Өнгөрөгч долоо хоногийн үйл явдлын тойм

Согтуу жолооч зам тээврийн осол гаргаж 10 настай хүүг дайрч амь насыг нь хохироожээ /IҮ.23/

2012 оны 4 сарын 23-ний өдрийн 1140 цаг орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэд зам тээврийн ноцтой осол гарч, 10 настай хүүхдийг автомашин дайрч амь насыг хохироолоо.

УНИ 09-66 улсын дугаартай Ланд круйзер маркийн авто машины жолооч гарцаар зам гарч явсан дунд сургуулийн 10 настай хүүхдийг дайрч, аминд нь хүрсэн байна. Уг авто ослыг гаргасан жолооч 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадваргүй байсан төдийгүй явган хүний гарцнаар гарч байсан хүүг дайрч 10-15 мерт хол чирсэн нь Замын хөдөлгөөнийг хянах камерт бичигдэн үлджээ. Мөнхүүхдийг дайрсан машинаас согтуу залуухан хүүхэн гарч ирээд амь насаа алдсан хүүг тоосон ч шинжгүй хөлөөрөө өшиглөж байгаа хяналтын камерт тодорхой харагдаж байлаа.

Осол гаргасан Ланд круйзер маркийн автомашины жолоочийг Ш.Алтанхуяг гэдэг аж. Тэрбээр Мон дулаан трейд компанийн охин компани болох Хишигтэн нүүдэлчин компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг нэгэн гэнэ. Түүнийг эрүүлжүүлж, дараа нь 72 цаг саатуулах шийдвэрийг Замын цагдаагийн газраас гаргажээ. Пүрэв гаригт 72 цаг саатуулах хугацаа нь дууссан ч мөрдөн байцаалтын үед оргон зайлж болзошгүй, хэрэг мөрдөлтөд саад учруулж магадгүй гэсэн үндэслэлээр цааш үргэлжлүүлэн хорихоор болжээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох газрууд шалгаж эхлээд байгаа ажээ.

Сонгуулиас өмнө цахим үнэмлэх хэвлэгдэж амжихгүй /IҮ.23/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар УИХ-ын сонгуулиас урьтаж цахим үнэмлэх хэвлэн, иргэдэд тараах ажил бэрхшээлтэй тулж, амжихгүй болж байгааг дуулгалаа. Шалтгаан нь иргэний үнэмлэхийн бэлдэцийг энэ сарын 6-наас эхэлж 60 мянган ширхэгийг Монголын тал татаж авахаар хоёр тал тохиролцоод байсан ч дөрөвдүгээр сарын 13-нд 10080 ширхэгийг ирүүлсэн. Мөн энэ сарын 20-нд 100 мянган ширхэг бэлдэц ирсэн байсан ч бас л амжаагүй, энэ мэтээр тодорхой графикийн дагуу нийлүүлэхээр тохиролцоонд хүрээд байсан бэлдэц нийлүүлэлт хойшлогдохоос аргагүйд хүрсэн байна.

Мөн цахим үнэмлэхийн чипэнд тодорхой мэдээлэл оруулах ёстой. Энэ ажлыг Америкийн компани хариуцаж байгаа бөгөөд энэ ажлыг гүйцэтгэхийн тулд иргэний цахим үнэмлэхийг унших тоног төхөөрөмжийн техникийн шаардлагууд бас нөлөөлөх аж. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс иргэний цахим үнэмлэх унших техникийн шаардлагуудыг дээрх компанид гаргаж өгсөн ч энэ программ тохирч байгаа эсэхийг туршихын тулд долоо хоног шаардана. Тохирч байвал, иргэний үнэмлэх хэвлэх ажлыг эхлүүлж болно. Хэрвээ таарахгүй бол дахиж программ зохиох гэнэ. Ингэхлээр УИХ-ын сонгуулиас өмнө яагаад ч цахим үнэмлэх хэвлэгдэж амжихгүй гэдгийг дээрх хүмүүс албан ёсоор мэдэгджээ.

Хөшигтийн хөндийд нисэх онгоцны шинэ буудлын шав тавилаа /IҮ.23/

Монголын иргэний нисэхийн анхны онгоц хөөрч, нислэг үйлдэж байсан Хөшгийн хөндийд олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Улаанбаатар хотоос 60 гаруй км-ийн зайд тус шинэ буудал баригдах юм байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ буудлын шав тавих ёслолын ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрт иргэний агаарын тээврийн хөгжлийг эрчимжүүлж, Төв аймгийн Хөшгийн хөндийд олон улсын нисэх буудал байгуулж Улаанбаатар хотын дэд бүтэцтэй холбоно гэж тусгагдсан нь ийнхүү биелэлээ олох эхлэл тавигдаж байна гэдгийг онцоллоо.

Энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд манай Засгийн газар, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 2008 онд 28.8 тэрбум иений төсөвт өртөгтэй олон улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах хөнгөлттэй зээлийн гэрээ байгуулсан гэдгийг Ерөнхий сайд онцлоод, эл олон улсын шинэ буудал нь агаарын тээврийг олон улсын стандартын түвшинд хүргэж, иргэний агаарын тээврийн тогтвортой хөгжлийг хангахад онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.

Нийтдээ 30 гаруй барилга байгууламжууд баригдах бөгөөд зорчигч үйлчилгээний терминал нь нэг цагт 1100 зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай байх юм байна. Иж бүрэн барилга байгууламжаас бүрдсэн олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор Аэродромын хяналтын код 4D-ээс 4E-д шилжих бөгөөд 2019 он гэхэд олон улсын болон дотоодын нислэгээр жилд 1 сая 650 мянган зорчигчдод үйлчилж, 11900 тн ачаа тээвэрлэдэг дэлхийн жишигт нийцсэн нисэх буудал баригдах юм байна.

ЭЕШ-ын бүртгэл дууслаа /IҮ.24/

2012 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл амжилттай явагдаж дуусжээ. Бүртгэлд нийт 43072 шалгуулагч бүртгүүлсэн байна. Харин бүртгүүлсэн шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдлийг өчигдрийг хүртэл хүлээн авч шийдвэрлэсэн аж.

БСШУЯ-аас авсан эхний хагас жилийн статистик мэдээгээр 2011-2012 оны хичээлийн жилд 39184 хүүхэд төгсөх аж. Үүн дээр нэмэгдээд өмнөх онд төгссөн 3-5 мянга орчим сурагч шалгалт өгнө гэсэн тооцоог хийгээд байгаа аж. Энэ жилийн хувьд бүртгэлд хамрагдсан шалгуулагчдын 37148 нь энэ онд ЕБС төгсөх төгсөгч байгаа бол өмнөх онд төгссөн 5924 шалгуулагч бүртгүүлсэн гэдгийг холбогдох газрууд хэлж байлаа.

Архидалтын эсрэг үндэсний нэгдэл байгууллаа /IҮ.24/

Архидан согтуурах явдал залуужиж нийт хүн амын 51.2 хувь нь архины хамааралтай байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрсэн. Мөн манай улс дотооддоо их хэмжээний архи үйлдвэрлэдэг хэрнээ импортын согтууруулах ундааны хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг статистикийн мэдээнээс харж болно. Товчхондоо согтууруулах ундаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд байгаа нь хүн бүрийн сэтгэл зовинох ёстой асуудал болоод байгаа юм.

Тиймээс ДЭМБ, ЭМЯ, ХЗДХЯ, СЭМҮТ, ЭМДС, Архидалт мансуурлын эсрэг ассицоаци, Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төв, Эрүүл идэвхтэй амьдрал клуб зэрэг 30 гаруй ТББ нэгдэн Архидалт мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвсэл, нийгэмлэг байгуулснаа зарлалаа. Тус нийгэмлэг 10 аймагт архины хамаарлаас гарахад анхан шатны туслалцаа үзүүлэх төв байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд энэ ажилдаа дүүрэг, аймгийн засаг дарга нарыг хамтран ажиллах уриалгыг хүргүүлээд байгаа юм байна. Мөн насанд хүрсэн хүмүүс согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж сурахад уриалсан сурталчилгаа, зөвлөгөө, мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулах гэнэ.

Дундговь аймгийн газар нутгийн талаас илүү хувьд олборлолт явуулж эхэлжээ. /IҮ.25/

Дундговь аймгийн хэд хэдэн суманд гадаадын компаниуд олборлолт явуулж, хүн малыг усгүй болгоод зогсохгүй малын бэлчээр талхалж байгаа талаар тус сумын газар нутгаа гэсэн иргэд өчигдөр мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд Дундговь аймгийн газар шороо хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболор, Хонгор нутаг ТББ-ын тэргүүн Т.Ариунаа, Миний монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн Б.Болдбаатар нарын хүмүүс байлцав. Дундговь аймгийн ихэнх газарт уул уурхайн лиценз олгогдсон байгаа бөгөөд ашиглалт явуулж байгаа компаниуд нөхөн сэргээлт хийдэггүйн улмаас аймгийн газар нутагт эрүүл газар ховор үлдсэнийг тэд онцолж байсан юм. Өнөөгийн байдлаар тус аймгийн нийт газар нутгийн 16 хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон гэсэн мэдээллийг албаныхан өгч байгаа ч бодит байдал дээр нийт нутгийн 60 гаруй хувьд олборлолт явуулж байгааг тэд дурьдаад энэ асуудалд холбогдох газрууд анхаарлаа хандуулахыг хүсжээ. Хэрэв албаны хүмүүс дорвитой шийдвэр гаргахгүй бол нутаг усаа хамгаалахаар тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ онцолж байлаа.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзлаа /IҮ.25/

Жил бүрийн 4 сард нийслэлийн иргэдтэй уулздаг уламжлал ёсоороо Монгол улсын төрийн тэргүүн, хотын даргын хамтаар иргэдтэй уулзан, илтгэл тавьж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрээр илтгэлдээ төрийн алба, улс орны эрх ашиг, шүүхийн үйл ажиллагаа, 7 сарын нэгэн, авлига, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, цагдаа зэрэг асуудлыг хөндөн, иргэдийн олон асуултанд хариулт өгч байлаа.

АТГ-аас Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорино гэжээ. /IҮ.26/

МАХН-ын хэвлэлийн албанаас МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах 14 хоног нь дуусаж байгаа тул өнөөдөр суллагдана гэсэн мэдээлэл өгсөнтэй холбогдуулан энэ тухай тодруулахаар АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяраас утсаар холбогдон асуухад тийм шийдвэр гараагүй, өнөөдөр СБД-ийн шүүхээр түүнийг яллагдагчаар татсан шийдвэр гарах байх гэж хариулжээ. Тун удалгүй ийм шийдвэр шүүхээс гарч Н.Энхбаярыг үргэлжлүүлэн 60 хоног хорихоор болсон байна.

Цагдаагийн экс дарга нар өөрсдөө өмгөөлөгчөө сонгохоор болжээ. /IҮ.26/

7 сарын 1-ний хэрэгт шүүгдэгчээр татагдан, хоригдож буй цагдаагийн экс дарга нар өчигдрөөс өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалттай танилцаж эхэлжээ. СБД-ийн шүүхээс энэ сарын 20-нд шүүгдэгчдэд өмгөөлөгч томилж өг гэсэн албан бичгийг МӨХ-нд ирүүлсний дагуу тус холбооноос ажлын хэсэг гаргажээ. Ажлын хэсгийнхэн энэ сарын 23-нд урьдчилан хорих 461 дүгээр ангид очиж, шүүгдэгчидтэй уулзсан гэнэ. Тэд энэ үеэрээ Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй 800 гаруй, бусад 200 шахам өмгөөлөгчийн нэрийг хурандаа нарт танилцуулсан байна.

УИХ-ын сонгуулийг 6 сарын 28-ны Пүрэв гаригт явуулахаар тогтлоо. /IҮ.26/

Төрийн байгуулалтын байнгын хорооны үдээс өмнөх хуралдаанаас Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн нэгдсэн шийдэлд хүрч чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Уг төсөл үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанд орж дэмжигдэн УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 28-ний

Дархан-Уул аймагт албан тушаалтнууд авилгын хэргээр баривчлагджээ. /IҮ.26/

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Засаг дарга Эрдэнэбатын удирдлаганд ажилладаг гурван хүн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныханд гэрээсээ баривчлагдсан гэх мэдээлэл байна. Баривчлагдсан хүмүүс нь Чингис хаан банкны захирал Ганболд /Сүүлд Алтан тос гэдэг ургамлын тосны үйлдвэр байгуулсан/, Дархан-Уул аймгийн халамж үйлчилгээний албаны дарга Сүхбаатар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Баяраа нар гэнэ. Энэ гурван хүний баригдсан гол шалтгаан нь Дархан-Уул аймгийн удирдлагуудтай нийлж их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэрэгтэй холбоотой байж магадгүй аж.

Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү, Оюунбилэг нар сэтгүүлчдэд

мэдээлэл хийлээ. /IҮ.27/

Өмгөөлөгч О.Баасанхүү, Оюунбилэг нар өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татаж үргэлжлүүлэн хорих болсонтой холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд Н.Энхбаярыг хоёр сарын хугацаатай саатуулах болсон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн дээд шатны шүүгчид нь гомдол гаргаж буй аж.

Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү МАХН-ын дарга Н.Энхбаяр дэвшихгүй байх хуулийн ямар ч үндэслэл байхгүй. УИХ-ын сонгуульд ял эдлэж байгаагүй, гэм буруутай эсэх нь тогтоодоогүй л бол нэр дэвших эрхтэй. Тиймээс Н.Энхбаяр нэр дэвших нь гарцаагүй. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан нь анхнаасаа хуулийг зөрчсөн. Өчигдрийн хуралдаан ч гэсэн ЭБШХ-ийн 8.1, 8.2-ийг зөрчиж явагдсан. Яагаад гэвэл хуралдаан болохоос долоо хоногийн өмнө хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчаас яллагдагчаар татаж байна гэсэн тогтоолоо үйлдээд шүүхэд 72 цагийн өмнө хүргүүлэх ёстой байдаг. Мөн өмгөөлөгчид нь танилцуулах ёстой. Гэтэл өчигдрийн шүүх хурал 14.00 цагаас эхлэхэд шүүхэд яллагдагчаар татах тогтоолоо анх танилцуулсан, түүнчлэн ЭБШТ хуулийн 36 дугаар зүйлд яллагдагчаар татсан тогтоолыг гаргаад сонсгосон тохиолдолд л шүүхээс яллагдагчаар татаж шийдвэр гаргадаг. Гэтэл яллагдагчаар татагдсан этгээдэд тогтоолоо танилцуулаагүй байхад шүүхээс хууль зөрчсөн үйлдэл хийж яллагдагчаар татсанд гомдолтой байна.

Мөн ШШГЕГ-ынхан өчигдөр хэвлэлийнхэнд ташаа мэдээлэл өгснийг эсэргүүцэж байна. Би гар утас оруулаагүй, ямар захидал вэ харья гэж хэлэх үед тэд булааж авсан. Биднийг Н.Энхбаяртай уулзахын өмнө нэгжлэг хийн, металл илрүүлэгчээр шалгаж байгаа. Ер нь тэдний мэдээлснээр Н.Энхбаяр цагдан хорих төвд жаргаж байгаа юм шиг л мэдээлж байсан. Үнэндээ миний үйлчлүүлэгч дарамтанд байгаа. Тодруулбал, түүнийг цагдан хорих үед гурван байдлаар эрүүдэн шүүж, дарамтанд оруулсан байдаг юм. Н.Энхбаярыг сэтгэл санааны дарамтад оруулж байгаа. Учир нь 24-ны шөнө түүнийг унтуулаагүй байгаа юм. Учир нь хажууд нь шөнөжин барилгын ажил хийсэн гэсэн. 25-ны өдөр намайг компьютерээ авч орох гэтэл оруулаагүй. Мөрдөн байцаагч компьютер хэрэглэж болдог харин би бол болдоггүй юм байх. Энэ мэтээр маш их хууль зөрчсөн зүйлс гарч байна. Бид хууль зөрчсөн нэг ч үйлдлийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй. Цаашид ч тэмцэх болно хэмээсэн юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэн /IҮ.27/

УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Шинэбаяр нарын нэр бүхий есөн гишүүний өргөн мэдүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх талаархи асуудлыг өнөөдөр 15.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлаар 4 сарын 27-ний шөнө Төрийн ордонд нэлээд бужигнаантай өнжлөө. Өчигдөр орой хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, дараа нь МАН-ын бүлэг хуралдсан юм. Хуралдаан дууссаны дараа шөнийн 02.00 цагийн орчимд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэв.

Тус хуралдаанд оролцсон гишүүдээс зөвхөн АН-ын гишүүд сайдыг огцруулахыг дэмжсэн боловч олонхийн бүлэг гар өргөөгүй учир Ц.Нямдорж сайдыг огцруулах тухай асуудал байнгын хорооны хуралдаанаас дэмжлэг авч чадсангүй. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүнээс Ардчилсан намын найман гишүүн Ц.Нямдорж сайдыг огцруулахаар гар өргөн дэмжсэн ч олонх болох МАН-ын гишүүд огцруулахгүй гэжээ. Түүнчлэн үүргээ биелүүлээгүй хэмээн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг тавьсан О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Балдан-Очир нарын нэр бүхий гишүүдийн хэн нь ч УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаггүй юм байна.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөсний дараа шөнийн 04.00 цагт УИХ-ын чуулганыг хуралдуулж, Ц.Нямдорж сайдыг огцруулах эсэх асуудлаар эцсийн шийдэл гаргах байсан ч АН-ын бүлэг энэ асуудлаар УИХ-аас завсарлага авсан тул ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ

15 настай хүү агсам тавьж байнга зоюоодог гэх шалтгаанаар аавыгаа хөнөөжээ/IҮ.27/

Манай улсад архинаас үүдэлтэй гэмт хэргүүд тасрахгүй байна. Өмнө нь архи уусан нэгэн төрсөн эхийгээ, эхнэрээ эгүүтгэж байсан бол одоо архи ууж агсам тавьдаг аавыгаа 15 настай хүү нь хутгалж авь насыг нь хохироожээ. Энэ хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ. Ажил хийдэггүй, байнга шахуу архи ууж, эхнэр хүүхдээ зовоодог эр, эцэстээ төрүүлсэн хүүдээ алуулжээ.

Ц.Мөнх

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button