Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Дүр уран бүтээл нээлтээ хийнэ

үзэсгэлэн 2012 оны 4 сарын 27-ний 17.00 цагт нээгдэх гэж байна. Энэхүү үзэсгэлэнд 2 уран бүтээлчийн керамик баримал, монгол зураг, уран зургийн нийт 60 гаруй уран бүтээл тавигдана.

Үзэсгэлэнгийн агуулга нь ертөнц дээр амьтай, амьгүй бүх зүйлс үүсэн бий болон төрөхдөө өөр өөрийн дүр, үүргийг амьдралд бий болгохоор ирдэг. Энэ нь зөвхөн цаг хугацаагаар хэмжигддэг бөгөөд сайн, муу алийг ч үгүйсгэж болохгүй. Тэд бүгд бие биенээсээ уялдан хамаарч байж амьдрал үргэлжилдэг билээ. Хэрвээ зовлон байгаагүй бол бид жаргалыг жаргал хэмээн нэрлэхгүй, жаргалыг мэдрэх ч үгүй байх байсан бизээ. Дэлхий ба дэлхийг үүсгэгч бүх амьтай, амьгүй зүйлс, улирал, цаг хугацаа ба хүний мэдрэмжүүд болох хайр, зовнил, догдлол, уучлал, шунал, эд хөрөнгө, эрх мэдэл тэд бүгд өөр өөрийн гэсэн дүр, үүргийг амьдралд бий болгодог хязгааргүй эргэлдэх амьдралын мөн чанарууд билээ. Амьдрал гэгч нь амьдралын хамгийн гол дүр.

Энэхүү санаагаа өөр өөрсдийн арга барилаар, шинэлэг арга ажиллагаа ашиглан, дүрслэн илэрхийлэн олон нийтэд өөрсдийн үзэл бодол болон уран бүтээлээ таниулахыг зорьжээ.

Н.Сүхбүрэн, Х.Энхномин нар ДУДС-ийг төгссөнөөс хойш 6-7 жил бие даан уран бүтээлээ туурьвин, хамтарсан 2-3 үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгосон бөгөөд, дотоодын болон олон улсын үзэсгэлэнгүүд, уралдаануудад идэвхтэй, амжилттай оролцсоор ирсэн залуу уран бүтээлчид юм. Үзэсгэлэн 2012 оны 4 сарын 27-оос 5 сарын 3-ыг хүртэл үргэлжилнэ.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button