Я.Батсуурь МАН амлалтаа биелүүлж чадахгүй бол уучлалт гуйх хэрэгтэй

-Орон нутгийн болон УИХ-ын сонгууль цуг явагдахаар хуульд заасан. Гэвч хоёр сонгуулийг хамт явуулах асуудлаар хоёр намын бүлэг нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байгаа. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн хоёр нам дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллаа. Энэ хугацаанд улс орны олон асуудлуудыг хамтран шийдвэрлэсэн. Харин Орон нутгийн сонгууль болон УИХ-ын сонгуулийг хамтад нь явуулах уу, үгүй юу гэдэг дээр санал зөрөөд байгаа. Манай нам хоёр сонгуулийг хамтад нь явуулах саналыг тавьсан. Хамтад нь явуулснаар зардал хэмнэнэ, мөн төрийн ажил цалгардахгүй. Гэтэл МАН өөр байр суурьтай байна. Иргэд буруу зөрүү бөглөж будилна, үндсэн хуульд харшлана гэж үзээд байгаа. Манай нам иргэдийг олон сонгуульд оролцож дадсан учраас сонгууль дээр будилах асуудал гарахгүй байх гэж үзэж байгаа юм.

-Иргэдийн хувьд ч мөн адил намууд шиг эсрэг байр суурьнаас хараад байна. Тэгвэл хоёр сонгуулийг хамт явуулахад техникийн бололцоо байна уу. Одоог хүртэл зөрчилдөөд байгаа процесс сонгуулийн үед гарч ирэхгүй гэх баталгаа байна уу?

-Тэгэхээр дургүйд хүчгүй гэгчээр эсрэг байр суурьтай байгаагаас болоод энэ асуудал шийдэгдсэнгүй. Уг нь орон нутгийн хороодыг байгуулаад явах ёстой, гэтэл огт байгуулахгүй байна. Нэн даруй хуулиа батлаад ажлаа эхлэхэд орон нутгийн сонгуулийг хамт явуулахад боломжтой гэж бодож байна.

-Үндсэн хуулийн цэцээс 48-д ялагдал хүлээсэн нэр дэвшигч намын 28 руу гулсах заалтыг хууль зөрчсөн гэж үзлээ. Энэ асуудал дээр УИХ ямар хариулт өгөх бол?

-Энэ асуудлыг ойрын үед УИХ-аар авч хэлэлцэнэ. Миний хувьд цэцийн дүгнэлт сонгуулийн хуулийг улам дордуулж байгаа юм. одоо гулсахаа больчлоо тэгэхээр 28 дээр хэн нэр дэвших вэ. Огт санал аваагүй нэр дэвшээгүй намуудын томилгооны хүмүүс тэр суудал дээр суух гэж байна. Үндсэн хуулинд ард түмэн УИХ-ын гишүүдийг шууд сонгоно гэсэн заалт байдаг. Гэвч цэцийн энэ шийдвэр үндсэн хуулийг зөрчиж байгаа юм.

-Ардчилсан нам гишүүдээ эрэмбэлж 28-д хэн орох вэ гэсэн асуудлыг ярьж байгаа юу?

-Манай намд энэ асуудал яригдаагүй байна. Цэцийн шийдвэрээр эцсийн шийд гарвал яригдах байх.

-Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусч байна. Та энэ дөрвөн жилд тойрогтоо болон улс орондоо юу хийж бүтээв?

-Тойргоосоо эхэлсэн дээр байх. Дорноговь аймгийн зургаадугаар тойргоос сонгогдсон. Тойрогтоо хийсэн хамгийн гол ажил бол Сайншандын аж үйлдвэрийн паркын төсөл, Шинэ төмөр замын төслийг санаачилсан. Ойрын таван жилийн хугацаанд үйлдвэр, цахилгаан станц баригдана. Ингэснээр ажлын байр шинээр бий болно. УИХ-ын гишүүний хувьд нийлээд олон хууль батлалцаж ажлын хэсгийг ахлаж ажилласан.

-Орон нутгийн иргэдийн амьдрал ахуйг дээшлүүхэд юуг анхаарч ажилламаар санагддаг вэ?

-Манай тойргийн иргэдийн 40 гаруй хувь нь малчид. Тиймээс малчдын асуудал миний анхаарлын чухал хэсэг байдаг. Малчдын амжиргааг дээшлүүлэхэд УИХ-аас Монгол мал хөтөлбөрийг батлаж, олон тэрбум төгрөгийг зарцуулж мал аж ахуйгаа хөл дээр нь босгохоор болсон. Уул уурхайгаас уламжлалт мал аж ахуй маань Монгол Улсыг хөгжүүлнэ. Хүн эд баялагаас татгалзаж болно идэх зүйлээс хэзээ ч татгалзахгүй шүү дээ. Тиймээс энэ асуудал дээр олон арга хэмжээг авч байгаа.

-Улс төрийн намуудын сонгуульд амласан амлалтаа биелүүлэх тал дээр нэлээд үйл ажиллагаа хийгдэж байна. Та Эрдэнэс Тавантолгой компаниас иргэдэд олгох 10 хувийг 20 хувь болгох хуулийн төслийг та санаачлан батлуулсан. Хуулийг хэрэгжилт хэр байна бэ?

-Улс төрийн намууд сонгуулиас өмнө том амлалтууд авсан. Манай нам эрдэнийн хувь олгоно, иргэд хувьцаа эзэмшиж ноогдол ашиг хүртээд явна гэсэн амлалт өгсөн бол МАН эх орны хишиг хувь 1,5 сая төгрөг өгнө гэсэн амлалт өгч байсан. Эрдэнийн хувийг олгоод эхэллээ. Таван толгойгоос 10 хувийн хувьцаа эзэмшүүлнэ гэсэн тогтоолыг 20 хувь болгох саналыг би тавьсан.

Энэ санал дэмжигдсэн. Гэвч 57-р тогтоол гэж гаргаж ирээд хувьцаа эсвэл сая төгрөг гэсэн сонголт бий болгосон. Миний хувьд хоёр намын амлалтыг хольж болохгүй гэсэн байр суурьтай байсан боловч цөөнх гэдэг утгаараа дэмжигдээгүй. Оюутнууд, ахмадууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувьцаа олгогдохгүй болоод байгаа юм. Би уг нь жагсаал хийдэг хүн биш л дээ. Гэвч үнэхээр болохгүй болоод оюутны холбоо, ахмадуудад өөрсдийхөө төлөө тэмцээчээ гээд уриалаад байгаа юм. Үгүй бол эх орны баялаг шудрага бусаар хувиарлагдах гээд байна. уг нь иргэн бүрт хувьцаа өгөхөд эдийн засгийн хувьд хохирол байхгүй. Учир нь Эрдэнэс Тавантолгой ашиглалтанд ороогүй байна. Гурваас таван жилийн дараа уурхай жинхэнэ номоороо ажиллаж эхлэнэ. Энэ үед иргэд хувьцаагаа борлуулах боломжтой болно. МАН-ын хувьд амлалтаа биелүүлж чадахгүй бол уучлалт гуйх хэрэгтэй.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button