Ц.Элбэгдорж Ард түмэн надад ерөнхийлөгч гэдэг ажлыг өгсөн

Ерөнхийлөгчийн уул­залтад нийслэлийн есөн дүүр­гийн иргэдээс гадна, Улаан­баатар хотын удирдлагууд, манай улсад суугаа зарим ор­нуу­дын элчин сайд, диплома­тууд, олон улсын байгууллагын тө­лөөлөл, нийслэлээс сонг­огд­сон гишүүд оролцсон юм. Тө­рийн тэргүүн иргэдэд хандан хэл­сэн үгэндээ шударга бус бай­дал, шүүхийн тэгш бус үйл­чилгээ, байгалийн баялаг, га­даад харилцааг онцлон анхаарч, мө­рийн хөтөлбөртэй тусган ажил­лаж байна гэдгээ дурьдаж бай­сан. Хамгийн гол нь бүрэн эр­хийнхээ хүрээнд тууштай тэм­цэж ирсэн авлига, хээл ха­хууль, хуулийн хэрэгжилт гэсэн үнд­сэн асуудалд шүүмжлэл да­гуу­лахуйц олон жишээг өгүүлж байлаа. Тэрбээр Хуулийн хэ­рэгжилт анхаарал татаж байна. Хуу­лийн хэрэгжилт эргээд улс орны аюулгүй байдалтай хол­богддог. Улс орон тусгаар, бие даа­сан, ард түмэн амгалан, хууль хэрэгждэг байх нь бидний амин чухал эрх ашиг юм. Улс ор­ны нийтлэг эрх ашиг гэдэг бол нэг хүний аминаас үнэтэй зүйл.

Төр бол эрх, үүрэг, хариуц­лагын нийтлэг тогтолцоо. Мон­гол бол ард түмний улс бо­лохоос дар­га нарын улс биш. Би төр гэ­дэг байгууллагад Ерөн­хий­лөгч гэдэг ажил хийдэг хүн. Төр бол үйлчилгээний ажил. Хууль хэрэгжих нь төр бай­гаа­гийн илрэл. Хуулиа хэ­рэг­жүүлж чадахгүй бол төр алга бол­дог. Төр алга болохоор ард түм­ний эрх ашиг хохирдог. Хууль­гүй бол төр үгүй болно. Төр үгүй бол улс үгүй болно гэ­сэн үг. Ард түмэн ингэж хо­хирох ёсгүй. Ерөнхийлөгч гэ­дэг ажлыг төрд хий гэж Мон­го­лын ард түмэн надад өгсөн. Монгол Улсын төр зарим эрх мэ­­дэлтэн, дарга цэргийн төлөө ажиллах ёсгүй. Тэднээс болж Монгол төр хохирох ёсгүй. Жи­шээ нь, долдугаар сарын 1-ний асуудал байна. Олон удаа шүүх ху­рал хойшилсон. Зохион бай­гуулалттайгаар шүүх ажлыг хойш­луулсан.

Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой ир­гэдийн хэргийг шүүх шийд­сэн. Одоо албан тушаалт­нуудтай хамаатай хэргийг ярьж байгаа. Буу, сум тарааж өгсөн, хэрэглэсэн гээд олон асуудал байна. Гэвч эцсийн үнэнийг шүүх л тогтооно. Жирийн иргэн, дарга хоёрт хоёр өөрөөр ханддаг хууль манай улсад байхгүй. Ер нь төр иргэнээ буудах ёсгүй, буудуулах ч ёсгүй. Тиймээс миний бие энэ төрийн нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуйсан. Мөн энэ асуудалтай холбоотойгоор би хангалттай тайлбар өгсөн. Бүр Ерөнхийлөгчийн тангараг өргөх хугацаагаа хойшлуулж байгаад өгсөн. Буруу, зөв хоёрыг нэг саванд хийж бол­доггүй. Энэ асуудлыг цэгцлэх ёс­той. Ийм алдаа дахин дав­тагдах ёсгүй хэмээн өөрийн мө­рийн хөтөлбөрийн гол зар­чим болсон шүүх засаглал, хууль хяналтын талаархи са­нал бодлоо илэрхийлсэн юм. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс хам­гийн их анхаарал татсан, иргэдийн талархлыг хүлээсэн хэсэг нь авлигатай холбоотой асуудлуудад өөрийн байр суу­риа илэрхийлсэн хэсэг байсан юм. Хууль хэний ч өмнө тэгш эрхтэй үйлчилдэг. Хуулиас бүх хүн айдаг. Хууль дуудсан бол очих ёстой. Зангиагаа засаад, гутлаа өмсөөд очих хэрэгтэй. Сайн дураараа очихгүй бол хууль авлигачийг авах гэж ир­дэг. Авлигатай тэмцэх бол зөвхөн АТГ-ын ажил биш. Шударга ёс тогтоох нь зөв­хөн шүүхийн ажил биш. Ав­ли­га­тай тэмцэх ажил бол Ерөнхий­лөгч миний, гишүүн бүрийн, Зас­гийн газрын, иргэн бүрийн, байгууллага бүрийн хийх ажил. Авлигатай тэмцэхийг зарим хүн загас барихтай зүйрлээд байна.

Том загас барих нь ашигтай мэтээр ойлгож, тайлбарладаг. Тэгвэл том, жижиг өргөс адилх­ан буглаа үүсгэдэг. Тий­мээс ямар ч өргөсийг буг­лаа үүсгэхээс нь өмнө авах ёс­той. Жижиг авлига, том ав­лига гэсэн ялгаа байхгүй. Ав­лига бол авлига. Авлигатай тэм­цэх ажлыг, холбогдох хууль дүр­мүүдийг цаашид улам бо­ловсронгуй болгоно. Төрд ажил­лах гэж ирж байгаа хү­мүүс авлига авч, хөлжихөөр ирж байна. Ард түмнийхээ өм­нө алдаа хийсэн бол ахиж тэр хүнийг төрд гаргахгүй гэж монголчууд ярьдаг. Одоо бай­гаагаа хар, байсныгаа хар, одоо ирж явааг нь хар. Тэр дундаас та бүхэн зөв сонголт хий. Төр лүү олон хүн ирж яваа гэнэ. Хувь, хувьсгалаа ялгахгүй хүмүүс ч тэр дунд байна. Ажил­лах газраа мэдэхгүй гариг ан­дуурсан нөхдүүд явж байна. Ажлын төлөө зүтгэж, хуулиа дагах хүн ч олон байгаа. Ав­лигатай тэмцэх гэдэг хамгийн хэ­цүү ажил. Би мэдэж байна. Гэхдээ төрд хэзээ ч авлига байх ёсгүй. Төр хамгийн ариун нандин байх ёстой гэсэн юм. Ерөнхийлөгч нэг зүйлд хэзээ ч итгэдэггүй аж. Тэрбээр Төрд байхдаа ард түмэнд хайртай байгаагүй хүн гадна нь гараад ард түмнээ хайрлаж чадахгүй. Төрд байхдаа авлигыг цэцэг­лүүлсэн хүн эргэж ирээд үүний­гээ үзэн ядаж, зогсооно гэж байхгүй. Үгийн сан нь өөрч­лөгдсөн ч, уугуул зан нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хүн хэзээ ч өөрийн босгосон сайн, муу үйлээ эргэж нураана гэж байхгүй гээд би хэзээ ч үүнд итгэхгүй цаашид ч итгэхгүй гэв. Харин эмэгтэйчүүд улс төрд орж ирснээр төр цэвэр­шинэ гэдэгт хамгийн их ит­гэдэг гэсэн Ерөнхийлөгчийн үг танхимд суусан иргэдийн талархлыг хүлээж чадлаа. Бай­галиасаа заяасан энэрэнгүй сэтгэл, ядарсан нэгэнд туслах юмсан гэсэн эмэгтэйчүүдийн зан чанар төрд хамгийн их дутагдаж байгаа гэв. Түүнчлэн төрийн бүх шатанд эмэгтэйчүүд заавал гарах ёстой.

Би олон талаар дэмжинэ. Миний ард түмэн надтай сэтгэл нэгдэж хамтдаа эмэгтэйчүүдээ дэм­жиц­гээе хэмээн уриаллаа. Олсоноо бусадтай хувааж идэх гэсэн бүсгүй хүний ухаанаас хэзээ ч өөртөө завших, авлига авах гэсэн хар буруу санаа төрөхгүй гэдгийг ч онцлон тэмдэглэж, би авлига авдаг эмэгтэй гэдэг үгийг хэзээ ч, хаана ч сонсоогүй хэмээлээ. Энхрий хайрт гэж эхнэрээ дуудаагүй хүмүүс намаа тэгж дуудаж байсан. Даргаа хайрлах сэтгэл нь одоо ч буураагүй байна. Өөрийнх нь баялгийг булааж байхад уйлаагүй иргэн даргыг минь бариад явчихлаа хэмээн уйлж байсан сураг сонсогдож байна. Таван хүн амь үрэгдэхэд дуугараагүй дарга нар АТГ-ынхантай амь тэмцэн үзэлцэж байна. Хөөрхий манай дарга аваагүй юм байна лээ гэж хэлдэг хүмүүс олон. Өөрөө авахгүйгээр авдаг зүйлийг авлига гэдэг. Хуулийн тодорхойлолт нь хүртэл байдаг гээд тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль хэрэгжсэнээр төрд орох гэж байгаа бүх хүмүүс аав ээж, өөрийн ах дүү хадам ээж, эхнэр нөхрийнхөө бүх хө­рөнгийг мэдүүлнэ. Хэрвээ ямар нэг байдлаар нуусан бол та­ныг эргүүлээд татах хуулийг хэрэгжүүлж эхлэх болно гэд­гийг мөн хэлсэн.

Иргэдийн Ерөнхийлөгчөөс асуу­сан асуул­­­тад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгаа­тай холбоотой асуултууд олон бай­сан юм. Тухайлбал, тэр өдөр болсон үйл явдлыг үзсэн үү, Н.Энхбаярын баривчилгаа та­ны мөрийн хөтөлбөрт туссан ав­лигачидтай хатуу тэмцэнэ гэсэн заалтын хэсэг үү гэх зэр­гээр асуужээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийн асуул­тад тодорхой хариулт өгөхөөс гад­на, баривчилгааны үйл яв­цын талаар байр сууриа тодор­хой илэрхийллээ. Тэрбээр Мэдээж Ерөн­хий­лөгч асан Н.Энхбаярын ба­рив­чилгаанд ноцтой гэж хэлж болохуйц алдаа гарсан. Би тэр өдрийн үйл явцыг зурагтаар харж байсан. Унтаагүй. Хуу­лийн байгууллагынхан руу утас­даж юу болоод байгааг лавлахад бүх зүйл хуулийн дагуу явж байна гэсэн. Хууль хэрэгждэг юм гэдгийг харуулж чадсан ч орон гэрт нь дайрч орохоосоо өмнө цагаан зураас татаж, тухайн орчныг иргэдээс тусгаарлах байсан юм. Энэ хэсэгт ийм хэрэгт шалгагдаж байгаа хүн байгаа. Та бүхэн холдоно уу гээд гэрийнх нь гаднаас дүлий хүн ч сонсохоор чанга яригчаар баривчлах шалтгаанаа уншиж өгөөд, наад хүнээсээ хамт байгаа хүмүүс нь хол байгаарай. Гэрт нь байгаа хүмүүс гараарай. Бид хуулиа хэрэгжүүлж баривчилгаа явуу­­лах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэх ёстой байсан юм. гэхдээ хууль, хяналтын бай­гууллагад асар их өөрчлөлт гар­санд би талархалтай ханд­сан. Тэд айл андуурч орсны­хоо дараа тэднээс албан ёсоор уучлалт гуйж байна гэд­­гээ илэрхийлсэн. Бүр эвдсэн хаал­гаа эргэж засаад, хо­хир­­­лыг барагдуулсан. Энэ маш том өөрчлөлт.

Тэд ард тү­­мэн­дээ үйлчилдэг гэдгээ харууллаа. Том зүйл жижгээс эхэлдэг. Уучлалт хүснэ гэдэг маш том өөрчлөлт юм шүү гэсэн юм. Миний мөрийн хөтөлбөр хэрэгжиж байна гээд хүн баривчилна гэж байх­гүй гэдгийг ч хэллээ. Ерөн­­­хийлөгчид хандсан иргэ­дийн асуултууд ихэвчлэн аюул­гүй амьдрах орчин, газар ху­ваарилалт, барилга, орон сууц, сон­гууль, хоёр намын мөрийн хөтөлбөр, намын хууль бус мөнгө хурааж байгаа зэрэг өргөн хүрээг хамарсан байсан. Ерөнхийлөгч хариулт өгөхдөө Надад маш олон санал хүсэлт ирдэг. Би шаардлагатай гэсэн асуудлуудыг уншиж танилцаад хариуг нь өгдөг. Гэхдээ миний эрх мэдлээс давсан, хэрэгжүүлж биелүүлж боломгүй маш олон санал хүсэлт ирж байгаа. Харьяа дүүргийнхээ Засаг дар­га, агентлагийн дарга нарын шийд­чихэж болох зүйлийг надад хамааруулдаг. Энэ ми­ний эрх мэдлээс давсан зүйл. Тэд өөрсдөө шийдвэрээ гар­гах эрхийг нь хуулиар зохи­цуул­­сан. Гавьяа шагналд тодор­хойлсон 6000 гаруй өр­гөдөл над дээр байна. Тусгай шаардлагын дагуу олгоддог зүйл. Орон сууцыг хуваарилах эрх надад байхгүй. Гэхдээ хуу­­лийн дагуу шийдвэрлэх, хууль батлах, хэрэгжихгүй бай­­гаа хууль, хуулийг зөрчиж бай­­гаа төрийн ямар ч албан ту­­­шаалт­ны гомдол саналыг ту­хай бүр нь шийдвэрлээд, ха­­риуцлага тооцох эрх нь на­дад байдаг хэмээлээ.

Ир­гэдийн зүгээс тавьсан на­мын байрны санхүүжилт, хан­див, гишүүнчлэл болон бу­сад чухал гэсэн асуудлуудад анхаар­лаа хандуулж, шаардлагатай гэвэл хуулиар зохицуулах бол­но гэ­сэн хариулт өгсөнөөр ир­гэд­­тэй хийх уламжлалт уулзалт өн­дөр­лөсөн.

Б.Өнөртогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button