М.Туяа Ганцаардахаас зугтаж явна, Гүйцэгдэхгүй юмсан

-Тоглолт болох дөхлөө. Саад бэрхшээл хэр тулгарч байна?
-Юм хийж байгаа үед саад бэрхшээлгүй байна гэж үгүй. Үзэгчид дуучид өөрийгөө бодсон ч даваад гарна. Сөрөггүй амьдрал гэж юу байх вэ. Өнөөдөр хүртэл тоглолтонд минь саад хийх гэсэн хүмүүс гараад ирлээ. За яах вэ, би давна. Надад тусалж яваа олон хүн бий. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг болохоор тоглолт сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Би цусны өвчтэй хүн. Сэтгэлээрээ намайг ойлгосон бүх хүнд баярлаж явна. УБ палас-ынхан 1.5 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүллээ. Монголын цөөн хэдэн эмэгтэй хөгжмийн зохиолчдыг дэмждэг тэдний хамт олонд баярлалаа.
-Монголын хөгжмийн зохилчдын хэд нь эмэгтэй юм бол?
-Булган, Цэцэрлэг, Насанбуян, Алтантуул, Мөнхжаргал, Монголын хүүхдийн ордны Ганаа тэгээд өчүүхэн намайг нэмбэл гарын арван хуруунаас илүү гарахгүй.
-Уран бүтээлээрээ тоглолтоо нэрлэх нь хэвшмэл болжээ?
-М.Туяаг хүн мэдэхгүй. Харин Миний улаан сарнай-г захын хүн дуулна. Энэ дуу миний амьдралаас улбаатай учраас энэ дуунд би чин сэтгэлээсээ хайртай.
…Хэлж болохгүй үнэн үгээ ярьж болохгүй
Мартаж болохгүй сайхан үнэрээс нь салж болохгүй
Ариун хайрын бэлгэдэл миний улаан сарнай… энэ хэдэн үг зүрхийг минь зүсэх шиг л болсон.
-Сэтгэлдээ хайрлах улаан сарнай тань хаана байгаа вэ?
-Олон жилийн өмнө бурхан болсон. Ний нуугүй хэлэхэд энэ дууг би түүндээ зориулсан юм. Зүрх сэтгэлээс минь гарсан учраас ард түмний сэтгэлд буусан байх. Миний улаан сарнай-д дурласан бүхэн энэ тоглолтонд ирнэ гэж найдаж байна.
-Хэдэн жилийн өмнө өөд болсон юм бэ?
-23 жилийн өмнө. Хайрыг тордож өнгөлж явах ёстой юм. Хүнд итгэх шиг сайхан юм үгүй. Надад хамгийн сайхан аз жаргалыг мэдрүүлсэн тэр хүн эрт буцсан. Түүнээс хойш надад хайрлах эр гарч ирээгүй. Бусад нь миний сэтгэлд нууц хэвээрээ үлдэг. Олон жил түүнийг бодож шаналсан болохоор цусны өвчин маань үүнээс улбаатай байх. Тэр сайхан хайр миний амьдралд үдлээд буцсан даа. Ханьгүй хүнийг бусдад бөөрөлхүүлэхийн зовлонг насаараа мэдэрч явна. Гэхдээ би сөрж амьдарна. Хэлэх үгтэй уран бүтээл хийнэ.
-Ганцаардаж байна уу?
-Туулж гарах ямар хэцүү гээч. Гэхдээ миний хэдэн дуу намайг ганцаардуулахгүй байлгахыг хичээдэг. Тоглолт хийх гээд гүйж явахад уран бүтээлч нөхөд минь надад түшиг болж байна. Ганцаардахаас зугтаж явна. Гүйцэгдэхгүй юмсан. Өдий насан дээр гүйцэгдэх юм бол би нэлээд өндрөөс унана шүү дээ.
-Амьдрал юун дээр тогтдог вэ гэсэн асуултад хүмүүс ханийн хайр гэх нь олон. Та бүү эмзэглээрэй. Танд ийм хайр дахиж олдоогүй юм уу?
-Олдоогүй болохоор л би өнөөдрийг хүртэл ганцаараа амьдарч байна. Хайр гэдэг бол мөнхийн урсгал. Харин чамд гэгээн хайрынхаа тухай ярьсан. Тэр бол мөнхийн хайр байсан. Учир нь би дахиж тийм хайр хайгаад ч олохгүй. Би хүнд хайргүй байж гэр бүл болж жүжиглэх шаардлагагүй байх. Тиймээс би ганцаараа яваа. Амьдрал хайр дээр тогтдог л гэж бодож явна.
-Тэгвэл таны амьдрал яагаад хайр дээр тогтохгүй байгаа юм бэ?
-Мэдэхгүй юм даа. Тэр хүн миний хайр дурлалын зүрхийг аваад явсан юм байлгүй. Надад дурласан олон залуу байлаа. Хэнийг нь ч би хайрлаагүй. Хүсээ ч үгүй.
-Хүсэхгүй бол амьдрал хайр дээр тогтохгүй юм биш үү?
-Хайр гэдэг ганцхан надаар хязгаарлагдахгүй. Мянга мянган хайрын төлөө цохилох зүрх надад байна. Миний амьдрал хайр дээр тогтоогүй ч байж магадгүй. Гэхдээ би бүхнээ нууж амьдрах дургүй. Байгаа минь л энэ.
-Таныг хэдэн настай байхад Миний улаан сарнай-н эзэн өнгөрсөн юм бэ. Яагаад тэр сайхан хүний тухай дурсч болохгүй гэж?
-Дөнгөж 20 гарч явсан байх. Тэр хүнийг өвөр дээрээ алдсан.
-Хаана вэ?
-Бид Эрхүүд оюутан байлаа. Анхны сарнайгаа би түүнээс авч байсан юм. Хайр дурлалын хувьд анхных болоод сүүлийнх нь байсан. Сайхан залуу байсан даа. Дотуур байранд амьдардаг. Нэг өдөр бид хоёр муудалцсан юм. Жижүүрийн утсаар байн байн дуудуулж яриад л байдаг. Чи цонхон дээрээ зогсч бай. Би одоо очлоо гэсэн. Намайг цонхондоо дөхөж очтол тэр минь цэцэг барьчихсан таксинаас бууж харагдсан. Тэгээд л байхгүй.
-Яасан гэж?
-Яг гуравдугаар сарын 8-нд шүү дээ. Надаас хөөрхий минь уучлалт гуйх гэж л ирсэн байх. Гэнэт том машин гарч ирээд зам дээр эргэлдүүлчихсэн. Би нэг мэдсэн чинь толгойг нь өвөр дээрээ тавьчихсан уйлж суусан. Уучилсан гэж хэлж чадаагүй юм. Түүнд би хайртай байсан мөртлөө яагаад тийм зан гаргаж байсан юм бол. Жаахан л үнэд орох гэсэн юм байх даа. Гарын салаа дагаад цус нь урсаад байсан. Тэвэрч явсан цэцэг нь улаан сарнай байсан юм. Тийм болохоор би хүн бүхнийг уучилдаг. Намайг гомдоосон хүн надаас уучлалт гуйх хэрэггүй, би аль хэдийнэ уучилсан.
-Хэцүү ч юм даа…
-Харин тийм. Унтаж ч чадахгүй. Тэр хүн намайг өөр хүнтэй суухааргүй хайрыг өгсөн. Тэгээд заримдаа гуниглахаараа зуу татна. Магадгүй түүнийхээ ууж амжаагүй архийг гүйцээж яваа ч юм билүү. Цагаан сараар түүндээ зориулж буян үйлддэг. Чамдаа би заавал очно доо гэсэн дууг би түүнд зориулж байсан. Намайг удахгүй авчихаасай гэж хааяа боддог шүү.
-Тэрнээс хойш та өөр хүнтэй амьдарч байгаагүй юм уу?
-Миний аав ээж, найз нөхөд хэлэх байлгүй. Би өөр хүнтэй амьдарч байгаагүй. Энэ тухай ярихаа больё.
-Таныг хорин хэдтэйдээ Германаас машин оруулж ирсэн гэдэг юм билээ. Үнэн үү?
-Дөнгөж зах зээлд ормогц Германаас зургаан Бенз оруулж ирсэн. Дөрвөн өдөр дөрвөн шөнө машин барьж давхиад Монголын хилээр орж ирдэг байлаа. Улаанбаатар цөөхөн Бенз-тэй. Түүнийгээ зараад 22 настай охин 20 мянган ам.доллар цүнхлээд туйлж явлаа шүү дээ. За энэ тухай яриад яах вэ. Их мөнгийг барих хүн өөр байдаг юм билээ.
-Яагаад?
-Төгсгөл нь эмгэнэлтэй. Шатаад дууссан. Тэр нь ч зөв болсон. Хэрвээ тэгээгүй бол хэдхэн төгрөг халаасандаа хийсэн, нэг их зантай авгай болох байсан биз. Шатсан учраас би хөгжмийн зохиолчийн амьдрал руу алхсан юм. Тэнд би орчлонг арай өөр нүдээр харсан.
-Яаж яваад тийм бизнес эрхлэх болсон юм бэ?
-Би Орост сурч байхдаа герман хэлийг гайгүй сурсан юм. Тэгээд хэдэн том нөхдөд хэлтэй хүн хэрэг болсон. Намайг дагуулж явсан. Би 1991 онд жолооч болчихсон байсан юм.
-Яагаад шатчихсан юм бэ?
-Мөнгөө хүнд өгөөд. Дээрээс нь банкнаасаа 500 мянган төгрөг зээлж нэмж өгөөд жинхэнэ дампуурсан. Тэр үед би Эрдэнэтийн Ү дунд сургуульд дуу хөгжмийн багш байлаа. Миний цалинг өгдөггүй ээ. Банкнаас намайг өрөө төл гээд байдаг яахаа ч мэдэхээ байсан. Тэгэхээр өөрийгөө шүүхэд өгсөн. Тэгж шүүгчийн захирамж гаргуулаад цалингаасаа төлөх болсон. Бүтэн жил цалингүй ажилласан. Янз бүрийн амьдралыг их үзэж байна даа. Өөр зүйл ярья. Уран бүтээлч талаасаа ярилцъя.
-Тэгвэл анхны уран бүтээлийн тань талаар ярилцах уу?
-Цэцэрлэгийн багшаа баярлалаа гээд Маамуу нааш ир дууны дараа орно шүү. Наймаа дампуураад эгчийнхээ хүүхдийг асрах ажилтай болсон. Тэгээд өглөө цэцэрлэгт нь хүргэж өгнө, орой авна. Тэгж яваад Цэцэрлэгийн багшдаа баярлалаа дууг зохиолоо. Лааз өшиглөж явсан хүн дуу зохиогоод нэг тэмцээнд орчихсон чинь гуравдугаар байр эзэлчихдэг юм байна. Тэгээд урам ороод хөгжим бичиж эхэлсэн. Удалгүй Эрдэнэтийн чуулгаас дуу хөгжмийн багшаар ажиллуулах санал ирэв. Тэгээд л босч эхэлсэн дээ. Холын тэнгэр аав-ын Батжаргал бид хоёр хэсэгтээ Эрдэнэтэд од болдог юм байна. Тэр үеэс би өөрийгөө наймаачин биш хөгжмийн хүн юм байна гэдгээ ойлгосон юм.
-Олонд түгсэн дуунуудаа хэзээ хийсэн бэ?
-Ч.Бат-Эрдэнэ хүнийг жинхэнэ хөглөж чаддаг хүн. Миний хайр, миний хань дууг хийгээд Ээнээд сонсготол Туяа эгчээ энэ шууд хит. Би авлаа. Баярлалаа гээд аваад явсан. Тэр үеэс Туяагийн дууг Монголын ард түмэн сонсч эхэлсэн юм. Учрах цаг хэзээ вэ, Хайрын бүжиг гээд дуунууд хөвөрсөн дөө. Дараа нь Х.Болормаа намайг тоосон юм. Нэг өдөр утасдаад Туяа эгчээ дуу байна уу гэсэн. Тэр үед Х.Болормаа олны танил болчихсон байсан учраас би дуугаа дуулуулчих санаатай байна гээд худлаа хэлчихсэн юм. Тэгээд яахаа мэдэхгүй сууж байтал
…Дэр нэвчсэн нулимстай ч хайр урсдаггүй юм
Дэргэд ирээд буцсан ч хайр явдаггүй юм… гэсэн хоёр мөр ороод ирсэн.
Би шууд Б.Ариунсан ах руу утасдаад Энэ хоёр мөрийг дууны шүлэг болго. Яг одоо бичээд мессежээр явуул гэлээ. 15 минутын дараа эхний бадаг ороод ирлээ шүү. Би үгээ хараад л сургууль руугаа алхлаа. Маргааш нь Х.Болормаа хүрээд ирдэг юм байна. Дуулж үзмэгцээ Х.Болормаа Энэ миний дуу байна гээд аваад явсан. Долоо хоногийн дараа л хит болчихов. Уран бүтээлч гэсэн үгний эзэн болж явах үүрэг надад оногдсон юм. Тоглолтыг минь ивээн тэтгэж байгаа Дэлгэр интернэшнл, Говь, Макронөүт компани, Монголын зохиолч, хөгжмийн зохиолчдын, нийтлэгчдийн Энхээ гээд надад сэтгэлээрээ тусалж буй олон хүн байна. Тэдний итгэлийг би алдахгүй ээ.
-Таныг хөгжмийн зохиолч дундаа билэг танхай нь гэдэг. Тайрмал үс тань имиж ч юм шиг?
-Байгаа минь л энэ. Би нээлттэй хүн. Намайг урт үстэй байна гээд төсөөлдөө, буухгүй байгаа биз. Тайрмал үс миний төрх. Бурхан хүнийг бүтээхдээ хувцас бас орхиогүй.
-Амьдрал одоо ямар байна?
-Муухай үедээ муухай. Амьдрал дэндүү алаг байдаг юм. Одоо өөрийнхөө хэмжээнд сайхан л амьдарч байна.
-Хэнтэй амьдарч байна?
-Аав ээжтэйгээ Биокомбинатад амьдарч байгаа. Ижий аавынхаа дэргэд өтлөх биз. Айлын эрх охин хэвээрээ, 40 гаруй жил тэр хоёртоо эрхэллээ дээ.
Л.ЦЭРЭНЖАРГАЛ