Д.Эрдэнэчулуун Заамарт дэлхийн газрын зураг шиг хэлбэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Дуламжавын Эрдэнэчулуун гэдэг. Тэрбээр Германы Берлин хотод ажиллаж, амьдарч байна. Тус улсын цэцэрлэгжүүлэлтийн компанид ажиллаж байсан нь түүнд дэлхийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах санааг төрүүлжээ.Түүнтэй интернетээр ярилцах үеэр Д.Эрдэнэчулуун Цэцэрлэгт хүрээлэн маань хамгийн өвөрмөц байх болно гэж байлаа.

-Та эх орноосоо хол байгаа ч Монголоо моджуулах гэж нэлээд санаачилгатай ажиллаж байгаа гэж сонссон. Энэ талаараа сонирхуулаач?

-Аялал жуулчлал, амралт сувиллын байгууламжтай, дэлхийн хосууд гэрлэхээр ирдэг хуримын ордон, Монголынхоо бүх хүүхдийг ээлжлэн жил бүр үнэгүй амраадаг хүүхдийн амралтын газартай цогцолбор байгуулах гэж байгаа юм. Энд 100 сая модыг эзэнтэй болгож, дэлхийн газрын зургийн хэлбэртэй цэцэрлэгт хурээлэн байгуулна. Дэлхийн гайхамшгийг хамтдаа бүтээе. Хүн бүр хөгжицгөөе уриан дор нэгдсэн залуус, эрдэмтдийн баг ханцуй шамлан энэ ажлыг эхлүүлээд байгаа. Бүх барилгыг хаанаас нь ч харсан жинхэнэ монгол хэв загвараар баригдсан байхаар төлөвлөсөн. Энэ зорилгоо биелүүлэхээр Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд ТББ-ыг ч өнгөрсөн онд байгуулсан юм. Одоогоор Biznetwork-д 556, Facebook-d 2500 дэмжигч гишүүнтэй, www.xing.de Германы порталд германчуудыг нэгтгэж үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна.

-Ийм олон гишүүн элсүүлж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Сүүлийн гурван сард би 400 гаруй герман, 600 гаруй монгол хүнтэй танилцлаа. Олон гишүүнтэй болж байгаа нь бидний ажил зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн хэмжээнд хүрч өргөжих боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Монголд байгаа гишүүд маань хийх бүтээх сэтгэлтэй ч хүн бүр өдөр тутмынхаа ахуй амьдралыг хойш тавьж энэ ажилд зүтгэх боломж хомс. Тиймээс олон цаг зарцуулж чадах хүмүүсийг олох зорилгоор шинээр гишүүд элсүүлж байна. Германчуудыг элсүүлэхийн ач холбогдол нь эхний ээлжинд тэдэнд ажлаа ойлгуулах явдал.

-Цэцэрлэгт хүрээлэнгээ яаж байгуулах юм бэ. Ямар нэг үе шаттай хийгдэнэ биз?

-Манай төсөл хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний ээлжинд жижигрүүлсэн хэлбэрээр Улаанбаатарт байгуулна. Ингэхдээ Эрүүл идэвхтэй амьдрал клубын архинаас гарч байгаа 500 гаруй хүмүүстэй хамтарч ажиллахаар тохиролцсон. Хүнд амьдрах итгэл найдвар боломж өгөхөөс илүү сайхан буян гэж дэлхийд үгүй гэж би боддог. Би одоо 38 настай. Бүтээлч байх нас минь тийм олон жил үргэлжлэхгүй ч залуу насандаа эх орондоо ихийг хийж бүтээхийг зорьж явна.

-Яагаад Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэсэн юм бэ. Хэтэрхий томдсон агуулгатай юм шиг санагдаад байна?

-Дэлхийн улсуудад Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн нэртэй олон цогцолбор байдаг. Тухайл­бал, Герман, Япон, Хятад, Солонгосоос гадна Бали аралд ч байдаг. Гэхдээ эдгээрт дэлхийн төлөөлөл байдаггүй. Харин анх удаа манай цэцэрлэгт хүрээлэнд ямар улсын иргэн байсан ч хамаагүй интернэтээр оролцож мод тарих боломжтой. Дэлхийн таван тив, 200 гаруй улсыг одоо байгаагаар нь харуулсан цэцэрлэгт хүрээлэн байхгүй болохоор Монгол Улс хамгийн анхных нь болно. Энэ нь дэлхийн олон үндэстэн ястан хамтдаа байгалийн доройтол, цөлжилт, усны хомсдолын эсрэг нэгдэж байгаа хэрэг.

-Тэгээд хаа хол байгаа хүмүүс яаж Монголд мод тарих вэ?

-Боломжтой нэг нь өөрсдөө ирж модоо тарих бол боломжгүй нь интернэтээр модоо сонгож манай хүрээлэнгийн таалагдсан хот, тив улс оронд мөнгөө төлөөд тариулах юм. Жишээлбэл, би Герман улсын Берлин хотод амьдардаг. Би Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн Берлин хот байх тэр газарт интернетийн веб хуудсанд байрлах байрлалын дагуу дугаарласан нүхэнд Монголд ургадаг 32 төрлийн модноос дуртайгаа сонгож тариулж болно. Тэр дугаарласан нүхэнд сонгосон модоо тавихад вэб хуудсанд байрлах хүснэгтэд миний өөрийн нэрээ бичих хүснэгт гарч ирнэ. Хүснэгтээ бөглөөд мөнгөө шилжүүлсний дараа энэ хувийн дугаартай мод зөвхөн миний өмч буюу дахин давтагдахгүй байх юм. Тарих хөлсөндөө 20 евро ч юм уу төлнө. Дараа жилээс нь арчилгааны хөлс гэж хоёр евро ч юм уу бас мөнгө тушааж байна. Хувийн дугаараараа өөрийнхөө тариулсан модыг дуртай үедээ интернэткамераар харах боломжтой. Сайхан сэтгэлтэй хүмүүс дэлхийд маш олон байна. Тэр хүмүүс дэлхийн хаана ч хамаагүй, олон сайн үйлс хийхийг хүсч байдаг. Бид модтой болж, цөлжилтийг зогсоож, усаа цэвэр байлгахыг хүсдэг. Тэгвэл энэ хүсэлтээ ухаа­лгаар холбох хэрэгтэй байна. Мөн монголчууд овгийн дэс дарааллаараа модоо тарьж болно.

-Энэ цэцэрлэгт хүрээлэнгээ хаана барихаар төлөвлөж байгаа юм бэ. Газар олдох юм болов уу?

-Одоогоор хамгийн их сүйтгэгдсэн Заамарын хөндийд байгуулах санаатай байгаа. Эх орондоо жинхэнэ эзэд нь болцгооё, хамтдаа дэлхийн гайхамшгийг бүтээцгээе гэж та бүгдийг уриалж байна.

-Газрын зөвшөөрлөө хөөцөлдсөн үү. Ямар хариу өгч байх юм?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх Пүрэвсүрэн болон Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарыг Берлинд ирэхэд нь уулзаж ярилцсан. Г.Мөнхбаяр дарга дэлхийн цэцэрлэгийн жижгэрүүлсэн цэцэрлэгийг Улаанбаатарт босгоход газар болон хөрөнгө мөнгийг шийдэж өгнө гэж байсан. Би удахгүй Монголд очиж уулзана.

-Санхүүжилтээ хаанаас босгох гэж байна?

-Герман улсын байгаль хамгаалах албаны дарга, парламентийн гишүүн зэрэг олон хүн энэ төсөл өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадвартай, хүмүүст ажил амьдрал, ирээдүй өгөх шилдэг төсөл байна гэж урмын үг хайрласан. Бас тусалж дэмжихээ илэрхийлсэн. Германчууд хэзээ ч худлаа амладаггүй, хэлснээ мартдаггүй хүмүүс.

-Ер нь хэчнээн төгрөг шаардагдах бол?

-100 сая модтой хүүхдийн олон улсын амралтын газар барина. Мөн дэлхийн хамгийн гоё том хуримын ордон барина гэхээр хэр зэрэг мөнгө орох нь ойлгомжтой. Цаг нь ирсэн санаанаас хүчтэй зүйл хорвоо дэлхийд үгүй гэж Виктор Хьюго гэдэг алдартай зохиолч хэлсэн байдаг гэж хамгийн анхны герман хамтрагч маань хэлж байлаа. Оюутолгойд орж ирснээс дутахааргүй хөрөнгө орж ирнэ. Дэлхийн олон сая хүн, олон Засгийн газар, сан, тэргүүлэгч корпорациуд бидэнд хөрөнгө оруулна. Яагаад вэ гэвэл дэлхийн хүмүүс нэг газар хамтдаа нэг төслийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаад миний ярилцсан герман хүмүүс их дуртай байгаа.

-Ер нь энэ цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад ямар хүндрэлтэй зүйл тулгарч байна?

-Эзэн хүний ёсоор хайрлаж хамгаалж, арчилж байх хүмүүсийг яаж олно доо гэдэгт л санаа зовж байна. Бусад нь аяндаа бүтэх зүйл.

-Уул уурхайн компаниудтай хамтарч ажиллана гэж байсан. Ямар компанитай хамтрахаар болсон бэ?

-Уул уурхайн компаниудын холбоотой хамтарч ажиллахаар ярилцаж байгаа. Бид нэг зүйлийг Монголын бүх ард түмэнд ойлгуулахыг хүсч байна. Юу вэ гэхээр монголчууд хоорондоо эвтэй, ухаалгаар эх орноо хайрлах нь бидний үүрэг гэж бодох хэрэгтэй. Биднийг хоорондоо талцаж байхад ха­рийн­хан баялгийг минь цөлмөж дууслаа. Нөхөгдөхгүй баялгаа бүгдийг үнэгүй өгчихөөд хөрс шороотойгоо үлдчихээд ирээдүйд яаж амьдрах вэ гэдгийг хүн болгон ухаараасай.

Б.Аззаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button