ЭМД-ын шимтгэлээ гурван жил дараалан төлсөн бол эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамрагдана

Тэгвэл эдгээр иргэдэд урамшуулал олгодог аж. Энэ талаар Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн даатгал, цалингийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ж.Гэрэлмаагаас тодрууллаа.

-Иргэн бүр Эрүүл мэндийн даатгалын санд тодорхой хэмжээний шимтгэл төлөх ёстой. Энэ хүрээндээ хэдэн төрлийн ямар тусламж үйлчилгээг авах ёстой вэ?

-Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч, төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг бүрдүүлэх, эрсдэлд өртсөн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм. Даатгуулагч гэдэг нь хууль болон гэрээний үндсэн дээр даатгагчид шимтгэл тогтмол төлж эрүүл мэндээ хамгаалах, учирч болох эрсдлийн зардлыг нөхөн төлүүлэхээр даатгуулсан иргэнийг хэлнэ. Ерөнхийдөө Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар эрүүл мэндийн даатгал нь заавал, сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах ёстой.

Иймээс иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, шимтгэлээ хуульд заасан хувь хэмжээ, хугацаанд нь төлөх үүрэгтэй. Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид тухайн жилдээ найман төрлийн тусламж үйлчилгээний зардлыг төлж өгдөг. Үүнд, хэвтэн эмчлэх тусламж, үйлчилгээ, амбулаторийн тусламж, үйлчилгээ, оношилгоо шинжилгээ, уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт зэргийг үзүүлдэг. Түүнчлэн нэг даатгуулагчийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлан улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.

-Жил бүр Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлдөг хэдий ч нэг ч удаа эмнэлгийн тусламж аваагүй байх тохиолдол гардаг. Эдгээр иргэдэд ямар нэгэн урамшуулал олгодог уу?

-Эрүүл мэндийн сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан 2010 оны дөрөвдүгээр сарын 20-ны 143 тоот Даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй үзүүлэх эрхээр урамшуулах зардлын хэмжээг тогтоох тухай тушаал байдаг. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн тушаал гаргасан байдаг бөгөөд үүнд, дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардал гаргаагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах зардлыг тогтоож өгсөн байдаг. Үүнд, нэг хүнд ногдох хэмжээг 22,000 төгрөгөөр тогтоосон байдаг.

-Тэгэхээр гурван жил дараалан эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэд урамшууллаа авахын тулд хаана хандах ёстой вэ?

-Гурван жил дараалан шимтгэлээ төлсөн иргэд харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс дээрээ очиж, архиваас шүүлгэх хэрэгтэй. Архиваас тухайн иргэнийг гурван жил дараалан шимтгэлээ төлсөн эсэх, энэ хугацаандаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан эсэхийг тогтоогоод урамшуулалд хамрагдах шаардлагыг хангасан байвал үзлэгийн хуудас олгодог. Иргэн тухайн хуудсаараа харьяа аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй болно.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ гэхээр тухайн иргэн томоохон мэс засалд орох ч юм уу, тийм хэмжээний эмчилгээ үйлчилгээг авах эрхтэй гэсэн үг үү. Ямар төрлийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй байдаг вэ?

-Урамшуулалд ерөнхий эмчийн үзлэг, бүх төрлийн шинжилгээ хийлгэх эрх багтдаг. Жил бүр эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг тооцож гаргадаг. Тухайлбал, нэг даатгуулагчийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг Эрүүл мэндийн сайд Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлан улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Даатгуулагч Хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын сангаас 108380-536060 төгрөгийн зардлыг гаргадаг.

Өдрийн эмчилгээнд 68385-134212, амбулаторийн тусламж, үйлчилгээнд 9000-9720, оношлогоо эмчилгээнд 30000, уламжлалт эмчилгээнд 80000, нөхөн сэргээх эмчилгээнд 50000-52290, хөнгөвчлөх эмчилгээнд 65000 төгрөг гэх мэтчилэн заасан байгаа. Иргэдэд cap бүр 30 мянган төгрөгийн оношилгоо хийлгэх эрх байдаг. Гэсэн ч үүнийгээ иргэд мэддэггүйн улмаас өвчнөө хүндрүүлэх тохиолдол байдаг. Тиймээс олон жилээр хураахдаа гол нь биш cap бүр оношлогоонд хамрагдаж, өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарах ёстой. Бид төлөөд л байдаг, эргээд эмнэлгийн тусламж авч чаддаггүй гэж шүүмжлэхээсээ өмнө өөрсдийнхөө үүргийг бас ухамсарлах хэрэгтэй байгаа юм.

Э.Туул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button