Тэлээ хурга

өрх гэрээ шинэчлэн, хаалга үүдээ нээснээрээ олон жилийн турш энэ намаас ард түмний хүсзн хүлээж байсан шинэчлэлийн эхний бөгөөд эрс шийдвэртэй бодлогыг эхлүүлсэн билээ. МАН хэмээх анхны нэрээ сэргээсэн нь зарим талаар үзэл бодлын том ялгарлыг авчрав. МАХН шинээр эмхлэгдэн байгуулагдсан нь үүний гэрч юм. Аливаа өөрчлөлт тодорхой цаг хугацаа шаарддаг. Тиймээс ч МАН болон шинэ тутам МАХН-ын хооронд туулайчилдаг гишүүдийн нэгдэл бий болов. МАН-д өрнөсөн энэхүү өөрчлөлт, нэгдэл болоод салалтыг улс төр судлаачид зүй ёсны үзэгдэл гэж дүгнэдэг.

Улс төр батон улс төр дэх олигархиудын салалт гэж С.Молор-Эрдэнэ тодорхойлсон нь бий. АН ч бас энэ замыг туулж, олигархижсан улстөрчдөөсөө намаа цэвэрлэх ёстой гэж үздэгээ энэ эрхэм нуугаагүй. МАН-аас МАХН руу гүйж, хоёр намын хооронд хор найруулж, хов хутгаж явдаг цөөн гишүүн бий болсон нь сүүлийн өдрүүдийн үйл явдлаас тодхон харагдлаа. Улстөрчийн хувьд төдийлөн тодорхой байр суурьгүй, эргэлзээтэй нүүдлүүд барьцааны хэд гэгдээд байгаа Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нараас гарах болсон. Хэдийгээр их улс төрийн давалгаан дээр, өнгө будаг төдийхнөөр тоглон, хөөс үлээж буй боловч тэд УИХ-д суудалтай, МАН-ын гишүүн гэдэг утгаараа хангалттай доргио үүсгэх болов. МАН-д үргэлжилж буй шинэчлэлийн үргэлжлэл гэж үүнийг нэрлэж бас болно.

МАХН-д зүрх сэтгэлээ өгч, ил, далд уулзалт зохиож яваа хэрнээ МАН-д данстай хэвээр байгаа барьцааны гишүүдийн хувийн байр суурь нууц амрагийн явдлыг санагдуулж байгаа нь эдүгээ илэрхий болов. Чухам энд л мөн чанарын асуудал хөндөгдөж буй юм. МАН-ыг орхиод МАХН-ыг сонгож, дараа нь Хамаг Монголын Хөдөлмөрийн намыг байуулсан Ц.Шинэбаяр тэдний хажууд шийдсэн шиг шийддэг шулуухан эр юм. Энүүхэндээ гэхэд ИХН-ыг орхин МАН-ыг сонгож, саяхандаа МАХН руу гүйсэн Н.Ичинноров ч тэрхүү барьцааны гишүүд гэгдээд байгаа Д.Тэрбишдагва, Ч.Улаан нартай харьцуулахад хувь хүнийхээ хувьд шийдмэг алхам хийх зоригтой байгаа нь сайхан. Өөрөөр хэлбэл хоёрын дунд гүйж, холын зайд хов зөөж явахын оронд шулуухан нэгийг сонгож чадсан нь улстөрч хүнд байх ёстой араншин.

Гэтэл МАН-ын гэх барьцааны гишүүд тийм байж чадсангүй. Энэ намын нэрээр удаа дараа сонгуульд өрсөлдөн парламентад суудалтай биш сонгогчдын итгэлийг аван сонгогдчихоод эцэст нь авахад хэцүү, хаяхад бүр ч хэцүү зан гаргаж байгаагаараа тэд өөрсдийнхөө мөн чанар, байр суурийг таниулж буй хэрэг юм. Хоёр эхнэрийн дунд гүйдэг амраг эрээс ялгаагүй ааш гаргаж байгаагаараа барьцааны гэх гишүүд буюу Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар өөрсдийнхөө нэр хүндийг огцом унагав. Тэлээ хурга гэж тэднийг өхөөрдөн нэрлэхэд гайхах зүйлгүй. МАН-д бүртгүүлчихээд, МАХН-д очиж тайлангаа тавьдаг байж таарах уу. Хоёр намын аль илүү үнэ хэлснийг нь дагах гэж далдаганаад явна уу.

Эхлээд тэд МАН-аас гарна гэж хөөрцөглөв. Дараахан нь МАХН-ын бүлгийг УИХ-д байгуулна гэж хөөрөв. Тэгснээ фракц байгуулах нэрээр нүүрээ далдайж, багт наадам тавив. Үйл явдлын өрнөл ч бас иймэрхүү дараалалтай. Тойрог өг гэж МАН-ын удирдлагуудад том дуугарсан сураг сонсогддог. Энэ хүсэлт нь тодорхой шийдгүй гацаанд оронгуут ХЗДХ-ийн сайдыг огцруулна гэж омтгойров.

УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан гэсэн асуудлаар Д.Дэмбэрэлд хов зөөн хошуугаа унжуулав. Гэвч амжилт олсонгүй. Адаг сүүлд нь саналын зөрүүтэй байр суурь илэрхийлж онигоонд орох болов. Тэлээ хургаа цатгах гэж МАН яарахгүй байгаа нь шийдвэрийг тэдэнд үлдээснийх болов уу. Ингэхэд энэ мэтээр тэлээлж гүйгээд байгаа гишүүд улстөрчийнхөө хувьд парламентын гишүүний хувьд өнгөрсөн хугадаанд юу хийв ээ.

Аалзны тор хэмээх Монгол дахь авлигын сүлжээний тачаар тодорхой гарган тавьсан нийтлэлийн гол баатруудын нэг нь О.Чулуунбат. Төмөр замыг удирдан, Дундговийн ард түмний итгэлийг хүлээн, парламентад хоёр ч удаа сонгогдсон Р.Рашаас нутаг орных нь хөгжлийг асуувал юу гэж хариулах нь сонин. Бизнесийн салбараас улс төр рүү гулгаж, кранаар өргүүлэн орж ирсэн Д.Тэрбишдагвын төрд байгуулсан гавьяа юу вэ. Сухбаатарчуудын эх оронч сэтгэл дээр гишгэж өндийсөн Цайрт минерал гэх Хятадын компанитай нэр холбогдсоор ирсэн Ч.Улаан гишүүн улстөрчийнхоө хувьд тод мөртэй, сод үйлстэй байж чадсан уу.

Энэ мэтээр том намын нэр хүндэд дулдуйдан парламентад хоёроос доошгүй удаа сонгогдсон атлаа хийсэн ажил, боловсруулсан бодлого гээд байх юмгүй гишүүд МАН болон АН-ын аль алинд бий. Суудлын бөглөө болж суудаг энэ гишүүдээсээ салж, шинэлэг залуусыг оруулж ирэхийг нийгэм шаардах болов. Парламентад ногооноороо орж ирээд, дорвөн жилийн турш ганц үг дуугаралгүй суусаар байгаад дараагийн сонгуультай золгодог сул гишүүд ч цөөнгүй бий. Ийм тохиолдолд улс төрийн хүчнүүдийн хариуцлагын тухай ярихаас аргагүй. Эрхлүүлсэн гишүүд, нь эхийгээ мөргөж, эх орноо шоглож, сонгогчдоо элэг барьдаг жишиг байж таарах уу. Энэ удаа ч бас МАН-ын тэлээ хурганууд улс төрийн хариуцлагаа ухамсарлах цаг болжээ.

Хоёрын хооронд, гурвын дунд байна гэдэг бол хамгийн адгийн зан. МАН-д үлдэх юм бол үлдсэн шиг үлдэж, энэ намын эгэл нэгэн гишүүн нь байж чадах уужим ухаан тэднээс гарах учиртай. Эсвэл МАХН-ын үүдийг тогших эр зориг хэрэгтэй. Улс төрийн хүчин гэдэг бол олонхийн тоглодог талбар. Хувиа хичээгчдийн орон зай биш. Тэр тусмаа тэлээ хургануудын тонгочдог тайз биш. Харин тэлээ хурга хэзээ ямагт ээж нь хэн байхаас ер хамааралгүй зөвхөн гэдсээ цатгахыг л эрхэмлэдэг. Тэгээд ч хоёр туулай хөөсөн анчин хоосон гэж үг бий. Хоёр эхнэр хөөсөн эр бүр хоосон үлдэж таарна. МАН-д үлдэнэ үү, МАХН-д очно уу хамаагүй. Үзэл бодлын хувьд нэг тачдаа багтах нь л улстөрч хүний хувьд зайлшгүй гаргах ёстой шийдвэр юм. Сонголтоо хийж чадсан хэнийг ч гэсэн хүндэтгэхэд нийгэм хэзээд бэлэн байдаг бачээ.

Р.Эмүжин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button