Ц.Нямдорж сайд шиг орох оронгүй гишүүддээ 100 мянган айлын орон сууцнаас квот олгоё

Үүнээс юуг ойлгов оо гэвэл ганц Ц.Нямдорж сайд биш, УИХ-ын нэлээд гишүүн та бидний сайн сайхны төлөө өдөр, шөнөгүй зүтгэсний эцэст өдгөө орох орон, оочих аягагүй суугаа юм байна. Өрөвдмөөр байгаа биз.

АТГ энэхүү мэдүүлгийг нь аваагүй бол хөөрхий түшээдээ орох оронгүй явааг нь харласан дотортой монголчууд бид мэдэх ч сөхөөгүй өнгөрөх байж л дээ. Өмсөх гуталгүйгээ телевизээр харуулсан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ц.Нямдорж авлигаар авсан зургаан тэрбум төгрөгийн үнэтэй байрандаа амьдардаг гэж хардсан сэтгэлээ илчлээгүй бол үнэндээ Хууль зүйн сайдаа ч бусдын гэрт түрээсээр хоног төөрүүлдэгийг мэдэхгүй байх байлаа.

Гэтэл саяхан юу болж өнгөрөв өө. Ц.Нямдорж сайд Н.Энхбаярыг баривчлах үеэр зурагт үзээгүй. Унтаж байсан гэдэг хариулт өгснөөр гэртээ бүр зурагт ч үгүй юм байна гэдэг ойлголтыг ард түмэндээ өгчихлөө. Насаараа төрийн төлөө зүтгэсэн сайдаа ингэж хэлэхийг харсан Иргэний хөдөлгөөнийхөн зурагт бэлэглэсэн нь жинхэнэ нүдээ олсон үйл явдал болсныг энэ дашрамд дурдах хэрэгтэй.

Мэдээж төр улсаа эмхэтгэх их ажилд өөрийгөө зориулсан, туршлагатай улстөрчдөө гэр оронгүй, дэлхий нийтийг тольдох зурагт ч үгүй, үгээгүй ядуу амьдарч буйг сонсож, мэдэрсэн ард түмэнд ямар л олигтой санагдав гэж.

Тиймээс Ерөнхий сайд аа, та бүхэн энэхүү асуудлыг нэн яаралтай авч хэлэлцээд УИХ, Засгийн газрынхаа орон байргүй гишүүддээ 100 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс квот олговол яасан юм бэ.

Ард түмэн яах вэ, эхлээд эх орон, иргэн биднийхээ төлөө хоёргүй сэтгэлээр нойр, хоолоо хасан байж үнэнчээр зүтгэж буй эдгээр гишүүдээ л амьдрах сууцтай болгочих. Үгүйбол бас нэг бизнесмэний өндөр түрээстэй, найман өрөө байранд толгой хорогдож байгаад хэл аманд орчихвол яана. Нөгөөтэйгүүр нэг биш нэлээд хэдэн орон сууцтай УИХ, Засгийн газрын гишүүд нь анги жав-ууддаа сайхан сэтгэл гаргаад ганц, нэг байраа илүүчилбэл ямар вэ гэдэг саналыг тавимаар байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Э.Мөнх-Очир нар тус бүртээ зургаан орон сууцтай юм билээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Одбаяр таван орон сууцтай бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар дөрөв, дөрвөн байртай гэнэ.

Харин өөрсдийнхөө нэр дээр гурав, гурван орон сууц өмчилж авсан гишүүд нэлээн олон байдаг аж. С.Баярцогт, З.Энхболд, Х.Бадамсүрэн, Я.Батсуурь, С.Бямбацогт, Д.Зоригт, Д.Кёкүшюзан Батбаяр нар тус бүртээ гурав, гурван байртай учраас ядарч яваа заримдаа тус болоод ганц, нэг байраа бэлэглэчихсэн ч яадаг юм. Тийм биз дээ.

С.Бэлэгмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button