Сонгуулийг 28-ны Пүрэв гаригт явуулах саналыг чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо

Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Улсын Их Хурлын сонгуулийн бэлтгэл ажлын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонсож буй юм.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай тогтоолын төслийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулсан. Тогтоолын төсөлд тусгагдсанаар УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 28-ний пүрэв гаригт явуулах, сонгуулийг автоматжуулсан системээр явуулах, гадаадад суугаа санал өгөх эрхтэй иргэдийн саналыг мөн сарын 10-нд явуулах санал тус тус тусгагдсан байлаа.

Байнгын хорооны гишүүдийн олонх Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай тогтоолын төсөлд Сонгуулийг автоматжуулсан системээр явуулна гэсэн заалт оруулах шаардлагагүй. Учир нь УИХ-ын сонгуулийн хуульд хуульчлагдсан учраас тогтоол гаргах шаардлагагүй хэмээн олонх үзсэн юм. Мөн гадаадад суугаа санал өгөх эрхтэй иргэдийн саналыг зургаадугаар сарын 10-нд явуулах асуудлыг төсөлд оруулах шаардлагагүй, Орон нутгийн сонгуулийн хуульд тусгагдсан хэмээн үзсэн.

Гишүүд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай тогтоолын төсөлд зөвхөн сонгууль явуулах өдрөө тогтох ёстой гэсэн байр суурь дээр нэгдсэн юм. УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 28-ны пүрэв гаригт явуулах саналыг дэмжсэнээр тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. Өнөөдөр 1500 цагаас хуралдах чуулганы хуралдаанаар дээрх төлслийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд буй юм.

Т.АМУР

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button