Ерөнхийлөгчийн зовлонг зөвхөн Ерөнхийлөгч л ойлгодог

нөлөөлсөөр ирсэн аж.

Ерөнхийлөгч Гарри Трүмэн Улс төрийн экс дайсантайгаа ярилцах шиг сайхан яриа энэ дэлхийд үгүй гэж нэгэнтээ уулга алдсан. Харин өнөөдөр түүний ажигласан зүйлийг бодит амьдралд хэрэгжүүлээд эхэлжээ. АНУ-ын сүүлийн 31 жилд Ардчилсан намаас нэр дэвшиж ялсан хоёрхон Ерөнхийлөгч болох Билл Клинтон болон Барак Обама нар эхэндээ дайснууд мэт байсан ч өдгөө ч эх ондоотой ах дүү нар мэт болсон гэвэл та итгэх үү.

Ерөнхийлөгч нарын клубийн үүх түүх нь нэлээд эртнээс эхтэй. 1929-1933 онд төрийн эрхийг барьж асан Герберт Хүүвер уг клубийн хамгийн ахмад зөвлөх гэж албан бус эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.

Тэртээ 1962 оны хүйтэн дайны үед Жон Кеннеди цөмийн дайныг ч дэгдээж болзошгүй байсан Кубад хөл хорио тогтоох шийдвэрээ шөнө дунд эргэцүүлэн бодож байх зуураа өмнөх Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр руу утас цохиж үнэтэй зөвлөгөө авч байжээ. Клинтон ч ялгаагүй Ричард Никсон ах руугаа залгаж Хятад, ОХУ-ын талаар Цагаан ордон ямар байр суурьтай байх талаар үнэтэй зөвлөгөө авч байж. Никсон 1994 онд насан эцэслэхээсээ өмнө Клинтонд захиа бичиж үлдээснийг нь тэрбээр өнөөдөр хүртэл уншдаг байна.

Хэдийгээр АНУ-ын улс төрд Бүгд найрамдах болон Ардчилсан намын Ерөнхийлөгчид эсрэг тэсрэг байр суурьтай байдаг ч төрийн тэргүүнүүд улс орныхоо эрх ашгийн төлөө мэддэг бүхнээ хуваалцахдаа хэзээ ч цааргалж байгаагүй. Учир нь Ерөнхийлөгч хүн л Ерөнхийлөгчийнхөө зовлонг ойлгодог. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зууны эхнээс өнөөдрийг хүртэлх АНУ-ын төрийн тэргүүнүүдийн шийдвэр хэзээ ч зөвхөн нэг хүнийх байгаагүй. Энэ бол тухайн үед амьд сэрүүн байсан бүх Ерөнхийлөгчийн дундын шийдвэр гэж болох юм. Тэд Цагаан ордноос эхлээд 9000 метрийн өндөрт нисдэг Цагаан ордон-д ч зөвлөлдөж дэлхийн ирээдүйн төлөө шийдвэр гаргадаг байжээ.

Харин өнөөдөр дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн хамгийн чухал гишүүд нь Билл Клинтон, Жорж хүү Буш, Барак Обама нар болж буй. Клинтон, Обама нарын харилцаа руу эргэн оръё. Обама 2008 оны сонгуулийн үеэр Билл Клинтоны эдийн засгийн бодлогыг хурцаар шүүмжилснээрээ ах-ынхаа дургүйцлийг хөдөлгөсөн гэдэг. Үүний хариуд Билл Клинтон Барак Обамагийн эдийн засгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр нь шидэт үлгэр хэмээжээ.

Төрийн нарийн бичгийн даргаар Хиллари Клинтон ажиллах нь тодорхой болсон учир Обама, Биллтэй муудалцах нь тусгүй гэдгийг ойлгосон ч Цагаан ордноор дүүрэн Клинтончлох гэдэг үгийг тараасан байна. Энэ нь бүх шийдвэрийг Клинтоны үеийнх шиг хийхгүй гэсэн утга аяс бүхий доромж үг болон хувирсан аж. Гэвч дүү хүү Цагаан ордонд ажиллаж эхэлснээр эдийн засагч ахынхаа зөвлөгөөгүйгээр алхам ч хөдөлж чадахгүйгээ ойлгож эвлэрлийн гэрээ байгуулахыг хүссэн хэрэг. 15 насны зөрүүтэй ах дүү хоёр Ерөнхийлөгч өнөөдөр эдийн засаг, олон улсын харилцаа, эрүүл мэндийн салбарын талаар багаар бодоход долоо хоногт хоёр удаа мэтгэлцдэг заншилтай.

Тэдний мэтгэлцээнийг 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш анхааралтай ажих дуртай нэгэн. Хэдийгээр мэтгэлцээн бүрт нь ирж амждаггүй ч Барак Обаматай уулзаж зөвлөхдөө цаг заваа харамгүй хайрладаг байна. Тэрбээр Дуугүй байх нь алт хэмээх дүрмийг баримтлах дуртай. Ялангуяа үүнийгээ улс орны нууцыг задлахгүй байхад чиглүүлдэг. Уг клубээс гарсан шийдвэр, ярилцсан сэдэв, өмнөх үеийнхний туршлага гээд бүх мэдээллийг олон нийтэд дэлгэхийг бичигдээгүй хуулиар буюу Ерөнхийлөгчдийн ухамсрын үүднээс хориглодог. Зарим Ерөнхийлөгч ахмад үеэсээ хачирхалтай ч бас инээдтэй гэмээр зүйлийг ч сурсан байдаг. Тухайлбал, Рональд Рейган Жимми Картераас тамхи татахыг сурсан бол Билл Клинтон Рейганаас дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын төрийн тэргүүнүүдтэй хэрхэн мэндчилэхийг сурсан байх жишээтэй.

Энэ клубийн гишүүд зөвхөн ярилцаж, зөвлөх цорын ганц зорилгыг үл агуулна. Тэд бас чөлөөт цагаа хамт өнгөрөөнө. Эцэг Буш, Жимми Картер, Билл Клинтон нар хамтдаа гольф тоглох хачин дуртай. Моника Левински хэмээх бүсгүйтэй амрагийн харилцаатай байсан хэмээн нэг хэсэг шуугиулсан Билл Клинтоны сенсаацийн үеэр эцэг Буш түүний сэтгэлийг гольф тоглож сэргээдэг байсан гэдэг. Харин гольф тоглох үед дийлэнхдээ Жимми Картер хождог байсан тул түүнгүйгээр тоглох саналыг эцэг Буш Клинтонд тавьж Жиммигийн уурыг нэлээд хүргэсэн ажээ. Энэ мэтчилэн Америк хэмээх агуу гүрний төрийн тэргүүнүүд улс төрийн карьераа орхисон ч улс орон, тив, дэлхийн хэмжээнд нөлөөлөхүйц хэвээр байдаг аж. Харин манай экс Ерөнхийлөгч нар ардчилсан Ерөнхийлөгчдөө зөвлөдөг болов уу.

А.АРИУНБОЛД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button