Шилэн барилгуудынхаа нүүрийг угаагаасай

загвартай, архитектурын гайхамшигт шийдэл бүхий цэнхэр шилэн барилгууд төв талбайг хүрээлэх нь нэг талаас сайхан ч нөгөөтэйгүүр асуудал их ихтэй бололтой. Нэлээн хэдэн жилийн өмнө Улаанбаатар банкны шилэн барилга босоход хүмүүс шагшин гайхаж, дэргэд нь зургаа авахуулдаг байж билээ. Гэхдээ манайхан юм үзээгүй байсан болохоор ч тэр юм уу, зарим нэг асуудлыг анзаараагүй аж. Учир нь Улаанбаатар банкны барилгыг боссон цагаас хойш, цас, бороо л нүүрийг нь угаасан. Түүнээс биш гадаадныхан шиг шил арчигч барьсан ажилчид гаднах ханыг нь цэвэрлэж байсныг хараагүй.
Одоо манайхан нэг үеэ бодвол мөнгөтэй болсон ч халтайсан шилэн барилгууд өнгө засахгүй байгаа нь даан ч чамлалттай. Харин ч бүр тоо нь нэмэгдэж Блү Скай, Моннис Тауэр, Алтай Констракшн зэрэг барилгууд боссон. Мөн адил халтар. Аргагүй шилээр хийсэн тулдаа нарны гэрэлд гялтганахаас биш шилэн хананых нь өнгө зүс цаанаа л нэг гундуу харагддаг. Сүйхээтэй нэг нь шилэн барилгуудын нүүрийг угаадаг бизнес эрхэлвэл Монголд хамгийн ашигтай бизнес бололтой гэж бодогдмоор.
Энэ ч яах вэ, эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэх байдлаар хандах биз. Үүнээс наана ярих ёстой зүйл нь төрийн ордны маань Ёслолын их танхим, Их хааны сүр жавхлант дүрийг мөнхөлсөн цамхаг. Гадаадын зочид ирэхэд цагаан гантиган шатнаас улаан хивс сунайлган, эзэн Чингисийн сүрээр бардамнасхийн угтах манай дарга нар өргөө гэрийг бэлгэдсэн шилэн байгууламжаа ямархуу өнгө төрхтэй болсныг анзаарч ер нь харсан болов уу.
Олон жилийн хур тоос дээр нь хуримтлагдан шилэн хананы цаанаас нэвт харагдах нь харалган хүн ч анзаармаар тодхон. Бороо хурны усанд халтартан, царай алдсан Төрийн ордныг хальт харахад урд хэсэг нэг иймэрхүү. Гадуураа хамгаалалт, хашаатай, хэн дуртай нь орж гараад байдаггүй манай их ордны нүүр нэг тийм халтар, цонхнууд нь сааралтсан, цагаан гантиг шатных нь дээр толбо тогтон харласан байхад эргэн тойрных нь хувийн шилэн байшин-гууд ийм царайтай байхаас ч яах вэ дээ. Иймээс эрх мэдэлтнүүддээ хандаж Нийслэл хотынхоо өнгө төрхийг тахалдаг хэдэн шилэн байшингууддаа өнгө оруулах цаг болжээ гэдгийг сонордуулъя.
Г.Амартүвшин