Н.Алтанхуяг намынхаа гишүүдийг дундуур сэтгэл дутуу итгэлтэй сонгуульд оруулах нь

АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос намын ээлжит бус их хурлыг ирэх сарын 15-ны дотор зарлан хуралдуулж, албан тушаалаа баталгаажуулахыг намын дарга Н.Алтанхуягаас өчигдөр шаардлаа. Түүнийг дарга болсноос хойш АН-ын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, энэ янзаараа УИХ-ын сонгуульд орвол цөөнх болох магадлалтай байна гэж холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдэгдэв. АН-ын үндсэн дүрмийн 6.8.1-д Намын даргыг их хурлаас сонгох бөгөөд бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заажээ.

Н.Алтанхуяг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас намын даргаар сонгогдсоноос хойш бараг дөрвөн жил хууль бус шийдвэрээр намын даргын албан тушаалыг хашиж байна гэж тус холбооныхон үзэж байна. АН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо Н.Алтанхуягт хоёр жилийн өмнөөс эхлэн удаа дараа ийм шаардлага тавьж байгаа боловч тэдний шаардлагыг хүлээж авах нь бүү хэл энд тэнд тааралдахаараа сүүлээ хавчин зугтдаг болсон гэнэ. Мөн Ашигт малтмалын тухай хууль, УИХ-ын зарим тогтоолын хэрэгжилт, долдугаар сарын 1-ний үйл явдалд АН улстөрийн дүгнэлт хийхгүй өнөөг хүрсэн шалтгааныг энэ сарын 15-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэхийг шаардав.

Тэд 2010 оны намар дээрх шаардлагаа намын даргадаа тавьсан боловч хүлээн авч уулзахаас татгалзсан хариу сонсдог байжээ. Асуудал улам даамжирч Сүхбаатарын талбайд намдаа зориулсан Унталт арга хэмжээ зохион байгуулснаас хойш сая нэг нүүр тулан уулзсан байна. Тухайн үед намын дарга нь Та нарын шаардлагыг хүлээн авлаа. Асуудлыг судалж үзье. Бидэнд ойлголцохгүй асуудал гэж үгүй хэмээн учирлажээ. Харин намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат гал унтраах төдий арга хэмжээ авч, санамж бичиг гэгчийг үзэглэсэн гэнэ. Уг санамж бичигт намын ээлжит бус их хурлыг хуралдуулах, долдугаар сарын 1-ний үймээнд улстөрийн дүгнэлт гаргах, Үндсэн хуульд 1999 онд оруулсан дордохын долоо гэгддэг заалтыг хуулиас хасах талаар хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.

Гэсэн хэдий ч намын удирдлагууд нь санамж бичиг байгуулсан юм чинь хүлээзнэж бай гэж холбооныхны амыг хаасаар өдийг хүрчээ. Намын дарга нь тэднээс бултах арга саам хайсаар байгаа бол генсек нь санамж бичгийг шүүгээндээ цоожилчихоод санахгүй байгаа гэнэ. Тиймээс мартсан санамж бичигтээ салхи оруулж, тохиролцоогоо эргэн харахыг АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооныхон хүсч байна. Хэрвээ тэдний шаардлагыг хүлээн авахгүй бол шат дараалсан улстөрийн үйл ажиллагаа явуулах тухайлбал, өлсгөлөн, суулт ч зарлах гэнэ.

УИХ-ын сонгуулийн өмнө хийсэн ажлаа дүгнүүлж, дүрмийн бус дарга хэмээх нэрээ цэвэрлэхийг журмын нөхөд нь шаардах эрхтэй. Ер нь Н.Алтанхуяг дарга гишүүдийнхээ хүсэлтэд хүндэтгэлтэй хандан ээлжит бус их хурлыг хуралдуулж албан тушаалаа баталгаажуулахаас эмээгээд байгаагийн учир юу юм бол. Намынхаа дийлэнх олонхийн дэмжлэгийг авч чадна гэдэгтээ итгэлтэй л байгаа бол сонгуулийн өмнө ээлжит бус их хурлаа зарлан хуралдуулж, намын хамт олондоо эргэлзээ үүсгээд байгаа эл асуудлаа хэлэлцэж яагаад болохгүй гэж.

Н.Алтанхуяг намын даргын суудалд хэл амтайхан заларснаас хойш ээлжит бус битгий хэл ээлжит их хурлаа ч хуралдуулах сонирхолгүй байгаа. Хааяа нэгхэн болдог ҮЗХ-ны хуралдаанаар албан тушаал нь дэнжигнэх болсон тэрбээр их хурал хийж, эрх мэдлээ алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Ялангуяа сонгуулийн өмнө намын даргаас мултарчихаас болгоомжлон ҮЗХ-ны хуралдаанаар аргацаасаар өнөөг хүрчээ. Хамтарсан засгийг хаяж гарснаас хойш нам доторхи фракцуудаасаа олигтой дэмжлэг хүлээхээ больсон тэрбээр ийнхүү үлгэн салган байсаар сонгуультай золгохыг эрхэмлэх болсон. Эрх мэдэлдээ эрдэн гишүүдийнхээ үгийг үл тоох, эсвэл ээлжит бус их хурлаа зарлаж албан тушаалаа баталгаажуулахын зэрэгцээ хийсэн ажлаа дүгнүүлэн нүүр бардам сонгуульд өрсөлдөх хоёр сонголт түүний өмнө байна.

Парламентад суудалтай улстөрийн голлох хоёр намын нэг МАН-ын хувьд өнгөрөгч хугацаанд ээлжит их хурлаа хуралдуулж намын даргаа сонгосон Бага хурлын шийдвэрийг баталгаажуулж, одоогийн дарга С.Батболдод итгэл хүлээлгэсэн. Харин Н.Алтанхуягт тийм хэмжээний эр зориг, хүсэл эрмэлзэл ч байхгүй бололтой. Иймэрхүү байдлаар эргэлзээ тээнэгэлзэл дагуулсан даргатай сонгуульд орох нь АН-ын гишүүдийн хувьд үнэхээр сэтгэл дундуур байх нь тодорхой. Тэгэхээр намынхаа гишүүдийг дундуур сэтгэл, дутуу итгэлтэй сонгуульд оруулах уу, өөрийнхөө албан тушаалыг баталгаажуулахаар их хурлаа зарлах уу гэдэг хоёр сонголт л үлдлээ, Н.Алтанхуяг даргад.

Н.ЦЭЦЭРЛЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button