Шилдэгүүд-ийн орон

энэ үйл явцыг дагалдан бид алхам алхмаар хөгжин дэвжиж, урагшлан дээшилж байгаа нь үнэн билээ.

Харамсалтай нь бидэнд эдүгээ социализмаас гүн бат суурьтай болж үлдсэн, магадгүй ардчилалын үнэлэмжид тохирохгүй, бүр түүнд сөргөөр нөлөөлж ч болзошгүй хэд хэдэн зүйл байсаар байна. Эдгээрт элдэв янзын шагнал, одон тэмдэг, цол, өргөмжлөл, шилдэг, тэргүүнийг шалгаруулах уралдаан зэргийг хамааруулан ойлгож болно. Хэдийгээр шагнал нь хүнийг урамшуулах, хөшүүргэдэх чухал арга хэрэгслийн нэг гэдэгтэй санал нийлж байгаа боловч манай орны хувьд энэ одонгийн хийрхэл, шагналын хэнээ, шилдгүүдийн ангууч зэргийг хараад үнэхээр ичих, инээх зэрэгцэн, сэтгэл эмзэглэж хэдэн зүйл хэлэх нь зүйтэй гэж бодлоо. Ингэхдээ одон цол, шагнал урамшуулал, шилдэгийн ангууч гэсэн 3 хэсэгт хуваан тайлбарлахыг зорилоо. Эрхэм уншигч та болгооно бизээ.

Төрийн цол тэмдэг Ер нь дэлхийн хөгжингүй улс орнуудад элдэв төрийн цол тэмдгийн төрөл бага байдаг шиг. Миний мэдэхийн Ямайкийн гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар Усен Болт гэж сонсоогүй. Ялангуяа тэнд, төр хүний хийж бүтээсэн үйл хэргийг дэмжихдээ элдэв янзын цол гуншин өгдөггүй юм билээ. Хэн хүний бүтээсэн үйл хэрэг нь ард түмэн улс орныхоо нэрийг цуурайтуулснаар түүнийг юугаар ч орлошгүй, ямар ч цол гуншинтай зүйрлэшгүй алдар хүндийг олж авдаг. Үүнийг нь улс орны хэмжээнд хүлээн зөвшөөрч Ерөнхийлөгч нь хүртэл зоогт урих гэх мэтээр л хүндэтгэлээ үзүүлж байгаа харагддаг. Цөөн тохиолдолд цэргийнхэнд үнэхээр баатарлаг гавъяа байгуулсныг нь үнэлэн Ерөнхийлөгчийн зүгээс өгдөг зарим одон тэмдэг өгдөг шиг байгаа юм. Харин манайд бол үүнээс тэс өөр.

Уг нь хуучин социалист нийгмийн үзэл суртал ноёлсон үед төрийн шагнал бий болгож, түүгээрээ дамжуулан хүмүүсийг үзэл сурталдаа үнэнч байлгах, шагнуулсан нэгнээр дамжуулан бусад хүмүүсийг тэрхүү шагналын төлөө уралдуулах байдлаар ажиллуулж, социалист бүтээн байгуулалтыг урагшлуулах, төрийн нэр нөлөөг ямагт өндөрт байлгах зорилгоор төрийн элдэв янзын шагналуудыг бий болгож байсан гэж үзэж болохоор. Өдгөө Хойт Солонгос улс бараг бүх хүн амаа толгой дараалан төрийн шагналаар шагнасаар байгаад металлы хомсдолд орж, эцэстээ хуванцараар төрийн одон медалиа хийхэд хүрч байгаа тухай сонсогдсон.

Ардчилал социализмын олон зүйлийг халсан боловч төрийн цол тэмдгийг тэр хэвээр нь, улам ч боловсронгуй болгож авч ирсээр өдийг хүрлээ. Сүүлдээ бүр утгаа алдлаа. Төрийн тэргүүний бүрэн эрхэд шагнах эрх нь тусгай эрх болон хуульчлагдсан байдаг. МУ-ын Үндсэн хуулийн 33.1.7-д Монгол улсын Ерөнхийлөгч улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах эрхтэй гэжээ. Ерөнхийлөгч маань ч энэ эрхээ бусад эрхийг бодвол хамгийн сайн хэрэгжүүлэх юм. Баяр ёслолын үеэр төрийн ордон хөл тавих зайгүй болох ба энэ нь төрийн дээд одон медалийг Ерөнхийлөгчийн гараас авч байгаа хүмүүсийн цуглаан. Бүр сүүлдээ улс орныг дайны хүнд үед цээжээрээ хамгаалж байсан хүмүүст олгодог байсан Улсын баатар цол хэргэмийг энх цагт, эрхэм найздаа ноён ерөнхийлөгч өгчихдөг юм байна. Зарим нэг нь төрийн цол аваагүйдээ гомдоно, гунихарна, гундана.

Угтаа бид төрийн элдэв алдар, цол гуншингийн төлөө амьдраагүй, ажиллаагүй гэдгээ одоо бүгдээрээ ухаарцгаах цаг болсон юм биш үү. Үхэх цаг ирэхэд нөгөө ертөнцөд төрийн цолтойгоо буцдаггүй л байлтай. Иймээс ерөөсөө төрөөс олгодог элдэв цол тэмдгээс нийтээрээ татгалзвал ямар вэ?

Шагнал урамшил Манай зарим төрийн болон төрийн бус байгууллагуудын захирал, удирдлага, дарга нар улсын Ерөнхийлөгчөө дуурайдаг юмуу хаашаа юм бүү мэд, ямартаа ч баяр ёслол, байгууллагын ой, тэмдэглэлт өдрүүд болонгуут хүмүүсээ шагнаж урамшуулахдаа бүтээлч, амьдрал, ажил үйлсэд нь хэрэг болохуйц зүйл өгөхийн оронд нөгөө л одон тэмдэг, элдэв цол чимэг, жуух бичиг, өргөмжлөл, талархал, дурсамжын хурыг ёстой л буулгаж өгнө дөө.

Үе үеийн баяр ёслол, тэмдэглэлт ойн өдрүүдэд цол тэмдгийн үйлдвэр, хувиараа энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс захиалгад дарагддаг тухай нэгэнтээ олж сонсож байсан юм байна. Тэргүүний тариаланч, Шилдэг залуу алтан медаль, Байгууллагын тэргүүний ажилтан, Тэргүүний замч гэх мэтээр эдгээр шагналын нэрсийг дурьдаад баршгүй. Хамгийн хачирхалтай нь энэ шагналыг авахын тулд шагнал авагч өөрөө танил тал, найз нөхдөөрөө дамжуулан хөөцөлдөнө, тэгээд нэг ёсондоо өөрөө өөрийгөө шагнуулна. Үүний дараа шагналаа угаана гэдэг нэртэй сүртэй найр, наадам хийнэ. Ингээд шагнал авснаасаа их шатна.

Уг нь бидний хөгжлөөр нь даган дуурайх дуртай улс орнуудад амжилт гаргасан ажилтнаа шагнаж урамшуулахдаа цалинг нь нэмэх, шинэ техник технологи бүхий бараа, эд зүйл бэлэглэх, хэрэглээг нь тодорхой хугацаанд даах, татвараас хөнгөлөх, чөлөөлөх гэх мэтээр илүү бодит, амьдрал ахуйд нь хэрэг болох байдлаар асуудалд ханддаг юм билээ. Тухайлбал, Японы мэргэжлийн Сумогийн дээд зяндаанд түрүүлсэн бөхийн 1 жилийн махны хэрэглээ, 1 жилийн шар айрагны хэрэглээг нь даасан шагнал өгдөг гэдгийг бид зурагтаараа харж байсан. Харин манайд бол эсрэгээрээ.

Нэгэнт эрэлт их байгаа газар зах зээлийн хуулиар нийлүүлэлт байж л таараа. Тэгэхлээр одон медаль авах их хүсэл хүмүүст байгаа юм чинь, түүнд нь нэрийг нь дэвшүүлдэг, зуучилдаг, авч өгдөг бараг бүхэл бүтэн сүлжээ байж таарах гээд байгаа юм. Саяхан нэг нэвтрүүлэгээр дөнгөж мөлхөж байгаа хүүхдүүдэд хүртэл бүгдэд нь медаль зүүж өгч, элдвээр хөөрцөглүүлэн хэлэхийг сонсоод үнэхээр ичих шиг болсон. Мөнгө олох нэвтрүүлэг зохиож болох хэдий ч арай л манцуйтай багачуудаа шагналын бай болгомгүй санагдана.

Аа нээрээ сониноос, Авилгалтай тэмцэх газар, байгууллага болохынхоо хувьд яаж бусдаас хоцрохуу гээд бас өөрийн нэрэмжит шагналыг бий болгосон юм билээ. Тэр шагналын нэр нь их сонирхолтой, Авилгаас татгалзсан хамт олон.

Логик /эрүүл сэтгэлгээ/-оор дүгнэлт хийж үзвэл энэ нэр их сонирхолтой. Учир нь тэр шагналыг авагч байгууллагын хамт олон нь авилга авдаг бөгөөд тэд АТГ-ын энэ шагналыг авахын тулд авах гэж байсан авилгалаасаа татгалзсан юм шиг байгаа юм. Тэрнийг нь АТГ ямар нэгэн аргаар олж мэдээд, нэгэнт авилга авах байснаа түүнээсээ татгалзсныг нь өндрөөр үнэлж, байгууллагын нэрэмжит Авилгаас татгалзсан хамт олон гэдэг шагналаа, өргөмжлөлийн хамт олгосон болоод байна. Шагналын учир утгагүй үйл явц эцэстээ ийм инээдэмтэй, ичгүүртэй байдалд биднийг хүргэж байгааг анхаарах сөхөөтэй хүн байна уу?

Элдэв цол тэмдэг биш, харин байгаа оносон, оновчтой, зөв шагналын хүнийг улам бүр хурцална гэдгийг анхааран шагналаа төлөвлөцгөөе.

Шилдгүүдийн ангууч- Манай оронд сонгуулийн жил, шинэ жил, цагаан сарын өмнө болохоор л судалгааны байгууллагууд, хэвлэл мэдээлийн хэрэгслүүд, зарим төрийн бус байгууллагуудын амны уншлага шиг болдог нэг зүйл бол шилдэг, тэргүүний байгууллага, хамт олон, хувь хүн, төрийн түшээ, бизнесмен-ийг шалгаруулах явдал.

Энэ ажлаа хэрэгжүүлэхдээ тэд ард түмний нэрийг барих нь түгээмэл. Ард түмний санал асуулгаар оны 9 алдартныг шалгарууллаа, оны тэргүүний бизнесийн байгууллагуудыг шалгарууллаа ч гэж нийтэд зарлах хэдий ч, үнэн хэрэгтээ гол шалгуур нь нөгөө л бүхнийг хөдөлгөгч мөнгө. Тэд мөнгөтэй байгууллага, хүмүүсийг л голдуу ангуучилна. Хэрвээ та тэдний хүссэн мөнгийг нь гаргаад л өгчихвөл өөрийгөө агнуулчихлаа гэж бод, ингэвэл та бараг Монгол улсын хамгийнаас хамгийн, шилдгийн шилдэг нь болж болно гэсэн үг. Сонгуулийн өмнө бол энэ ханш нэвт өснө. Ямар сайндаа л нэг жижиг ТББ сонгуулийн өмнө, 2.0 сая төгрөг өгвөл Шилдэг 30 улс төрчид оруулж өгье гэж нэр дэвших магадлалтай хүнд хандаж байх вэ дээ.

Одоо шинэ жил дөхөж байна, түүний дараа залгаад цагаан сар болно. Оны шилдэг, тэргүүнүүдийн тоо ч тасралтгүй л хөвөрч, өргөмжлөл гардуулах ёслолын шоунууд ч TҮ-ээр уйдтал гарна даа. Заримдаа өөртөө итгэх итгэлээ ч үл хайрхан үнэхээр бид ийм олон шилдгүүдтэй юм болов уу гэж эргэлзмээр. Яагаад ийм олон шилдэг, тэргүүний байгууллага, хувь хүмүүс байгаа юм бол улс орон маань хөгжихгүй байгаа юм болов уу гэж үе үе бодогдмоор.

Эцэст нь хэлэхэд үүнийг уншигч та дээрх зүйлүүдтэй санал нэгдэхгүй бол та бид шилдэгүүд-ийн оронд амьдарсаар ирсэн, одоо ч амьдарч байгаа, удахгүй энэ шилдэгүүд маань улс орноо хөгжүүлэх байх гэсэн ерөөл өргөх л надад үлдэх шив дээ.

2009 оны 12 сар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button