Нэгдүгээр төрөхөд долдугаар ангийн дөрвөн сурагч үр хөндүүлжээ

охид жирэмсэлсэн хэмээн эмч нар тайлбарлаж байна. Нэгдүгээр төрөхийнхөн охидыг эмч нарын зөвлөлийн хурлаар оруулж, эцэг эхийнх нь зөвшөөрлөөр үр хөндсөн аж. Өмнө нь 17, 18 настай ес, аравдугаар ангийн охид ирдэг байсан бол өнөөдөр долдугаар ангийнхан ийнхүү эмнэлэгт үр хөндүүлэхээр ханддаг болжээ. Ер нь өсвөр насны охидын жирэмслэлт өсөх хандлагатай байна. Тэр тусмаа 14, 15 настнууд үр хөндүүлэх нь хэрээс хэтэрсэн талаар эмч мэргэжилтнүүд өгүүлэх болов.

Үр хөндөлтийн сэдвээр тус төрөхийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Баясгалантай ярилцлаа.

-Өсвөр насныхан танай эмнэлэгт үр хөндүүлэхээр хандах нь хэр олон байдаг вэ. Хүн амын өсөлтийг дэмжих утгаараа тэдний хүсэлтийг буцааж болдоггүй юм уу?

-Эрүүл мэндийн сайд үр хөндөлтийг зөвшөөрч тушаал гаргасан учраас эмнэлэг хүлээж авахаас өөр аргагүй. Гэхдээ өсвөр насандаа үр хөндүүпэх нь олон сөрөг талтай. Өсвөр насныхан нас бие гүйцсэн 25 настай эмэгтэй шиг байж чадахгүй. Төрөх, хүүхдээ өсгөх сэтгэлзүйн бэлтгэлгүй байхаас эхлээд бие организмын хувьд ч бүрэн бойжоогүй байдаг. Тиймээс өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлтийн тухай хичээлийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт түлхүү тусгах шаардлагатай. 19 хүртэлх насны охидын төрөлтийг өсвөр насны жирэмслэлт, төрөлт гэж нэрлэдэг. 1990 оны дунд үед говийн аймгуудад өсвөр насны төрөлт 19 хувьд хүрч байсан удаатай. Энэ тоо улсын нэгдсэн мэдээгээр багассан. Өнөөдөр улсын дундаж нь зургаан хувьтай гарсан. Зуун эмэгтэй төрөхөд зургаа нь 19 нас хүрээгүй байна гэсэн үг. Гэхдээ энэ нь зүгээр л тоо. Бодит амьдралд маш олон охин үр хөндүүлж байгаа. Бодит амьдралд урагаа гүйцэд тээж төрөх нь багассан болохоос жирэмслэлт буураагүй.

-Эрүүл мэндийн сайдын тушаалд үр хөндөлтийн талаар юу гэж тусгасан байдаг вэ?

-Эрх зүйн зохицуулалтын хувьд үр хөндөлтийн стандарт гэж бий. Монгол Улс 1992 он хүртэл үр хөндөлтийг хязгаарладаг орон байсан. 1992 оноос хойш эмэгтэй хүн хүүхэд тээх эсэхээ өөрөө шийднэ гээд хуульчилсан. Өмнө нь Эрүүл мэндийн сайдын Үр хөндөлтийн тухай 56 тоот тушаалыг мөрдөж ирсэн. Энэ журамд эцэг эхийнх нь зөвшөөрлөөр 16 хүртэлх насны охидод үр хөндөхөөр заасан. Хожуу үр хөндөлт ч хязгаартай байсан. 45 наснаас дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл үр хөндүүлж болдог байлаа. Хамгийн сүүлд 2005 оны 105 тоот тушаал гарсан. 105 тоот тушаалаар үр хөндөж болох насыг 18 хүртэл гэж заасан. Харин эхийн дээд насыг 40 болгосон. 40 нас гэдэг нөхөн үржихүйн нас. 40-өөс дээш насны эмэгтэй жирэмслэх асуудал түгээмэл. Тэгэхээр сүүлд гарсан тушаалаар эмэгтэйчүүд эрт үедээ ч, хожуу ч үр хөндүүлэх тохиолдол ихэссэн. Ер нь 1992 оноос эрт болон хожуу үр хөндөлт нэмэгдсэн. Аль ч эмнэлэгт үр хөндөлтийг дураар хийж байна. Монгол шиг үр хөндөлтийн тоогоо гаргаж чаддаггүй орон байхгүй байх. Учир нь үүдэн эмнэлгүүд олширсон. Үүдэн эмнэлэг гэж оргүй, нэг өрөөнд эмэгтэйчүүдийг хүлээн авч үр хөндөж гаргадаг эмнэлгийг хэлдэг. Эмнэлгүүд дүн бүртгэл цэгцгүй байгаа нь эндээс харагдах байх. Мөн үүдэн эмнэлгүүд үр хөндөлтийн дараа гарсан хүндрэлийн үед тусламж үзүүлж чаддаггүй. Хүндэрсэн эмэгтэй улсын эмнэлэг бараадахаас өөр аргагүй болдог.

-Эмнэлгүүд үр хөндөх стандартаа мөрддөггүй юм шиг санагддаг?

-Манай оронд зөвшөөрөгдсөн үр хөндөх газрууд дараах стандартыг мөрдөх ёстой. Мэргэжлийн эмч мэргэжлийн орчинд үр хөндөлт хийх ёстой. Тэр эмнэлэг нь магадлан итгэмжлэгдсэн үр хөндөлтийн дараах тусламжийг үзүүлж, шууд мэс засалд оруулах хагалгааны өрөө бэлэн байх ёстой. Эдгээр стандартыг мөрддөг эмнэлэг ховор.

-Үүдэн эмнэлгүүдийн мөнгө олдог ганц арга нь үр хөндөлт юм биш үү?

-Улсын эмнэлэг ачаалал ихтэй ажилладаг. Улсын эмнэлэгт зөвхөн жирэмсэн эхэд үзүүлэх түргэн тусламжууд л байдаг. Өнгөрсөн жилээс ,зарим дүүргийн эмнэлэгт эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх кабинет байгуулсан. Жирэмсэн биш үедээ үзүүлэх эмнэлэг бараг байхгүйтэй адил. Харин үүдэн эмнэлгүүд улсын эмнэлгийн ачааллыг багасгаж байгаа сайн талтай. Яагаад гэвэл төрөлт ч, жирэмслэлт ч их байна. Улсын эмнэлгийн эмч нарын хүнд хэцүү ачааг хувийн эмнэлгийнхэн үүрэлцэж байгаа.

-Жилд ойролцоогоор өсвөр насны хэчнээн охин үр хөндүүлж байна вэ?

-Нэгдүгээр төрөхөд өнгөрсөн жил эрт, орой төрөлт 46 гарсан. Үүнээс 10 орчим нь охид байсан. Манай эмнэлгийнхэн хороо, айл өрхөөр явж жирэмсэн эхийг илрүүлэх чиг үүрэг хуваарь байхгүй. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэнд, бэлгийн амьдралын чиг хандлагын талаар хичээл заах хэрэгтэй. Эцэг эхчүүд ч анхаарах ёстой. 5-6 сартай жирэмсэн эмэгтэй хүний бие галбир бүрэн өөрчлөгддөг. Ямар ч хувцас таарахаа байна гэсэн үг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ жирэмсэлснийг ерөөсөө мэдээгүй гэж ярьдаг. Гэр бүлийн доторхи анхаарал, халамж дутаж байгаа нь эндээс харагдана.

Д.МЯГМАРЖАРГАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button