Н.Энхбаярын захидал ба ШШГЕГ-ын заналхийлэл

Долдугаар сарын 1-ний хэрэг цагдаа, шүүхийн байгууллагуудын ажиллагаа хуулийн дагуу явуулдаггүй, салаа утга гаргах юм уу мөлийлгөөд хаядаг гэдгийг /хоёр тал нэг нэгэн рүүгээ ингэж дайрч давшилж байсан/ илчилсэн бол өнгөрсөн долоо хоногт тэдэн дээр ШШГЕГ нэмэгдлээ. Долоон сарын 1-ний хэрэг дээр Шүүх, Цагдаагийн байгууллагууд эхлээд овоо хууль ярьж байснаа дараа нь Буу өгсөн нь бууд гэсэн тушаал мөн биш гэлцэн холион бантан хутгасан билээ. Тэгвэл экс Ерөнхийлөгчийн баривчилгаатай холбогдоод ШШГЕГ яг ийм байдалд орох болчихоод байна. Тус байгууллага албадан саатуулагдаж буй Н.Энхбаярыг байнгын дарамтанд байлгаж, бичсэн захидлыг нь хурааж авсан гэнэ. Ерөнхийлөгч асны өмгөөлөгч О.Баасанхүү ингэж баталж буй. Энэ хэрэг эцэстээ Бал цаас өгсөн нь захидал бич гэсэг үг мөн үү гэх маягтай болж, утга салаалан холион бантан болох шинжтэй. Хэн нь худлаа яриад байгаа мэдэх арга өнөөдөртөө алга.

ШШГЕГ бол Н.Энхбаярын биеийг өдөрт хоёр удаа үзэж, хоол ундыг нь төрийн тусгай хамгаалалтынхны хяналт доор хийж өгдөг, камерт хоригдож байгаа хором бүр нь камерт бичигдэж байгаа гэх. Өмгөөлөгчид нь болохоор Хорих ангийн удирдлага, мөрдөн байцаагч нар гурван байдлаар эрүүдэн шүүж, дарамтанд оруулсан, 24-ны шөнө хажууд нь шөнөжин барилгын ажил хийж унтуулаагүй. Сэтгэл санаагаар дарамталж байна хэмээн гомдоллож байна. Тэдний хэлж байгаагаар бол эрүүлжүүлэх байрны цагдаа нар хөхөө өвлийн хүйтэнд өглөөгүүр камерын өөдөөс харсан цонхнуудаа дэлгэн жүүлэгдсэн хүмүүсийг хашраадаг шиг л юм болж. Мөн экс-ийг Төв аймгийн мөрдөнд анх авчирч камерт хийхэд нь бичлэг хийсэн, түүнд сэжигтний биед халдаж байгаа байдал дүрслэгдсэн хэмээн баталж байгаа. ШШГЕГ-ынхан энэ мэдээллийн талаар Бичлэг хийсэн нь үнэн. Зодсон, мөрдөн байцаагчийг камерт оруулсан нь худлаа гэж байгаа мөртөө Шүүх танхимд очихоороо гаргаад харуулчих видео бичлэг ньжого. Нэг иймэрхүү байдалтай маазарч эхэлсэн бол өнгөрсөн долоо хоногт гар утас, захидалтай холбоотой болж өрнөсөн билээ.

Захидал зүгээр л шоу юу

Сэжигтний өмгөөлөгч О.Баасанхүү Н.Энхбаярын бичсэн захидлыг ШШГЕГ-ынхан булааж аваад Прокурорын байгууллагад дамжуулсан гэж баталж байгаа. Харин ШШГЕГ энэ хэргийг АТГ руу, АТГ нь Прокурор руу түлхчихсэн байдалтай байна. Тэд захидал аваагүй гэдгээ бат илэрхийлээд Гар утас оруулж ирэхийг завдсан хууль бус үйлдэл гаргасан гэж тэс өөр юм ярихын сацуу Нэг удаа өршөөлөө, дахиад тэгвэл өршөөхгүй гэсэн заналхийлсэн шинжтэй байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Гар утас хэрэглэсэнд нь хариуцлага хүлээлгэдэг байж. Тэгвэл дамжуулахыг оролдсон хүнд нь ямар хариуцлага тооцох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ асуулт мөн л хариултаа нэхсээр байгаа юм. Энэ нь захидал бичсэн ШШГЕГ хураасан нь үнэн байж магадгүй гэсэн хардлагыг МАХН-ын гишүүд дэмжигчдэд төрүүлээд байгаа билээ. Хураалгасан гэх захидал нь намын нөхдөд нь хаяглагдсан байсан гэх.

Түүнд чухам ямар чухал асуудал бичсэн болоод тэгж ор сураггүй алга болдог хэрэг вэ, ер нь авсан нь үнэн юм уу гэдэг асуултад хариулт хэрэгтэй байна. Үүний тулд дахин нэг хэрэг үүсч ч болох юм. Зарим хэвлэлд бичсэнээр бол Н.Энхбаяраас хураасан захидалд холбогдоод байгаа хэргийнхээ талаар бичсэн байсан гэх. Хууль дэндүү сайн мэддэг Н.Энхбаяр хураагдахыг нь мэдсээр байж ийм захидал бичих болсонд ямар нэг эрх ашиг нуугдаж байна уу. Тэр захидалд л жинхэнэ чухал юм бичсэн байгаа гэсэн пи-арыг МАХН идэвхтэй хийж байгааг харвал үнэн ч юм шиг. Захиа-ны асуудал зүгээр л шоу юм болов уу.

Н.Энхбаяргүй МАХН хаашаа явах вэ

Өмгөөлөгч оруулахгүй, захидал гаргахгүйгээр экс Ерөнхийлөгчийг вакуум орчинд оруулах зорилготой хийгдэж буй энэ алхмууд бол Н.Энхбаярыг МАХН-аас тасалж, гэхээсээ илүү МАХН-ыг Н.Энхбаяраас таслах зорилготой гэж намын нөхөд нь хардаж байна. Одоогийн байдлаар бол МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшиж болохоор байгаа. Хоёр намаа нэгтгэхийг хүсдэгээ ил тод илэрхийлдэг том фигурууд энэ завсар МАХН-д элсэх сураг байгаа. Одоогоор сураг төдий байгаа энэ мэдээлэл биеллээ олбол МАХН хаашаа явах нь бараг тодорхой. Өөрөөр хэлбэл МАН руу явна. Захидал бичсэн нь үнэн бол Н.Энхбаяр чухам энэ талаар бичсэн байх магадлал хамгийн өндөр байгаа юм.

Х.БАТСАЙХАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button