Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ирэх сарын 4-нд эхэлнэ

Тамгын газрын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатараас тодрууллаа.

– Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага яг хэзээ эхлэх вэ?

-Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулиар жилд хоёр удаа цэрэг татах ёстой. Эхний ээлжийн цэрэг татлага хавар, хоёрдугаар ээлж нь намар болдог. Ингээд нийслэлийн Засаг даргын 2012 оны 237 дугаар захирамж гарч энэ оны эхний ээлжийн цэрэг татлагыг ирэх сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ өдөр дүүргүүдийн цэрэг татлагын товчоон дээр дээрх ажиллагаа зэрэг явагдана. Энэ шийдвэр бүх дүүргүүдэд очсон. Шийдвэрийг үндэслэн дүүргийн Засаг дарга нарын захирамж гарч тухайн дүүрэгт цэрэг татлагын ажлыг зохион байгуулах товчоо байгуулагдаад ажиллаж байна.

-Зарлан дуудах хуудсаа тарааж дууссан уу. Хэчнээн хүнд уг хуудсыг хүргүүлсэн бэ?

-16 гаруй мянга хүнд зарлан дуудах хуудас тараасан. Энэ жилийн цэрэг татлагын нэг онцлог нь хуучин тодорхой анги, орон нутагт цэрэг өгдөг байсан бол энэ жилээс эхлэн ерөөсөө цэргийн анги байгууллага байгаа анги бүрт Улаанбаатар хотоос цэрэг татахаар болсон. Жишээ нь, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Орхон-Уул аймагт цэргийн жинхэнэ албан хаагчид явна.

-Цэргийн зарлан ирсэн ч санаатайгаар очоогүй, хоцорсон иргэдэд ямар хариуцлага тооцох вэ?

-Ер нь иргэдийг гурван чиглэлээр цэргийн албанд татдаг. Тодруулбал, ерөнхий зориулалтын цэрэг буюу дээрх ангиудад, нөгөөх нь хилийн цэрэг, дотоодын цэрэг гэсэн гурван чиглэл байдаг. Цэргийн албанд яваагүйн төлөө ямар хариуцлага хүлээдэг гэхээр иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан байгаа. Тухайлбал, иргэн хүн зарлан дуудах хуудас аваад ирээгүй бол тодорхой хариуцлага хүлээнэ гэсэн байгаа.

-Та дээр 16 мянган хүнд зарлан дуудах хуудас тараасан галээ. Ер нь жилд хэчнээн хүнд зарлан дуудах хуудас өгч, тэндээс хэчнээн нь цэрэгт татагддаг вэ?

-Тооны хэлбэлзэл гайгүй. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн 18 настай хүүхдийн тооноос хэлбэлзэлээс хамаарна. Ер нь жилд 15-18 мянган хүний зарлан дуудах хуудас нэг удаа бичигдэж байна. Цэргийн албанаас хамгийн их чөлөөлөгддөг иргэд бол оюутан. Тэдний хувьд 18 нас хүрээд их сургуульд элсэн суралцдаг. Үүнээс гадна хуулийн тодорхой заалтын дагуу чөлөөлөгдөж байгаа иргэд байна. Ингээд бусад нь цэргийн жинхэнэ албандаа явна.

-Үүнээс гадна цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр хаадаг. Иргэдийн хувьд яахаараа мөнгө төлдөг юм гэх нь байдаг?

-Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эх орноо хамгаална, хуулийн дагуу цэргийн алба хаана гэсэн байдаг. Ер нь бүх хүн цэргийн алба хаах бололцоо нөхцөл өнөөдөр алга. Тийм учраас төрөөс сонголтуудын хэлбэрийг бий болгож өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ буюу цэргийн жинхэнэ алба, цэргийн албыг дүйцүүлэн хаах, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах хэлбэр байна. Энэ бол нэг ёсны 36 нас хүрээд цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээд цэргийн албанд яваагүй хүн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаана. Энэ алба хаах, мөнгөн төлбөр төлөх хэмжээг Засгийн газраас тогтоодог. Энэ жилийн хувьд Засгийн газрын 68 дугаар тогтоолоор 3-4 сая байна гээд тогтоосон. Тэгэхээр манай иргэд цэрэгт яваагүйн төлөө мөнгө төлөх юм шиг бодоод байдаг. Энэ бол буруу ойлголт. Иргэн хүн 18-25 нас хүртэл долоо удаа цэрэг таталгаар орсон байх ёстой. Энэ орсон үндэслэлийг нь харгалзан цэргийн албанаас чөлөөлөгдөх уу, үгүй юу гэдгийг цэрэг таталгын товчоо шийднэ. Ингэхдээ тухайн иргэн хуулийн дагуу гарсан байна гэж үзээд мөнгөнөөс чөлөөлж болно. Харин иргэд бодохдоо мөнгө л төлөх ёстой гэж боддог. Харин гарах гарц нь үүргээ биелүүлж, цэрэг татлагын товчоогоор орсон тохилдолд таны эрх нээлттэй боломж байгаа л гэж хэлмээр байна.

Э.Пагмадулам

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button