Харшил, гам сайн баривал эдгэдэг өвчин

тусламжийг үзүүлдэг нь өрхийн эмнэлэг.

Хавар болж халдварт өвчлөл нэмэгддэг энэ үед өрхийн эмнэлэгт үзүүлж байгаа хүмүүсийн зонхилох өвчин болоод хэрхэн сэргийлэх талаар лавлахаар Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Энхт өрхийн эмнэлгийн эмч Б.Ариун-Эрдэнэтэй уулзлаа.

-Үзүүлж байгаа хүмүүст ямар өвчин зонхилж байна вэ?

-Өнөөдөр манай Энхт өрхийн эмнэлэгт үзүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд болоод өндөр настнууд. Өндөр настнуудын ихэнх нь даралт ихсэх өвчтэй байдаг бол хүүхдүүдэд ханиад, халдварт өвчин тэр дундаа салхин цэцэг, гахайн хавдар их байна. Салхин цэцэг харьцангуй багасч байгаа ч гахайн хавдрын өвчлөл улам нэмэгдэх шинжтэй.

-Сүүлийн үед гахайн хавдрын өвчлөл ихэсч сургууль цэцэрлэг хаагдах дээрээ тулаад байгаа. Гахайн хавдар туссан эсэхээ яаж мэдэх, илрэх шинж тэмдэг гэвэл?

-Гахайн хавдар тусвал эхний үед бага зэрэг халуурч чих, хацар хүзүү орчмын булчирхай томорч хавддаг. Шүлсээ залгих болон юм идэхэд зовиуртай болно. Дээрх шинж тэмдгүүд илэрвэл шууд эмчид үзүүлэх хэрэгтэй.

-Гахайн хавдар туссан хүний хавдсан хэсэгт спирттай хөвөн тавьдаг байсан бол сүүлийн үед халуун бигнүүр тавь гэх зөвлөгөөг өгдөг болсон гэсэн?

-Бидэнд ирсэн заавар зөвлөмжийн дагуу халуун бигнүүр тавихыг зөвлөж түүнийг сонгон хэрэглэж байгаа. Мөн дархлаа дэмжих тухайн үед илэрч байгаа шинж тэмдгүүдийг дарах биеийн эсэргүүцэл сайжруулах эм бэлдмэлийг хэрэглэх ёстой. Мөн хоол унд сайн идэх хэрэгтэй. Гэхдээ хоол нь хагас шингэн байдалтай бол зохистой. Хатуу махтай хоол идсэн үед зажилахад бэрхшээлтэйн дээр томорсон булчирхай нь өвдөж, хоолонд дургүй болох магадлалтай байдаг.

-Хавар болж өвс ногоо ургаж байгаа энэ үед харшил дээд цэгтээ тулдаг. Харшлаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах талаар зөвлөвөл?

-Харшлын өвчин удамшдаг. Хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн эцэг эх хоёрын хэн хэн нь суурь өвчнөө эмчилж эрүүл болох хэрэгтэй. Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрдөг шүү дээ.

Харин нэгэнт харшилтай болсон тохиолдолд нэгдүгээрт мэргэжлийн эмчид үзүүлж юу юунаас харшдагаа тогтоолгож тохирсон эмчилгээг хийх хэрэгтэй. Хоёрдугаарт харшил өгч байгаа зүйлээсээ хол байж дэглэм барих хэрэгтэй. Ерөнхийдөө харшил нь дэглэмээ сайн бариад эмчийн зааврын дагуу эм бэлдмэлээ уувал эдгэдэг өвчин.

-Танай өрхийн эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Ачаалал ихтэй шүү. Ажлын эхний хоёр өдөр ачаалал маш их байдаг. Өдөрт 110-130 гаруй хүн ирж үзүүлдэг. Эрүүл хүүхэд гээд аян явагдаж байгаа учраас ачаалал нь бүр ихэсдэг. Манай өрхийн эмнэлэг дөрвөн эмчтэй л дээ. Тэдний нэг нь эмнэлэг дээрээ үзлэгээ хийж нэг нь дуудлаганд явж нөгөө хоёр нь сургуулиудад үзлэг хийдэг.

-Ачаалал ихтэй ажиллаж байгаа үед зарим нь хүнд суртал үзүүллээ гэх мэт олон зүйл яригддаг шүү дээ?

-Би өрөөндөө нэг хүнийг хурдан үзлээ гэхэд дор хаяж 15 минут болдог. Тухайн хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой учраас нарийн үзэхгүй бол болохгүй. Гэтэл гадаа гурав дөрвөн хүний дараа сууж байгаа хүн 30 гаруй минут хүлээчихээд хүнд суртал гаргалаа гэж уурладаг. Тэр хүн эмчийн өрөөнд юу болж байгааг мэддэггүй.

Хүмүүс тийм бухимдалтай болчихсон юм уу нийгэм нь тийм болчихсон юм уу заримдаа эвгүй л санагддаг. Гэхдээ аль болох олон хүнийг үзчих юмсан гээд л ажиллаж байна.

-Өрхийн эмнэлэг гэдэг иргэдтэй хамгийн ойр байж өвдсөн хүнд үйлчлэх эхний нэгж гэж ойлгодог. Тэр ч утгаараа бүх зүйл нь стандартын эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой байх. Ер нь өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгийн байр сууц болоод хангамж нь ямар байдаг юм бол?

-Өрхийн эмнэлгийн байр савны асуудал үнэхээр хэцүү. Цаанаас бидэнд шалгуур тавьчихдаг. Үүнийг нь хэрэгжүүлье гэхээр байр сав, өрөө нь зохион байгуулалт муутай стандартынх биш учраас болдоггүй. Бүх өрхийн эмнэлэгт ийм асуудал байгаа.

Гэхдээ байр сав болсонгүй гээд гараа эвхээд суудаггүй. Тийм эрх ёс зүй байхгүй. Аль болох болгоод хүмүүст үйлчлэхийг хичээдэг.

-Эрүүл хүүхэд аян цаг үеэ олсон үйл ажиллагаа юм шиг санагддаг. Үр дүн нь мэдэгдэж байна уу?

-Мэдээж хүүхдийн эрүүл мэнд гэдэг юу юунаас илүү чухал. Энэхүү үйл ажиллагааг өрнүүлснээр эцэг эхчүүд хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг эрт мэдэж эмчлүүлэх цаашид хэрхэн анхаарах ёстой талаар мэдлэгтэй болно гэсэн үг. Тэр дундаа сүүлийн үед өсвөр үеийнхэн бэлгийн хавьталд багаасаа орж үүнээс үүдэн хүсээгүй жирэмслэлт болоод аборт хийлгэх нөхцөл үүсч байгааг таслан зогсоох ач тустай гээд хэлчихэд болно. Учир нь ийм үйлдэл гарах болсон нэг нөхцөл нь нөхөн үржихүйн хичээл ордоггүйтэй холбоотой алдаа гаргаж байна, хүүхдүүд. Энэ ч үүднээс дээрх аянд хамрагдаж байгаа хүүхдүүдийн нас насанд нь тохируулсан анкетыг бэлдсэн. Өвсөр насныхан бөглөх ёстой анкетанд нөхөн үржихүйн хичээл ордог уу, үзлэгт хамрагдаж байсан уу гэх мэтчилэн асуултуудыг багтаасан нь тухайн сургууль нь хяналт тавьж арга хэмжээ авч дараа нь ямар нэгэн асуудал үүсгэхгүй байх шалтгаан болж байгаа юм.

-Сүүлийн үед монголчууд зөв хооллолт гэж их ярих болсон. Түүнийгээ дагаад бараг өвсөн тэжээлтэн шиг ногоо идээд байдаг. Энэ талаар?

-Ногоо идсэнээрээ зөв хооллолт гэж ойлгож болохгүй л дээ. Хэрэгтэй шим тэжээлээ авч байх ёстой. Махыг хүнд хоол буруу гэж яриад байдаг юм. Маханд хүний биед хэрэгтэй маш олон уураг байдаг. Түүнчлэн өөх тосонд хэрэггүй гээд байдаг ч хүнд хэрэгтэй уураг бас байж байдаг.

Дотор өөхөнд холестрин их агуулагддаг учраас таатай хүнс биш гэдэг нь мэдээж. Харин сүүл болоод өвчүүний өөх холестрингүй учраас идэх хэрэгтэй. Хүний биед хэрэгтэй өөх тосоо авах ёстой шүү дээ. Зөв хооллолт гээд явж байгаа хүн өдөрт авах ёстой уураг тосоо бүгдийг нь авч байх ёстой.

Г.Төгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button