Ус ертөнц /эссэ/

Осолдохгүй хотын төв гэсэндээ шороо дэлдэх нь арай бага. Хотын дэлгүүрийн гадаа битон, литрийн сав барьсан хүмүүс оочерлон Ус гэгч ойрд барааг нь хараагүй шингэн зүйлийг авах гэж дугаарлан зогсоно. Дэлгүүрийн хаяган дээр 1 литр ус – 10000 төг, 1 хүнд 10 литр хэмээн бичжээ. Хөдөө тал нутаг хүн, мал, амьтан бүр зүлэг ч үгүй эзгүй хоосон шороон талаар дүүрчээ. Зуны нарны халууныг ч хэлэх үү! Усгүй ам цангахын зовлонг ч хэлэх үү! Энэ өрөвдмөөр дүр зураг бүхий улс гүрнийг Монгол улс хэмээн нэрлэж, нийслэлийг нь Улаанбаатар гэж байсан цаг саяхан. Гэвч дэлхий дээр анх удаагаа ундны усны эх сурвалж тасарсан, газар дээрээ битгий хэл, газар доороо ухаад ч усгүй болсон орон хэмээн түүхэнд бичигдэж Усгүй ертөнц хэмээн нэрлэх болсон төдийгүй Монголчуудыг усгүй ертөнцийн ард түмэн гэдгээр нь андахгүй болжээ.

…Байз! өнгөрсөнд. Тун саяхандаа… Ус гол шиг, мөнгө найз шиг байх цагт. Ус халгин цалгин шуугиж, ойр хавийн даланг сэтлэн олж ирэх нь Туулын ус үерлэжээ. Хүмүүс Туулыг салаар гатладаг байлаа. Туулын бургас битүү шигэж, хөвөөгөөр нь зүлэг ногоо ургаж, Туул гол шиг биш, Мөрөн шиг цалгиж байх үед Монгол Дэлхийд ундны усны нөөцөөр дээгүүр орж байв.

…Одоо. Харин одоо бол Тийм цаг байсан юм аа гэж ярих болж. Yзэх биш ярихын төдий л болж. Туулын голдрил тасарч, хааяа нэг бороо орохоор амь сэлбэдэг боллоо. Yерлэх нь бүү хэл үлгэн салган урсгал тасрахгүй урсаж байх болж. Амь тасрахгүй гээд арай чүү нэг юм зуны бороог хүлээж, бургас ой модгүй болсон Туул нүцгэрч, салхинд гандан хий дэмий л дөнгөж амаа чийглэн дэвтээх амьд амьтан мэт харагдана.

Арга ч үгүй дээ, амьтай амьгүй олон амьтныг ундаалсан хойно, өөрөө одоо хатаж цангаад хагсарч байгаа нь тэр биз. Тунгалаг уснаа цагаан сүү дусаахыг эрт үед өвөг дээдэс минь хараан зүхэж цээрлэдэг байсан бол, одоо үед алга ташин баярлах болжээ. Учир нь голын эхэнд сүү дусаах нь бага хэрэг болж. Юу нь мэдэгдэхгүй химийн бодисыг дусаах нь битгий хэл суваг хоолой татан Туул руу шургуулан тонн, тонноор нь цутгах нь тэр. Тэр ч бүү хэл арай доошлоод ард түмэн нь худаг усгүй, эсвэл хувин сав түмпэнгүй гэлтэй хамаг хувцсаа боож аван голын эрэг бараадна. Газраар сав хийсэн, голоор ус хийж, голд нь орон, угааж эхэлнэ.

Цаашлаад биеэ угааж усанд орно. Yүнээс арай доошлоод голын дунд хэсэгт автомашин угаалгын цэг тааралдана. Химийн хортой, хоргүй бодис, саван, вок, хөлс, хир бүгдийг нь холиод нийслэлийн иргэдэд усны хоолойгоор, заримд нь зөөврийн худгаар ундны ус болгон түгээнэ. Бид нүдэн дээр ил л биш болохоос Хонгорын иргэд шүү дээ. Хонгор, Улаанбаатар гэлтгүй хордож байгаа хойно доо. Ер нь ингэж шат дамжлагагүйгээр шууд Хонгорын уснаас уучихсан нь дээр. Аягүй бол Хонгор, Улаанбаатарын уснаас ч цэвэр устай байж магад.

Бид нэг усан ундрагатай, бид усыг л ууна.

Энэ талаар ард иргэд, засаг төр нь ч тоохгүй. Тоолоо ч Монголчууд угийн л хэнэггүй, гүндүүгүй улс хэмээх нэрийдлээр дотроо засч, амаа таглана.

Ард иргэд нь Хонгорынхон гэхээр л үс нь арзайж, нүд нь аяганаасаа бүлтрэх шахам цэрвэж, өөрсдөө цэвэр ус ууж байгаа аятай л байх юм. Усны урсац бохирдвол бүгд л бохирдоно. Хонгор сумын гол ганц тэдний гол биш, бидний эх орны минь урсгал. Ус л юм хойно урсч л таарна. Эсвэл Хонгорын ус Туулын уснаас өөр өнгөтэй, ялгаатай. Эсвэл бүр Хонгорын ус гээд биччихсэн байдаг юм байх даа?

Бид нэг л усан ундрагатай. Бид нэг л ус ууна.

Засаг төр нь Загас усан дотроо живж үхэв, усанд байхдаа агаар дутагдаж үхэв, Хонгорын хүмүүс голын уснаас аван аягандаа хийж, өөрсдөө кофе аятай халбагаар хор аван найруулж уснаас хордсон, Тэгэхээс биш Хонгорын ус хоргүй гэх мэт хачирхалтай мэдэгдэл хийн мэлзэнэ.

Эрхэм ноёдууд ус уудаггүй болохоор усны гачигдлыг мэдэхгүй байна уу? Эсвэл сохор, бүр чихгүй болохоор тэр үү? Чихгүй, сохор гэдэг нь үнэн болж таарлаа. Аргагүй тийм хойно яаж мэдэх вэ дээ, Хөөрхий минь. Усны үнэ цэнийг өнөөг хүртэл мэдэхгүй л байна. Арга ч үгүй биз, одоохондоо ус төгрөгөөр хэмжигдээгүй байна. Бензиний үнэ нэмэгдэж, одоо бензиний үнэ нэмэгдвэл яанаа, аягүй бол бид сөнөнөө!

Яаж бензиний үнийг тогтоох вэ? гэж ирээд л сандралдаж байгааг нь харвал тэр усаар биш бензинээр тэжээгддэг бололтой. Тийм л байх нь. Аягүй бол зүрхнийх нь оронд мотор байгаа биз. Уг нь амьд бие хойно амь сэлбэх усаа үнэгүй байгаа дээр нь тордох нь зүйтэй. Yнэд орвол бензин ч яамай байнаа. Yсрээд л машингүй явган явна биз. Эцэг өвгөд минь тариа тарьж, усаа уугаад л үхээгүй л байлтай. Ер нь энх тунх, уух унд газар нутагтайгаа байсан цагт үхэхгүй. Хүн төрөлхтөн соёлыг хөгжүүлэх хэтрэх цагт соёл нь эргээд өөрсдийг нь устганаа гэж! Соёл ингэж их хөгжиж, атга шороо үнэд орж, мод бутаа тайраагүй, газар шороогоо ингэж их хөндөөгүй байсан бол хүн төрөлхтөн малаа маллаж байгалиасаа хишиг хүртэж, тааваараа элбэг дэлбэг байх байсан биз. Магадгүй уулыг нүцгэлж, усыг ширгээгээд эхлэхээр нь байгаль эх хишиг буянаа хураасан ч байж магад. Өгснийхөө хэрээр эргүүлээд хумьж эхэлж байна.

Туул минь! Ширгэхийн оронд ядаж хортой бай, Хонгорын гол шиг цэлийгээд урсаасай. Ам хатаж байна. Хортой хамаагүй тэрнээс чинь уух юмсан.

Бид амьд организм. Бид ус л ууна.

Бидэнд гарц бий. Гэхдээ 2 замтай. Туулыг нөхөн сэргээж, хөрсийг нь моджуулан тордох. Мөнгө биш Газар шороогоо, Бензин биш усаа бодох цаг.

Нэг бол ус ус хэмээн хоосон хашгирч Туулыг сэргэтэл их хур орохыг хүлээх, тэгээд эцэст нь импортоор ус худалдаж авах.

Хийх үү? Хүлээх үү? Хоосон хашгирахаар хийх л хэрэгтэй. Зөв эхлэх, зөв ярих нь ажлынхаа хагасыг хийлээ л гэсэн үг. Одоо л хийдэг цаг.

Ус уухгүйгээр амьдрах хүн битгий хэл адгуус манай дэлхий дээр л лав байхгүй. Магадгүй харь гариг дээр бий байх л даа.

Агаарын дараах – үнэ цэнэ бол УС.

Боддоо!!! Бид ус л уудаг!

Г.Номуунгоо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button