З.Буяннэмэхийн феномен буюу баатрын хүлээлт

Гэтэл сайн мэдээгээр цангаж байсан манай хэвлэлд нэг сайхан үйл явдлын сураг хур болон буулаа. Цаана чинь манай монгол залуу, Алтайн хөх харцуулын нэг нь шийдчихсэн террористыг боож унагаад 300 хүний амь аварчихжээ! Бор оймстой хоёр хөлнөөс болж хоёр тал болчихоод байсан интернэт сэтгэгдлийн улсын шигшээ баг хүртэл энэ сайхан мэдээн дээр санал нэгдэн амсхийв. Шинэ баатрын нэр З.Буяннэмэх.

Буянт Ухаад түүнийг тоссон сэтгүүлчдийн бүрэлдэхүүн Ж.Гүррагчаа, Н.Түвшинбаярын угталтын зиндаанд хүрч алдан байв. Уяхан нэгэн нь нулимс унаган ангалзаж, дуртай зарим нь шалтаг болгон сэржим өргөж, энэ хаврын ээдрээн дунд эвлэрэл, бахархлын ганц сэдэв нь манай шинэ баатар боллоо. Дэврүүн сэтгүүлч, чухал тоймчид үзгээ шүүрэн Чамдаа баярлалаа, Амьдрал өөр харагдаж эхлэв, Дэлхий нийт бахархаж байна гэж уралдан бичлээ. Ерөнхий сайд өргөмжлөлөө гардуулж, ерөнхийлөгч Шударга журам-аа зэхлээ. Ёстой ган болд сэлэм ташаанд нь зүүж өгөөд, гавьяаны улаан одонг энгэрт нь хадах хэмжээнд З.Буяннэмэхийг өргөв. Үнэхээр ийм ноцтой юм болсон бол манай сэтгүүлчдийн бахардан бичээд байгаа шиг дэлхий даяараа шуугидаггүй юм гэхэд ядаж Гонконг, Филиппиний хэвлэлд гарах ёстой гэж интернэт хайлтаар шүүлээ, таг чиг … Нөгөө бүх насаар нь нисэх эрх шагнасан авиа компанийн мэдээг харуулдан хүлээлээ, нам жим… Энэ зуурт Монголд түүнд хөшөө, дуу хоёр л дутаж байв.

Гэтэл…

Эхлээд 19-нд Cathay pacific мэдэгдэл гаргав. Зарим хэвлэлд бичсэнчлэн СХ712 нислэгийн үеэр террорист халдлага гэж батлах хэрэг явдал болоогүй. Болсон явдлын үеэр тусламж үзүүлсэн зорчигчдод Cathay pacific талархал илэрхийлж байна. Мөн манай авиа компаний зүгээс бүх насаар нь нисэх эрхийг хэнд ч санал болгоогүй гэж хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ. Газардахын өмнөхөн нэг зорчигч онгоцны үйлчлэгч рүү дайрахад бусад үйлчлэгчид хоёр зорчигчийн хамт үйлдлийг нь хязгаарласан… Ердөө л… Маргааш нь буюу манай хүн шагнал авснаас 2 хоногийн дараа Гонконгийн South China morning post хөөрсөн монголчуудын сэтгэлд сэв суумаар мэдээ цацав. Эргэлзээтэй баатар гэсэн гарчигтай мэдээнд Онгоцны террорист-ыг дарсан гэх монгол хүн баатрын зиндаанд өргөмжлүүлж байгаа ч Гонконгийн цагдаа болон Cathay pacific болсон явдлын цар хүрээг хамаагүй багаар үнэлж байна гэжээ. Уг сонин террорист гэдэг үгийг дандаа хашилтад хэрэглэсний учир нь 52 настай филиппин зорчигч сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байсанд юм. The Standart сонинд Cathay Pacific компаний онгоцны үйлчлэгчдийн холбооны дарга Дора Лай Юк-Шим Тэр хүн оюун сэтгэцийн асуудалтай байх. Филиппин зорчигч нааш цааш холхиж байгаад гэнэт бизнес ангиллын тасалгаанд ирж үйлчлэгч рүү хутгатай (!) халдсан гэжээ. Хэргийн эзнийг Гонконгийн Шар хад-нд хэвтүүлсэн бөгөөд ирэх сарын 2-нд танхайн хэргээр шүүх ажээ. Хамгийн хачирхалтай нь Гонконгийн цагдаагийн ажилтан Хэрэг явдлын үеэр хэн ч нөөц хаалга онгойлгохыг оролдоогүй байна гэж мэдэгдэх нь тэр. Гэлээ ч Буяннэмэхийг эх оронд нь хэвлэл мэдээлэл болон албаны хүмүүс баатрын ёсоор хүлээн авлаа гэж тэр мэдээ төгссөн байх юм. Харин манай баатар-ын (Уучлаарай, үүнээс цааш энэ үгийг би ч бас хашилтад хэрэглэхээс өөр аргагүй болж байх шиг байна) ярилцлага үргэлжилсээр.

– Хаалгыг эрэгтэй хүн онгойлгохыг оролдож, үйлчлэгч нар нь хүчрэхгүй байгаа нь харагдсан. Би харангуутаа үсэрч очоод, хоолойгоор нь боож аваад, унагасан.

-Би хөдлөөгүй бол онгоцонд байгаа хүмүүс бүгд сүйрэх байж. Би зогсоогоогүй бол онгоц Гонконг дээр унаж, 216-гаас ч олон хүнд аюул учрах байсан.

-Намайг насан туршдаа үнэгүй нисэх эрхийн бичгээр урамшуулсан.

-Монгол хүний ген, цусанд нь байдаг чанар гэж том зүйл байдаг юм байна.

-Найзын маань зааж өгсөн мэх аминд тулсан үед хэрэг боллоо доо.

Залгуулаад маргааш нь Катарын Gulf news Орчин үеийн онгоцнуудын хаалгыг нислэгийн явцад дотроос нь онгойлгох бараг боломжгүй. Гадна агаарын даралтыг дийлэхгүй болохыг сэнхрүүлэв. Сингапурын relax.com.sg Францын crash-aerien.aero сайтууд Монголын З.Буяннэмэх баатар биш гэж бичлээ. Манай сэтгүүлчдийн ёрлож байснаар З.Буянэмэх үнэхээр дэлхийн олон орны хэвлэлээр бичүүлээд эхэлсэн хэрэг. Гэхдээ онгоц унахдаа бүхэл бүтэн Гонконгийг хавтгайлаад хаячих байсныг болиулсан гавъяаны тухай бус титэм нь томдсон магтаалын тухай тэд шуугилдаж байгаа нь харамсалтай. Албаны хүмүүсийн ямар ч мэдэгдэл монголчуудын шинэ баатраараа бахархах өөдрөг сэтгэлд нөлөөлж чадахгүй юм даа гэж ёжилж ч байх шиг.

Уржигдар З.Буяннэмэхийн ярьснаар бол түүнд тусалсан гэх солонгос зорчигч яг эсрэг юм South China morning post-д ярьжээ. И Чон Мин Филиппин хүн зэвсэггүй, хаалга онгойлгохыг оролдоогүй, террорист биш байсан. Тэр монгол эрэгтэй аюулыг зайлуулсан гол хүн биш. Би түүнийг Монголын үндэсний баатар болсныг мэдлээ. Болсон явдлыг жаахан дэгсдүүлсэн бололтой. Гэхдээ хөгжилтэй юм. Монголд том үйл явдал боллоо шүү дээ гэж Гонконгт суурин бизнес эрхэлдэг, Америкийн иргэншилтэй солонгос зорчигч хэлжээ.

-Тэр филиппин рүү уул нь би түрүүлж очсон юм. Монгол араас ирээд гараас нь барьж авсан. Бид хамтдаа түүнийг газар дарсан. Гэхдээ би шагнуулах ёстой гэж барьцаад ингэж яриад байгаа хэрэг огт биш. Надад Буяннэмэхэд буруу санах зүйл огт байхгүй. Тэр тусмаа гавъяа шагнал бүр ч хэрэггүй гэж И Чон Мин ярьсан байна. Сурвалжлагын гарчиг нь Эцэст нь монгол эр баатар биш боллоо.

Гадны хэвлэлүүд 4 дүгээр сарын 16-ны даваа гарагийн орой Бангкок-Гонконгийн чиглэлийн онгоцонд болсон явдлыг ихэвчлэн incident буюу хэрэг явдал гэж нэрлэжээ. Харин улс төрийн хэрүүлдээ дотор нь муухайрч, хаврын хавсарганд нүд нь аргасан бид хэрэг явдлыг огт ондоогоор ойлгон хүлээн авсан бололтой. Магадгүй, энэ нь үй олон дайснаар хүрээлүүлсэн манай олон нийтийн сэтгэл зүй дэх баатрын хүлээлт хэмээх захиалга байсан ч байж мэднэ. Хүсэлтийн хариу-г Бөх харцага, Альфа ассет менежмент Монголия компаний захирал залуу гүйцэлдүүлсэн байж болно. Эсвэл өөртөө тулгарсан асуудлыг өөр нэгэн баатарлаг үйлээр бартердах гэсэн сонирхол байхыг ч үгүйсгэхгүй.

Эцэст нь, болж өнгөрсөн хөөрлийн дараа Гоё өвдлөө гэдэг шиг З.Буяннэмэхэд сайхан хууртлаа гэж үзэгсэд байна. (Монголын сэтгүүл зүйд тавьсан бодит дүн! Ялангуяа үүнийх нь төлөө түүнд баярлаад баршгүй.) Cathay Pacific бэлтгэлгүй байдлаа халхавчлан З.Буяннэмэхийг зольж байна гэж хардагсад ч таарлаа. (Тэгээд дэлхийн хэвлэлүүдээр Бөх харцага компаний эсрэг пиар хийж байгаа байх нь!)

Би өөрөө энэ хоёрын эхний бүлэгт нь багтаж байгаа билээ. Нээг их гоё үйл явдал үнэнээсээ болж горьдоо гаргаасай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button