэж хэлеэн. Тэгээд өглөө нь бид цугласан. Би тэр үед үнэхээр их уйлсан. (гүнзгий санаа алдав, хэсэг дуугүй суув) Одоо ч гэсэн Зоригийг боддог юм аа. Орой нь телевизээр Мөрөнгийн мэдээлэл зэргээс хараад, энэ зүгээр нэг хэрэг биш байх гэж бодсон.

Мөрөнгийн ярьсан бүх юм зөрсөн шүү дээ. Орцонд зогсож байсан хоёр залуу хаалга онгойлгоод дотогшоо орж, гэрэл асаагаад түүнийг шалан дээр хэвтэж байхыг харсан гэж байгаа. Яаж тэр хэтэрхий нарийхан хонгилд хэвтэж байгаа хүнийг анзааралгүй өнгөрч, гэрэл асаагаад л… Наад зах нь энэ. Гэх мэтээр зөрсөн юм байгаа.

-Яах гэж Зоригийг алсан юм бол?

-Хамгийн гол нь Хэнд хэрэгтэй вэ, хэнд ашигтай вэ гэдэг асуулт байгаа юм шүү дээ. Тэрийг л олох хэрэгтэй.

-Таны бодлоор хэнд ашигтай байсан бол?

-Одоо ингээд бодсон чинь бараг бүгдэд ашигтай байсан байна шүү дээ.

-Талийгаачийн ойр дотны найз нөхдөд нь аллагын талаар ямар нэг верси (хувилбар) байна уу?

-Верси ёстой байхгүй. Ямар ч верси байхгүй. Ерөөсөө мэдэхгүй. Гэхдээ энэ хэрэг бол зүгээр хэрэг биш. Ухаан нь, хэрвээ Зоригийг үнэхээр алъя гэх юм бол заавал гэр оронд нь орж бөөн юм болж байх хэрэггүй. Зоригийг алъя гэвэл их амархан байсан. Ямар ч бие хамгаалагчгүй, ганцаархнаа явдаг, халамцуухан ч явдаг, орц нь харанхуй байсан.

Ингээд бодоход, тэд сүхтэй байсан. Тэр том төрийн зүтгэлтнийг алъя гэхэд тэр авгай нь юу юм бэ, юу ч биш шүү дээ. Тийм биз дээ. Үлдээх хэрэггүй шүү дээ. Илүү гэрч үлдээж яах юм бэ. Зүгээр бодъё л доо. Эсвэл нөгөө верси нь, мань эрийг нэг айлгая, хөнгөн газар нь хутгалаад үлдээе гэсэн байж болно. Цаадах чинь их бяртай. Гар нь аймаар хүчтэй. Тэгээд ноцолдож эхэлсэн чинь…

-Зориг харихдаа эхнэртээ утсаар урьдчилж хэлдэг байсан уу?

-Заримдаа хэлнэ, заримдаа хэлэхгүй.

-Хаалгаа паролиор (дохиолчилж) тогшдог байсан гэдэг?

-Нэг их парольсоод байх юмгүй л дээ. Миний мэдэхээр заримдаа утастана, би очлоо шүү, ямар хоол хийж байна гэх мэт. Янз янз.

-Талийгаач хаалгаа түлхүүрдэж ордог байсан уу?

-Сайн санахгүй байна.

-Та нарыг очиход хаалга тайлахаасаа өмнө нь асуудаг байв уу?

-Тийм ээ. Үүд тогшиход хэн бэ, юу вэ гэх мэтээр байнга асуудаг байсан.

-Хэрэг явдлын дараа та Булгантай уулзсан уу?

-Нэг их уулзаагүй дээ. Саяхан нэг таарсан.

-Булганыг хардах үндэслэл байна уу?

-Байхгүй байх. Булганд ямар ч ашиг байхгүй. Олон талаасаа, яаж ч харсан ашиг байхгүй. Тэр тусмаа Брөнхий сайдын авгай болох гэж байсан шүү дээ.

-Зориг казинод тоглох дуртай байсан гэдэг?

-Нэг хэсэг мань хүн казинод тоглож байсан юм аа.

-Булган хамт, эсвэл ганцаараа казинод тоглодог байсан болов уу?

-Ганц хоёр байсан байх шүү.

-Энэ аллагыг улстөрийн гэж тодотгож болох уу?

-Удстөрийн зорилготой нь тодорхой. Өөр юм байхгүй.

-Мань эр Ерөнхий сайд болсон бол олон хүнд

ашиггүй байсан юм болов уу?

-Хэтэрхий цааш ухаад хэрэггүй байх аа. Хамгийн гол нь хэнд ашигтай вэ гэдгийг олох. Хариу энд л, их л ойрхон байх ёстой. Холоос хайх хэрэггүй. Ерөнхий сайд болох гэж байсан гээд бодъё. Тэгээд мэдээж, Ерөнхий сайд болсон бол… Үүнийг олон хүн хүсээгүй байх.

-Зоригийг Ерөнхий сайд болсон бол бүх юм-ыг байранд нь тавих байсан гэж ярьдаг?

-Мэдэхгүй ээ. Энэ үнэхээр хэцүү. Мань хүн бол цэвэр улстөрч. Түүний мест бол ямар нэгэн сайдад биш УИХ-д л байх ёстой гэж бидний хэдэн нөхөд нь үздэг байсан. Дэд бүтцийн сайд болоход нь бид Яах гэсэн юм бэ, чи салбараа мэдэхгүй, аж ахуй мэдэхгүй, хэрэггүй байх аа гэсэн. Мань хүн за ч гээгүй, үгүй ч гээгүй, дуугүй л байсан. Хэрвээ Гадаад яамны сайд болсон бол болох байсан юм шүү. Гадаад бодлогоо мэддэг, ер нь кругозор сайтай хүн дээ. Тэр аж ахуйн ажлыг чадах хүн биш.

-Хүнтэй сөргөх явдал байсан болов уу?

-Үгүй, их компромиссный хүн шүү дээ. Гэхдээ заримдаа бас юу шүү, гаалийн татварыг тэглэх тухай яригдахад бараг ганцаараа эсэргүүцэж байсан.

-Зориг бизнес хийж байсан уу?

-Бизнес үү, бизнес… Нэг япон их гоё хэлсэн юм. Танай Зориг сан бизнес хүн биш ээ, цэвэр улстөрч хүн байна гэж. Тэр япон Зоригийг байнгын хорооны дарга байхад нь ажлаар нэг удаа орж уулзсан юм.

-Санхүү, мөнгөний хувьд?

-Бидэнтэй адилхан л байсан. Заримдаа мөнгөтэй,

заримдаа мөнгөгүй.

Багсайсан их доллартай байгаагүй, огт мөнгөгүй хов

хоосон гэж хэлэхгүй.

-Үнэхээр цалингаараа амьдардаг байсан уу?

-Чи бод л доо. Хоёулхнаа, хүүхэдгүй айл. Гэрт нь шинэ зурагт, тавилга юу ч байхгүй шүү дээ.

-Зориг, Булган хоёр сэтгэл хангалуун амьдардаг байсан гэж та хэлэх үү?

-Мэдэхгүй дээ. Тэр хоёр гайгүй байсан байх гэж боддог. Би харсан үзсэнээсээ ярихад шүү дээ.

-Зориг ганцаарддаг байсан уу?

-Мэдээж ганцаарддаг байсан. Мань хүний түвшинд хүрсэн, яг тийм маягаар сэтгэдэг хүн УИХ-д байхгүй. Тэгэхээр ганцаардахгүй яах вэ.

-Энэ аллага ямар өртөгтэй байсан бол?

-Зоригийн аллагын ард мэдээж мөнгө байж л таарна.

-Ингэхэд хэрэг илрэх болов уу?

-Зоригийн хэрэг илрэхгүй байх. Ингээд дуусаа. Тэр л надад харамсалтай байна. Одоо ингээд дуусна.

-Өнөөдрийн Монголын улстөр бие биеэ хөнөөх хэмжээнд хүрсэн гэж танд бодогдож байна уу?

-Тэр хэмжээнд арай хүрээгүй юм шиг. Гэхдээ бодит жишээ, факт байгаад байдаг. Харин манай хүний аллагын дараа улстөр үнэхээр сонин болсон. Хүмүүс айсан байх.

-Зоригийн фракцийн тухай та юу хэлэх вэ?

-За аа, тэр фракци ч дээ. Фракциа бүрдүүлж чадаагүй, ерөөсөө фракцигүй явж байсан хүн шүү дээ, Зориг чинь.

-Ингэхэд Зоригийн хүүхэд байдаг уу?

-Зоригт хүүхэд байсан байх шүү. Би нэрийг нь ч мэдэхгүй, зүгээр нэг хүүхэд байдг гэж найдвартай хүнээс дуулсан.

-Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button