Нууцалж байгаа үгээ Д.Мөрөн, Л.Цог нар хэлээсэй

Тэр өдрийн өнгийг үүнээс өөрөөр яахан төсөөлөх билээ. Гэвч харамсалтай нь энэ их харуусалт өдрөөс хойш дэлхий тэнхлэгээ 735 удаа эргээд буй ч аймшигт алуурчид олдоогүй хэвээр л байна. Энэхүү харуусалт өдөр ойртох тутам талийгаачтай ойр дотно явсан анд нөхдийнх нь нэгтэй уулзаж, сэтгэлийнх нь үгийг сонсмоор санагдаад болдоггүй. Ингээд С.Зориг агсны дотны нөхдийн нэг, Засгийн газрын мэдээ сонины ерөнхий эрхлэгч асан Ш.Мягмарсамбуутай уулзаж ярилцсанаа толилуулъя

– Та С.Зориг агсантай анх яаж танилцсан бэ? Эндээс яриагаа эхэлье гэж бодож байна?

-Зоригоо бид хоёр 1989 оны 12 дугаар сард танилцсан. Тэгэхэд би ахтай нь (С.Баяр) Новости Монголий сонинд цуг ажилладаг байсан юм. Ардчилал, Шинэ толь сонин гараагүй байхад л ийм сонин гарна гээд Зоригоо ярьж, зарлаж байсан. Ардчилал сонины эхний дугаар гарахад лац, ломбо, цагдаа гээд бөөн юм болсон. Эхний дугаар нь хоёр янз гарсан. Ямар хүмүүс хийснийг нь мэдэхгүй, Эрдэнэтэд нэг дугаар нь гарсан байсан. Хэрэв нэг дугаар нь бүтэлгүйтвэл нөгөө дугаарыг нь тараах бодлоготой байсан гэсэн. Тэрнээс хойш Зоригоо бид хоёр үргэлж хамт байсан. Гадна, дотнын сэтгүүл их уншина. Шинэ санаа их гаргадаг. Бид хоёр Чейзийг уншдаг байсан. Тэндээс санаа аваад цөөхөн хүрээнийхэн уншдаг Экспресс таймс гэж сониныг гаргаж байсан. Юм жижигддэггүй юм билээ. Тэр сонин дээр чинь л анх Айбекс Моломын хэрэг гэдгийг чинь гаргаж тавьсан юм шүү дээ. Ардчилал хөгжсөн оронд бол ийм хэргээр Засгийн газар нь унадаг юм билээ. Гэтэл МАХН гүрийсээр байгаад л үлдэж байсан.

Зоригоог МоАХ-ны ерөнхий зохицуулагч болсноос эхлээд л сонины бизнесээр их мөнгө олсон, ордны цонхоор морь харсан гээд янз бүрээр гүтгэн гүжирдэж, дайрдаг болсон. МоАХ-ны Ерөнхий зөвлөл өдөр шөнөгүй хуралдаад түүнийг авч хаях гээд юу ч олоогүй тул өндөрлөж байсан. Жүжигчин Д.Сосорбарам энэ явдалд бухимдаж, Зоригийг өмөөрч, МоАХ-нд үнэмлэхээ өгөөд гарч байсан.

-Талийгаач анхнаасаа л их ганцаардаж байж дээ?

-Улстөрийн хувьд үнэхээр ганцаардмал байсан. Намайг энэ хэргээр хэд хэд дуудаж байцаасан л даа. Тэгээд мэдүүлэг өгч байхад Зоригийг их залхуу, архичин, хуралд суудаггүй, сахилгагүй хүн байсан юм уу гэж байсан. Үнэндээ бол Зоригоо чухал шаардлагатай л биш бол хуралд суугаад байдаггүй, харин улс орны чухал асуудал дээр бол яс суудаг байсан юм. Мэдээллийг тал талаас нь их цуглуулдаг. Орчныхоо хүмүүсийг тэр хэмжээгээрээ хүндэтгэж харьцдаг мэргэжлийн хүн байж дээ. Өөрөө их хүмүүжилтэй хүн байсан учраас баргийн хүн халдаж танилцаж чаддаггүй байсан. Нас барсных нь дараа л Зоригийн фракци гэж ярьсан болохоос тийм юм байгаагүй шүү дээ.

-Цагдаагийн хурандаа Д.Мөрөн, Хууль зүйн сайд асан Л.Цог нараас эхлээд хариуцлагатай албаны хүмүүс цаг нь болохоор энэ хэргийн талаар үгээ хэлнэ гэсэн боловч одоо болтол таг чиг. Дотно андынх нь хувьд хэлэх үг танд байдаг биз дээ?

-Энэ аймшигт хэргийг илрүүлнэ гэсэн эрмэлзэл хаана хаанаа байхгүй байх шиг байна. Ардчилсан хүчин засгийн эрхэнд байхдаа лидерээ алдсан. Бүх эрх мэдэл, гүйцэтгэх засаглал тэдний гарт байсан. Халуун ул мөрөөр нь явж чадаагүй юм чинь хоёр, гурван жилийн дараа илэрнэ гэдэг их л эргэлзээтэй.

Хариуцлага хүлээлгэж болохоор хүмүүс нь цагаа болохоор хэлнэ гээд байсан. Эдний цаг хэзээ ирэх юм. Зарим дотнын найз нөхөд нь ч хэлсэн. Тэр бол худлаа реклам юм байна л даа.

Аравдугаар сарын хоёронд гэрт нь очсон хүмүүст асуулга тавьж шахаагүй. Маргааш өдөр нь Ерөнхийлөгч энэ хэргийг анхааралдаа авлаа гэсэн. Одоо хаана байна. Яагаад дуугарахгүй байна. Ард түмэндээ хандаж үгээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Их Хурал энэ хэргийг анхнаас нь бүрэн хяналтдаа аваад явж болох байсан, тэгээгүй. Гол нь хаана хаанаа л илрүүлэх сонирхолгүй байгаа нь их сонин. Зөвхөн амиа хаацайлах маягаар л асуудалд хандаж ирлээ.

-Дотно байсан хүн нь болохоор зөн ч гэдэг юм уу, сэтгүүлч хүний хувьд дэвшүүлж байгаа таамгаа одоо хэлж болно биз дээ?

-Одоо яг тийм гээд хэлэхэд хэцүү. Маш их дуулиантай атлаа ердөө хоёр жилийн дотор замхарч байгаа юм л даа. Бичиг баримт нь алга боллоо гэсэн. Энэ бүхнээс үзэхэд их сонин байгаа юм. Зоригоо өөрөө мартагдахгүй. Энэ хэрэг удах тусмаа л бүдгэрч, илрэхэд төвөгтэй болно.

-Э.Бат-Үүлийг буруутгах нь хэр үндэслэлтэй байсан бэ?

-Зоригоотой их л ойр байсан. Тийм учраас шалгуулах нь зүйтэй байсан. Буруугүй гээд гараа биз дээ. Бат-Үүлийг хамтран зүтгэгчээ алах, захиалга өгөх хүн биш гэж боддог. Яах вэ, Бат-Үүлийн боддог нэг өөр, минийх нэг өөр. Зүгээр л шалгуулаад гарах ёстой байсан л гэж боддог. Бат-Үүлийг шалгахаас илүү Цагаа болохоор би үгээ хэлнэ гээд байгаа хүмүүсийг л хэзээ үгээ хэлэх бол гэж их харж байна.

-Сүүлийн үед С.Зориг казиногоос их мөнгө авсан, түүнээс болоод гадныханд хөнөөгджээ гэсэн яриа яваад байна л даа. Энэ талаар бодлоо хэлээч?

-Казинотой холбох юм сүүлийн үед гараад байгаа. Казиногоос ашиг хонжоо авсан гэдэг бол худлаа.

-Та үүнийг юугаар батлах юм бэ?

-Зориг тийм хүн биш. Үүнийг нэг их анхаарах хэрэггүй.

-Тэгвэл энэ ахуйн хэрэг биш биз. Булганыг ч бас хүмүүс харддаг?

-Булганд хэцүү л байгаа. Ганц гэрч. Бүх юман дээр нь шалгуулах л хэрэгтэй. Гэхдээ би энэ хэргийг ахуйн гэж боддоггүй. Хотын төвд хөл хөдөлгөөн ихтэй, бүх айл унтаагүй байхад цуу авахын тулд дөрвөн давхарт гарч хүн алсан гэхэд итгэдэггүй. Тэгээд ч бүх нам хүчин улстөрийн аллага гэдгийг хүлээн зөвшөөрөө биз дээ.

-Гэнэт С.Зориг алагдлаа гэдгийг дуулаад бүгд л балмагдаж сандралдсан?

-Би тэр шөнө ажил дээрээ байсан. Сонины ой болоод баярлаад балгаад. Гэнэт тийм юм дуулаад балмагдсан. С.Зориг, А.Ганбаатар /УИХ-ын гишүүн асан/ бид гэмгүй байдаг байсан. Тэгээд Ганбаатар руу залгасан, тэр бас шоконд орчихсон байсан. Намайг Ерөнхий сайдын /Ц.Элбэгдорж/ өрөөнд хүрээд ир гэсэн.

Би жаахан үнэртүүлчихсэн байсан болохоор хамгаалалтынхан намайг дотогш нэвтрүүлээгүй. А.Ганбаатар гарч ирж намайг дотогш оруулсан. Ерөнхий сайдын өрөөнд баахан хүмүүс байсан. Тэгэхэд шөнийн 24 цаг болж байсан. Тэр өдөртөө зарлахгүйгээр болсон. Тэгэхээр нь би нэгдүгээр нүүрээ орхичихсон байгаа, талийгаачийн том зурагтай мэдээг албан ёсоор гаргаж тавья, тэртэй тэргүй маргаашийн бүх сонин дээр гарна гэж хэлсэн чинь зөвшөөрсөн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг зэрлэгээр алагдлаа гэсэн утгатай жижиг хэмжээний материал бичиж Ц.Элбэгдоржид ирүүлсэн. Ардчилсан хувьсгалын удирдагч гээд оруулчих гэж би хэлсэн. Энэ мэдээлэл хамгийн түрүүнд Засгийн газрын мэдээ сонинд гарсан. Хэвлэгдээд гарахад өглөөний 05 цаг болж байсан. Улстөрчид энэ хэргийг илрүүлэхээсээ илүү улстөрийнхөө зорилгод их ашиглалаа.

Илрээгүй нь МАХН-ын хувьд сайн болсон. Энэ хэргийн дуулианаар цөөнгүй санал авсан л байх. Ардчилсан хүчин энэ хэргийг илрүүлэхээсээ илүү дотоод зөрчил, тэмцэлтэйгээ зууралдсаар яваад ялагдлаа.

-Улстөр судлаач Л.Эрдэнэтуул ерөнхий захиалагч гэсэн нэр томъёог хэвлэлд анх гаргаж ирж, тодорхой хүмүүсийг нэрлэсэн нь зүгээр шоу байсан уу?

– Л.Эрдэнэтуулын тэр үеийн ерөнхий захиалагч гэдэг бол нийтэд тогтсон юм. Өөрийнхөө мэддэг хэмжээнд тийм байдаг гэж л ярьсан. Нөгөө хүн би тэгээгүй гэж хэлэхэд л ерөнхий захиалагч биш болчих хэмжээнд тийм л зүйл ярьсан. Зүгээр яах вэ, Зориг том орон зай эзэлж байж, тэр орон зай яаж хуваагдах вэ гэдгээс шалтгаалж, ерөнхий захиалагч гэсэн ойлголтыг гаргаж ирсэн байх.

-Эцэст нь танаас нэг зүйл сонирхъё. С.Зориг ер нь ямар хүн байсан бэ?

-Ер нь бол Зоригоо их гэрэл гэгээтэй хүн дээ. Хүмүүсийн сэтгэлд ч тэр чигээрээ хоногшлоо шүү дээ. Том лидерээ алдана аа гэдэг үнэхээр хэцүү юм. Энэ хоёр жилд Зоригоо шиг япончуудтай ойртож ажилласан хүн гарахгүй л байна шүү дээ. Японы Засгийн газрын ХЭГ-ын дэд сайд Сүзүки Мүне гэж тэр том хүн Зоригоогийн хөшөөнд цэцэг өргөөд уйлж байхыг өөрийн нүдээр харлаа.

Зориг аливаа асуудлыг зарим улстөрч шиг зоосны нүхээр хараагүй. Хувийн харьцаа гэдэг албан ёсны харьцаанаас илүү чухал зүйл байдаг юм байна л даа. Нэг юмыг энэ дашрамд зориуд тэмдэглэж хэлэхэд бид 10 жилийн дотор орос хэлээ мартлаа.

Одоо болтол Чингисийн ганц хөшөө алга. Зоригийн хэрэг ч бүдэгрэх тийшээ хандлаа. 10 жилийн дараа гэхэд ямар хүн байсныг нь бидний үр хүүхэд мэдэхгүй байх вий дээ гэхээс айж байна. Юу ч боллоо гэсэн бид улс орноо хөгжүүлэх л үүрэгтэй. Их мэдлэгтэй, боловсролтой залуучууд гарч ирж байж улс орон хөгжинө. Олон Зориг, олон Сүхбаатар, олон Чингис гарч ирж байж улс хөгжинө. Олон заан, арслан төрснөөр улс орон хөгжихгүй. Зоригоо маань хойч үедээ мартагдахгүй үлгэр жишээ болоод цагаасаа эрт явчихлаа даа гэж бодож байна. Бид аль болох хүний мууг үзэхээсээ илүү бахархаж, хайрлаж, шүтэж сурахсан.

Г.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button