Ц.Нямдорж төрөл арилжжээ

Мань эрийг чухам аль дүрдээ хувилчихаад байгааг ёстой чөтгөр л мэдэх байх. Яагаад гэвэл түүний урьдын жинхэнэ шулуун шударга дүр төрх нэгэнт үгүй болжээ. Жинхэнэ дүр төрх нь өнөөгийн энэ дүрдээ л лав алга. Чухам хойд дүрдээ хувилсан уу, эсвэл урд дур рүүгээ урвасан уу буу мэд. Ямартай ч нэг тийм танил бус нэгэн төрх Ц.Нямдоржийн дүрд хувирчихаад чойжин мэт бууж, унзад мэт дөвчигнөж байгааг телевиз үзэж, сонин уншиж буй хүн бүхэн л мэдэж байгаа.

Тэр уг нь хамгийн шударга, хуулийг хамгийн хатуу чанд сахигч, бурууд нүд хурц, бузар булхайд үг ширүүн, бусармаг явдалтай үл эвлэрэн тэрсэлддэг, гашуун мөртөө эрс шулуун шударга үгтэй, үнэн мөнийн амьд баталгаа, хууль зүйн ганц өмгөөлөгч гэсэн имижтэй байсан. Тэр Ц.Нямдорж маань хааччихав аа?!

Нэгэнт л бидний таньдаг Ц.Нямдорж маань төрөл арилжчихсан болохоор одоогоор түүний дүрд хувилчихаад улстөрийн тавцанд тоглолт хийх гэж оролдож байгаа Ц.Нямдоржийн тухай ярихаас өөр аргагүй нь. Ямартай ч түүний өнөөгийн энэ дүр төрх олон удаа үзсэн киноны туслах дүр мэт сонирхол татахаа нэгэнт больжээ. Олон жил түмний нүдэн дээр ил тод байж, бүхний түрүүнд хөхөө мэт дуугарсаар дэндүү эл дол болчихсон энэ хүний нас намба нь ч, улстөрийн зангараг нь ч, бодол сэтгэлгээ нь ч цагийн эрхээр аргагүй хөгширчээ. Хэлдэг ярьдаг юм нь хүний сонирхол татахаа байж, гаргаж байгаа ааш араншин нь урьдахаасаа дордсон уу гэхээс лав дээрдсэн юм алга.

Ц.Нямдорж. улстөрчийнхөө хувьд улам сонирхолгүй болж байна. Гаргадаг ааш, хэлдэг үг, хийдэг арга барилыг нь нэгд нэгэнгүй мэддэг болохоор хэрүүл хийж байгааг нь харахад нэг л уйтгартай.

Х.Баттулгыг МҮОНТ-ээр төмөр замын талаар ярилцлага өгсний дараа Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал хийлгэхээр ирээд пиджакаа тайлж байхад олон хүн, Энэ Нямдорж одоо бас юу ч вэ дээ хэмээн илт төвөгшөөж байсан. Байшин савны нь асуудал намжаагүй байхад Нямдорж хар хүний төлөө шар хүн гэдэг шиг дэмий л юм хийж байна даа гэх хүн олон байсан. Хэвлэлийн хурал нь ч олигтой юм болсонгүй. Энгийн ухаанаар дүгнэж цэгнэх юм бол Ц.Нямдорж дандаа л улсын нууцтай холбоотой асуудлыг дэлгээд тавьчих шиг болсон. Хууль зүйн сайд хүн ингэж болдог юм уу гэж болгоомжилсон хүмүүс ч тааралдаж л байсан. Хоёр их гүрний дунд байдаг манай улсын хувьд хэнтэй нь хэрхэн, яаж харьцах тухай тактикийн асуудал нууц л баймаар юм. Гэтэл ардаа байгаа олигархиуддаа үнэнч байж, ард түмэнд шударга болж харагдахын тулд төрийн нууцаар тоглож болно гэж үү. Нууцаар гэрээ байгуулсан биш, байгуулсан гэрээ нь нууцын зэрэглэлд хамаарагддаг юм байна шүү дээ гэж хүмүүс өөр хоорондоо ярьцгааж байна.

Тэр хэвлэлийн бага хурал дээр Ц.Нямдоржийн үг яриа ээдэрч, ихээхэн гацаж түгдэрч байсан. Тэр байдлаас нь харахад мань эр нэг бол мэдэхгүй юм руугаа хошуу дүрсэн, нэг бол мэдэж байсан ч юу ярихаа бэлдэж барилгүй хэтэрхий бардамнаж орсон. Тэр бас их сандарч харагдсан. Ярианыхаа өгүүлбэр бүрийн сүүлийн хоёр үгийг давтан хэлж байсан нь хэлэх ярих юм нь бэлэн биш байсны тод жишээ юм. Тэгэхээр тэр өөрөө хүсээгүй ч өрөөлийн зараалаар тэр хэвлэлийн бага хурлыг хийлгэсэн байж магадгүй. Хэрэв тэгсэн бол тэр хэн нэгний ямар нэгэн барьцаанд байна гэсэн үг. Энэ маягаар бол түүний улстөрийн карьер мөдхөн дуусна. Хүн хэзээ ч ялагдъя гэж ялагддаггүй, цаг хугацааны эрхээр үнэнд гүйцэгддэг шүү дээ.

Ц.Нямдорж намбандаа өтөлж чадахгүй өөрийгөө зовоож байна. Сайдын сандал суудалтайгаа үхтэл зууралдан, залуу үеийнхэнтэйгээ нам харгалзахгүй үсчин тэрсэлдэж, ааштай авгай шиг хэрүүл заальхай хийсээр байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний хийдэг ярьдаг хоёр нь алд дэлэм зөрөх болсон нь түмний нүдэнд нэгэнт ил болжээ.

Аргагүй л эрийг нас дарж, уулыг цас дарна гээч нь ирж буй бололтой. Гэтэл мань эр хэзээд л энэ чигээрээ байх юм шиг дэндүү намбагүй авир гаргаж байна. Хэзээ нэгэн цагт урьдын юм ул болж, шинэ юм зул болдог цаг мөч гарцаагүй ирдэг юм шүү гэдгийн холын жишээ гэвэл Ливийн дарангуйлагч М.Каддафи, хамгийн ойрынх нь гэвэл МАХН- ыг дахин байгуулаад улстөрийн орон зайгаа олохын тулд өөрсдөдтэй нь тэмцэлдэж буй Н.Энхбаяр байна.

Ц.Нямдорж шазруун, хэл амтай улстөрч гэсэн нэр цолондоо туйлын дуртай ч иргэд түүнийг нь хүлээж авахаа нэгэнт больсон. Одоо сонгогчид гадаад хэлтэй, өндөр боловсролтой ухаалаг залууст илүүтэй итгэл хүлээлгэж байна. Гэтэл Ц.Нямдорж цаг үеэ огтхон ч мэдрэхгүй, эргэн тойронд нь цаг үе, нийгэм хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг ч анзаарахгүй байгаа нь даанч харамсалтай. Хэрэв тэр цаг үеэ мэдэрдэг байсан бол нохойд барьдаг мод шиг олигархиудын өмнөөс Х.Баттулгын эсрэг мэдэгдэл гэхэд мэдэгдэл ч биш, улсын нууц юм уу гэхээр биш ч юм шиг хачин юм ярьж өөрийнхөө нэр нүүрийг барахгүй л байсан байх.

Ц.Нямдоржийн олон жил болсон энэ имиж одоо нэгэнт сонирхол татахаа больжээ. Тоть мэт давтдаг шударга ёсны тухай жижүүрийн хэдэн үгс нь хуучирч, эл дол болсон байна. Сүржин яриад даржин хийдэг хиймэл дүрд нь хүмүүс итгэхээ больсон байна. Шударга ёсны тухай ярихад нь хүмүүс Худлаа даа, өчнөөн жил л энийгээ яриа биз дээ гэх болж. Хууль цаазыг уландаа гишгэж байгаа тухай хэлэхэд нь Энэ хүн өөрөө арав гаруй жил сайдыг нь хийсэн биз дээ гээд ундуйцаж байна. Бурууд нүд хурц байхаа больж, булхайтай явдлыг хатуу ширүүн шүүмжлэхээ больсонд нь хүмүүсийн итгэл алдрах болж. Үнэн мөнийн жинхэнэ амьд баталгаа, хууль зүйн цорын ганц зөвлөх, ард түмнийг авран хамгаалагч, өмгөөлөгч гэж хэлэхээсээ түдгэлздэг болж.

Хамгийн харамсалтай нь энэ хүн бараг хориң жил улстөрийн тогоонд чанагдсан атлаа өнөөдөр ямар баидалд орсноо мэдэхгүй, мэдрэхгүй байгаа нь аюул юм. Нөгөө л хэлэмгий доломгой Ц.Нямдорж, бараг имиж нь болоод байсан ойрд аялга өнөөдөр харин ч хүмүүсийг залхааж байна. Гэхдээ уучлаарай, хүн хэл хоёроос нь бус харин энэ хүний шударга царайлсан хиймэл дүр төрхөөс нь, худал хуурмаг сүржин үг ярианаас нь, өрөөлийг бус өөрийнхөө амь амьдралыг илүүтэй боддогт нь, насаараа төрийн ажил хийчихээд өнгө мөнгөөр гайхуулж суугаад нь хүмүүс гайхаж бас залхаж байна. Энэ бүхэн өөрийг нь улам сонирхолгүй болгож байна.

Ц.Нямдоржид итгэж байсан хүмүүсийн итгэл ийнхүү суларч байна. Газар нутаг малын бэлчээрээ алдах дээрээ тулчихаад амь наана там цаана болчихоод байхад өмгөөлж хамгаалах нь бүү хэл ганц үг ганхийхгүй байгаад нь Увс нутгийнхан нь ч гайхаж байгаа ажээ. Тэрбээр Увс аймгаас хамгийн олон удаа УИХ-д сонгогдсон ч аймгийнхаа ирээдүйн төлөө, увсчуудын төлөө нүдэнд үзэгдэж, гарт баригдах юм ер хийгээгүй л гэцгээх юм билээ.

Ямар сайндаа л төрж өссөн нутаг усаа бараг бүтңээр нь харийнханд алдах дээрээ тулаад байгаа Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алт багийн ард түмэн Нямдорж оо, УИХ-д сонгогдох болохоороо яаж гуйж гүйдэг билээ та нар. Бидний энэ тэмцлийг дэмжихгүй юм бол дахиад та нарыг сонгохгүй шүү гэдгээ энэ далимд хэлчихье гээд л телевизээр гарч байх вэ дээ. Аргаа л барсан хэрэг шүү дээ.

Хэн энэ хүнийг ийм болгов. Хэн ч түүнийг ийм болгоогүй. Харин тэр өөрөө өөрийгөө ийм болгосон. Тэр өнгө мөнгөтэй талд урвасан. Тэр үнэний талд орохоо байсан. Тэр шулуун шударга, үнэн үгэндээ харам болсон. Тэр ард түмнийхээ төлөө биш авлигачид, олигархиудын талд дуугардаг болсон. Монгол Улс үсрэнгүй хөгжиж байна гээд байгаа ч, ард түмэн нь үсрэнгүй ядуурч байхад өнөөх үнэн мөнийн баталгаа болсон Ц.Нямдорж маань хараагүй мэдээгүй юм шиг нүдэн балай, чихэн дүлий байдаг болсон. Хамгийн үнэ цэнтэй ашигт малтмалын ордуудыг харсаар байтал Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулан гадаадынханд найр тавин өгч байхад огт анзаарсан шинжгүй байдаг.

Ийм Хууль зүйн сайд байдаг юм уу?!

Ингээд л хамгийн их итгэл хүлээлгэж, найдаж байсан шударга шулуун үгтэй эх оронч Ц.Нямдоржоо олигархиудад алдчихсан ард түмэн бид чинь яах болж байна аа. Одоо тэгээд бид хэндээ итгэх юм бэ.

Яагаад бид заавал Ц.Нямдоржид итгэх ёстой юм бэ гэж зарим хүн гайхаж магадгүй. Яагаад гэвэл энэ хүн бараг сүүлийн арван жил тасралтгүй Хууль зүйн сайд хийсэн. Монгол Улсад хууль засч зүрхэлдэг цорын ганц хүн. Ийм том зангарагтай, улсын нэг номерын хуульч хүндээ итгэхгүй өөр хэндээ итгэх юм бэ. Бүх үнэ цэнтэй ашигт малтмалын ордууд энэ хүнийг Хууль зүйн сайд байхад гэрээ хэлэлцээр нь хийгдэн харийн эздийнхээ гарт орсон. Гэтэл өнөөх Монголыг монцойлгох ёстой гадаадын гавьяат уурхайчид, гавьяат эдийн засагчид нь харин ч бүр Монголын эдийн засгийг нугаслах зорилготой Эдийн засгийн гавьяат алуурчид байсан байж шүү дээ.

Эцэг өвгөдийн маань цусаа урсган байж өнөөгийн бидэндээ өвлүүлэн үлдээсэн газар шороо, үнэ цэнтэй ашигт малтмалын ордуудыг маань харийнхан өөр хоорондоо худалдан, монгол хүний ой тойнд орохооргүй их мөнгөөр наймаалцаж байна шүү дээ. Гэтэл Хууль зүйн сайд маань яагаад энэ талаар юу ч дуугарахгүй байгаа юм бэ. Мэдлэг нь хүрэхгүй байна уу, эсвэл мэдэл нь хүрэхгүй байна уу. Эсвэл бүр Мэлмийгээ мөнгөөр хаалгачихсан юм уу. Тэрнээс биш Ц.Нямдорж сайд маань яаж ийгээд буруу тэрс юмыг олж харчихдад, харсан л бол дуугүй чимээгүй байна гэдэг номонд хазгай хүн шүү дээ. Ийм сайн хүнийхээ харах мэлмийг хаалгачихсан ард түмэн чинь алдаж онож, буруу зөрүү гишгэж байгаагаа яаж ч олж харах вэ дээ.

Ц.Нямдорж тийм ч гэм зэмгүй энхийн цагаан тагтаа байгаагүй 2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулахад Хууль зүйн сайд болмогцоо тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяртай нийлэн чөлөөт хэвлэлийг хоморголон шалгаж, хоёр ч сонин хэвлэлийг хааж, Монголын ардчиллын түүхэнд болоод ардчилсан хэвлэлийн түүхэнд хар толбо үлдээсэн хүн. Сэтгүүлчдийг бичсэн нийтлэлийнх нь төлөө ял оноож, шоронд хорьдог хууль түүнийг сайд байх үед батлагдсан. Зарим нь ч шоронд сууж ялаа эдэлсэн. Центрпоинт-ын хэргийн дараа тэрбээр сонинд өгсөн ярилцлагадаа, Монголд зэрлэг капитализм хөгжиж байна, би үүнийг таслан зогсооно гэх ухааны юм ярьсан байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар өнөөх Зэрлэг капитализм нь тас хяргуулах нь байтугай харин ч бүр мөнгөөр бүхнийг худалдан авдаг, мөнгөтэй л бол юуг ч хийж болдог хамгийн сонгодог, хамгийн хөгжингүй үе дээрээ ирчихээд ид цэцэглэж байна шүү дээ.

Үеийн үед нийгмийн хэв журам сахиулагч байсан, гэмт хэрэгтнийг мөрдөн олж ирүүлдэг, ард иргэдийг гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх чиг үүрэгтэй байсан цагдаагийн байгууллага Ц.Нямдоржийн үед бүрэн зэвсэглэсэн цэрэгжсэн байгууллага болон хувирсан. Одоо Монголын цагдаагийн байгууллага төрийн эргэлт хийсэн ч чадахуйц болтлоо бүрэн зэвсэглэсэн, цэрэгжсэн багавтар хэмжээний зэвсэгт хүчин шахуу юм болжээ. Эндээс харахад Монголын цагдаа юу ч хийхэд бэлэн гэсэн үг. Тэд хүн буудаж, бас алж чадаж байна. Гэм зэмгүй ард иргэдийг дээрээс ирсэн заавар гэдэг нэрийн дор цусыг нь садартал зодож хэрэг хүлээлгэн шоронд хорьж чадаж байна. Бүр 1937 оны Дотоод яамныхнаас ч дутуугүй авирлаж байна. Жирийн нэг цагдаа ухасхийж гараад ийм юм хийж чадахгүй. Харин үүний цаана тодорхой хүчин зориудаар өөгшүүлж байгаа учраас л тэд эх орон нэгтэй, элэг нэгтнүүдээ алахыг нь алж, зодохыг нь зодож, эрүүдэн шүүхийг нь эрүүдэн шүүж шорон гянданд хийж чадаж байна.

Цагдаа, ард иргэдийн хооронд үзэн ядалтын хана хэрэм босгож талцуулж байна. Баянхошуун дахь сургалтынхаа төв дээр цагдаа нар Ардчилал, эрх чөлөө хэмээн хашгирсан хэсэг бүлэг хүмүүс рүү дайрч, барихыг нь барьж хөөн тараах зэргээр сургуулилт хийж байгааг нэгэн сэтгүүлч өөрийн нүдээр харснаа сонин дээр бичсэн байсан. Яагаад цагдаа нараар ардчиллыг үзэн ядуулах болов. Цагдаа нарын цаг завыг үрж ядан ийм аймшигтай сургуулилт хийж байх оронд нийслэл хотод гэмт хэрэг гарахаас сэргийлэх ажил зохион байгуулж болох л байсан шүү дээ. Энэ чинь л нийгэмд хамгийн их айдас төрүүлээд байгаа юм. Тушаал авсан цагдаа юу ч хийхээс сийхгүй болжээ гэдгийг 7 сарын 1-ний үйл явдал бэлхнээ харуулж байгаа шүү дээ.

Ц.Нямдорж гадаадын тагнуулын шуугиант асуудалд өртөж нэг хэсэгтээ хэвлэлийн байболсонньтүүнд итгэж байсан монголчуудын итгэлийн гурван хүлээсийн нэг нь алдуурсан юм. Мөн түрээсийн байранд амьдардаг тухай илт мэдэгдэм худал ярьж, олигархиудын өмнөөс Х.Баттулгатай тэрсэлдэж, өөрийгөө золигт гарган нэр хүндээ барсанд нь хоёр дахь хүлээс алдуурсан. Гэхдээ түүнд итгэж буй хүмүүс мэдээж байгаа. Харин тэр итгэлийн хүлээс ганцхан дан, бас тэгээд маш нарийхан хэзээ мөдгүй тасрахад бэлэн болсон гэдгийг Хууль зүйн сайд маань ойлгодог болов уу.

Ухаангүй харагдъя гэвэл цөөхөн дуугар гэдэг мэргэн үг байдгийг мань Ц.Нямдорж мэддэг л баймаар юм. Даанч барьцаанд байгаа хүн мэдлээ гээд яалтай ч билээ дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button