Леди Гага Өдөр бүр өөрийгөө нууж амьдарснаас зүгээр л илчилсэн нь дээр

Энэ талаар түүний TIME сонины 10 асуулт буланд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Сайн байна уу. Та Born This Way сан байгуулан үйл ажиллагаагаа эхэлж байгаа. Хүчирхийлэл, бузар явдлын эсрэг үйл ажиллагаа явуулна гэж сонссон, энэ үнэн үү?

-ЛГ Хүчирхийлэл, балмад явдлын эсрэг чиглэсэн ажил мөн. Залуу насны ялангуяа, өсвөр насны хүүхдүүдийг балмад явдлаас холуур байх итгэл, сэтгэлийн дэм өгөхөд манай сангийн зорилго оршиж байна. Тиймээс би өөрийн уран бүтээлээс гадна аян санаачлан, дэлхийн аль ч оронд байгаа эцэг эхчүүдэд хүүхдийнхээ ирээдүйг гэгээтэй байлгахад туслах үйл ажиллагааг эхлээд байгаа юм.

-Тэгээд таны энэ үйл ажиллагаа үнэхээр залуусыг нинжин сэтгэлтэй болгон зохисгүй явдлаас холуур байлгаж чадах уу?

-ЛГ Бид хүчирхийллийн хохирогч золиос болсон хүмүүс, луйвар булхайн эсрэг хэмээх үгийг ашиглан карьераа өсгөх ч юм уу, алдар нэр олж авъя гэж огтхон ч бодоогүй. Хорвоод амьдарч буй бүх хүмүүсийн хувьд ганц үнэт зүйл нь эрх тэгш байх. Тиймээс бид соёл урлаг, дуу хөгжим болоод сангийн үйл ажиллагаагаараа дамжуулан эрх тэгш бус байдал, нийгмийн бузар булай явдлыг үндсээр нь өөрчлөхийг хүссэн.

-Асар их соёлтой хотод амьдарч байна. Яагаад заавал энэ асуудлыг сонгосон юм

-ЛГ Ихэнх хүүхдүүд, өсвөр насныхан сургууль дээрээ хэн нэгэнд дээрэлхүүлэх, гадуурхагддаг. Тэдэнд туслах ганцхан зүйл бол урам зориг шүү дээ. Энэ үеэр миний Born This Way цомог гарсан. Гэтэл өсвөр насны фэнүүд маань үүнээс асар их зориг авч, урам ордог хэмээн надад хэлэх болсон. Тиймээс би зөвхөн цомгоос гадна тэдэнд урам зориг өгөх өөр зүйл хийхийг хүссэн.

-Тэгвэл таны энэ үйл ажиллагаа чинь жишээлбэл, 11 настай охинд яаж нөлөөлөх вэ?

-ЛГ Тэр сургууль дээрээ очоод харилцаа сайнгүй байдаг хүүхэддээ Чиний цамц чинь их сайхан харагдаж байна гэж урам хайрлана. Ингээд тэдний муудалцах шалтгаан багасч, багахан ч гэсэн харилцаанд нь ахиц гарна. Урам зориг, сайхан харилцаа гэдэг иймхэн зүйлээс эхэлнэ шүү дээ.

-Таны байгуулсан сан цаагуураа шашны суртал ухуулга хийгээд байх шиг санагдсан. Хоёрдмол утга бий юу?

-ЛГ Үгүй. Ямартай ч шашны зарим нэг газрууд хамтран ажиллаж байгаа боловч тиймэрхүү далд явуулга байхгүй.

-Өөрөө 2008 онд Би секс, порно зураг, хий үзэгдэл, архи, мансууруулах бодисны хор хөнөөлийн талаар өөрийн мэддэг зүйлээ бичдэг гэж байсан. Тэгвэл өнөөдрийн энэ үйл ажиллагаатай холбохдоо яаж тэнцвэрийг нь барьж, хүүхдүүдэд хэрхэн хүргэж ойлгуулах гэж байна?

-ЛГ Би хэзээ тэгж хэлсэн гэж…

-2008 онд?

-ЛГ Нэлээд хугацааны өмнө байх нь ээ. Гэхдээ миний үзэл бодол, номлол бол ажлаас маань тусдаа асуудал.

-Хүнийг шалгах нэгэн шалгуур нь бухимдсан үедээ ямархуу байдалтай байдгаар нь дүгнэдэг. Та хэрхэн өөрийгөө зоригжуулдаг вэ?

-ЛГ Чи хэнийг бодож байна. Хорвоо дээр сайхан сэтгэлтэй хүмүүс зөндөө бий. Тэд бүгд надад урам хайрладаг шүү дээ гэж боддог.

-Таныг ядарсан, хэцүү үед чинь урам хайрлаж, сэргээж байдаг хүн хэн бэ?

-ЛГ Миний ээж. Тиймдээ ч бид хамтдаа хүмүүст урам хайрлаж, зоригжуулах санг санаачилсан.

-Ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа вэ?

-ЛГ Харвардын их сургуулийнхантай хамтран ажиллаж байна.

-Хүмүүс өөртөө итгэлгүй байдлаасаа болж зүсээ хувиргах тохиолдол байдаг хэмээн чиний санаанд байх шиг байна. Хэрвээ чи тэр хүмүүсийн оронд байсан бол ганган дэгжин костюм, платиар өөрийн жинхэнэ нүүр царайгаа нуух байсан уу?

-ЛГ Би өөрөө байсан бол уу. Өдөр бүр өөрийгөө нууж, өөрийнхөөрөө бус байж чадна гэж үү? Би зарим үед тиймэрхүү байдаг байж магад. Гэхдээ миний ажлыг хүмүүст хүргэхэд тусалдаг гол зүйл бол хэвлэл мэдээлэл гэдгийг ойлгосон. Тиймдээ ч одооноос эхлэн өөрийнхөө үндсэн төрхийг нуухгүй гэж бодох болсон. Харин тэрний оронд зүгээр л сайхан илчилсэн дээр.

Б.Золзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button