Завханы Завханмандал галзуугийн голомт болжээ

Саяхан Завхан аймгийн Завханмандалаар яваад ирлээ. Энэ сумын нутагт малын гоц халдварт галзуу өвчин газар авчээ. Мал, амьтан галзуурах олон шалтгаан байдаг. Галзуу өвчнөөс урьчдчилан сэргийлэх вакциныг энэ онд хийсэн ч хүрэлцээ муутай байсан аж. Өнгөрсөн жил тус сумын нутаг газрын гарц гайгүй, өвс бэлчээр сайн байсан болохоор зэрэгэлдээ 11 сумын малчид буурь сэлгэн, малаа даган оторлон өвөлжжээ. Гэтэл энэ олон малын хөлөөр бэлчээр талхлагдаж, туурайн зуд нүүрлэв. Үүний улмаас онд орж чадалгүй олон мал хорогдсон гэнэ.
Түүнчлэн хөдөө хээрээр үхсэн малын сэг зэмийг устгалд оруулаагүйгээс чоно, үнэг галзуурах нь ихэссэн хэмээн нутгийнхан ярьж байв. Хөдөө нутгаар үнэг, хярс, шувуу ямар ч шалтгаангүйгээр үхжээ. Энэ сард гэхэд л хоёр айлын хоттой хонь руу галзуу чоно дайрч, мал, нохой ноцсон байв.
Тус сум гар утасны сүлжээтэй болоод хоёр жил болж байна. Техник технологийн хөгжлийн ачаар иргэд байгаа газраасаа утсаар ярьж хэл амаа авалцах нь амархан болжээ. Энэ сарын эхээр Олон булаг багийн малчин Б-гийн хонь руу галзуу чоно дайрлаа гэх мэдээллийг сумын төвийн холбогдох газруудад шуурхай дуулгасан байна. Дуудлага хүлээн авсан Тамгын хэлтсийнхэн болон мал эмнэлгийнхэн ум хумгүй явцгааж. Удалгүй галзуурсан чоно, ноцуулсан нохой, малыг утсгалд оруулж, чонын толгойг аймгийн төв рүү шинжилгээнд явуулсан гэх мэдээтэй ирсэн юм.
Энэ мэтчлэн галзуу чоно хонь, мал руу дайрах нь бараг хэвийн үзэгдэл болчихжээ. Айлын мал галзуурч үхэж байхад нэг л өдөр малчин нь бас галзуурчихлаа гэж сонсогдвол нэг их гайхахааргүй болжээ. Айлын мал руу галзуу чоно дайрлаа гэх мэдээллийг авсан сумын Тамгын газрынхан болон хүн, малын эмнэлгийнхэн гээд нүсэр баг хөдөлдөг гэнэ. Гэтэл зарим айл нь хотны үнэнч анд болсон нохойгоо устгуулахгүй гэнэ. Тэр ч бүү хэл Намайг галзуурсан байхад та нар буудахгүй биз дээ. Тэрэнтэй ялгаа юу байсан юм бэ. Нохойгоо буудуулахгүй гэхчлэн ам зөрөх хүн ч байдаг гэнэ. Сумын төв рүү хоёр ч удаа галзуу чоно дайрсныг устгасан байна. Алсан чонын толгойг нь аймгийн төв рүү шинжилгээнд явуулахад галзуугийн шинж тэмдэгтэй болох нь тодорхой болжээ. Өнгөрсөн өвөл Олон түрүү багийн малчин Н-ийн нас бие гүйцсэн шар галзуурч үхжээ. Түүнийг нь мэдсэн нутгийн иргэд аймгийнхаа Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын албанд матжээ. Мэдээллийн мөрөөр дээрхи газруудаас хүмүүс ирж шалгаад галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн гэх онош тавьж, үхрийн сэгийг устгахыг шаардаад явсан байна. Гэтэл гэрийн эзэн, сумын мал эмнэлгийн ажилтнууд нь Галзуу өвчин биш байхад өвчин гарлаа гэж худлаа дуудлага өглөө хэмээн баахан бухимдсан юм байх. Гэтэл хэрэг дээрээ нөгөө үхрийг устгалгүй тас нууж, үхрийн махыг хүйтэнд хөлдөөвөл галзуугийн нян устдаг. Идэхэд зүгээр хэмээн махыг нь өвчөөд хадгалсан байна.
Сумын иргэдийн хэлж буйгаар үхрийн махыг хөлдөөсөн чигээр нь байлгаж байгаад аймгийн төвийн цайны газарт өгсөн гэх яриа ч байна билээ. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл болохыг мэдэхгүй ч хэрвээ тэгсэн бол ноцтой асуудал дэгдэх нь гарцаагүй. Хамгийн сүүлийн байдлаар гэхэд Олон түрүү багийн малчны үхэр галзуурч, эзнийхээ гэр рүү дайрсаар байгаад алуулсан гэх мэдээлэл байна. Мал галзуурсан, галзуу чоно дайрсан, устгасан гэх ярианд сумын төвийнхэн дөжирчихсөн гэхэд болно. Харин малчдын хувьд айдастай амьдарч байгаа талаар хүн бүхэн хэлж байлаа.
Ингээд малчин Г.Жаргалцэрэнтэй уулзлаа.
-Сайхан хаваржиж байна уу.
Сум орон нутаг галзуу өвчний голомт болсон талаар амтай болгон ярьж байна. Хэдийнээс эхлэн галзуу өвчин тарчихаваа?
-Сайхан хавар болж байна. Мал төллөөд бараг дууссан. Харин цас бороо орохгүй болохоор хуурайшилт ихтэй. Ийм үед хачиг их унаж, төл малыг барьж гүйцлээ. Энэ өвлөөс эхлээд галзуу өвчнийг хүчрэхээ больсон. Худалч хүнд бараг өдөрт л энэ тэнд галзуу чоно явж байна гэсэн мессэжийг малчдад тараах болсон шүү дээ. Үнэн юм бол түүнийгээ утсгахгүй бидэнд дуулгаад яах вэ дээ. Өдөрт хониноос салж чадахгүй юм. Чоно битгий хэл айлын галзуурсан нохой ч мал элдэж хөөх, барихыг үгүйсгэхгүй. Байнгын айдастай амьдрах хэцүү юм. Хамгийн гол нь өвчин гарахаас урьдчилан сэргийлэх дорвитой ажил хийхгүй байна. Энэ суманд малын эмчийн орон тоо бараг байхгүй. Хоёр хүнийг малын эмчийн сургалтад сургаж байгаа гэдэг. Вакцинжуулалт хүртэл бүрэн хийгдэхгүй байна. Нэг өдөр мал биш малчин галзуурлаа гэхэд гайхахааргүй болсон шүү.
-Мал эмнэлгийн үйлчилгээ хэр хийгддэг юм бол?
-Мал эмнэлгийн үйлчилгээ байхгүй, хувийн хэвшилд шилжсэн Улсаас өгсөн вакцины мөнгөний ихэнх хувийг хувьдаа завшиж, вакцины хүрэлцээ муу хуваарилагддаг. Ийм байдлыг нь аймгийн холбогдох газруудад мэдэгдэх гэхээр мал эмнэлгийн дарга нам дарчихдаг. Вакцин зарим айлд очихгүй байгаа нь үнэн. Уг нь малын янз бүрийн гоц халдварт өвчнөөс хамгаалах вакциныг аймаг, сум, баг бүрт хангалттай өгөх төсвийг нь батлаад өгсөн гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эзэндээ хүрч ирдэггүйг хаана хаанаа анхаарах нь зөв байх. Нутаг орноо хөгжүүлэх дэд бүтцийн талаар сумын дарга нар ам уралдан ярьдаг. Түүний оронд амь амьдралын баталгаа болсон мал аж ахуйн байдалд илүү анхаарал тавьж, эрүүл мах, хүнс хэрэглэх талаараа анхаармаар юм.
О.Цэцэнбилэг