Мөхөж буй Туул голтой аврах багийнхан танилцлаа

ногоон зүлэгтэй Туулын дэргэд байнга бэлтгэл хийдэг байсан. Хөлс урсгасан бэлтгэлийн дараа голын эрэг дээр амрах сайхан байдаг байлаа гэж ярих хүмүүсийн духанд үрчлээ сууж амжаагүй байхад Хатан Туул ширгэж, хатсан сайртай л үлдэх дээрээ тулаад байна. Хэрэв та туулын эрэг дээр өнөөдөр очоод харвал бүхэл бүтэн гол дусал ч усгүй болтлоо ширгэсэн байхыг харах болно.

Туул голын нөхцөл байдал өнөөдөр ямар байдалтай байгаа, Туул гол балран доройтож байгаа нь юутай холбоотой, цаашид хэрхэн арга хэмжээ авч ажиллах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар өчигдөр газар дээр нь очиж танилцлаа.

Энэ үеэр Туул голын асуудлаар холбогдох албаныхан болоод иргэний нийгмийн эко төрийн бус байгууллагууд ирж Туул голд үүсээд байгаа нөхцөл байдал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон юм. Тус үйл явц Сонсголонгийн гүүрэн дээрээс эхэлсэн бөгөөд тэр орчимд Туул гол дусал ч усгүй хатсан сайр л үлджээ.

Холбогдох хүмүүсийн хэлж буйгаар жил бүрийн дөрөвдүгээр сард Туул гол татардаг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ байдал хэвийн үзэгдэл болсон гэнэ.

Харин байгаль орчны сайд ажилаа аваад удаагүй байгаа хэдий ч Туулыг нөхөн сэргээж, урсацыг хэвийн хэмжээнд аваачихын тулд төрийн бус байгууллагуудтай хамтран нэлээд арга хэмжээ авч байгаа. Туулын ус татардаг болсонтой бид эвлэрэх учиргүй цаашид авах арга хэмжээ ч их байгаа хэмээв. Туул ширгэж байна, удахгүй хатсан сайр л үлдэх нь хэмээн олон жилийн өмнөөс ярьсан. Үүнийг ч хот даяараа харж, шагширсаар ирсэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд Туулыг хэрхэн хамгаалж, ямар арга хэмжээ авч ирсэн талаар холбогдох мэргэжилтнүүд ийн ярьж байна.

Туул голын сав газрын зөвлөлийн нарийн бичгийн дарга Я.Цэдэнбалжир

-2002 оноос хойш Туул гол уулын цас хайлж дуустал тасардаг болоод байгаа. Өнгөрсөн жилийн хувьд дөрөвдүгээр сарын 31-нээс Туул голын ус урсаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Яармагийн гүүрэн дээр ус ирчихсэн байгаа хэдий ч Яармагийн гүүрээс Сонгино хүртэл голын ус тасарсан байгаа.

-Туул гол тасрахад нөлөөлж буй хүчин зүйлүүд нь юу вэ?

-Хэдийгээр хүний буруутай үйл ажиллагааны хүчин зүйл байгаа ч байгалийн дулаарал гол хүчин зүйл болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашид Туул голын урсац улам багасах хандлагатай байгаа. Өвөлдөө маш их хэмжээний цас унаж байгаа хэдий ч хөрс хөлдүү байгаа учраас тэр нь шууд ууршиж байна. Зун бол их халуун байгаагийн зэрэгцээ хур тунадас бага унаж байгаа нь Туул голын урсац багасах бас нэгэн шалтгаан. Туул голын ийн тасрах болсныг усны газрынхан эх дэлхийн дулааралтай шууд холбоотой гэж үздэг. 1961 онд Туул голын урсац нэг хөндлөн огтлолоороо 124 м/с куб байсан бол өнөөдөр хэвийн урсацтай үедээ 25 м куб байна. 2030 он гэхэд манай орны хувьд цаг уурын дулаарал 0,5 хувиар нэмэгдэнэ гэж байгаа. Тэгэхээр одоо байгаа урсац даруй 10 хувиар багасна гэсэн үг юм.

-Өнөөдөр Туулын эргийг дагаад баригдсан энэ олон барилгуудыг юу гэж тайлбарлах вэ? Хамгаалалтын бүс байх ёстой байтал энэ олон барилгууд баригдсан нь Туул мөхөхөд нөлөөлж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байна уу?. Энэ тал дээр анхаарах ёстой юм биш үү?

-Байгаль орчны яам болон Мэргэжлийн хяналтын газар өөрсдийн хууль эрх зүйн хүрээнд үүргээ биелүүлж байгаа. Хууль хүчин төгөлдөр болсноос хойш энэ газар барилга байгууламж барих явдал зогссон.

-Туулын урсац багасахаар Улаанбаатарчуудын ундны усны нөөцөнд хэр нөлөөлөх вэ?

-Ямар ч нөлөө үзүүлэхгүй. Бид ундны усаңдаа өнөөдөр газрын доорх усаа ашиглаж байгаа. 248 м куб ундны ус одоогоор байгаа. Тэр ус буурахгүй.

-Туулыг хамгаалах тал дээр өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн бэ?

-Туул-Гачууртын цогцолбор гэж бий болгосон. Гэвч энэ нь техник эдийн засгийн үзүүлэлт нь аль хэдийнэ дууссан. Үүнийг барьж байгуулах хэрэгтэй байгаа юм. Үүгээр хаврын шар усны үерийг ашиглах боломжтой. Мөн Сэлбийн төсөл хэрэгжиж байгаа. Байгалийн хүчин зүйлийг зохицуулж аҗиллах шаардлагатай байна.

Усны газрын дарга Ц.Бадрах

-Бид үүнийг хоёр талаас нь ярьж байна. Туул гол яагаад ийм ойр ойрхон тасраад байна вэ? гэдэг нь хотжилтын нэг том асуудал болоод байна. Энэ асуудал анхнаасаа төлөвлөлт хэрэгжээгүйтэй холбоотой. Байгалийн дулаарлыг голлох шалтгаанаар ярьж байна. Гэхдээ Улаанбаатараас Лүн хүртэл хүний буруутай үйл ажиллагааны нөлөө асар их байна. Түүнчлэн дэлхий нийтээрээ цаг агаарын дулаарал явагдаж байна. Энэ нь Туул голд нөлөөлж байгаа хэдий ч хүний хүчин зүйл үүн дээр нь нэрмээс болсоор байна.

Тиймээс цаг агаарын дулааралтай зэрэгцэн бид өөрсдөө давхар үүнд нөлөөлөөд байгаа байдлыг л яаралтай зогсоох шаардлагатай байгаа юм. Өнөөдөр бид 240 мянган м/куб усыг бариад байна гэхээр усны хэмнэлтийн хатуу бодлогыг барьж байгаатай холбоотой.

-Туул гол багасч байгаа нь газрын гүний усанд нөлөөлөх үү?

-Туул гол маань багасч байна гэдэг нь газрын гүний ундны усанд ч гэсэн нөлөөлөх болно. Гадаргын ус болон газрын доор ус хоёр нь хоорондоо нөлөөтэй.

-Туул голыг даган баригдсан энэ олон барилгуудыг одоо яах ёстой юм бэ?

-Үүн дээр л хатуу хандах ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ байдалд хяналт тавьж хариуцлага тооцож бид чадахгүй байна. Эдгээр айлыг нүүлгэн шилжүүлж хамгаалалтын бүс тогтоохыг олон удаа хүссэн. 2005 оноос хойш бид үүнийг ярьсаар байна. Манайх хамгаалалтын бүсийг тогтоосон боловч өнөөдөр нийслэлийн Засаг дарга арга хэмжээ авч чадахгүй байна. Хууль хяналтын байгууллагуудыг хүртэл үүн дээр оролцооч гэсэн шаардлагыг бид тавьж байгаа. Тиймээс Туулын усны нөөцийн цогцолборыг бид яаралтай хийх хэрэгтэй байна. Эс бөгөөс энэ байдал цаашид улам давтагдана.

Туулын эхэнд дөрвөн хөндлүүрийг бид хийж усны нөөцийн цогцолборыг барьж болохоор хийсэн. Өнөөдөр Туул усгүй байлаа гэхэд маргааш үерийн ус ороод ирдэг. Гэтэл манайд орж буй хур тунадас 16-20 хоногийн дотор Монголын хилээс гадагшлаад явчихдаг.

Учир ньТуул гол маш ширүүн урсгалтай. Тиймээс усны нөөцийг зөв зохистой ашиглах талаар яригдаад байгаа юм. Одоогоор хийсэн томоохон туршлага бүтээн байгуулалт хийгдээгүй байна. Гэхдээ үүнийг Туулаас эхэлж хийнэ гэсэн бодолтой байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар

-Туул тасарч жилээс жилд урсац нь багасч байхад энэ бол байгалийн дулаарал хэмээн өөрсдийгөө болон олон нийтийг тайвшруулж суух цаг өнөөдөр биш. Хатан Туул урсдаг, загас жараахайг нь барьдаг байсан цаг саяхан. Хуучин цагийг бодвол дулаарал явагдсан нь үнэн. Үүнээс шалтгаалан мэдээж ус татарч байгаа. Гэвч хамгийн гол нөлөөлж буй хүчин зүйл нь 500-1,2 сая хүртэл өссөн нийслэлийн хүн амын өсөлт шууд хамааралтай. Өнөөдөр зөвхөн орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийг 400 мянга гэж тооцвол орон сууцанд амьдарч буй нэг хүний усны хэрэглээг 550 литр гээд аваад үзэх юм бол өдөрт 100 тэрбум литр усыг Улаанбаатарт зүгээр урсгаж байна. Энэ ачааллыг урьдаас бид тооцоолоогүй. Усны нөөцөө ашиглахдаа хүн ард маань ингээд өсчихнө гэдгийг тооцоолоогүй учраас өнөөдөр бид гүний усаа хэрэглэсээр байгаа. Тэнгэхлээр гүний ус хэрэглэж байна гэдэг чинь эргээд туулын усны нөөцөд шууд нөлөөлж байгаа. Туул голын хамгаалалтын захиргаа гэдгийг яаралтай байгуулах хэрэгтэй байна. Олон газар бид тусгай хамгаалалтын газар хэмээн захиргаанууд байгуулсан хэрнээ Улаанбаатар орших уу эс орших уу гэдгийг шийдэх асуудал дээр тулчихсан Туул голын захиргааг бид өнөөдөр байгуулаагүй явж байна. Энэ захиргаа байхгүй байна гэдэг нь өдөр тутам бидний чихэнд хонх уяж хоёрын хооронд мөнгөөр чинь юу ч хийж чадахгүй байна гэдгийг хэлэх байгууллагууд байхгүй болчихсон байна. Тэгэхээр энэ байгууллага байснаар Туулыг устай байлгах ажил бүрэн утгаараа явагдах болно.

Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг

Туул голын орчимд гольфын талбай байгуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалттай Туул ривер контрисайд компани Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн Төв болон Дээд эх үүсвэрийн газар доорх усны нөөц гэж үнэлсэн талбайн 13 га газрын хөрсийг 30-40 см зузаан хуулсан. Үүний экологи, эдийн засгийн үнэлгээг тооцон үзэж мэргэжлийн байгууллагаас 750 сая гаруй төгрөг гэж тогтоосон аж. Энэ хохирлыг Туул ривер контрисайд өнөө хүртэл төлөөгүй, нөхөн сэргээлт хийлгүй нийт 17 га газар болгон эвдэж орхисон.

Үүний дараа 2010 оны аравдугаар сарын 3-нд ахин нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 204 тоот захирамж гарган XIҮ хороог XII хороо болгон хороо залруулсан гэдгээр газар олгох гэрчилгээг шинэчлэн жинхэнэ газраа олгосон байдаг. Түүгээр барахгүй тус компани 60 га талбайн зөвшөөрөл авсан ч өдгөө 119 га газрыг хууль бусаар эзэгнээд байгаа. Иргэдийн гомдол мэдээллийг дагуу хууль хяналтын байгууллагаас Туул ривер контрисайд-ын Монгол талын захирал Д.Нармандахыг Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан ч Прокурорын байгууллагаас хянаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ мэт наад зах нь тус компанийг хууль зөрчих бүх нөхцөл боломжийг бүрдүүлсэн, ажилдаа хариуцлагагүй хандсан холбогдох албан тушаалтантай тооцох ёстой боловч хариуцлага тооцохгүй байгаа нь байгаль орчны яам дотроосоо ялзарсныг харуулж байна. Тиймээс эхлээд яам нь эрүүлжих хэрэгтэй гэж бодож байна. Хоёр дахь асуудал нь Туул голын сав газрын зөвлөл гэж байдаг. Гэсэн ч төр тус зөвлөлийг өөрөө булаагаад авчихсан. Сав газрын зөвлөлийн дарга нь н.Ганболд гэж хүн байгаа шүү дээ. Тус зөвлөлд би гишүүнээр ордог. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Усны газар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчихсан хүн бий. Ийм хүмүүсийг авчихаад иргэний зөвлөлийн дуу хоолойг сонсохгүй байна. Гэтэл Туул голын хувь заяаг шийдэх гээд сууж байгаа хүмүүс нь ийм байхад Туул голын хувь заяаг сайнаар шийднэ гэж ярих нь утгагүй хэрэг хэмээв.

Туулыг сэргээхэд 700-аад тэрбум төгрөг шаардлагатай хэмээн Байгаль орчны сайд хэлэв. Иймээс энэ хэмжээний хөрөнгө мөнгийг харьяа дүүргээс нэр дэвшиж УИХ-д сууж буй гишүүдэд Усны газар болон бусад холбогдох байгууллагууд яаралтай санал боловсруулаад Туулыг хамгаалахад мөнгө зарцуулаач хэмээн хүсэх хэрэгтэй гэв. Түүнчлэн Туул голыг нөхөн сэргээхэд эхний ээлжинд бүтээн байгуулагчдын сүйтгэсэн 3200 га газрын модыг эргүүлэн суулгах шаардлагатай. Өмнө нь Тужийн нарс буюу 15 мянган га модыг сэргээж байсан түүх бий. Тэгэхээр Туулын эхэнд байгаа газраас тав дахин том газрыг ойжуулж чадсан юм бол Туулын эхэнд байгаа тэр газрыг буцаан нөхөн сэргээх боломжтой хэдий ч төрөөс дэмжлэг дутаж байгаа хэмээн Усны газрын удирдлагууд хэлж байгаа юм. Бас нэгэн авах шаардлагатай арга хэмжээ нь Далангууд байгуулж усан сан бүрдүүлэх явдал хэмээн холбогдох хүмүүс хэлсэн юм.

Туул голын доройтолд нөлөөлж буй хүчин зүйл олон бий. Гэвч Улаанбаатар хот илүү итгэлсээр байгаа нь Туулыг ширгэх гол нөхцөлийг бүрдүүлээд байна. Зөвхөн байранд амьдрч буй иргэдийн ачааллын тухай ярихад л усны хэрэглээ тоймп их тоо гарч байна. Цаана нь байгaa 800 мянган гэр хорооллын иргэд байранд орвол ачаалал илүү ихээр нэмэгдэнэ. Түүнчлэн 20 мянган аж ахуй нэгж, цахилгаан станцууд бүгд нийлээд Туул голын экологийн даац хэтэрч байна гэх зэрэг Туул голыг мөхөөх өчнөөн олон шалтгаан байгаа юм.

Гэхдээ үүнийг эртнээс тооцоолж арга хэмжээ авах ёстой байсан ч ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хатсан сайран дээр гэнэт гүйж ирэн нулимс дуслуулан устай байсан Туулын тухай дурсан тэр ч буруутай гэх зэргээр шалтаг тоочин суух вий дээ. Одоогийн байдлаар Туулыг яаралтай нөхөн сэргээхэд хөрөнгө мөнгө нь л дутаад байгаа болохоос яаралтай арга хэмжээ авбал найдвар бий гэдгийг Усны газрынхан хэлж байв. Өнгөрсөн хугацаанд Туул балран доройтоход үе үеийн сайд болон салбарын байгууллагууд нь хийсэн гээд хэлчих олигтой зүйл хэлчихэж чадахгүй л сууна. Хөрөнгө санхүү нь байхгүй эсвэл хууль нь хэрэгжээгүй гэхчлэн шалтаг тоочих хүмүүсийн зарим нь бидэнд Туулыг хамгаалахад олон зүйл хийсэн гэж ярих боловч Хатан Туул өнөөдөр хатсан сайр л харагдлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button