Монголчууд крилл үсгийг анх сурсан нь

Харин кирил бичигт тийм зүйл байхгүй. Манайд хэрэглэдэг кирил цагаан толгой 35 үсэгтэй. Нэг үсэг дармал, бичмэл гэж хоёр ялгадаг.

Кирил үсэг, бичлэг, дуудлага нь адилхан учир сурахад амархан. Нэгэн түүх өгүүлье. Миний эмээг залуу байхад буюу 1940-өөд оны сүүлчээр орон даяар шинэ үсэг сурах хөдөлгөөн шуурхай явагдаж 1950 оноос бүх бичиг баримт гагцхүү шинэ үсгээр явна тэсэн шаардлага тавигдаж байж. Эмээгийн дарга буюу Шүүх яамны сайд өөртөө мөн бусдад ч шинэ үсэг сурах талаар хатуу шаардлага тавьдаг, бичиг үсгийн дугуйлан тасалсан ажилтны цалинг хасдаг байжээ.

Монголдоо мэргэжлийн дунд сургууль ЗХУ-д дамжаа дүүргэсэн хүн байж. Эмээд минь байх чемодан дүүрэн Сайшаалын үнэмлэх, Жуух бичиг зэргийн дотор алтан үсэгтэй нэгэн үнэмлэх байх бөгөөд түүн дээр Шүүх яамны сайд гарын үсэг зурсан байдаг билээ. Тэр сайдын бичгийн хэвийг үлгэрлэвэл өдгөөгийн 4-5 настай хүүхдэд харандаа бариулж бичүүлсэнтэй адил мэт санагддаг.

Анх шинэ үсгийн дугуйлан их л эрчимтэй явагдаж байж. Гэхдээ улс нийтээр шинэ бичиг заалгаад бүхэл бүтэн зургаан жил, бүх албан хэрэг гагцхүү шинэ бичгээр хөтлөгддөг болоод нэг жил болчихоод байхад шинэ жил тэмдэглэх үеэр ханын сонин дээрээ Шинэ жилийн мэнд дэвшүүлье гэж бичих зоригтой залуус Шүүх яамны дотроос гараагүй гэдэг. Боловсрол мэдлэг дулимаг нөхдүүд байсан юм болов уу гэхээр тухайн үедээ гадаад, дотоодод хамгийн олон сэхээтэн нь бэлтгэгдсэн газар тус яам байжээ.

Сангийн яам, Хөдөө аж ахуйн яамны ажиллагсадтай зүйрлэх юм биш. Шүүх яамны ажилчдын олонхи нь дотооддоо хууль цаазны дунд зарим нь гадаадад тусгай дунд, Дээд сургууль төгссөн тухайн үедээ шижигнэсэн залуус байжээ. Гэхдээ л ганц өгүүлбэр алдаагүй биччих зоригтой аавын хүү гараагүй байсан байдаг.

Улсын дээд шүүхэд Ширдэгний нь бандиас ширээнийх нь хамба хүртэл явлаа гэж хуучлан цээжээ дэлдэх дуртай. Өнөрийн Өлзийхутаг хэмээх огцорсон дарга байжээ. Тэрээр бодсоноо хэлчихдэг нэгэн. Өлзийхутаг нэг удаа халамцуу үедээ дарга нартаа Та нар шиг юмнууд орос үсгийг тийм ч амархан дөнгөхгүй байлгүй. Маршил сур гэхээр нь та нар албандаа хайртай, ширээндээ дуртай юм болохоороо сурахчаа аядаж байгаа байхгүй юу. Би яах вэ уруудаж яваа хөгшин хүн. Наад орос үсэгтэй үсэггүй чинь болно. Тэр махан толгой Маршилд чинь ч үүнийгээ хэлсэн. Яадаг юм сурахгүй хүн байгаа биз. Надаас наад морь тэргээ л авахгүй юу та нар гэж агсам тавьжээ.

Бас болоогүй ээ. Хуучирч будаг нь цайрсан савхин дээлнийхээ халааснаас кирил үсгээр хэвлэгдсэн Үнэн сонинг гаргаж Тийм сайн юм бол үүний нэг нүүрийг түгдрэлгүй сайхан, дуржигнатал уншаад орхи гэж даргаа шараа болгожээ. Ө.Өлзийхутаг тэр үед 50 дөнгөж гарч байсан бөгөөд Маршилын залуу цагийн анд учир хамаа намаагүй ярьдаг гудиггүй эр байсан аж.

Түүний агсам тавьдаг нь учиртай байжээ. Тэр үед бичиг үсгийн дээд шатны дугуйланд бүтэн жил явсан ажилтнуудаас дөнгүүр гэсэн нь минутанд 25-30 үг уншдаг байж. Баримт Шүүх яам, Улсын прокурорын дэргэд мөн хоёр дугуйлан байвч багш нь тогтворгүй, заах арга муутай учир сурагчдын сурлага тун муу. Дээд дугуйлангийнх нь эгшиг, гийгүүлэгч хоёрын ялгааг одоо хүртэл мэддэггүй, Шүүх яам ажилчдаа шинэ үсэгт сургах тухай тушаал гаргасан боловч биелэл нь юу болж байгааг огт мэдэхгүй сууж байна. Энэ мэт ажилчин албан хаагчидаа шинэ үсэгт сургах ажлыг Холбооны яам, Хотын гар үйлдвэр зэрэг газрууд тун муу зохиож байгаа нь илэрлээ. /Үнэн 1945-6-14 №136/ гэж бичигдсэн сонины шарласан хуудсанд түүх болон үлджээ.

Дугуйланд суувч сурахгүй байгаадаа залхсан нэгэн албан хаагч тухайн үедээ үнэтэй төдийгүй ховор байсан авто үзгээ чулуудаж Хөндлөн бичиг гэдэг чинь хөгийн зовлонтой эд байна гэж халаглажээ. Бас нэгэн инээдтэй бөгөөд гунигтай явдлыг өгүүлье. Төв аймгийн Баянцогт сумын Гуна, Дунд Уртаар нутагтай ганц бие нэгэн хөгшин байжээ. Сумын захиргаанд алба хашиж байгаад эзэрхий үеийн бичгийн түшмэл байсан этгээд гэж анги язгуураар ардын засагт гологдсон өвгөн байж л дээ. Өвгөн албан журмаас хэлтрүүлж өгөхийг хүссэн өргөдөл сумын даргадаа өгөхөд дарга нь шинэ үсгээр хүлээж авна гээд буцаасан тул хөөрхий өвгөн хоёр өртөө гаруй газар явж 14 настай нэгэн хүү дээр очиж алд цэнхэр хадаг барин өргөдөл бичиж өгөхийг гуйжээ. Хүүг бичиж дуусахаар өвгөн өргөдлөө авч бичгийн нь хэвийг харснаа хм… гээд юм сурвал сайн сур гэж сургамжилжээ. Сонин нь гэвэл өргөдлийг буцаасан дарга өөрөө сонины үсэг тоолж уншдаг харин бичиж ерөөсөө чаддаггүй хүн байжээ.

Шинэ бичгийг шударга уншдаг дарга гэж тун ховор байсан бололтой. Шинэ бичгийн дүрмийг зүгээр мэддэг болсон буюу зарим тайлагдсан хүн ч гэсэн бичиж уншиж чаддаггүй байна. Ийм байдал энгийн ардаас эхлээд хариуцлагатанд хүртэл үзэгдэнэ. Сэлэнгэ аймгийн хоёр орлогч дарга нөхөр Цүлтэм, Галсанбалдан нар сонин шууд уншиж хоёулаа чадахгүй үсэг тоолж байхыг хөндлөнгөөс харахад аягүй байв. Удирдаж байгаа хүмүүс нь ийм байгаагийн харгайгаар олонх хариуцлагатай ажилтан нь сонин хэвлэл ашиглаж чаддаггүй байна. Үнэн 1946-5-7 №105/ гэж гарчээ.

Одоо монгол бичгийг хүчлэн эсэргүүцэгчид нь хэн бэ гэвэл товчхондоо хэлэхэд дарга нар болно. Гэтэл шинэ үсгийг эсэргүүцэгчид нь бас л тухайн үеийн сэхээтэн хийгээд дарга нар байжээ. МАХН-ын Төв Хороо, Засгийн газраас дарга нарт шинэ үсэг заах гэж олон ажил зохионо.

Нэгэн баримт Нөхөр Маам илтгэлдээ -Бүх албан яамдын дарга, сайд, удирдах ажилтан шинэ үсэгт шамдан суралцахын оронд чухал ажилтай гэж сугарч хоцроод доод ажилчдынхаа сурлагыг үнэлэн мэдэж чадахгүйд хүрч байгааг буруушаан тэмдэглэв. /Үнэн 1945-6-14 №136/ гэжээ.

Байдал иймэрхүү л байж. Үе үеийн Их хурал, Засгийн газрын гишүүдийн тун бага магадгүй арав хүрэхгүй хувь нь уугуул бичгээ унших хэмжээний мэдлэгтэй, бичиж огт чадахгүй гэсэн судалгаа байдаг байна. Монгол бичиг сэргэх эсэх нь түүнийг ямар хүрээнд хэрэглэхээс шалтгаална. Тухайн үед манай нэг эх оронч, Ерөнхий сайд монгол бичгийг сэргээхэд наян сая байтугай 800 сая төгрөг ч хайран биш гэж хэлснийг нэгэн сэтгүүлч өлгөж авч наад их мөнгөөр чинь эхлээд хоол олж идье.

Дараа нь цадсан хойноо монгол бичгийн талаар ярилцъя гэж сониноор хариу барьж, зарим дарга нар таатай хүлээж авч байсансан. Соёлт өртөнц монгол бичгийг хүндэтгээд зогсохгүй, алдагдсан байранд нь эргүүлэн залахад бодит туслалцаа үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган санаа тавиад байхад бид гүйцэтгэх үүрэгтэй билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button