Х.Баттулга хошгируулж, АН хошгиров

МАН-ын өвөрт шургаж, хамтарсан Засгийн газарт ажиллан, албан тушаалын авлигад автсан гэх сайд нараа шүүмжлэн, Н.Алтанхуягийг хатуу үгээр ороолгож байснаас хойш хоёр cap ч өнгөрөөгүй байна. АН-д дэгдсэн энэ түймэр маш амархан унтарсан. АН-ын Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн заавраар МоАХ-ны дарга ХБаттулгад Сонгуулийн ерөнхий менежерийн ажлыг найр тавин өгсөн гэх яриа бий. Өөрөөр хэлбэл, АН барьцаалагчиддаа бууж өгсөн хэрэг. Тиймээс ч дотооддоо дэгдсэн дажныг амархан дарав.

Х.Баттулга намынхаа удирдлагуудад АН-ын сонгуулийн PR-ыг зангидан удирдах саналаа хэлэхэд нь МоАХ-ны сөргөлдөөнөөс эмээсэндээ Женко-гийн хүсэлтийг шуурхай хүлээж авсан гэсэн мэдээлэл байдаг. Ийнхүү АН-ын сонгуулийн бэлтгэл ажил Женко Х.Баттулгын дүрмээр өрнөх боломж бүрдэв, Тамирчин хүний араншингаар улс төрд хандсаар ирсэн Х.Баттулга юуны өмнө АН ялна гэсэн сэтгэлзүйн уриаг лоозон болгон дэвшүүллээ. Үнэндээ ч АН ялсан мэт нэг хэсэгтээ хөөрцөглөв. Багагүй алдаа ч гаргав.

Сөрөг хүчний үүргээ гэнэт ухамсарлан, Сонгуулийн хуулиар тоглож, хурал хаялт зарлан, төрийн ажлыг cap шахам гацаав. АН ялна гэсэн итгэл үнэмшлийн дор З.Энхболд, С.Эрдэнэ нараас эхлэн ярилцлага өгч, барианы газар бараг л гүйгээд орчихлоо. Женко Х.Баттулга хошгируулж, АН хошгирсноос өөрцгүй юм болов. Харамсалтай нь энэ хугацаанд АН-ын рейтинг уруудсан мэдээ байдаг.

АН ялна гэсэн лоозон ийнхүү бүдгэрч, рейтинг уруудаад эхэлмэгц дараагийн ажиллагаандаа шилжсэн нь Сонгууль будилаантай болно гэсэн муу мэдээг маш хурдтай тараах явдал байлаа. Хоёр боксчны нэг нь ялагдахаа ухаармагц шүүгч рүүгээ довтолж, будилаантай шүүлээ гэж агсамнадагтай адил тоглолт эдүгээ өрнөж байна. Энэ удаа Х.Баттулга дахиад л хошгируулж, АН дагаж хошгиров. Харин энэ мэтийн өнгөц тоглолтын ард ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгын Хятад, Солонгосын компанитай хийсэн гэх нууц гэрээ, стратегийн чухал орд газар болох Төгрөг нуурыг Хонгконгийн хятадуудад зарсан зэрэг хуйвалдаан илэрч, АН-ын сонгууль угтсан бодлого Женко-г хамгаалахад чиглэлээ.

Сонгууль будилаантай болно гэсэн утгатай мессэжийг идэвхтэй тарааж байгаагаараа ард түмнийг үймээнд уриалан дуудаж буй хэрэг юм. Сонгогчдын төрөө сонгох итгэл үнэмшилд бүдүүлгээр халдаж байгаа ноцтой явдал гэж хэлж болно.

Сонгуулийг будилаангүй болгох гол арга хэрэглэл нь иргэний ухаалаг үнэмлэхтэй болох явдал байлаа. Гэтэл иргэний цахим үнэмлэхээр АН-ын сайд нар тоглож орхив. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн эрхлэх ажлын хүрээнд иргэний цахим үнэмлэх хэвлэх, олгох ажил шийдэгдэх ёстой байв. Гэтэл Н.Алтанхуяг олон тэрбумын хөрөнгө төсөвлөсөн энэ асууддыг тендер зарлалгүй, хууль зөрчин нам нэгт нөхрийнхөө халаасанд шургуулсан байдаг. БХ-ын сайд асан Л.Болдын Бодь групп иргэний цахим үнэмлэх хэвлүүлэх ажлыг хариуцан авч, Финландын нэгэн компанид ацаглажээ.

Ийнхүү гараас гар дамжсан цахим үнэмлэх хугацаандаа иргэдэд хүрэхгүй нь тодорхой болов. Сонгуулийг будилаангүй болгох гол аргачлал буюу цахим үнэмлэхийг иймэрхүү байдлаар гацаачихаад одоо болохоор Сонгууль будилаантай болно гэж мессэж нисгээд байгаа нь цаанаа ноцтой асуудал хөндөж байгаа юм биш биз. Ингэж хардах боломжтой. Хэрэв сонгуулийн дүн ямраар ч гардаг бай, будилаантай боллоо гэдэг итгэл үнэмшлийг иргэдэд эртнээс өгчихвөл үймээн дэгдэх нь зайлшгүй гэж тооцоолов уу.

Монголчууд бие бие рүүгээ чулуу шидэж, бензинтэй лонх нүүлгэх нь тайм хүсээд байх юм мөн үү. Сонгууль будилаантай болох тухай АН-ынхан далдыг хардаг Далай лам шиг л ярьж байна. Ярилцлага ч өгч байна. Сонгууль будилаантай болох нь тодорхой юм бол АН өрсөлдөхгүй байлгүй дээ. Харж л байя.

С.Цэнгэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button