Улс төр, уул уурхайгаас илүү бичиг соёл чухал гэв

Энэ өдрийг угтан ямар арга хэмжээ өрнүүлэх талаар гавьяат багш Ш.Чоймаа, Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга С.Алтанцэцэг нар мэдээлэл өглөө. Энэ жилийн Үндэсний бичиг соёлын баярыг БСШУЯ, Соёл урлагийн хороо, Төрийн хэлний зөвлөл, Үндэсний төв номын сан хамтран Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлье уриан доор зохион байгуулахаар болжээ. МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулиас ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдааныг их, дээд сургуулийн оюутнууд, төрийн албан хаагч, хувийн хэвшлийн ажилчин, ЕБС-ийн мэргэжлийн багш нарын дунд зохиох юм. Мөн энэ үеэр Үндэсний төв номын санд Жадамба буюу найман мянгат их хөлгөн судрын цоморлиг тэргүут ховор үнэт номын болон Монгол бичиг-Монгол бахархал бичиг үсгийн үзэсгэлэнг зохион байгуулж, монгол бичгээ эрхэмлэгч хувь хүн, албан байгууллагуудыг шагнаж урамшуулах аж.

Гавьяат багш Ш.Чоймаа Улс Төр, уул уурхай, өнгө мөнгөний асуудлыг чухалчилж явах хойгуур чинь их эзэн Чингис хааны бүх монгол туургатны бичиг болгон тунхагласан язгуурын соёл алдагдаж, устаж үгүй болоход ойрхон болжээ. Төрийн түшээдээс эхлээд бүгд монгол бичгээрээ уншиж бичдэг баймаар байна. Чаддаггүй нэг нь өөрөөсөө ичиж явах хэрэгтэй хэмээн нэлээд бухимдангүй хэлэв.

Ч.Батсаруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button