Л.Сосорбарам Намайг дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарыг давж байсан гэвэл одоогийн хүүхдүүд итгэхгүй байх

Жудагтай монгол бөх, сайхан монгол эрийн төлөөлөл байсаар ирсэн Со арсланд ард түмэн ам сайтай байдаг. Тэрбээр 1959 онд улсын баяр наадам зургаа давж улсын начин, улсын наадамтай хамт болсон Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын барилдаанд 37 бөхөөс 32 давж улсын заан, 1963 онд Монголын бүх ард түмний II спартакиадад 30 бөхөөс нэг ч уналгүй түрүүлж улсын арслан цол хүртсэн. Л.Сосорбарам улсын баяр наадамд 13 удаа шөвгөрснөөс гадна 1965 оны сар шинийн барилдаанд түрүүлж байв. Ийм л сайхан монгол эртэй уншигч таныг уулзуулж байна.

-Хүмүүс таныг Төв аймгийн Баянбараат сумынх гэдгээр сайн мэднэ. Харин сүүлчийн үеийн ном хэвлэлд Баян-Өнжүүл сумын харьяат гэсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Манай Баянбараат сум маань 1974 онд татан буугдаад Өнжүүл сумтай нийлж, Баян-Өнжүүл нэртэй болсон. Би унасан газар Баянбараат сумаараа цоллуулдаг. Үүнд Өнжүүлийнхэн жаахан дургүй, Бараатынхан дуртай байдаг юм (инээв).

-Таныг Монгол Улсаас төрсөн дэлхийн анхны аварга Д.Дэмбэрэлтэй тоглож өссөн гэдэг юм билээ?

-Тийм ээ. Дэмбэрэл бид хоёр Бараатын ар талын хонхорт өссөн. Би Дэмбэрэлийн тухай Шавартай нууранд шалдан тоглож өссөн гэж нэг бичиж байсан. Бид хоёр чацуу. Дэмбэрэлийн ээж нь төрөхийн хүндрэлээс болоод нас барсан юм. Тиймээс манай ээж бид хоёрыг ихэрлэж хөхүүлж байсан гэдэг. Дэмбэрэлийг Должин гэж их ядуу хүн өргөж авсан. Хөөрхий цатгаж чаддаггүй байсан болохоор манай ээжийг хөхдөг байсан юм билээ. Бид Дэмбэрэлийг шоглож уйлуулна. Тэгэхэд Должин гуай Муусайн золигнууд хүүхэд уйлууллаа гэхэд бид нар зугтаадаг байж билээ. Савар барьчихаад Миний охин ногоон ч гэсэн номин шиг, цэхэр ч гэсэн чихэр шиг хүн болно доо. Та нар харж байгаарай гээд биднийг хөөдөг байсан (инээв).

-Уучлаарай. Таныг ч бас багад өргүүлэх гэж байсан юм уу?

-Үнэн үнэн. Манай аав ээжээс найман хүүхэд гарсан юм билээ. Эгч бид хоёрын дунд гурав тогтоогүй. Аав ээж хоёр намайг тогтохгүй байх, хүн авъя гэвэл өгчихнө гэсэн юм. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, уртын дууч Н.Норовбанзад гуайн ах Шумуул Сосор, Шаравжамц гуай хоёр манайхаар орж гардаг айл хүмүүс. Тэд Хүү гарвал манайх авна гэхэд манай хоёр зөвшөөрсөн гэсэн. Манай ээж их гүдэсхэн хүн байсан. Намайг гарсны дараа Сосор, Шаравжамц гуай хоёр манайд намайг авах гээд ирсэн байгаа юм. Хүүхдийг хөхөө хөхөж байхад нь дээгүүр нь хадгаа тавиад хөхнөөс нь угз татаад авдаг ёстой юм гэсэн. Хадаг тавих гээд явж байхад нь ээж Аваад яв л гэж. Харин ажаа буруу хараад суусан гэсэн. Манай нутгийнхан аавыгаа ажаа гэдэг юм. Тэгэхээр нь хадгаа тавьж чадаагүй гэсэн (инээв). Би сүүлд ааваасаа Намайг яагаад өргүүлээгүй юм бэ гэж асуухад Амьд байх болов уу гэж бодогдоод байсан юм гэж ярьдаг байж билээ.

-Та тэгвэл нэлээн эрх танхи өссөн байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Дээр тогтоогүйгээс гадна хамгийн отгон нь болохоор их эрхэлсэн. Аавынхаа мөрөн дээр л тонгочно шүү дээ. Манай ээж Энэ нэг юм эцгийгээ харахаар бүр галзуурах юм гэж хэлдэг байсан. Би аавынхаа хоёр мөрөн дээр нь мордчихоод толгой дээр нь аягатай хоолоо тавиад идэж байдаг байсан гэдэг (инээв). Манай аав надад юу ч хэлэхгүй. Харин ээж юм хэлнэ ээ. Манай аав 1899, ээж 1900 онд төрсөн.

-Таны ярьсан Шумуул Сосор, Шаравжамц гэж хоёр хүн нэрт дуучин Н.Норов­банзадын төрсөн ах юм уу?

-Тийм.

-Та тэгвэл нэрт дуучны бага насыг мэдэх юм байна. Тийм үү?

-Би мэдэхгүй. Хотод орж ирж байж л мэдсэн. 1957 онд Москва хотод болсон Дэлхийн залуучуудын оюутны их наадмаас алтан медальтай ирж, түүнээс хойш мандсан хүн дээ.

-Та 1958 онд аравдугаар анги төгсөх жилээ сумынхаа наадамд улсын арслан С.Оргодолыг хаяж түрүүлсэн. Гуравхан жилийн өмнө улсын наадамд түрүүлээд байсан арсланг унагасныг бодоход багаасаа л хатуу боорцог байжээ?

-(Инээв). Үүнээс өмнө 1956 онд нэг барилдсан юм. Сумын наадмын шөвгийн дөрөвт намайг амалж авсан. С.Оргодол гуай халаад гар дээр цохиод зайлж татдаг. Зайлаад татахаар нь би хөнгөхөн юм болохоор дэгдэж очоод суганд нь наалдчихсан. Мань хүн цочоод татахдаа тохойгоороо миний хамрыг цохидог юм. Цус гоожоод тогтдоггүй ээ. Хамрын хоёр нүхийг бөглөхөөр амаар гараад болдоггүй. Ингээд би наймдугаар ангид байхдаа унаж байсан юм. Тэгэхэд С.Оргодол гуай Би энэ Лувсанчимэдийн хүүг хоёр жилийн дараа дийлэхгүй байх шүү. Бөх болох шинж нь орчихож гэж хэлсэн гэдэг.

-Тэгвэл 1958 онд хоёр дахиа таарчээ?

-Тэгэхэд С.Оргодол гуайг давж, Баянбараат сумын наадамд түрүүлсэн. Улсын арслан цолтой том бөхийг хаяж, их урам авч байлаа. Тэр намраа ХААДС-ийн (Одоогийн ХААИС) оюутан болон хотод ирж, томчуудтай гар зөрүүлж эхэлсэн дээ.

-ХААДС тэр жил МУИС-иас тусдаа гарсан бил үү?

-Тийм. Би ХААДС-ийн анхны оюутан. Тэр жилийн зургадугаар сард СнЗ-ийн тогтоол гарч, МУИС-иас тусгаарлахад би оюутан болж элссэн. Би ХААДС-д малын их эмч мэргэжлээр 1958-1963 онд суралцсан. Төгссөнөөсөө хойш багшилж байна.

-Одоо ч гэсэн багшилж байгаа юм уу?

-Одоо яах вэ. Багшилдаг нэртэй байж байна. Их дээд сургуульд 50 хувийн багш гэж байдаг юм. Авдаг нь, ажилладаг нь, амардаг нь ч 50 хувь. Наддаа болж байна. Намайг Гарна гэхэд хүүхдүүд Та байж бай гэдэг. Би хавар нь Намар ирж чадахгүй шүү гэдэг ч намар болохоор Таны нэр хичээлийн хуваарь дээр байна гэдэг. ХААИС бол миний нэг гэр.

-1959 онд Монголын залуучууд оюутны анхдугаар их наадам болж, 37 бөхийн тойргийн барилдаанаар улсын цол олгосон. Д.Дамдин аваргыг тэр жилийн долдугаар сарын 12-нд улсын наадмаар түрүүлж даян аварга, орой нь анхдугаар наадамд түрүүлж дархан аварга цол хүртсэн гэдэг. Улсын цол олгох энэ хоёр том барилдаан зэрэг болсон юм уу?

-Тийм. Тэр их чамин. Спортын төв ордон 1958 оны аравдугаар сард нээгдсэн юм шүү дээ. Тэгээд 1959 оны долдугаар сарын 9-нд Монголын залуучууд оюутны анхдугаар их наадам Спортын төв ордонд эхэлсэн юм. Тэр өдөр улсын арслан Ж.Чойжилсүрэн, улсын начин Урт гарт Г.Баасан­сүрэн, Содномдорж, би гэсэн ХААДС-ийн дөрвөн бөх бэлтгэл хийж байсан. Тэгсэн ХААДС-ийн багш, гавьяат багш Ч.Ишдорж машинтай очиж Бөх эхэллээ гээд бид нарыг авчирч барилдуулсан. Би эхний өдөр улсын цолтой 17 бөхтэй барилдаж бүгдийг нь давсан. Тухайн үед яг нарийн хуваарь, кодекс байсангүй. Хоорондоо таараагүй хоёр хүн барилдсанаа тэмдэглүүлээд яваад байлаа.

-Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын бөхийн барилдаан Спортын төв ор­дондоо болж өндөрлөсөн үү?

-Үгүй. Одоо энэ МҮОХ-ны байр байгаа газарт байсан Бага цэнгэлдэх хүрэлээнд шилж­сэн. Тэр жил одоогийн Их цэнгэлдэх хүрээлэн (Төв цэнгэлдэх хүрээлэн) ашиглалтад орсон түүхтэй. Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын бөхийн барилдаан Бага цэнгэлдэх хүрээлэнд, улсын наадмын барилдаан Их цэнгэлдэх хүрээлэнд болсон. Би ч гэсэн долдугаар сарын 12-нд хоёр цол авсан юм шүү дээ. Улсын наадамд А.Нагнайдорж начнаар зургаа давж улсын начин, орой нь Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмыг 32 даваатай өндөрлүүлж улсын заан цол хүртсэн. Д.Дамдин аварга 35 даваа, ганц унаатай түрүүлж, Ч.Бээжин, Тэмээ өргөдөг Б.Жамъяндорж бид гурав 32 даваагаар улсын заан цол хүртэж байлаа.

-Та 1962 оны үндэсний бөхийн УАШТ, 1963 оны Мон­голын бүх ард түмний II спартакиадад түрүүлсэн. Тойргийн барилдаанд амжилт­тай барилддаг байсны тань нууц юу вэ?

-Би хурдан барилдаантай. Тиймээс ядрах нь бага байсан. Одоогийн залуус надад итгэхгүй байх. 1962 оны УАШТ-д би түрүүлж, Ж.Мөнхбат аварга үзүүрлэж, 1963 оны Монголын бүх ард түмний II спартакиадад би түрүүлж улсын арслан, Х.Баянмөнх аварга үзүүрлэж улсын заан цол хүртэж байлаа. Одоо үүнийг яривал хүүхдүүд үнэмшихгүй, Энэ өвгөн бурж байна гэх байх (инээв).

-Ж.Мөнхбат аварга залуу бөх байхдаа 1961 оны Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадад түрүүлсэн ч улсын арслан цол олгоогүй нь ямар учиртай юм бэ?

-Тэр чинь их сонин, хоёр алтан медальтан төрсөн. Уг нь Ж.Мөнхбат түрүүлсэн ч мань хүнийг аархаж, ёс зүйн алдаа гаргасан гээд хасчихсан юм. Ингээд Ж.Чойжилсүрэн алт, би мөнгө, Т.Зундуй хүрэл медаль хүртсэн. Харин Ж.Мөнхбат дараа нь очоод алтан медалиа авсан.

-Ж.Мөнхбат аварга танаас их эмээдэг байсан. 1963 оны улсын наадмын их шөвөгт тантай тунахад айхдаа гуя нь чичирч, үүнийгээ мэдэгдүүлэхгүйн тулд алгадаад байсан гэдэг. Үүнийг нь та анзаарч байв уу?

-Намайг л айлгах гэж гуяа алгадаж байна гэж санахгүй юу. Би түүнээс өмнө Улаанбаатар хотын болон улсын аварга шалгаруулах барилдаанд даваад байсан. Ж.Мөнхбатад намайг хаях аргыг улсын арслан Хужаа хэмээх Ө.Чүлтэмсүрэн гуай зааж өгсөн байдаг юм.

-Юу гэж хэлсэн юм бол?

-Чи эхэлж мэх хийж болохгүй. Сосорбарамын дайралтыг тэсэх хэрэгтэй. Цаадах чинь тайрч явж байхдаа зогсдог. Тэгэхэд нь хөлөө явуулчих гэж хэлснийг сүүлд сонссон. Яг л тийм барилдаан болсон доо.

-Тангад гэж мэргэн хүн Ж.Мөнхбат аваргад Энэ Сосорбарам үсээ хусуулчихвал улсын наадамд түрүүлэх хүн гэж хэлж байсан гэдэг. Энэ яриаг та хэдийд сонссон бэ?

-Өө төө сүүлд.

-Та улсын арслан цол хүртэхдээ хэдэн кг жинтэй байв?

-Инээд хүрмээр юм байсан шүү. 78 кг жинтэй. Би хурдтай барилддаг байсан.

-Бөхчүүд таныг гартаа нэлээн бүлтэй байсан гэдэг юм билээ?

-За яах вэ. Манайх нэлээн адуу малтай байсан. Тиймээс хоёр гартай жаахан юмтай болсон гэж боддог. Гар ч гайгүй шүү. Харин хөл байхгүй шүү дээ. Би хөл мэхээр ганцхан хүн унагасан байдаг. Хэн бэ гэж асуу.

-Хэнийг унагасан юм бэ?

-Х.Баянмөнх аваргыг (инээв). 1970-аад онд Спортын төв ордонд болсон барилдаанд бид хоёр үлдсэн юм. Давшлаад, хөл нь урд хүрээд ирэхгүй юу. Тэгэхэд нь хөл мэх хийгээд унагасан.

-Та Монголын самбо, жүдо бөхийн анхны шигшээ багийн тамирчин. Таныг жүдо бөхөөр олон улсын анхны медалийг авчирсан гэдэг юм билээ?

-Тийм. 1971 онд БНАСАУ-ын Пхеньянд Ах дүү армиудын тэмцээн болсон. Би +95 кг-ын жинд барилдсан санагдаж байна.

-Та ямар медаль хүртсэн юм бэ?

-Хүрэл байх аа. Би тэгэхэд нэг хөглөсөн юм. Барилдаж байгаад бэртээд тэмцээнээ дуусгаж чадаагүй. Намайг медаль хүртлээ гээд авчирч өгч байсан. Бас 1972 онд Унгарт болсон социалист орнуудын Нийгмээс хамгаалах яамны спартакиадиас хүрэл медаль хүртсэн.

-Таны зурагтай энэ хивсийг хэн дурсгасан юм бэ?

-Үнэмлэх нь тэнд байгаа. Эрдэнэт хивс компаниас Монголын жудаг ёс төгөлдөр бөх шагналыг жилд нэг олгодог юм. Ноднин гурав дахийг нь би авсан. Надаас өмнө П.Дагвасүрэн арслан, Д.Мягмар заан авсан. Энэ хивсэндээ би их дуртай байдаг юм. Ямар дэвсээд байгаа биш.

-Та уртын дууч удамтай. Энэ тухай дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?

-Миний өвгөн аав хүрээ баруун урд зүгт дуучин Хөх Намид гэж хүн байсан. Би үр хүүхэд, ах дүүсээсээ дуучин гарна гэж хардаг байсан. Гарахгүй юм аа.

-Та бас мундаг дуучин шүү дээ?

-Би юу базаах вэ дээ. Би нэг хөглөлөө. 1999 онд Миний нутаг сайхан гэж урлаг, спортын наадам болсон. Бөхчүүдийн хооронд дууны тэмцээн болоход би гуравдугаар байрт орсон юм. Тухайн үед Өндөр цол, ахмад нас хоёроор л гуравдугаар байрт орлоо. Мундаг дуулдаг хүүхэд их байна гэсэн. Би Хэрлэнгийн баръя дуулсан юм. Тэгсэн ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Д.Лувсаншарав гуай Сосорбарам аа. Чиний сая дуулдаг дуу чинь хаанахын ая вэ гэхэд нь Хэн мэддэг юм бэ. Манай нутаг их найртай. Найран дээр дуулж байхыг нь сонсоод нэг аялдаг болсон юм гэсэн. Тэгсэн Н.Норонбанзад гуай намайг өмөөрч байгаа шинжтэй Лууяа багш аа. Энэ уртын дууг өөрийнхөө хоолой, намба төрхөнд тааруулаад жаахан өөрчилж дуулдаг газар газрын ая өөр шүү гэж хэлсэн. Д.Лувсаншарав гуайн нутгийн дууг өөр аяар дуулчихаар жаахан гайхсан байлгүй дээ. Манай Бараатын ая гэж байдаг юм шүү дээ.

-Та нас сүүдэр хэд хүрч байна вэ?

-70 нэлээн гарлаа шүү. 1937 оны гал үхэр жил гарсан хүн шүү дээ.

-Ийм хөнгөн шингэн, сайхан байгаагийн нууц юунд байна вэ?

-Нууц юу байх вэ. Би архи уудаггүй хүн шүү дээ. Айраг их уудаг ч одоо ууж болохгүй байна. Сахар ихдээд байна. Хорьсон юмнаас нэг юм бариг­дахгүй байгаа нь өөх. Айлд ороход өнгөтэй өөдтэй, өөхтэй тостойгоо өгдөг. Би өвчтэй гээд ярвайгаад суугаад байлтай биш. Сурчихсан болохоор нэг л мэдэхэд аль өөхтэй юмыг нь бариад сууж байх юм.

Д.Нанжид

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button