Төмөрлөгийн үйлдвэр амь тавих гэж байна

Жилд 100 мянган тонн төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай японы технологиор баригдсан тус үйлдвэр байгуулагдаад 19 жил болсон ч өөрийнхөө бүрэн хүчин чадлаар өнөөг хүртэл ганц жил ч ажиллаагүй. Гол шалтгаан нь түүхий эд, хаягдал төмрийн нөөц багасч хангалттай төмөр цуглардаггүй гэх.

Нөгөө талаасаа манай улсад одоогийнх шиг барилга, орон сууц олноор баригддаггүй байсантай холбон тайлбарлаж болох юм. Гэвч Монголдоо ганц тус үйлдвэр хийж бүтээе гэсэн сэтгэлтэй удирдах албан тушаалтантай байсан бол зүгээр нэг хаягдал төмөр ирэхийг хүлээгээд суугаад байхгүй л байсан болов уу. Ингэж хэлэхийн учир нь энэ их айл төмрийн болон хүдрийн уурхайн гурван лиценз эзэмшдэг. Жилдээ сая тоннын хүдэр олборлох боловсруулах хүчин чадалтай, 229 сая тоннын нөөцтэй Төмөртэйн уурхай, 25 сая тоннын нөөцтэй Төмөр толгойн уурхай, төмрийн орд болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байдаг 12 сая тоннын нөөцтэй Хуст уурхай гэсэн гурван их сав ертөнцийн шим энэ үйлдвэрийн эрх мэдэлд бий.

Анх төмөрлөгийн үйлдвэр барихдаа Дархан, Сэлэнгийн бүсийн төмрийн хүдэр дээр үндэслэж эхний удаад хаягдал төмөр ашиглаж байгаад дөрөв, таван жилээс нь ордоо ашиглаж баяжуулаад ангижруулсан төмөр гаргаж хэрэглэнэ гэсэн зорилготой байжээ. Гэсэн ч үүдээ нээсэн цагаас эхлэн өнөөг хүртэл уурхай баяжуулах, ангижруулах талаар юу ч хийж байгаагүй нь гайхшралтай. Дарханы гэх тодотголтой тус төмөрлөгийн үйлдвэр дандаа буруу хүнээр удирдуулчихаагүй ажээ.

Тухайлбал, гурван жилийн өмнө байсан Ганболд гэх дарга тус үйлдвэрийг ажиллуулахад чамгүй ихийг бүтээснийг дээрх үйлдвэрийн ажилчин, албан хаагчид хэлж байгаа. Гэтэл гэнэт төрийн ордноос дуудаад Алтангадас одонгоор энгэрийг нь цоолж цолны найраа ч хийж амжаагүй байхад дахин дуудаж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-гоор шагнажээ. Энэ нь олны гайхшралыг төрүүлж байсан хэдий ч хэдхэн хоногийн дараа Ганболд ажлаа хүлээлгэн өгөв. Энэ нь төрийн толгойд байгаа эрхмүүдийн хүнийг соёлтойгоор ажлаас нь халах нэгэн шилдэг арга бололтой. Баттай эх сурвалжаас сонсвол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор Д.Дорлигжав нар дээрх сэдлийг гаргаж оронд нь өөрийн ах, дүү нараа тохоон томилохын эхлэл нь төрийн одон медалийг харамгүй олгож үнэгүйдүүлсэнтэй холбоотой. Ингээд Төмөрлөгийн үйлдвэрийн хувь заяа өөр тийшээ эргэж Монгол Улсыг биш хэсэг бүлэг хүмүүсийн ах дүүг тэжээн тэтгэх мөнгөний машин болж хувирав. Ийнхүү ах дүүгээрээ эзэгнэх болсон тус үйлдвэрийн Ерөнхий захирал нь эзгүй учир бусад удирдах албан тушаалтнуудыг нь олж уулзахаар эрэлд гарав. Ажлын өдөр буюу баасан гаригт үйлдвэр хөл хөдөлгөөнгүй байлаа.

Тус байгууллагын төв офиссын хоёрдугаар давхарт гарахад бичиг цаас барьсан хэдэн хүн нааш, цааш холхин даргын туслах Хуланг хүлээж байгаатай таарсан юм. Тэд ажлаасаа гарах өргөдөл өгөх гээд зогсож буй нь утсаар ярих ярианаас нь илт байлаа. Өнөөгийн нийгэмд тэр дундаа орон нутагт ажлаасаа гарах өргөдөл өгөх шалтгаан байх нь хачирхалтай санагдав. Ингээд ажлаас халагдах өргөдлөө өгөх гээд зогсож байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан Д.Зоригттой /нэрийг нь нууцлав/ уулзаж ярилцсан юм.

-Та энэ үйлдвэрт ажилладаг юм уу? Хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би Төмөрлөгийн үйлдвэрт 2000 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Харин сүүлийн үед үйлдвэр түүхий эдийн хомсдолд орж цаашид үйл ажиллагаа хэвийн явна гэхэд эргэлзээтэй болсон. Энэ байдлаас болоод бидний цалин буурах болсон. Иймээс би халагдах өргөдлөө бариад зогсож байна.

-Цалин буурах шалтгаанаа танай удирдлага юу гэж тайлбарладаг вэ?

-Ажил багатай гэж л тайлбарладаг. Үнэн хэрэгтээ бид нар удирдлага солигдсонтой холбоотой гэж үздэг. Анх үндсэн цалин дээрээ илүү цагийн нэмэгдэлтэй 800 гаруй мянган төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Гэтэл өнөөдөр маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч 400 хүрэхгүй мянган төгрөг авах гэж бөөн маргаан болж байна. Түүнээс гадна ажлын шахалт дарамт гэж хэмжээлшгүй. Тухайлбал, Ерөнхий прокурор Д.Дорлигжавын дүү гэх залуу манай байгууллагад ерөнхий менежерээр ажиллаад гурван жил гаруй боллоо. Энэ хүн зөвхөн мөнгө л бодохоос ажилтан, албан хаагчаа боддоггүй. Үүнээс гадна хүнтэй харьцах харьцаа гэж байхгүй. Бид цалин нэмэх талаар хэлэлцэхэд цалингаа голж байгаа хүмүүс гудамжинд гар гэсэн л утгатай хариулт өгдөг хүн шүү дээ.

-Ажил хэвийн үргэлжилж байгаа гэхэд ажилчид их цөөхөн байна. Эсвэл ээлжээр ажилладаг болохоор ийм байдалтай байгаа юм болов уу?

-Манай үйлдвэр чинь гурван ээлжээр 24 цаг тасралтгүй ажиллах цагийн хуваарьтай. Хатуухан хэлэхэд үйлдвэр зогсонги байна. Мөн цахилгаан их зарцуулдаг болохоор шөнөөр ажилладаг. Ажиллах нөхцөл муутай. Дүн өвлийн хүйтнээр гадуур хувцастайгаа ажилладаг. Ийм байхад бид цалин өндөр байх ёстой гэж үзэх нь зүйн хэрэг биз дээ.

-Танай үйлдвэрийн дарга байсан Ганболдын үед нөхцөл байдал ямар байв. Халагдах шалтгаан нь юу байсан юм бол?

-Би дээр хэлсэн шүү дээ. Анх ажилчдын үндсэн цалин 550 мянган төгрөг дээр илүү цагийн нэмэгдэл гээд боломжийн байсан. Ганболд дарга ажилчдын эрүүл ахуй, орчин нөхцлийг сайжруулахын төлөө ажилладаг хүн. Ер нь удирдлагууд өөрчлөгдсөнөөс олон зөрчилдөөнтэй асуудал гарч эхэлсэн. Хаягдал төмөр олдохгүй байгаа шалтгааныг ч удирдлагуудтай холбож ярих хүмүүс байдаг юм билээ.

Энэ зуур нарийн бичиг гэх Хулан ирснээр бидний яриа өндөрлөсөн юм. Түүнийг ажлынхаа өрөөнд оронгуут л бичиг цаас барьсан хүмүүс орж багагүй маргаан үүсэж харагдсан.

Ерөнхий прокурорын дүү сүрхий дарангуйлагч бололтой

Том ахтай байх гоё юм аа. Ах нь айлын хүүхдээс өмөөрч, хичээлийг нь хийнэ, их дээд сургуулийн төлбөр даана, ажилд оруулна, албан тушаал ахиулна. Энэ том ах бол ард түмний хөрөнгө хийгээд сэтгэл санааг мэрэн идэгч, өнөө цагийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Бас түүний үгээр дүү нараа халамжлагчид бололтой. Дээрээ Элбэгээ ахтай юм чинь юунаасаа ч айх билээ дээ. Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн дарга, ерөнхий менежерүүд Дорлигжав ахыгаа дагаж Эрдэнэтэд ажиллаж байсан. Гокийн хөрөнгөөр тоглож санаа нь амарсан Дорлигжав ажлаа хүлээлгэж өгөөд хот уруугаа буцахдаа өөрийнхөө дүү нарыг орхисонгүй Элбэгээ найзтайгаа ярьж байгаад Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрт зам зуураа гээсэн. Өнөөгийн монголын толгой төмөрлөгийн үйлдвэрийн дарга, ерөнхий менежер нар ажилдаа тохоон томилогдоод гурван жил гаруйн хугацаа өнгөрчээ. Ингэхдээ төмөрлөгийн үйлдвэрийг хаахаар хичээж зорьсон гэлтэй. Бүхэл бүтэн төмөрлөгийн үйлдвэрт 10 хүрэхгүй хүн ажиллаж байгаа нь гайхшралтай. Баттай эх сурвалжаас сонсвол Ерөнхий прокурор Дорлигжавын дүү гэж хүнээс айдаггүй айхтар дарангуйлагч. Тэрээр, өөрт таалагдахгүй хэнийг ч болов, өөрийнхөө хүссэнээр дарамталдаг. Тэр бүү хэл үйлдвэрийнхээ даргын өрөөнд хүнтэй байхад шууд л давхиж орон Чи хэн бэ, хаанаас явна гэх зэргээр шалгаж байцаадаг. Үндсэндээ Дархан-Уулыг тэжээлцдэг улсын том үйлдвэрийн даамалаар суусан мань эр ахынхаа байр суурийг сүрхий ашиглаад зогсохгүй намайг хэн сааж нохой хэн хуцах вэ гэдгийн үлгэрээр их л бардамнадаг бололтой. Энэ уурхайн ажил яаж явагддаг талаар өнгөрсөн жилийн ганцхан жишээ татъя.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах Төмөртэйн уурхайн үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж яаралтай зогсоожээ. Гэвч хаалттай уурхайн талбайд цэл залуухан жолооч хүнд даацын автомашинтайгаа уулын уруу өнхөрч амиа алдсан томоохон осол гарсан нь олныг сэрдхийлгээд авсан. Эрдэнэт хүний амь нас эндэхэд хэн ч, юу ч болоогүй мэт уурхайн ажил хэвийн явагдаж байна. Энэ нь төрийн өндөр албан тушаалтнууд ах дүү, хамаатан саднаараа эзэлсэн сүлжээн дунд үнэн гэдэг мохож, монгол хүн амиараа хохироод үлддэг жишээ болж байна. Яг өнөөдрийг хүртэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн харъяа энэ уурхайн ослын улмаас ямар ч эрхтэн дархтан хариуцлага хүлээгээгүй үхсэний хохь болж явсаар ирлээ. Энэхүү үйлдвэрийн эзэд нь ямар хүний хамсаатан болохыг дээр дурьдсан. Тиймээс тэдэнд хууль үйлчлэхгүй, хэл ам, хэрүүл зарга хийгээд явсан ч Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар цээжээр хаах учир ямар ч үр дүнд хүрэхгүй нь мэдээж. Хэрэг явдал ингээд дууссангүй. Өнгөрсөн хавраас уг уурхайг ашиглан, энэ хавраас олборлолт хийж төмрийн хүдрийг зөөж эхэллээ.

Бидэнд ирсэн мэдээллээр тус уурхайнхан ЗТБХБЯ, БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын газар, Сэлэнгэ аймгийн удирдлагуудаас өнөөг хүртэл уурхайн зориулалтаар ашиглах замын зөвшөөрөл ч аваагүй байгаа аж. Гэвч хамгийн гол нь уурхайн зам гүүрээ ч тавиагүй хэр нь ачиж зөөх гэж яарахын учир юу вэ? Нутгийн иргэд малчин, тариаланч, ногоочин Хүдэр, Ерөө, Жавхлант сумын иргэд бүгд эсэргүүцэн босч иргэний хөдөлгөөн байгуулж эхэллээ. Зарим иргэний хэлж буйгаар Дарханы Төмөрлөгийн УҮГ-ын хуучин ашиглаж байсан уурхайгаас төмрийн хүдрийн гарц, чанар муудсан тул гэрээ хийсэн байгууллагуудын ихэнх нь Хятадын компаниудын захиалгыг гаргаж болохгүй байгаа. Тиймээс Сэлэнгийн уурхайгаас яаралтай татаж өрөө дуусгах далд санаа агуулж байж болзошгүй хэмээж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй төмрийн хүдрийн гэрээ хийх эрх мэдэлтэй гарын үсэг зурдаг цөөн хэдэн дарга бий. Мөнгөний төлөө, хүний амь, байгаль орчин, төрийн байгууллагуудын хууль ёсны шаардлага, нутгийн иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж байгаа нь эмгэнэлтэй. Нутгийн иргэд энэхүү уурхайг Яасан ч ашиглаж болохгүй гэцгээж байна.

Үүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эрхэм дарга Д.Эрдэнэцогт, М.Сайннямбуу, М.Баттөгс нарт анхааруулах нь илүүц буй заа. Үйлдвэрийн одоогийн байдал ямар байгаа талаар тус үйлдвэрийн дэд захирал М.Баттөгсөөс тодрууллаа.

-Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу. Төмөрлөгийн үйлдвэр төмрийн нөөцгүйгээс бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл хаа сайгүй байх шиг байна?

-Манай үйлдвэр байгуулагдаад 20 шахам жил болж байна. Харин сүүлийн үед арматурын хэрэгцээ ихсэх хандлагатай байна. Шалтгаан нь хот хөдөөгүй барилга их баригдах болсонтой холбоотой. Гэтэл яг энэ үеэр хаягдал төмөр багасах хандлагатай болсон. Иймд манай үйлдвэрээс арматур төмөр авахаар ирж байгаа байгууллага хувь хүн хаягдал төмөр тушаагаад оронд нь арматур авах шаардлага тавьж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн ажил хэвийн. Энэ сард зургаан тонн арматур үйлдвэрлэх ёстой. Төмрийн бэлдэцээс харахад долдугаар cap дуустал жигд ажиллах нөөцтэй. Түүнээс цааш төмрийн нөөц ямар байх нь тодорхой бус байна.

-Танай үйлдвэрийн харьяанд хэд хэдэн газар лиценз эзэмшдэг гэж сонссон? Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Манай үйлдвэр 2015 он хүртэл төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Төмрийн хүдрээс ангижруулсан төмөр гаргаж түүнийгээ манай зууханд боловсруулахад маш олон шат дараалалтай цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд хугацаа, маш их хөрөнгө орно. Энэ асуудлыг бүрэн шийдэж байж л ажлын ахиц гарна. Зарим хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн. Өнөөдрийн байдлаар төмөр толгойн уурхайд бид хуурай соронзон сирпратор суурилуулсан. Цаашид Төмөр толгойн ордонд ч сая тоннын хүчин чадалтай хуурай сирпартор суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний дараагийн шат нь сайн чанарын баяжмал гаргах шаардлага гарна. Энэ нь нойтон баяжуулалтын асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Үүнтэй холбоотой үйлдвэрүүд баригдах ажил тодорхой үе шатандаа явагдаж байна. Мөн төмөр утас, шевелер зэрэг зүйлүүд хийх технологийн тоног төхөөрөмж суурилуулаад жилдээ 100 мянган тонныг хийх зорилготой явж байна.

-Энэ уурхайнуудыг гаргаснаараа ямар асуудлууд шийдэгдэж байна?

-Энэ гурван уурхай чинь хоёр аймгийн өөр, өөр сумын нутагт байрладаг. Дархан уул аймгийн Хонгор сумд Төмөр толгойн уурхай бий. Тэндхийн ажилчдыг Хонгор сумын иргэдээр хангаж баяжуулахын оператор зэрэг мэргэжил эзэмшүүлэн өөрсдийнхөө зардлаар сурган ажиллуулж байна. Дараагийн асуудал нь Төмөртэй уурхай дээр ажиллаж чадах хэн байна тэр хүмүүсийн Хүдэр сумаас аван ажиллуулж байна. Мэргэжилгүй боловсон хүчнийг бид өөрийн зардалаар Хүдэр суманд сургаж Улаанбаатараас багш нар авчирч хичээл заалган 50-60 мэргэжилтэн бэлтгэдэг.

-Танай компанид хэчнээн хүн ажилладаг вэ. Гадаад хүн бий юу?

-Манай компанид дандаа монголчууд ажилладаг. Ган хайлах боловсруулах чиглэлээр дадлага туршлагатай хүмүүс ажилладаг. Тэр ч утгаараа олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүн гаргаж чадаж байна. Үйлдвэрийн хувьд олон жил ажилласан хүмүүс. 19 жил болж байгаа болохоор манай үйлдвэрийн тоног төхөөрөмж хуучирч байна. Үйлдвэр заримдаа зогсох шалтгаан гардаг болохоор олон асуудал хоцрогдож байсан л даа. Энэ ч утгаараа бид ажилчдынхаа асуудлыг шийдэж байна. Манайх 1300 ажилтантай. Үйлдвэрт 850 орчим, Төмөр толгойн уурхайд 300 гаруй, үлдсэн нь Төмөртэй уурхай дээр байгаа. Цаашид ч өргөтгөлөө дагаж ажлын байр нэмэгдсэнээр ажилчид нэмэгдэж 2500 орчим болох байх.

-Цалин мөнгөний асуудал ямар вэ?

-Цалингаа шат дараатайгаар нэлээд нэмсэн. Өнөөдөр 689 мянга төгрөгний дундаж цалин авч байна. 2009 онд 300 мянга орчим байсан. Цаашид ч бид нэмэх зорилт тавьсан. Гол шалтгаан нь төрийн байгууллагуудын цалин нэмсэнтэй холбоотой юм.

-Танайх их нүүрс хэрэглэдэг. Хаанаас авч байна?

-Бид Алаг толгойгоос нүүрсээ авч байгаа. 1000-аад километрийн цаанаас гэсэн үг. Уг нь Дархан-Уул аймгийн Шарын голын нүүрсний том нөөцтэй орд газар байна. Эднийх нүүрсээр хангах бүрэн боломжтой ч манай стандартыг хангаж чадахгүй чулуулаг, хаягдал ихтэй байдаг болохоор бид авч ашиглахгүй байна. Шарын голыхон нүүрсээ шигшээд ялгадаг бол бид хамтран ажиллахад бэлэн.

-Ажилчид хэдэн цагаар ажилладаг вэ?

-Монгол Улсын хуулийн дагуу л ажилладаг улсын үйлдвэр. Үйлдвэрийн хувьд өглөө 08-16 цагт өглөөний ээлж, 16-24 цагт өдрийн ээлж, 24-08 шөнийн ээлж гэсэн гурван ээлжээр. Бид ажилчдын цагийн хувиар, амралтын цаг нь боломжийн гэж боддог.

– Хаягдал төмөр ямар үнэтэй авч байна вэ?

-Өнгөрсөн жил бид тонн төмөр 240 мянгаар авч байсан. Одоо 300 мянган төгрөгөөр авч байгаа. Гэтэл манай улсад 16 төмөрлөгийн үйлдвэр байгаа. Бүгд Хятад эзэнтэй. Тэд манайхаас 50-100 төгрөгний илүүгээр хаягдал төмөр авч байгаа нь төмрийн үнийг хөөрөгдөж байна. Тиймээс манайх цаашид үнэ нэмэх тал дээр анхаарч ажиллаж байгаа.

* * *

Монголд ганц гэх тодотголтой том төмөрлөгийн үйлдвэрийн минь бодит дүр төрх ийм байна. Үнэндээ өнөөгийн Төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудын талаар Дархан хотын иргэдээс нэг ч сайн үг сонссонгүй. Энэ нь дээрх ах дүүгээрээ, анд нөхдөөрөө эзэлсэн эрхмүүд ажлаа яаж хийдгийн илэрхийлэл. Мөн Хятадын талын хөрөнгө оруулалттай 16 жижиг үйлдвэрт суурь хэрэгцээ болох хаягдал төмөрөө өдрөөс өдөрт алдаад байвал удахгүй Дархан- Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэр хаалгаа барих биз.

В.Нэргүй, Б.Цэцэгдэлгэр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button