Дэлхийн анхны роман Монголын тайзнаа

үнэнч хайр, тэрхүү агуу их хайрыг дагасан баяр баясгалан, зовлон шаналалыг хурцаар өгүүлсэн Эсрэг дурлал драмын жүжгийг анх удаа тоглох гэж байна.

Жүжгийн зохиолч Б.Галаарид дэлхийн анхны роман хэмээн зүй ёсоор тооцогддог Гэнжийн туульс романаас сэдэвлэн уг драмын жүжгийг бичжээ. Гэнжийн туульс буюу Гэнжи моногатари хэмээх 50 гаруй дэвтэр хөлгөн туульсыг 1008 оны үед Японы зохиолч эмэгтэй Мурасаки Шикүбү (жинхэнэ нэр нь одоо ч тодорхой бус) зохиосон нь өдгөө Японы соёлын үнэт өв гэгддэг билээ.

Дэлхийн 30-аад оронд орчуулагдсан энэ романы тэргүүн дэвтрийг орчуулагч О.Жаргалсайхан 2009 онд монгол хэлээр хэвлүүлсэн бөгөөд одоо ч үргэлжлүүлэн хөрвүүлсээр байгаа аж. Японы утга зохиолын энэхүү гайхамшигт дурсгалаас сэдэвлэн бичсэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгосноороо Монгол-Японы ард түмний хооронд соёлын бас нэгэн гүүр босгож байгаа юм.

Эсрэг дурлал жүжгийг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн УДЭТ-ын тайзнаа тоглох бөгөөд жүжгийн найруулагчаар театрын ерөнхий найруулагч, УГЗ Ч.Найдандорж, зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Д.Түвшинсайхан нар ажиллажээ. Жүжгийн дүрүүдэд МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь, СТА, жүжигчин М.Түвшинхүү, Г.Отгонцэцэг, Б.Болормаа, Б.Нармандах, Ц.Баясгалан, Б.Эрдэнэцэцэг, Д.Ганцэцэг, Б.Одончимэг зэрэг УДЭТ-ын дунд, залуу үеийн чадварлаг уран бүтээлчид тоглох юм байна.

Харин гол дүр болох гэрэлт ханхүү Гэнжид залуу жүжигчин А.Баасанжаргал, Б.Тамир нар тоглоно. УДЭТ-ын хамт олон Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан уг жүжгээр 2012 оны шинэ уран бүтээлээ эхэлж байгаа нь энэ юм. Жүжгийн тасалбарын үнэ 15000 төгрөг аж.

В.НЭРГҮЙ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button