Н.Мөнх-Оргил нарт оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээв

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 356 дугаар зүйлийн 356.1-д заасны дагуу цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцдэг билээ.

Хуралдаанаар Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээв.

Н.Мөнх-Оргил нь 2010 оны 5 дугаар сарын 3-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт 7 настай М-г хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, эдгээр гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоолойг нь гараараа боож амьсгал бүтэлтэд оруулан санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.

Түүнчлэн 2010 оны 4 дүгээр сарын 8-нд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай С-г хүчиндсэн, 2010 оны 4 дүгээр сарын 21-нд мөн дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9 настай Н-ийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж түүний хоолойг гараараа боож, хүчиндэхийг завдсан, 2010 оны 4 дүгээр сарын 22-нд мөн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 настай Б-г хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

Хуралдаанаар мөн Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт цаазаар авах, Ш.Гантулгад 16 жилийн хорих ял оногдуулсныг тус тус хэвээр үлдээжээ.

Б.Эрдэнэбилэг согтуугаар, шунахайн сэдэлтээр 2009 оны 1 дүгээр сарын 8-ны шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байранд Н-д хутга, заазуур тулгаж, монетон ээмэг, бөгж, гинж, гар утас зэрэг нийт 1 сая 455 000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн. Улмаар мөн хохирогчид хутга заазуур тулгаж айлган, тохуурхан даажигнаж, хүч хэрэглэж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлджээ.

Мөн 2011 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Сод Монгол шатахуун түгээх станцын урд замд 40-44 УНО улсын дугаартай Тоёото марк-2 загварын автомашиныг согтуугаар жолоодон яваад Х-ын 57-51 УБД улсын дугаартай автомашиныг мөргөж, 259.500 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гаргасан, уг үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан аж.

Түүнчлэн 2011 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 3 цагийн орчим согтуугаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 3 дугаар байранд өөрийн найз 35 настай эмэгтэй Д-тэй хардалтын улмаас маргалдан сүхээр удаа дараа цохиж, биед нь олон тооны гэмтэл, шарх сорви үүсгэн онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, уг гэмт хэргээ нуун далдлах, хялбарчлах зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг харсан, талийгаач Д-ийн эх, 60 настай Ү, эцэг, 60 настай Б нарыг өндөр настай, биеэ хамгаалж чадахгүйг далимдуулан, ойр дотных нь хүний дэргэд удаа дараа хутгалж, санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Тэрээр мөн шунахайн сэдэлтээр хохирогчдын бие болон гэрээс нь алтан ээмэг, бөгж нэг хос, монетон бөгж, ээмэг, бөгжний хослол, талсттай ээмэг, бөгж, сувдан зүүлт, талийгаач Д-ийн Худалдаа хөгжлийн банк-ны цалингийн карт, гар утас, 200000 төгрөг зэрэг нийт 1 сая 200 000 төгрөгийн эд зүйлийг авч явсан байна.

Мөн талийгаач Д-ийн хүү Б-г ална шүү хэмээн хутга, сүх барьж заналхийлэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, гар, хөлийг нь хүлж, түүний мөнгөн гинж, чихэвч, LG k-800 загварын гар утас, өмд, ботинк, цамц, тэлээ зэрэг нийт 395.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн аж.

Үүнээс гадна Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга нар бүлэглэж 2009 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 20-23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байранд Э, Ц нарыг зодож, хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрч, улмаар танхайн сэдэлтээр Э, Ц нарыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж хүлж орхин санаатайгаар алахыг завдсан байна. Түүнчлэн хохирогч М-ыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байхад нь гар, хөл, хүзүү, биеийг нь кабелийн утсаар хүлж орхин санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.

Хуралдаанаар мөн Ц.Жаргалбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээв.

Ц.Жаргалбаяр нь согтуугаар 2011 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн гэртээ танхайн сэдэлтээр хохирогч У-г үл ялих зүйлээр шалтаглан хутгаар хүзүүний баруун хэсгийн араас урагш, баруунаас зүүн, дээрээс доош чиглэлтэй суваг үүсгэж баруун талын буулган венийг зүсэж, олон тооны шарх үүсгэн, цус алдалтын шоконд оруулж, улмаар толгойг их биенээс таслан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button