Ч.Улаан Би ГЕГ-ын дарга асан Х.Баатарын хэрэгт холбоогүй

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.

-ГЕГ-ын дарга асан Х.Баатарын хэргийг дахин сэргээж, таныг холбогдуулан шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл үнэн үү?

-Харин тийм мэдээлэл гараад байна. Одоогоор тодорхой мэдээлэлгүй байна. Надад мэдэгдсэн зүйл алга байна. Ер нь энэ хэргийг нэлээд хэдэн жилийн өмнө шалгаад дууссан асуудал. Тэр үед би Шадар сайдаар ажиллаж байсан юм. Намайг энэ хэрэгт ямар нэг байдлаар холбоотой гэсэн баримт нь огт нотлогдоогүй. Одоо энэ асуудал дахиж гарч ирж нотлогдоно гэж байхгүй гэж бодож байна. Би энэ мэдээлэлд гайхаж байна.

-Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудал тавьсантай холбоотой юм болов уу гэж дүгнээд байна шүү дээ?

-Нэр бүхий есөн гишүүн огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш янз бүрийн мэдээлэл гараад байна. Тодорхой хэмжээгээр холбоотой гэж үзэж байна. Энэ бол зориудаар гаргаж байгаа зүйл гэж ойлгож байгаа.

-Албан ёсоор таныг энэ хэргээр шалгах асуудал тавибал та шалгуулах уу?

-Мэдээж очиж учир байдлыг нь тайлбарлана. Х.Баатарын хэрэг дээр эргэлзээтэй зүйлүүд байвал би тайлбар татгалзахгүй өгнө.

-МАН-ын бүлэг Ц.Нямдорж сайдын асуудлыг яагаад хэлэлцэхгүй хойшлуулаад байгаа юм бол?

-Бид асуудлыг байнга шаардаж байгаа. Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзаж хурдан шийдэж өгөхийг хүснэ. Асуудлыг учир битүүлэг хойшлуулаад байна. Бидний ажил нэг иймэрхүү л маягтай болчихоод байна.

-Нэр бүхий гишүүд бүлэг байгуулах тухай яригдаж байсан. Энэ юу болсон бэ?

-Энэ тавигдсан асуудлын ач холбогдлоос хамаараад түр зуур яригдахгүй байгаа. Бид асуудал шийдэгдэхийг хүлээж байна.

Б.Тогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button