Хонх, лонх, нулимс гурвын цаана

Төгсөгчдийн хувьд төгссөний дараах үйл явц бус төгсөлтийн баярын өдөрт гол ач холбогдол өгдөг гэж хэлэхэд болно. Өндөр өсгийт, гуяа гаргасан оноотой дан дээлтэй охид, хар костюм, лакан гуталтай залуус тэгээд хонх гэсэн төсөөлөл хонхны баярын бэлгэ тэмдэг гэсэн ойлголт аль хэдийнэ ард хоцорч Хар Чингис, шампанскгүйгээр энэ баяр төсөөлөгдөхөө больжээ. Амьдралын нэгэн шатыг ардаа орхиж буй нь мэдээж том алхам. Гэвч манайх шиг архи үйлдвэрлэгч, хэрэглэгчдээрээ дэлхийд тэргүүлдэг орны хувьд энэ баяр сайн зүйл авчрахгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд болсон олон гунигт баримт харууллаа. Манай улсад хонхны баярыг тэмдэглэх буруу жишиг тогтоод удаж байна.

Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өмсөх хувцас, ресторанд хооллох мөнгө, зугаалга, диплом, ромбо, монтаж гээд санхүүгийн хувьд хүнд байдал үүсч, үүний цаана ганц хүүгээ хүнээс дутаахгүй байлгах гэж эцэг эхчүүд шанална.

Нийслэлийн нэгэн цэцэрлэг гэхэд л төгсөлтийн баярын мөнгө хэмээн 80 мянган төгрөг цуглуулж байхад ерөнхий боловсролын сургууль цаашлаад их дээд сургуулийн төгсөлтийн зардал хэд хүрэх нь ойлгомжтой. Энэ байдлаас үүдэн баярын хүүхдүүдийн хөлд чирэгдэхгүйн тулд борчуудын хүүхдүүд мөнгө олох гэж хулгай дээрмийн хэрэг үйлдэх явдал ч ихэсдэгийг холбогдох албаны хүмүүс хэлдэг. Хулгай дээрмийн хэрэг тав зургаадугаар сард харьцангуй ихэсдэг. Хэрэг үйлдэгчдийн 20 хувь нь сургуулийн сурагчид байгаа ба тэдний 80 орчим хувийг ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид эззлдэг. Нэгэн жишээ дурдвал, энэ сарын зургааны өдөр Чингэлтэй дүүргийн нутагт байрлах Хаан банкнаас 10 сая төгрөг аван тус мөнгөө Найман шаргын валют арилжааны төвд солиулаад явж байсан иргэн Д-г Монголын томоохон их сургуулийн төгсөх курсын нэгэн оюутан дээрэмдэн зугтсан явдал. Тус хэргийг холбогдох байгууллагууд одоогоор шалгаж байгаа бөгөөд гэмт этгээд хонхны баяраа тэмдэглэх мөнгө хэрэгтэй байсан учраас тус хэргийг үйлдсэн болохоо хүлээсэн юм.

Мөн өнгөрсөн даваа гаригийн 11 цагийн үед Баянгол дүүргийн долоодугаар хорооны оршин суугч 70 настай иргэнд халдан чихэнд нь байсан алтан ээмгийг булааж зугтсан байна. Гэмт этгээдүүд 21-22 насны оюутнууд байсан бөгөөд хөгшний ээмгийг авахдаа чихийг нь сэт татсан байгаа юм. Цагдаагийн байгууллагаас тус хэргийг одоогоор шалгаж байгаа ба эх сурвалжийн хэлж буйгаар тэд төгсөх курсын оюутнууд байсан гэх. Энэ мэт хонхны баяр болж буйтай холбоотойгоор оюутан сурагчдын гэмт халдлага өсөх хандлага бий болчихлоо.

Дэлхий нийтээрээ төгсөлтийн баярыг архи дарс, шоу цэнгээнгүйгээр тэмдэглээд заншсан. Харин манай улс болон хойд хөрш маань л эрдмийн баяр биш архины баяр болгон тэмдэглээд заншчихжээ. Дипломоо ломбардаад шоудах нэгэн хүртэл байдаг юм байна лээ. Батлан хамгаалахын их сургуульд сурдаг нэгэн найз маань хэдхэн хоногийн өмнө хонхны баяраа хийлээ. Хоёр өдрийн турш өөд уруугүй архидсан уг баяр зодоон цохионоор үргэлжилж эцэст нь хоёр хүн хүнд бэртсэнээр өндөрлөсөн. Эцэг, эхийнхээ халаасыг сэгсэрч баар рестораны орлогыг нэмэгдүүлдэг тус баяр нь үүнээсээ хальж сүүлдээ хүний амь насанд хүрэх баяр болон хувираад байна. Хонх уйлуулан бүтэн нэг өдрийн турш үргэлжлэх архидалт хэд хоногийн хөл толгойгүй зугаацах зугаалгаар сунжирна. Зугаалгаар хамт яваа багш нар нь хүртэл архиндаа хөлчүүрч хяналт алдсаны улмаас амь насаараа хохирсон тохиолдол ч бий. Тухайлбал, 2006 онд 97 дугаар сургуулийн сурагчид төгсөлтийн баяраа тэмдэглэн зугаалгаар явахад 11 дүгээр ангийн сурагч хөвгүүн амь насаа алдаж байсан удаатай. Энэ талаар хангалттай олон гунигт түүх бий.

Гурав хоногийн зугаа ба учир битүүлэг үхэл

2006 онд Газарчин дээд сургуулийн Аялал жуулчлалын ангийн оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэн зугаалгаар гурав хоног явах үед нэг оюутан амь насаа алдав. Зугаалгаар явсан оюутнуудын ярьснаар амралтанд очсон гурав дахь өдөр нь хохирогч болох 22 настай Н-ийн цогцсыг холгүйхэн хадны хажууд хэвтэж байхыг олсон хэмээн хэлж байсан юм. Хоёр хоног хөл толгойгүй архидсан оюутнууд гурав дахь өдөр архи нь ч дуусч эхнээсээ ухаан орж эхэлсэн бөгөөд энэ үед Н байхгүй байгааг мэдсэн бөгөөд нийтээрээ хайх үед түүний цогцсыг олсон байна. Хохирогч гадны ямар ч шарх сорвигүйгээр учир битүүлгээр нас барсан байсан ба түүнийг золгүйгээр амиа алдсан хэмээн эрүү үүсгэлгүй өнгөрсөн юм.

Ахын ихэрхэл дүүгийн төгсгөл

Өнгөрсөн оны тавдугаар сард Кино Урлагийн дээд сургуулийн хоёрдугаар дамжааны нэгэн оюутан дээд курсын ах нартаа зодуулан нас барсан хэрэг гарсан. Эл хэргийг тус сургуулийн төгсөх ангийн оюутан үйлдсэн. Тэрбээр мөнгөн хонхны баярын ааг омгоо барьж үл дийлэн талийгаач залуугаас архины мөнгө нэхсэн байна. Талийгаачид архины мөнгө байгаагүй нь ах нарын баярыг үл хүндэтгэсэн хэрэг болсон учраас ийнхүү хэрэг гарах шалтгаан болсон аж. Сургуулийн зүгээс энэ байдлыг зүгээр нэг курс хооронд байдаг оны ялгаа. Байх л зүйл ухааны юм ярьж байх жишээтэй. Тус сургуулийн оюутнуудын зүгээс дээд ангийн ах нарын дүү нараа дарамтлах иймэрхүү байдал хэрээс хэтэрсэн гэдгийг байнга ярьдаг.

Шоронд илрэх дарамт эрдмийн уурхайд ч үүрлэдэг

Ахлах анги хэмээн тав хүртэлх жилээр суралцдаг Кино урлагийн дээд сургуультай ижил бас нэгэн сургууль бол Хөдөө аж ахуйн их сургууль. Таван жил суралцах хугацаандаа хэрхэн бусдыг тарчлаадаг болоод төгсөлтийн баяраараа хөөрхий доод курсын оюутнуудаа хэрхэн хашраадаг талаар үхтлээ зодуулаад ирж байсан нэгэн найзынхаа жишээг дурдъя. 2007 оны хаврын нэгэн өдөр ХААИС-ийн мал эмнэлгийн оюутны байранд амьдардаг найз минь тавдугаар курсын ах нарын хонхны баяр болох гэж буйтай холбоотойгоор санхүүгийн тусламж үзүүлэхийг хүсэн зорьж ирэв.

Ижилхэн оюутан байсан тул санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүйгээ хэлэн явуултал маргааш нь шөнийн 03.00 цагт хоёр нүд нь цэлдэн хөх болсон тэнхэл муутайхан амьтан хонуулахыг гуйн ирлээ. Тавдугаар курсын ах нар нь хонхны баяраа тэмдэглэн архи нэхэн онгорхой хаалга бүрийг зад өшиглөн орж ирдэг учраас тэдний байранд хонхны баяр болсон өдөр хүн хонодоггүй аж. Ах нарын эвгүй үйлдлээс зүрхэндээ ортол айсан найз маань ах нарын архидалт дуустал хэд хоног манайд байхыг хүсэн хүний бараа харахтайгаа болоод байрандаа буцаж очсон. Хожим түүнтэй таарахад ах нарын гарын шүүс болон нэг оюутны хавирга хугарсан байсан талаар ярьж байсан юм.

Арилшгүй толбо үлдээсэн төгсөлтийн зугаалга

Манай эгчийн найз 22 настай эмэгтэй Б мөнгөн хонхны баярын үргэлжлэл болох зугаалгаар долоо хоног амралтаар явсан юм. Ангийн 15 хөвгүүн, дөрвөн охины хамтаар долоо хоноод ирэх хугацаанд ангийн хоёр охины хамт бие давхар болон ирэв. Анги удирдсан багш хувийн ажилтай гэх шалтгаанаар зугаалганаас татгалзсан бөгөөд архидалтаар дүүрэн амралтын хугацаанд согтсон залуус хамт явсан дөрвөн эмэгтэйг хүчирхийлжээ. Хамт олны баяр учраас нэгнийгээ хүндэтгэн хүн бүр явах ёстой хэмээн багш болоод бусад хумүүс тулгасны улмаас явсан нь ийнхүү баяр биш гуниг болон амьдралд нь хар толбо үлдсэн хэрэг.

Эцэг, эхийнхээ халаасыг хоосолж, архидалт, үхэл хагацал, гуниг зовлон дагуулсаар байгаа төгсөлтийн баярт сургуулийн удирдлагууд анхаарал хандуул ах нь бүү хэл харин ч өөгшүүлсээр байгааг БСШУЯ анхааралдаа авахгүй бол энэ байдал цаашид улам гүнзгийрэх нь ойлгомжтой. Сүхбаатарын талбай дээр цугларан шампанск буудуулж Чингис задалдаг моодыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дуурайж байна.

Үүний нэгэн жишээ нь хэдхэн хоногийн өмнө хонхны баяраа хийсэн Ерөнхий боловсролын нэгэн сургуулийн жишээнээс харж болно. Сүхбаатарын талбай дээр сүр дуулиантайгаар зургаа татуулж инээд алдсан жаахан хүүхдүүд 30 минутын дотор төв талбайг шампанскны шилээр дүүргээд буцах жишээтэй. 2000 -онд дөрөвдүгээр ангийн төгсөлтөө хийж байх миний үед л гэхэд ангийн багш жишим ч үгүй сурагчидтайгаа шампанск буудуулж байсныг тодхон санаж байна. Өнөөдөр тэр үетэй харьцуулахад нийгэм илүү хөгжсөн. (Эсвэл ичих булчирхайгүй болсон) Тиймээс одоогийн дөрөвдүгээр курсын хүүхдүүд үүнээс цаадхыг хийж байгааг үгүйсгэх аргагүй. Хонхны баярыг архитай холбон ярихад үнэн хэрэгтээ эмзэглээд байх хүнгүй болж. Харин үүний цаана амьдралын гараагаа дөнгөж эхлэх гэж байгаа охид, хөвгүүд амь насаа алдах нь ноцтой мөн дэндүү харамсалтай.

Эрүүл ухаанаар бодоод үзэхэд энэ байдлыг өөрчлөх цаг нь аль хэдийнэ болчихож. Тиймээс дэлхийн бусад улс орнуудад төгсөлтийн баярыг хэрхэн тэмдэглэдэг туршлага соёлоос манай улс суралцах шаардлагатай байгааг дээр дооргүй анхаарах хэрэгтэй байна. Инээд алдан гараад явсан үрээ төгсөлтийн үдэшлэгт нь үдчихээд эргэж ирэхгүй болсонд нь итгэж ядан мэлмэрэх зовлонг ээжүүдэд үзүүлмээргүй байна.

С.Мөнх-Од

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button