Өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр суллагдлаа

өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг энэ сарын 13-нд баривчилсан билээ. Түүнийг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч Т.Соёмбо-Эрдэнийн захирамжаар 14 хоногийн хугацаатай нийслэлийн баривчлах, түр саатуулах байранд хорьсон юм.

Харин хоригдох хугацаа дуусгавар болсон учраас тэрбээр өчигдөр 10.10 цагт суллагдлаа. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдод эрх зүйн туслалцаа үзүүлж байсан О.Алтангэрэл өмгөөлөгч мөн түүний адил 14 хоног хоригдож байгаад энэ сарын 23-нд суллагдсан. Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан хоригдож байгаа хурандаа нарын хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан дөрвөн өмгөөлөгч өнгөрсөн сарын 28-нд болсон шүүх хурлын үеэр үйлчлүүлэгчдээсээ татгалзаж, хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүй танхимыг орхин гарсан.

Мөн шүүх хуралдааныг санаатайгаар таслалдуулж, цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон гэсэн үндэслэлээр хоригдсон юм. Харин 14 хоног баривчлагдсан дээрх хоёр өмгөөлөгчийн хувьд бусдаасаа урьтаж, шүүх танхимыг орхин гарсан нь ийнхүү хоригдох үндэслэл болсон хэмээн шүүх бүрэлдэхүүн үзсэн. Т.Мөнхдэлгэрийн хувьд Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр ажиллаад арав гаруйхан хоносон бөгөөд дөнгөж хэрэгтэй танилцаж эхлээд байхдаа ийнхүү хоригдсон билээ.

М.ӨЛЗИЙ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button