МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татлаа

Хуулийн дагуу 14 хоногийн дараа цагдан хорих хугацаа өндөрлөх ёстой. Тиймээс Н.Энхбаярыг суллана гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн дунд тархаад байсан юм. Түүнийг цагдан хорих хугацааг үргэлжлүүлэн сунгах эсэх, цаашилбал сэжигтнээс яллагдагчаар татах зэрэг асуудлууд өчигдөр өрнөлөө. Сүхбаатар дүүргийн шүүх дээр Н.Энхбаярын өмгөөлөгч нарыг байлцуулан цагдан хорих хугацааг сунгах эсэхийг хэлэлцсэн бол ШШГЕГ-ынхан Н.Энхбаяр чухам ямар нөхцөлд хоригдож байгааг мэдээлсэн юм. Үйл явдлын өрнөлийг тоймлон хүргэж байна.

Ерөнхийлөгч байсных нь хувьд хүндлээд сахилгын арга хэмжээ аваагүй гэнэ

Хэвлэлийн хуралд ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Т.Батболд, тус газрын Тогтоол гүйцэтгэх газрын дэд дарга, хурандаа П.Хоснамар нар оролцсон. Тус газрын дэд дарга Т.Батболд хэвлэлийн хурлын эхэнд сэжигтэн Намбар овогтой Энхбаярыг баривчлах, цагдан хорих үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Баривчлах ажиллагаа энэ сарын 14-ний өглөө 0700 цагт гүйцэтгэгдсэн бөгөөд Н. Энхбаярыг цагдан хорих төвд авчирсны дараа эрүүл мэндийн үзлэгт оруулж, эрх үүргийг нь танилцуулсан байна. Тухайн үед эрүүл мэндийн үзлэгээр ямар нэгэн эмгэг, эрүүл мэндийн хүндрэл илрээгүй гэнэ. Харин хуулийн дагуу эрх, үүргийг нь танилцуулж, танилцсан гарын үсэг зурахыг хүсэхэд татгалзсан ажээ. Одоо ч гэсэн хуулийн дагуу эрх, үүрэгтэйгээ танилцсан бичигт гарын үсэг зураагүй байгаа гэдгийг ШШГЕГ-ынхан хэлсэн.

Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Төв аймаг дахь Цагдан хорих төвд очиж, Н.Энхбаярыг дарамталсан, хорих байгууллагын ажилтнуудад үүрэг чиглэл өгсөн гэх мэдээлэл гарсан. Нэгдүгээрт, ХЗДХ-ийн сайд тэнд очоогүй, хоёрдугаарт угаасаа тийм зүйл болох ямар ч боломжгүй гэдгийг ШШГЕГ-ынхан албан ёсоор мэдэгдлээ. Нөгөөтэйгүүр Н.Энхбаярын хоригдож байгаа газар эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрхийг хангах наад захын хэм хэмжээг мөрдөөгүй гэх мэт мэдээллүүдийг ч бас няцаасан юм. Хорих байрны стандарт бүх талаараа хангагдсан бөгөөд сэжигтэн Н.Энхбаярт үргэлж анхаарал хандуулж, эрүүл мэндийн байдал, санаа сэтгэл зэргийг нь хянаж байгаа гэнэ. Тухайлбал, өдөрт хоёр удаа эмнэлгийн үзлэгт оруулж, хоол хүнсийг нь Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын ажилтнуудын хяналтын дор тодорхой шат, дамжлагатайгаар өгч байгаа гэсэн.

Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байсан хүнийх нь хувьд түүнд ямар нэгэн байдлаар муу зүйл болгохгүй байх бүх талын нөхцлийг хангаж ажиллаж байгаа ажээ. Цагдан хорих байгууллага, хууль хяналтынхан Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байсан хүнийх нь хувьд хүндэтгэлтэй хандаж байхад тэрбээр харин хэд хэдэн удаа тодорхой зөрчил гаргаж, цагдан хорих үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулахыг завдсан гэнэ. Уг нь цагдан хорих байгууллагын дотоод журмын дагуу сэжигтэн тодорхой зөрчил гаргасан тохиолдолд 15 хүртэлх хоногоор хорих сахилгын шийтгэл ногдуулдаг аж. Гэхдээ хуулийн байгууллага нэг талаас олон нийтийн сэтгэлзүйг үймүүлэхгүй байх, нөгөө талаас Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байсных нь хувьд хүндэтгээд өнөөг хүртэл сахилгын шийтгэл ногдуулалгүйгээр иржээ.

Харин сэтгүүлчид Н.Энхбаярт хүндэтгэлтэй хандаж байна гээд хууль зөрчөөд байж болох уу, цаашилбал хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх зарчим Төв аймаг дахь цагдан хорих төвд биеллээ олж чадаж байна уу гэдэг асуудлыг тавьсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон янзын мэдээлэл явж байгаа бөгөөд энэ нь нийгмийн сэтгэлзүйд яаж ч нөлөөлж болно. Хэрвээ Н.Энхбаярт сахилгын шийтгэл хүлээлгэвэл энэ байдал улам хүндэрч магадгүй тул өнөөг хүртэл сахилгын шийтгэл ногдуулаагүй. Гэхдээ цаашид Н.Энхбаяр энэ янзаар хууль шүүхийг үл хүндэтгэвэл сахилгын шийтгэл хүлээлгэхээс өөр аргагүй гэж ШШГЕГ-ын дэд дарга Т.Батболд хэлж байлаа.

Н.Энхбаяр гар утас хэрэглэжээ

Н.Энхбаяр хоригдох хугацаандаа хоёр удаа олон нийтэд хандаж захидал бичсэн. Хорих ангиас захидал бичих нь нээлттэй ч хорих байгууллагын захиргаагаар хянуулсны үндсэн дээр гаргаж байх ёстой аж. Н.Энхбаярын хувьд хоёр удаагийн захидлыг хоёуланг нь нууцаар гаргахыг завдсан гэнэ. Нэг нь олон нийтэд хүрсэн бол нөгөөг нь хорих байгууллагын тодорхой хууль, журмын дагуу хураан авч, зохих байгууллагад нь шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, захидалд олон нийтийг ямар нэгэн байдлаар турхирсан, нууц, учир үл мэдэгдэх, сэжиг бүхий үг хэллэг хэрэглэсэн зэрэг зүйлс байх нь хориотой аж. Үүнээс гадна Н.Энхбаяр өмгөөлөгчөөрөө дамжуулан гар утас хэрэглэсэн тохиолдол гарсан байна.

Хоригдож байгаа хүн ямар нэгэн байдлаар харилцаа, холбооны хэрэгсэл хэрэглэж болохгүй. Тиймээс хуулийн дагуу гар утсыг хурааж авсан гэж байна. Нөгөөтэйгүүр өмгөөлөгч хүн хорих ангид гар утас оруулж болохгүй гэдгийг мэдсээр байж санаатайгаар Н.Энхбаярт гар утас дамжуулсныг холбогдох хууль журмынх нь дагуу шийдэх болов уу гэдгийг ШШГЕГ-ынхан хэлж байна. Н.Энхбаярыг баривчлах хуулийн хугацаа өчигдрөөр дуусгавар болсныг дээр дурьдсан. Хэвлэлийн бага хурлын үеэр шүүхээс цагдан хорих хугацааг сунгах эсвэл суллах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй байсан юм. Хэрвээ ямар нэгэн шийдвэр гарахгүй бол цагдан хорих хугацаа дууссаны дараа сэжигтэнг шууд суллах ёстой аж. Тэрхүү хугацаа нь энэ сарын 27-ны 0700 цагаар тасалбар болно гэдгийг ШШГЕГ-ынхан хэлж байсан.

Н.Энхбаярыг хоёр cap үргэлжлүүлэн хорино

ШШГЕГ-аас хийсэн мэдээлэл 1500 цагт эхэлсэн бол Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх хурал Сүхбаатар дүүргийн шүүх дээр 1600 цагийн үед болсон юм. Хоёр цаг гаруй үргэлжилсэн хурлын эцэст Н.Энхбаярыг хоёр cap үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа. Хуралд Н.Энхбаярын өмгөөлөгчид болон АТГ, нийслэлийн прокурорын газрын холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан асуудлыг шийдсэн байна. Нийслэлийн прокурорын газраас Н.Энхбаярыг яллагдагчаар татах хүсэлт гаргасан бол ATГ-ынхан мөн үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзсэн бололтой. Шүүх тэдний хүсэлтийг харгалзан үзээд экс Ерөнхийлөгчийг дахин хоёр cap цагдан хорих нь зүйтэй гэж үзлээ. Шүүх хурал болж байх үед Н.Энхбаярын дэмжигчид Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна багахан хэмжээний жагсаал, цуглаан хийгээд амжсан. Тэд Н.Энхбаярыг баривчилсан үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль гэх мэт хэд хэдэн хуулийн зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байсан юм.

Тиймээс шүүхийг хуулийн дагуу шударга ажиллаж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардаж байсан. Түүнчлэн МАХН-ын холбогдох хүмүүс өчигдөр өдрөөс эхлэн Төв аймаг дахь цагдан хорих төвд намын даргаа хүлээн авахаар бэлтгэж байсан нь талаар болов. Шүүхээс дээрх шийдвэрийг гаргасантай холбоотойгоор МАХН-ынхан болон Н.Энхбаярын өмгөөлөгч нар хараахан мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ өнөөдрөөс эхлэн тодорхой үйл явц өрнөх биз ээ. Н.Энхбаярыг ийнхүү дахин хоёр cap үргэлжлүүлэн хорьж, улмаар яллагдагчаар татсанаар тэрбээр ирэх сонгуульд өрсөлдөх ямар ч боломжгүй боллоо. Тийм ч учраас МАХН-ын даргыг баривчилсан нь анхнаасаа улс төрийн зорилготой байсан гэх хардлага одоо ч байсаар байна.

Л.ЭНХДЭЛГЭР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button