МАН, МАХН-ын маш нарийн төлөвлөгөө энэ үү

Гэсэн ч Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхийг эрх баригчид хойшлуулсаар байна. Хэрэв огцруулах асуудлыг хэлэлцээд эхэлчих л юм бол огцрох нь тодорхой гэдгийг Ц.Нямдорж болоод намын бүх гишүүд мэдэж байгаа. Учир нь аалзны торны хэрээсийг тайлж чадах хүн бол зөвхөн Ц.Нямдорж. Тиймээс Би ч но-той, та нар ч нотой унавал хамтдаа л унана шүү гэдэг зарчмаар явах тухайгаа ч намын удирдах зөвлөлийн хурал дээр хэлж, үгэндээ эзэн болно гэдгээ батлахаар Ч.Улаан гишүүнийг Х.Баатарын хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт шалгаж, сүрдүүлсэн гэх. Энэ мэт МАН-ын дотоодод үүссэн хурцадмал асуудлуудыг намын удирдлагууд хянаж чадахгүй хэмжээнд хүрч буй бөгөөд хоорондоо түнжин хагараад байгаа гэх мэдээллүүд өнгөрсөн долоо хоногт ар араасаа цуварлаа.

Хэрэв тэдэнд тойргийн мандат амлахаас эхлээд ашигтай санал тавихгүй бол намынхаа бага хурлын үеэр МАХН-д албан ёсоор элсэнэ гэдгээ ч мэдэгдээд байгаа билээ. Тэднийг ийнхүү дөвчигнөж эхлэхэд С.Баяр дуугүй байгаа нь сонин. Тэр ч бүү хэл намын бүлгийн хурал дээрээ Н.Энхбаярыг хааяа гэртээ урьж өндөг, талх шарж өгөөрэй гэж Д.Тэрбишдагвад захисан үгийг минь сайн биелүүлж байна гэж бараг л хөхиүлэн дэмжих маягийн байр суурийг илтгэсэн гэдэг. Тэгэхээр МАН-ын эсэргүү гишүүд өнгөн дээрээ Н.Энхбаярт хайр зарлаж, түүнийхээ төлөө намаасаа татгалзахаас эхлээд юу ч хийхээс буцахгүй мэт харагдах болсон Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын гишүүд даргагүй намд очих гэж зүтгэхийн хэрэг юунд вэ. Түүнчлэн Ц.Нямдорж төв аймгийн цагдан хорих төв рүү өөрийн биеэр очиж Н.Энхбаярыг эргэсэн гэх мэдээлэл ч оргүй биш бололтой. Тэгвэл Н.Энхбаярыг хорьсон нь, сонгуулийн өмнө юунаас ч айхгүй намаасаа гарах болсноо илэрхийлж буй нь МАН-ынхны сонгуульд ялалт байгуулах бөгөөд МАХН-тай нэгдэх хамгийн нарийн төлөвлөгөө хэмээн эх сурвалж хэлж байна.

Ингэхийн тулд Н.Энхбаяр байхгүй байх нь хамгийн чухал. Үүнийг Н.Энхбаяр ч мэдэж байсан байж болох. МАН-ын нэр бүхий гишүүд МАХН-ын даргыг нь байхгүйд эзгүйчилж, Н.Удвал, Л.Цог нараас эхлэн түүнийг аялдан дагаж байсан нөхдүүдийг холдуулж хоёр намаа нэгтгэх арга гэнэ. Өөрөөр хэлбэл, жүжиг тавьж байгаад Н.Энхбаярыг холдуулаад Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын нэг нь МАХН-ын дарга болж, хоёр намаа нэгтгэх гэнэ. Нөгөө талаас Ц.Нямдорж Н.Энхбаяртай уулзаж хоёр намаа сонгуулийн өмнө нэгтгэ. Хэрэв нэгдэхгүй бол Н.Энхбаярыг цагдан хорих төвөөс гаргах, гаргахгүй байх эрх мэдэл эрх баригчдад байгаа талаар сануулсан гэх яриа байна.

МАХН урилгагүй зочдоо хэрхэн дайлах бол

Сонгууль гэх их тулааны өмнө дарга нь хоригдож нэр дэвшүүлэхээр төлөвлөж ярилцаж байсан хүмүүс нь нүүр буруулсан хүндхэн байдалтайгаар тэд шинэ долоо хоногийг угтлаа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоёр cap үргэлжүүлэн хорих болсон тухай тааламжгүй мэдээ тэдний хувьд хүнд цохилт болсон нь мэдээж. Н.Энхбаяр сонгуульд оролцохгүй болох нь нэгэнт тодорхой болсон ч намын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой хэмээн үзэж өчигдөр бага чуулганы хуралдаанаа зохион байгууллаа. ЕНБД Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нараар даргалуулсан уг хуралдаанаар ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө намын гишүүд, дэмжигчиддээ танилцуулж хэлэлцэв. Н.Удвал дарга санал тоолох машин, цахим үнэмлэхээсээ эхлээд ирэх сонгууль будлиантах хандлага өндөр байгааг онцолж, МАНАН хэмээх нам дамжсан молигархиудыг энэ удаагийн сонгуулиар бид үдэн хөөх болно гэсэн үгээр намынхнаа уриалжээ.

Гэвч МАНАН-г сарниулах гэж буй МАХН-ын даргынх нь байгаа байдлаас харахад тэдний ярьж буй шударга ёс хэмээх үр иргэд сонсогчдын чихэнд тийм ч үнэмшилтэй наалдахгүй байгаа нь худал биш. Тэд мөн уг хуралдаанаар МҮАН-тай нэгдэж сонгуульд орохоор хэлэлцсэн ч МАН-ын есөн гишүүний байр суурь хааш нь эргүүлэхийг таашгүй. Тэгэхээр урилгагүй зочдоо хэрхэн дайлахыг нь харах л үлдлээ.

АН-ын рейтинг өндөр ч түгшилт их байна

АН-ын тухайд жинхэнэ нуувчинд орсон адил чив чимээгүй долоо хоног өнгөрлөө. Намын удирдлагуудын зүгээс улс төрд өрнөж буй үйл явдал төдийгүй бусад асуудлаар ямар ч байр суурь илэрхийлсэнгүй. Тэдний хувьд сонгуульд барьж орох мөрийн хөтөлбөрөө боловсруулахын зэрэгцээ нэр дэвшигчдээ тодруулах ажил нь ч ерөнхийдөө дуусах тал руугаа хандаж байгаа сурагтай. Хэнийг хаанаас аль тойрогт нэр дэвшүүлэх талаар тэд өмнөх сонгуулиудыг бодоход сүр дуулиангүй хэлэлцэж байна. Магадгүй тэднийг олны анхааралд өртөхгүй байхад МАН, МАХН-ын нийгэмд хэт ил болсон дотоод асуудал нэмэр болж байгааг үгүйсгэхгүй. Улс төрийн намуудын рейтингийг хамгийн сүүлийн үеийн судалгаагаар АН хамгийн дээгүүр оноо авч байгаа ч МАН, МАХН-ын дээрх шуугиан хэрэв жүжиг байвал яах вэ гэсэн асуудал тэдэнд маш их болгоомж дагуулсаар байгаа аж.

Б.ДАВАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button