Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай конвенцид нэгдэх асуудлаар зөвлөлдөж байна

оролцох тухай зөвлөлдөх уулзалт дөрөвдүгээр сарын 25-нд Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд эхэллээ.

Зөвлөлдөх уулзалтыг нээж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Цогтбаатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Сенаноглу, Аархус конвенцид нэгдэн орсон талуудын хуралдааны дарга Жит Пэтэрс, НҮБ-ын Европын эдийн засгийн хорооны байгаль орчны салбарын захирал Марко Кайнер, Аархус конвенцийн ерөнхий нарийн бичгийн дарга Элла Бехлярова нар үг хэлэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга хэлэхдээ Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай конвенц буюу Аархусын конвенци, түүний үзэл баримтлал, хэрэгжүүлж буй орнуудын туршлагыг, улмаар түүнд нэгдэх боломжийг судлах талаарх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөлдөх уулзалтад оролцохоор бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төрийн албан хаагчид, ТББ-ынхан болон орон нутгийн иргэдийн төлөөлөл та бүхэнд талархал илэрхийлье.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт хурдацтай явагдаж буй, экосистемийн хувьд хамгийн эмзэг манай оронд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, олборлолт эрс нэмэгдсэн энэ эгзэгтэй үед иргэдийн оролцоог хангасан хөгжлийн бодлого зайлшгүй үгүйлэгдэж байна.

Монгол орны өнцөг булан бүрт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанаас улбаатай байгаль орчин, мал аж ахуй, бэлчээрт үзүүлж буй сөрөг нөлөөг эсэргүүцсэн орон нутгийн иргэдийн тэмцэл, маргаан улам ихэсч байна. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч удахгүй УИХ-д өргөн барих Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд аливаа уул уурхайн үйл ажиллагаа нь хэдийгээр эдийн засгийн хувьд өндөр ашигтай ч байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөр бол түүнээс татгалзах, мөн үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргахын тулд орон нутгийн иргэдээс эхлээд заавал асууж байх саналыг тусгасан юм.

Иймээс Аархусын конвенцийн үзэл баримтлал, үндсэн зарчмууд, түүнчлэн конвенцийг хэрэгжүүлэх үед тулгардаг эерэг бөгөөд сөрөг талуудыг ойлгож мэдэх, та бүхний хуримтлуулсан туршлагаас суралцах нь бидний хувьд асар чухал бөгөөд цаг үеэ олсон ажил болж байна. Энэ зөвлөлдөх уулзалтын явцад бидний зүгээс тулгамдаад буй бодит байдлаа та бүхэнд нээлттэй танилцуулах болно.

Ардчилсан Монгол Улсын өнөөгийн нэн тэргүүний зорилт бол байгаль орчин, хүний амьдрах орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн бодлогыг хангах, иргэдээ ажлын байраар хангаж, орлогыг нь нэмэгдүүлэн, чинээлэг амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

Энэхүү зөвлөлдөх уулзалтыг хамтран зохион байгуулж буй Аархусын конвенцийн нарийн бичгийн газар, НҮБ-н Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын БОАЖЯ, ГХЯ, ЕТГ-ын ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлье. Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье гэв.

Үг хэлсэн бусад хүмүүс Иргэдийн оролцоон дээр суурилсан шийдвэр гаргана гэдэг бол эдийн засаг, нийгэм тогтвортой байх, ард иргэд, төр засгийн хамтын ажиллагаа сайжрах, гадаадын хөрөнгө оруулагчид ч сайн засаглалыг мөрдөж ажиллах ач холбогдолтой юм.

Аархусын конвенц ногоон эдийн засгийг хөгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэрээхэд нэн чухал гэж бодож байна. Энэ конвенц бас бохирдлыг бууруулахад үйлчилдэг протоколтой. Аархусын конвенц төрийн шийдвэр гаргах процессыг хөнгөвчилж, эрх зүйн орчинг сайжруулдаг. Тогтвортой хөгжлийн хамгийн чухал элемент юм.

Аархусын конвенц Европын Холбоонд зориулагдан гарсан ч Төв Ази, Кавказын орнууд нэгдэн хүрээгээ тэлсээр байна. ОХУ удахгүй соёрхон батална гэсэн байр суурьтай байна.

Ирэх таван жилд монголын эдийн засаг 3-4 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа. Эдийн засгийн өсөлтийг хангах, байгаль орчныг хамгаалах зорилтыг аль алиныг нь зэрэг хослуулдаг зүйл бол тогтвортой хөгжил юм. Тиймээс Монгол Улс Аархусын конвенцид нэгдэхийг зөвлөж байна.

Тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх Европын эдийн засгийн комиссын хөтөлбөрт Монгол идэвхтэй оролцоно гэж бодож байна.

Аархусын конвенц бол ардчиллын төлөө эрх зүйн баримт бичиг юм. Олборлох салбарын ил тод байдлын санаачилгад ч Монгол Улс нэгдэн орох ёстой. Аархусын конвенц, ил тод байдлын санаачилга, бохирдлыг бүртгэх протоколд нэгдсэнээр ил тод бус, хариуцлагагүй, мэдээллээ нуудаг тогтолцоо өөрчлөгдөх болно.

Эдгээрт нэгдээгүй боловч үзэл баримтлалыг нь хэрэгжүүлэх тэмцэл, ажил Монголд хэдийнэ эхэлсэн. Аархусын конвенцийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд амин чухал үүрэгтэй.

Улстөрчид нь хийрхээд байвал ард түмэн, иргэний нийгэм зогсоодог ардчилсан тогтолцоо гоё биш байж болно. Гэхдээ энэ тогтолцоо илүү ирээдүйтэй, өгөөжтэй. Тиймээс иргэний нийгмийн оролцоо буруу тийш хөтөлсөн ч ардчилсан нийгмийн тогтолцоо зөв тийш залдаг юм хэмээн ярьж байлаа.

Дараа нь УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны дарга Д.Балдан-Очир, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Доржсүрэн болон холбогдох бусад яамны мэргэжилтнүүд шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байгаа тухайгаа ярив. Харин тэднээс байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан олон асуулт асууж, төрийн байгууллагынхан мэдээллийг байнга нууцалж, олон нийтийн оролцоог хязгаарлаж байдаг хэмээн тодорхой баримтууд дэлгэн шүүмжилж, Аархусын конвенцид нэгдэж байж л энэ байдал өөрчлөгдөнө хэмээн найдаж буйгаа илэрхийлж байв.

Зөвлөлдөх уулзалт дөрөвдүгээр сарын 26-нд ажил хэрэгч, халуухан уур амьсгалд үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button