27 вагон самрын бизнесийн сэжигтэн X.Амартүвшин оргон зайлжээ

Тодорхой тоочвол, Засгийн газрын тогтоолоор хуш зэрэг нарсны төрлийн модны үрийг ховор ургамлын жагсаалтад нэмж оруулсан байна. 2008 онд хушин ойгоо хамгаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, бүтээгдэхүүний жагсаалтад хуш модны үр самрыг оруулсан байдаг. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Хүрээлэн буй орчны аюулгүй байдал гэсэн 3.5-д Байгалийн ургамал, Ойн дагалт нөөцийн экспортыг бүрмөсөн хориглох гэсэн заалт бий.

Гэтэл их хэмжээний самрыг хууль бусаар гаргахаар завдсан, гаргасан гэх хэргүүд шил шилээ даран гарсаар байна. Ялангуяа нөлөө бүхий эрхмүүдийн нэр самрын хууль бус бизнесийн дунд тод дуулддаг ч тун удалгүй хэрэг нь замхардаг.

Албаныхнаас энэ талаар лавладаг ч юм олж сонсох нь үгүй. Тухайлбал, 2006 оны сүүлчээр … дугаар цэргийн ангийн агуулахад их хэмжээний самар хадгалагдаж байсныг өмнөд хөрш рүү ачсан байлаа. Агуулахад 22 тонн гаруй самар байсан бөгөөд эдгээрийг ачсан манганы цувааг Нисэхийн товчоон дээр саатуулан шалгаад хураасан. Гэтэл уг самрын эзэн нь улсын заан Д.Долгорсүрэн байсан тухай хэвлэл мэдээллээр нэг хэсэгтээ л шуугисан. Тухайн үед баригдсан нь энэ болохоос цаана нь олон удаагийн үйлдэл байгааг үгүйсгэхгүй.

Яг иймэрхүү хэрэг саяхан гарч бас л хэл амны бай болсон. Тодруулбал өнгөрсөн оны 11, энэ оны хоёрдугаар сард Х.Амартүвшин гэгч этгээд олон вагон самар хил гаргасан юм. Гэтэл энэ хэргийг тухай бүрт нь олон нийт мэдсэн ч хуулийн байгууллагынхан яаж ийж байгаад хэргээс мулталж байсан аж. Сураг сонсох нь ээ, энэ ажилд томчуудын оролцоо багагүй байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагынхан холбогдож, нэрээ сэвтээсэнд байгаа юм.

Тодруулбал, Х.Амартүвшингийн гэх 27 вагон самрын хэрэгт цагдаа, гааль, мэргэжлийн хяналтынхан оролцсон бөгөөд нийт 20 орчим хүн хэргийн сэжигтнээр шалгуулж, цагдан хоригдсон байна. Гэтэл мөрдөн байцаалтын явцад сэжигтэн, яллагдагч нарын эрүүл мэнд муудсан гэсэн шалтгаанаар батлан даалтад гаргасаар өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид 4-5 хүн л хоригдож үлдсэн. Харин уг хэргийн гол хүн Х.Амартүвшин гэгч мөрдөн байцаалтаас оргож, одоо болтол олдохгүй байгаа нь хачирхалтай.

Энэ этгээд л олдсон тохиолдолд уг хэргийг зохион байгуулсан холбогдогчид нь олдох юм гэнэ. Х.Амартүвшин гэгч этгээд хууль бусаар их хэмжээний бараа таваарыг гаргах ажлыг удаа дараа гардан зохион байгуулж, хуурамч бүрдүүлэлт хийж, хил давуулж өгдөг байсан бололтой. Түүнчлэн энэ нөхрийг асууж сураад явахад 1996-2007 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэнэ. Мөн түүнийг мэдэх хүмүүс нь Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан гэж ярих юм билээ.

Хамгийн сонин нь түүнийг яагаад мөрдөн байцаалтын үед оргов, хэн гэдэг албаны хүн хяналт тавьж чадалгүй алдав гэдэг олон асуулт урган гарч ирж байгаа юм. Түүнчлэн оргодол босуул гэгдэж буй Х.Амартүвшингийн талаар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас үзсэн харсан хүн байвал 122, 266355, 262956, 98886886 дугаарын утсаар хандахыг орон даяар зарласан байгаа юм. Тэгэхээр энэ этгээд оргож боссон нь үнэн болж таарлаа гэж ярих хүн ч олон. Х.Амартүвшин нь 1968 оны дөрөвдүгээр сарын гурванд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 44 настай дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй. 165-170 см орчим өндөр нуруутай, махлаг биетэй, бор царайтай, өтгөн хар хөмсөгтэй, зузаан уруултай. Содон шинж тэмдэг нь хоёр нүднийх нь хооронд том мэнгэтэй гэж зарласан байна.

Түүнийг Цагдаагийн байгууллагаас ямар учраас гарсан болохыг судлахад 2008 онд олон удаа зөрчил гаргаж, авлига авсан, удаа дараа хэрэгт холбогдсон учир цагдаагийн байгууллагаас халагдаж байсан гэнэ. Уг этгээд БНХАУ-ын иргэдтэй цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа холбоотой байсан аж. Иймээс ажлаасаа халагдсаны дараа энэ мэт төрлийн хэрэгт хошуу дүрж, хууль бус үйлдлийг нэлээд олон удаа хийж гаршсан нэгэн аж. Тэрбээр энэ удаа 27 вагон самрыг жонш гэсэн нэрээр гаалийн хуурамч бүрдүүлэлт хийж, гаргасан гэж эх сурвалжууд нь хэлж байгаа ажээ. Уг хэрэгт өмнө нь хээл хахууль авч байсан гаалийн хэд хэдэн байцаагч оролцсон ч нөлөө бүхий хүмүүсийн татаасаар хэрэг нь шийдэгдэлгүй удаж байгаад замхардаг байсан байна.

Хэрэг одоо хүртэл ямар шатандаа явж байгаа нь тодорхойгүй тул гадны нөлөө орсон байж болзошгүй гэдэгтэй санал нийлэх хүн олон байгаа бололтой. Гаалийн холбогдох албаныхан ч энэ тухай тайлбарлахдаа Битүү лацтай олон тооны вагон ирдэг, гаалийн байцаагч нар Замын-Үүд өртөөн дээр ирж буй 40-50 вагоныг зөвхөн дугаар тулгаж, лац нь бүрэн бүтэн байна уу гэж л шалгах үүрэгтэй. Түүнээс биш ямар ачаа тээвэрлэж байгааг нь мэдэх эрхгүй гэж, ярьж байсан юм.

Бидний авсан мэдээллээр хуурамч бүрдүүлэлт хийдэг байцаагчийн нэрийг Н.Лхагвадорж гэдэг аж. Энэ нөхөр самар ачсан вагоныг Замын-Үүд рүү хөдлөхөөс өмнө Чойрт өөрийн биеэр очиж, вагонтой ачааг жонш гэж гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн ажээ. Зарим нэг эх сурвалжийн хэлж буйгаар жоншийг хил рүү нэвтрүүлэхэд ашигладаг бичиг баримтыг их хэмжээгээр авч, түүнийгээ ашиглан хуурамч бүрдүүлэлт хийдэг байсан гэнэ.

Харин уг хэрэгт холбоотой гэх гаалийн байцаагчид хэргээ хүлээхгүй, мэдүүлэг нь зөрж байгаа аж. Хэрэгт холбоотой зарим байцаагч жонш байхыг нүдээрээ харсан гэж мэдүүлсэн гэсэн. Замын-Үүдэд 27 вагон самар очиход гаалийн байцаагч, хилийн мэргэжлийн хяналтынхан, хил хамгаалах байгууллагын ажилтнууд вагоны ачааг шалгах эрхгүй гэж дээр дурдсан. Иймээс гаалийнхан гүний гаалийн бүрдүүлэлттэй гэсэн нэрийн доор хууль бус их хэмжээний самар гаргажээ гэхэд нэг их хилсдэхгүй л байх.

Энэ мэт үйлдлээс харахад Монгол Улсын гаалийн эцсийн зогсоол болох Замын-Үүдийнхэн ч үүнд хариуцлага алдсан нь ойлгомжтой. Хэрэв лацтай вагоныг шалгах эрхгүй гээд байвал манай улсын хэчнээн олон үнэт баялгууд гадагшаа урсан гарч байгаа хариуцлагыг хэн хүлээх нь ойлгомжгүй юм. Дээрх зохион байгуулалттай самрын хэргийг үйлдсэн нөхөд өнгөрсөн оны арваннэгдүгээр cap, энэ оны хоёрдугаар cap гээд хоёр удаа гаргаж байгаад илэрсэн нь энэ билээ.

Харин өнгөрсөн гуравдугаар сарын эхээр 22-ын товчоогоор орж ирж байгаад Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт гардуулж тэдэнд авлига өгснөөс хойш энэ зохион байгуулалттай гэмт хэргийн хятадууд нь Монголд асуудал үүслээ гэсэн мессэжийг авангуутаа нутаг буцсан байна. Харин энэ хэрэгт холбогдсон бүлэглэлээс авлига авсан Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар их хэмжээний авлига авсан гэдгээ мөрдөн байцаалтын шатанд хэдийнэ хүлээгээд байгаа Хамгийн гол нь энэ хэргийн учиг нь хэдэн cap сүр дуулиан болгон шалгагдчихаад, адагт нь гаалийн байцаагч, цагдаа нарыг л буруутгаж ял оноох нь тодорхой болж байна. Ийм л учраас энэ их хэмжээний самрын хэргийг замхруулж, сэжигтэн болох Х.Амартүвшинг мөрдөн байцаалтын явцад оргон зайлуулсан байж болзошгүй гэх таамгийг учир мэдэх хүмүүс нь ч дэвшүүлж байна билээ.

Ийнхүү энэ хэргийн гол учрыг тайлах ёстой гэж яригдаж буй сэжигтэн Х.Амартүвшинг хариуцлага алдаж оргон зайлуулахад хүргэсэн холбогдох албаны нөхдөд ямар арга хэмжээ авагдаж, хэзээ олохыг нь харах л үлдлээ.

Мөн томчууд оролцсон хэрэг учраас бүрэн замхрах магадлал өндөр байгаа тухай мэдэх хүмүүс нь ч ярих юм билээ.

Р.Саруултөгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button