В.Нямхандын шүүх хурал 10 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд эхэллээ

ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан, дэд хурандаа В.Нямхандад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 10.00 цагт эхэллээ. Шүүх хуралдаанд улсын яллагчаар Ё.Сагсай, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, даргалагч шүүгчээр Ё.Цогтзандан нар оролцож байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон хэмээн буруутгаж байна.

Гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 16-25 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай.

В.Нямханд нь 1997-2009 он хүртэл ТЕГ-ын Сөрөх тагнуулын албанд ажилласан. Ингээд 2009 оны долдугаар сард нийслэлийн Тагнуулын газарт томилогдон ажиллаж байхдаа Савана ресторанд ТЕГ-ын ажилтан, хурандаа Ж-ийн цолны баярт очсон хэсэг хүмүүстэй маргалдаж зодолдсоноос үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Тэрбээр төрийн нууц задруулснаас гадна тагнуулын байгууллагын хууль, дүрмийг зөрчсөн гэсэн үндэслэлээр давхар буруутгагдаж байгаа юм. Тодруулбал, тагнуулын байгууллагаас халагдсаныхаа дараа тус газрын албан хаагчдын мөрддөг дотоод хууль, дүрмийг зөрчин сэжиг бүхий хүмүүстэй уулзан, гадаад улс уруу зорчсон гэх мэдээлэл бий.

Тагнуулын тухай хуульд зааснаар тагнуулын ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш гурван жилийн дотор гадаад уруу зорчихгүй байх, зайлшгүй шаардлага гарвал ҮАБЗ-д илтгэх хуудас бичиж, зөвшөөрөл авах ёстой байдаг ажээ.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button