Туул голоо яаж урсгах вэ

Зөвхөн бичээд, хэлэлцүүлэг явуулаад зогсоогүй, голын эрэгт эрхэм гишүүдийг урьж аваачиж байгаад энэ тухай хэлсэн. Хууль боловсруулах ажилд төрийн түшээд, яам, тамгын газрынхан, олон нийтийн анхаарлыг хандуулах гэсэндээ бид ийнхүү хичээсээр ирсэн юм. Нийслэлийн торгон эмжээр тунгалаг Туул бохирдож гүйцлээ, загас жараахай нь үхэж дууслаа, урсац нь багасч байна, анхаарна уу хэмээн УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өрөөнд олуул орж байгаад чихэнд нь хонх уясан. Тэгэхэд дарга нар санаачилгыг талархан хүлээж авсан л даа. Улмаар БОАЖ-ын яамны хүрээнд асуудлыг авч хэлэлцэн тэр үедээ дориун хөдөлсөн. Гэхдээ аажим замхарсан. Өнөөдөр байдал ямар байна вэ.

Туул голын маань мяралзсан долгионы нь оронд машин зам дурайж байхад нь цочлоо. Яармагийн гүүр орчимд л ингэж тасарчихаад байгаа юм байх гэж бодоод өгсч, уруудан явж үзсэн юм. Энд ингэж хайрга нь ил гарсан хойно, доошоо мэдээж хув хуурай байж таараа шүү дээ гэж бодоод болих гэснээ юмыг яаж мэдэх вэ, салаа нь ч болтугай устай байж юуны магад гэсэн горьдлого тээсээр Яармаг, Нисэх орчмоор очиж үзлээ. Алга аа, голын сураг ч алга. Гөлөглөх арай болоогүй, хотын тортогт дээрэлхүүлж өнгө гундсан бургасан шугуй, шугуй ч гэж дээ эрэг дагуух хэдэн сэрийсэн бургас хувь заяа нь хаашаа эргэхийг таамаглаж ядах лугаа хаврын салхинд найганхан байна. Тийшээ явж байх замдаа Яармагийн гүүрний цаахнатай түр саатсан юм. Ээж, охин хоёр бололтой сугадалцан алхаж яваа хоёр хүнээс Туул гол тасарчихав уу, ширгэчихэв үү гэж яриа өдөхөд хөгшин Харин тийм ээ, энэ хавар л ингэж айхавтар сураг алдарлаа. Шар усны үер энэ тэр буугаад ирэхээр урсах болов уу гэж дэмий л бодох юм. Ноднин хавар гүүрний баруун талаас эхэлж тасарсан байсан юм. Харин энэ жил зүүн талдаа ч алга. Гэхдээ хөөрхий минь эргээр нь явахаар голын үнэр үнэртээд сайхан л байна. Арай ч энэ чигтээ бүрмөсөн ширгэчихгүй байх гэж бодох юм. Сайн мэдэхгүй л байна гэв.

Гол өгсч Зайсангийн гүүр хүрэхээр Богд уулын ар хормойн шороон замаар тоос татуулан давхиж явтал Туул голын салаа нэг хэсэг газраа устай харагдлаа. Бид Овоо доо, бас найдвар байна аа гэсээр бууж харлаа. Гэтэл өнөө ус ердөө 30-40 метр хэрийн тохойд л байх аж. Цаашаа мөн л хуурай хөх хайрга. Анхаарал татсан нэг асуудал бол энэхүү шороон замаар хайрга ачсан шар өнгийн том оврын шинэхэн машинууд байсхийгээд л явах юм. Хаанахын ямар компанийн, ямар зөвшөөрөлтэй машин хаанаас хайрга ачаад баруун зүгийг чиглээд байгаа нь мөрдөж мөшгин сурвалжлах сэдэв аж. Арай л Туулын ил гарсан хайргыг зөөгөөгүй байлтай.

Эртээ урьдын цагт Улаанбаатар нийслэл тунгалаг уст Туул хэмээх хөх торгон эмжээртэй байлаа. Эргээ халин мэлтэлзээд л, үерлэхээрээ бүр сүртэй. Жирийн үедээ ч гүнзгий газраа аюултай, хүн гэнэдэж эрсдэх нь энүүхэнд. Зун болохоор хотынхон хүүхэд, хөгшдөө дагуулан эргийнх нь зөөлөн ширгэн дээр зоргоороо зугаалж өнждөгсөн.

Иймэрхүү маягийн дурсамж, дурдатгал, үлгэр домог л Туулаас үлдэхэд ойрхон болжээ. Цааш жаахан явахад Хийморийн овооны харалдаа бас нэгэн салаа гялтайсхийв. Тогтоол ус юм аа. За тэгээд дээшилсээр Зайсангийн гүүр хүртэл явсан ч усны бараа харсангүй. Хотын төв рүү эргэхийн наана түр зогсч замын хүнээс Туул хаанаас эхэлж тасарсныг мэдэж байгаа эсэхийг асуухад Мэдсэнгүй хө, лав Маршалын гүүр хавьд хуурай байна гэв.

Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт гэх зэрэг хүн төрөлхтөн яахын аргагүй хүчин мөхөсдөх хүчин зүйлүүд гол горхи ширгэх, хатаж хуурайшихад нөлөөлж буйг үгүйсгэхгүй. Гэхдээ хүмүүс өөрсдөө гол усаа ширгээж, байгалиа сүйдэлж өөрсдийнхөө, үр хүүхдүүдийнхээ ангаж цангаж, харангадаж үхэх ирээдүйг өөрсдийн гараар бэлтгэж байгаагийн нэгэн тод жишээ энэ бус уу.

Туул гол юунаас болж, хэнээс болж тасрав. Хайрганы карьеруудын тасралтгүй үйл ажиллагаа хамаатай бол тэдгээрийг хэн яагаад, зогсоохгүй байгаа юм бэ. Голын эхэнд ой мод огтолж байгаа эсэхийг хянан шалгаж, арга хэмжээ авч байгаа байгууллага, эрх мэдэлтэн байна уу. Энэ бүхэнд хариу хайж байна. Зохих байгууллага, хүмүүс дор бүрнээ ажиллаж, арга хэмжээ авч эхлэхгүй бол бид хайж олоод хариуцлага тооцох болно.

Р.Оюунжаргал

Гэрэл зургийг Т.Чимгээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button