Ану хатан-ы зургийг дөрвөн улирал дамнаж авна

энэ романаа зохиолч нь дэлгэцийн бүтээл болгохоор шунаж буйгаа дуулгаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Гэсэн ч санасан л бол бүтээдэг зохиолч бүсгүй бас нэгэн мөрөөдлөө биелүүлэхээр киноны хийх ажилдаа хэдийнэ ороод байгаа билээ. Киноны үйл явдал, өрнөлөөс хамаарч зургийг дөрвөн улирал дамнан авахаар төлөвлөсөн. Киноны зөвлөх болон ерөнхий найруулагчаар ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар Ж.Цог, ерөнхий продюсерээр Д.Болдхуяг нар ажиллаж байгаа юм. Ану хатны дүрд Үoice группийн дуучин Д.Отгонжаргал, Галдан хаанд дуучин, жүжигчин М.Мягмар, Очирт цэцэнд ардын жүжигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд гавьяат жүжигчин С.Сарантуяа, Мандарваад жүжигчин О.Долгор, Асралтад гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Данжила жанжинд жүжигчин Г.Ариунбямба нар тоглож байна. Кино зураг авалтын явцын талаар сонирхож зарим жүжигчинтэй нь уулзсан юм. Сэнгэ хааны том, бага хүү Цэвээнравдан, Сономравдан, Ахай хатны дүрд тоглож байгаа жүжигчин П.Баттөр, Л.Билэгжаргал, мисс Б.Бадамцэцэг нарыг олзоллоо.

П.БАТТӨР МИНИЙ ДҮР 30 ЖИЛ ТӨР БАРЬСАН ХААН

Сэнгэ хааны том хүү Цэвээнравдангийн дүрд жүжигчин П.Баттөр тоглож байгаа. Түүний хувьд анхны түүхэн дүр нь учир тун ч их хичээж буй гэсэн.

-Түүхэн дүрд тоглохын хэцүү нь юу байна вэ?

-Морь унах. Малчид шиг өдөр бүр морь унахгүй болохоор бие буларснаас наад зах нь гүйх, сэлмээ эргүүлэх зэрэгт хүндрэлтэй байсан шүү. Ялангуяа Галдан бошигтийн найртай санаандгүй таарч Ахай хатнаа авч зугтдаг хэсэг. Миний дүрд морин дээрээ эргэж харж нум сум харвах, өрсөлдөгчөө сэлэмдэх, давхилт дунд нь буух зэрэг олон хүнд хэсэг бий.

-Таны дүрээс үзэгчид юуг мэдрэх бол?

-Цэвээнравдан гэдэг хүн 30 жил Монгол төрийг барьж байхдаа юу хийснийг мэдрэх байх. 30 жил хаан суудалд сууна гэдэг баргийн хүнд оногдохгүй хувь тавилан.

-Цэвээнравдан хааны хэд орчим настай үеийг харуулж байгаа вэ?

-Энэ хүн 60 насалсан юм билээ. Би идэр буюу 25-40 настай үеийнх нь дүрийг гаргаж байгаа. Түүний амьдралын гол үйл явдал энэ үед өнгөрсөн юм байна л даа. Мөн Ахай хатнаа чин үнэнчээр хэрхэн хайрлаж байгааг нь харуулна.

-Түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн ямар үйл хэрэг бүтээсэн юм бол?

-Манжийн эсрэг маш их зүйл хийсэн хүн юм билээ. Зоригтой, ухаантай, үзэл бодолдоо үнэнч, аливаа зүйлийг нарийн төлөвлөгөөтэй хийдэг хүн байсан гэдэг.

-Зураг авхуулах хэсэг олон байгаа юу?

-Олон байгаа. Зун болохоор Орхоны хүрхрээнд очиж Ахай хатантайгаа хоёулхнаа байх хэсгийн зураг авна. Үүгээр түүнийг хайрандаа ямар их үнэнчийг харуулах учиртай. Одоогийн залууст хайртай хүнээ хэрхэн чин үнэнчээр хайрладгийг өгүүлэх энэ хэсэг их хэрэгтэй санагдаад байгаа. Мөн овог аймгаараа нүүж байгаа болон газар нутгаа хамгаалахын төлөө дүү Сономравдантайгаа хэрхэн ярилцаж буй гээд олон сонирхолтой хэсгийн зураг авалт байгаа.

Б.БАДАМЦЭЦЭГ АХАЙ ХАТНЫ ДҮРД ТОГЛОЖ БАЙНА

Мисс Б.Бадамцэцэг Ану хатны төрсөн ахын охин Ахай хатны дүрд тоглож байгаа аж. Ахай хатан Цэвээнравдан гэж Монгол төрийг 30 жил барьсан хааны дунд хатан 18 хүрч буй залуу бүсгүйн дүр.

-Ану хатан жүжгийг нь үзсэн биз дээ. Таны тоглож буй энэ дүрийг Драмын театрын тайзнаа хэн амилуулсан бэ?

-Драмын театрт энэ жүжгийг гурван удаа үзсэн. Гэхдээ хэн тоглосныг нь санахгүй байна аа. Жүжигт миний энэ дүр нэг их гардаггүй юм билээ. Богино хугацаанд тоглогддог учир зохиолоо нягтаршуулахын тулд тэгсэн байх л даа. Харин кинондоо нэлээд гарах юм билээ. Одоогоор зураг авалт дөнгөж эхэлж байна.

-Кинонд тоглох санал танд хэн тавьсан бэ?

-Их сонин түүхтэй. Монос косметиксийн Biogen брэндийн таван жилийн ой өнгөрсөн өвөл болсон. Энэ баярт тус компанийнхан бүхий л салбарын бүсгүйчүүдийг төлөөлөл болгож урьсан. Тэр баярт зохиолч Б.Шүүдэрцэцэг эгчтэй нэг ширээнд сууж таарсан юм. Тэр үед Ану хатан гэдэг кино хийж байгаагаа яриад тоглох боломж байгаа бол холбогдоорой гээд нэрийн хуудсаа өгсөн. Би энэ тухай гэрийнхэнтэйгээ ярилцаад тоглохоор шийдсэн л дээ. Уг нь энэ дүрд Мөрөөдлийн театр-ын жүжигчин О.Дөлгөөн тоглох байсан. Гэвч тэднийх шинэ жүжиг тавиад амжихгүй нь гэсэн юм билээ.

-Анхны зургаа авахуулаад ирсэн гэсэн. Ядрав уу?

-Төв аймгийн Хустайн нуруунд Тавантолгойн цэргийн ангид дөрвөн хоног байрлаж зураг авсан. Тус ангийнхан биднийг маш сайхан тухтай байлгасан. Морь унаж, гоё амттай хоол идээд л. Ядарсан ч үгүй.

-Морь унах хэцүү байна уу?

-Багадаа унадаг байсан болохоор гайгүй шүү. Гэхдээ л төсөөрсөн байна билээ. Орлон тоглогч ах нарынхаа хүчээр л давсан. Хамгийн гол нь Лхагваа ахад баярлаж байна. Кино пробныхон түүнийг надад морь унуулж сургах үүрэг өгсөн юм. Морь унах сайхан байсан. Монгол хүн болж төрснийхөө утга учрыг ийм үед ойлгодог юм шиг санагдсан.

-Таны тоглох хэсэгт байлдах ч юм уу хэцүү хүнд хэсэг олон байх болов уу?

-Би чинь хатан шүү дээ. Тэгэхээр хааныхаа цэргүүдээр хүрээлүүлээд, хамгаалуулаад л. Кинонд Галдан бошигтын ах Сэнгэ хунтайжийн хүү Цэвээнравдан надад сэтгэлтэй байсан юм. Тэгээд Галдан хааны найрын үеэр ирж намайг авч зугтдаг хэсэгт л би морьтой давхидаг. Тэр жаахан хэцүү байсан. Мориноосоо буусан чинь хоёр хөл хөндүүр болчихсон алхахад ч хэцүү байж билээ.

Л.БИЛЭГЖАРГАЛ ЗОХИОЛЧ, НАЙРУУЛАГЧ МААНЬ МИНИЙ СУДАЛГААНЫ НОМ

Сэнгэ хааны бага хүү Сономравдангийн дүрд хувирч буй жүжигчин

-Саяхан зураг авалтад яваад ирсэн дуулдсан. Ямар санагдав?

-Төв аймгийн Тавантолгойн цэргийн ангид зураг авсан. Бодож байснаас хүнд байсан шүү.

-Таны бүтээж буй дүрийн онцлог нь юунд байна?

-Сэнгэ хааны бага хүү Сономравдан ганц ахтай ч өөрийнхөөрөө байж чаддаг, түрэмгий зантай, хүнээс айдаггүй залуугийн дүр л дээ. Эцгийнхээ алдсан байр суурийг сэргээхийн төлөө л тэмцдэг. Энэ нь түүний гол зорилго. Хэдийгээр Сономравдан гол дүр биш ч түүнээс бусад нь байнга хамаардаг. Бүхий л уялдаа холбоог нь бүрдүүлж өгдөг гэсэн үг.

-Сая Тавантолгойд авсан зураг авалт аль хэсгийнх вэ?

-Киноны төгсгөлд Ану хатан намайг алдаг хэсэг. Гэхдээ зүгээр ч үхэхгүй ээ. Морь унаж, том сэлэм барьчихаад хэсэг байлдана. Тэр үед сайхан санагдаж байсан шүү.

-Үхэж байгаа дүрд тоглох сайхан гэж үү?

-Үхэж байгаа нь гол биш. Хамгийн гол нь эртний баатрууд шиг эрэлхгээр тулалдаад л. Зун болохоор киноны өрнөл хэсгийн зургийг авна. Түүгээр миний гадаа авахуулах зураг дуусч байгаа юм. Харин өргөөнд олон зураг бий.

-Найруулагч тань хэр үнэлж байна?

-Гайгүй тоглолоо гэсэн. Анхандаа миний царайны төрх монголжуу биш болохоор дүрээ сайн гаргаж чадахгүй байх гэж бодсон гэсэн. Гэхдээ намайг зураг авахуулж дуусаад мориноосоо буухад болсонгүй гэж лав хэлээгүй. Тэгэхээр болсон юм байна гэж бодоод өөртөө их баярлаад байгаа.

-Дүрийнхээ судалгааг хэр сайн хийж чадсан бэ?

-Өөрийнхөө хэмжээгээр судалсан. Мөн зохиолч, найруулагч нартайгаа ярилцаад л тоглож байгаа. Тэд миний судалгааны ном гэсэн үг.

-Энэ таны хэд дэх түүхэн дүр вэ?

-Долоон бурхан харвадаггүй кинонд Х.Чойбалсангийн нэг алдартай зургийг авдаг орос зурагчинд гарсан.

У.Баярсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button