Ченжүүд Хятад руу гаргахаар нөөцөлсөн махаа хямд худалдаалж байна

иргэдэд үнийн хөөрөгдөл улам нэрмээс болсон.

Инфляци гэх атгаалжин хар мангас-ыг дарчихаж чадахгүй, түр зуур номхотгох зорилгоор Монголбанк бодлогынхоо хүүг нэмж 13.25 болгосон. Энэ нь мэдээж одоо 13 хувьд хүрчихээд байгаа инфляцийг түр зуур аргацаах гэсэн арга ядсан хэлбэр юм. Цаашдаа инфляци хэд болохыг эдийн засагчид болон эрх баригчид далдыг хардаг далай лам биш учраас мэдэхгүй байгаа гэсэн. Тэд мэдэхгүй байгаа юм чинь бид мэдэхгүй байх нь аргагүй. Тэгээд маргааш, нөгөөдөр, ирээдүйд мах, талхны үнэ 100 төгрөгөөр ч болов буураасай хэмээн ханцуйндаа залбирах нь холгүй амьдарна. Аргагүй шүү дээ цалингаа аваад шууд хүнсний хэрэгцээндээ зарцуулчихаж байгаа юм чинь. Юун хуримтлал манатай. Ялангуяа өрхийн төсөвт хамгийн их хүндрэл учруулж байгаа бүтээгдэхүүн бол мэдээж мах. Уг нь малтай монгол, махтай байж болмоор санагдана. Гэтэл болдоггүй л юм байж.

Ард түмэн махаа хямдруулаач гэнэ, өөдөөс нь албаны хүмүүс Үнэ бууруулах боломжтой. Удахгүй махны үнэ хямдарч, та бүхэн гэдэс цатгалан амьдарна гээд асуудлыг эвтэйхэн өөрсдөөсөө бултуулчихна. Бас болоогүй ээ, Монгол Улсын эдийн засаг жил ирэх тусам өсч байгаа учир та бүхний амьдрал удахгүй сайжирна хэмээн хуурна. Гэтэл мах байтугай гурилын үнэ буурахгүй байна.

Хий дэмий л ард түмэн Өргөн, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурна гэсэн шүү дээ Яагаад буурахгүй байна хэмээн бухимдана. Дунд нь чоно борооноор гэгчээр наймаачид, ченжүүд завшаад өнгөрнө. Нэг иймэрхүү дүр төрхтэй амьдрал хэчнээн жил үргэлжлэв дээ.

Тиймээс бид хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ ямар байгаа талаар сурвалжлахаар Хүчит шонхор захыг зорилоо. Хөл толгой нь мэдэгдэхгүй, бохир заваан орчин угтдаг байсан Хүчит шонхор зах нэг үеэ бодвол өнгө засчихаж. Захын үүдээр оруут наймаачдад ээрэгдэх нь жаахан төвөгтэй байсан ч хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн ялангуяа махны үнийг судлах ажлаа үргэлжлүүллээ. Махны тасагт очвол Дөнгөж амаржсан охиноо шөл уулгачих гэсэн чинь мөнгө маань арай л хүрэхгүй юм байна даа хэмээн хэтэвчин дэх мөнгө рүүгээ байн, байн шагайх нэгэн хижээл насны эмэгтэйтэй таарав. Тэр эмэгтэй нялх биетэй охиныхоо хэдэн өдрийн шөлийг залгуулах гэсэн чинь ченж залуу хонины гулууз махаа 150 мянгаас буулгахгүй хэмээн гүрийсэн аж. Тодруулбал, хонины гулууз мах кг нь 5800 төгрөгийн үнэтэй бөгөөд бүтнээрээ ийнхүү 150 мянга болж байгаа гэнэ. Цааш явтал нэгэн эр өөдөөс гүйж ирээд Хонины цул мах хямдхан сонирхохгүй биз гэв. Түүний контейнерт очвол цагаан шуудайнд хийсэн хонины мах өрөөстэй байсан бөгөөд Хятад руу гаргах гэж өнгөрсөн жил бэлтгэсэн мах нь аж. Тэрбээр өнгөрсөн намар махны үнэ хямд байхад хятадуудад нийлүүлэхээр тонн орчим мах нөөцөлсөн байна. Улмаар Хятад руу мах гаргахыг хориглосон тул ийнхүү нөөцөлсөн махаа зах дээр гаргаж худалдахаас өөр аргагүйд хүрчээ. Түүний зарж буй мах кг нь 5900 төгрөгийн үнэтэй бөгөөд жижиглэнгийн тасагт худалдаалагдаж байгаа махнаас арай хямд байв. Ганц түүгээр зогсохгүй Хүчит шонхор захын хэд хэдэн ченжүүд ийнхүү хятадуудтай хамтарч ажилладаг бөгөөд өнгөрсөн намар нэлээд хэдэн тонн мах нөөцөлсөн байна. Олон юм асууж шалгаасанд минь төвөгшөөсөн үү, ямартай ч энэ талаар тодорхой мэдээлэл өгөхөөс ченж залуу татгалзсан юм.

Дотоодын махны хэрэгцээнээс шалтгаалаад Засгийн газраас долдугаар сарын 1 хүртэл махны экспортыг зогсоосон учир экспортод зориулж бэлтгэсэн мах нэлээд харагдсан. Тодруулбал, Иран руу экспортод гаргадаг байсан хонины гуя кг нь 5600 төгрөгийн үнэтэй бөгөөд бүтнээр нь худалдан авбал 10 гаруй мянган төгрөг болох гэнэ. Махны ченж Махны үнэ өссөнийг бидэнтэй холбож тайлбарладаг. Үнэндээ бид малчдаас өндөр үнэтэй мах худалдаж авч байна. Сонин, хэвлэл, телевиз, радио гээд мэдээллийн олон хэрэгслээр малчид хотод мах ямар ханштай байгаа талаар мэдээлэл авч байна. Нөгөөтэйгүүр махны үнэ хөөрөгдөж байгаад хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхэн ч бас буруутай. Учир нь тэд Улаанбаатар хотод мах 10 мянгад хүрлээ гээд мэдээлдэг. Гэтэл бид кг махаа долоон мянгаас хэтрүүлэхгүй байгаа. Улмаар малчид хотод мах 10 мянгатай байгаа юм чинь бид 8000 төгрөгөөр ченжүүдэд махаа худалдвал болох юм байна гээд аль хэдийнэ тооцчихсон байдаг. Ингэж бид малчдаас өндөр үнэтэй мах худалдаж авч байгаа юм чинь 500-1000 төгрөгийн ашиг хараад л худалдаалж байна гэсэн юм. Мөн өөр нэгэн ченж Хэдийгээр махны нийлүүлэлт сайн байгаа боловч үнэ буурах хандлага ажиглагдахгүй байгаа. Цаашдаа махны үнэ буурах биш харин ч өсөх хандлагатай байна. Гэхдээ бид наадам өнгөрөөгөөд 3500 төгрөгөөр нойтон мах худалдаж авах болов уу гэж найдаж байна гэсэн юм.

Хүчит шонхор зах дээр хонины мах 5800-6200, үхрийн мах 6500-7500, адууны мах 5800-6000, ямааны мах 5500- 5800, тахианы мах 3000-4800, тэмээний мах 5500 төгрөгийн үнэтэй байсан. Хүчит шонхор захаас гараад Нарантуул-2 худалдааны төвөөр оров. Энд Хүчит шонхор захыг бодвол мах 100-500 төгрөгийн зөрүүтэй байлаа. Тодруулбал, Хүчит шонхор захад үхрийн цул мах кг нь 6800 төгрөгийн үнэтэй байсан бол Нарантуул-2 худалдааны төвд 7200 төгрөг байв. Миний зах болон Миний дөт супермаркетад хонины ястай мах 7000, цул мах 7500, үхрийн ястай мах 7900, цул мах 8500 төгрөгийн үнэтэй байсан. Ийнхүү малчдаас ченж, ченжээс жижиглэнгийн худалдаачдын гарт шат дамжлага бүртээ 500-1000 төгрөг нэмэгддэг байна. Тэгээд дэлгүүр, супермаркетуудад очихдоо бас л нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ченжийн 7000-аар худалдсан мах супермаркетад 8000 болж очно. Супермаркет ашгаа нэмэхээр 9000-аар кг махыг худалдаалж байгаа юм. Энэ жилийн хувьд түүхэндээ байгаагүйгээр махны үнэ өсч, нэг кг мах худалч хүнд бараг 10 мянгад хүрсэн. Урьд өмнө нь 30 мянган төгрөгөөр 10-аад кг мах авчихдаг байсан бол эдүгээ гуравхан кг мах авч байна. Ер нь аль ч зах, дэлгүүр, супермаркетаар орсон хүмүүс махны тасгаар л эргэлдэж байгаа харагдав. Учир нь байгаа хэдхэн төгрөгтөө тааруулаад мах авчих санаатай ийн эргэлдэж байгаа хэрэг. Тэд хэдэн кг мах ч болтугай худалдаж аваад, нэг орой ч гэсэн махтай хоол идэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөнө.

Гэвч мах үнэтэй байгаа учраас иргэдийн худалдан авах чадвар дөрөв, таван кг-аас хэтрэхгүй. Уг нь бид чинь мал аж ахуйн орон гээд л цээжээ дэлдээд байдаггүй биш бил үү. Тухайлбал, энэ жилийн хувьд 15 мянган төл мал хүлээн авч, 50 сая малтай болж байгаа талаар баяр бахдалтай мэдэгдсэн. Гэтэл 50 сая малтай монгол цагаан хоолтон болох дээрээ тулчихаад байна. Тэд маханд дургүйдээ биш үнийг нь дийлэхгүй учраас иргэдэд өөр сонголт үлдсэнгүй.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад харьцангуй тогтвортой байгаа талаар ҮСХ-ноос мэдээлсэн байсан. Тэгвэл бид Хүчит шонхор захад хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгааг хүргэж байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, ханш /төгрөгөөр/

Ямаа /ястай/-5500 / цул/-6000

Хонь /ястай/-5800 /цул/-6700

Үхэр /ястай/-6500 /цул/-7500

Адуу /ястай/-5500 /цул/-5800

Тэмээ- 5700

Тахианы /гуя 3800/ мөч/4500/

Ургамлын тос-2200-2500

кг тутмын үнэ

Төмс-700-900

Лууван-700

Сонгино-800

Манжин-800

Байцаа-900

Сармис-1200

Өргөст хэмх-3500

Улаан лооль-3800

Гурил /25 кг/-15000-17000

Будаа /25 кг/- 35000

Элсэн чихэр-1500

Сүү-1300

Х.Өнөржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button