Хойд солонгосчууд хоол тэжээлийн дутагдлаас болж өмнөдийнхнөөсөө намхан болжээ

Ийм мэдээлэл олон жилийн турш гарч байгаа юм. Британи, Америкийн улстөрийн тоймч Кристофер Хитченс 2010 онд Расист одойнуудын орон хэмээх гарчигтай нийтлэлдээ Хойд солонгосчууд өмнөдүүдээ бодвол 15 сантиметрээр намхан гэж бичжээ.

Харин сенаторч Жон Маккейн Хойд, Өмнөд Солонгосын ард ир­гэ­дийн өсөлтийн ялгаа дөнгөж долоон сантиметр хэмээсэн байдаг.

Тэгвэл Британийн Independent сонинд өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгост бүх юм том. Харин хүмүүс нь Өмнөдийн ах дүү нараасаа долоон сантиметрээр намхан гэж бичжээ.

Эдгээр мэдэгдэл үнэхээр үнэн үү. Хэрвээ үнэн бол хойд солонгосчууд өмнөдөөсөө яг хэдэн сантиметрээр намхан байна вэ. Энэ талаар Өмнөд Солонгосын Сонгюнгван их сургуулийн профессор Даниел Швекендик судалгаа хийжээ. Тэрбээр БНАСАУ-аас дүрвэн ирсэн хүмүүсийн өндрийг хэмжиж, харьцуулалтаа гаргасан байна.

Судлаачийн үзэж буйгаар Хойд Солонгосоос ирсэн эрчүүд өмнө­дийнх­нөөсөө дунджаар 3-8 сантиметрээр намхан гэнэ.

Яг энэ үзэгдэл Хойд Солонгосын хүүхдүүдэд ч ажиглагджээ. Энэ талаар профессор Сургуулийн өмнөх насны эрэгтэй хүүхэд Өмнөд Солонгост амь­дардаг үеийнхнээсээ дунджаар дөр­вөн сантиметрээр, харин охид гурван сантиметрээр намхан байна гэж мэдэгджээ.

Хойд, Өмнөд Солонгосын иргэдийн хувьд генетикийн ялгаа огт байхгүй, нэг үндэстэн билээ.

Тэгвэл Дэлхийн Хүнсний хөтөлбөр-ийн Хоол тэжээлийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Мартин Блум Хүүхэд ахуйдаа тэжээлийн дутагдалд орох нь өсөлт зогсоход нөлөөлдөг хэмээн тэмдэглэжээ. Энэ байгууллага 1995 оноос хойш БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлж байгаа юм.

1990-ээд оны дундуур Хойд Солонгос улс их өлсгөлөнд нэрвэгдсэн. Харин одоо тус улсад гурван хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн архаг дутагдалд орж, намхан болжээ.

Өмнөд Солонгос улс сүүлийн хэдэн жилд эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрсэн. Тиймээс эдийн засгийн өсөлт хүн амын өндөрт нөлөөлдөг гол хүчин зүйл гэж Мартин Блум үзэж байна.

Өөрөөр хэлбэл хойд солонгосчуудын дундаж өсөлт багасч байхад, өмнө­дийнхөн эсрэгээрээ, өндөрсөж байгаа аж. Үүнээс гадна Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дундаж өндөр Хойд Солонгосын эрчүүдийн дундажтай ойролцоо буюу бараг илүү болжээ. Энэ талаар профессор Швекендик Эмэг­тэйчүүд эрчүүдээс өндөр болж буй нь үнэхээр гайхалтай үзэгдэл хэмээн тэмдэглэсэн байна.

БНАСАУ бол хаалттай орон. Тий­мээс тус улсын статистикийн нарийн мэдээллийг авах боломж бага. Харин профессор Швекендикийн хувьд зөвхөн Хойд Солонгосоос ирсэн дүрвэгсдийг л судалсан. Гэхдээ тэрбээр дүрвэгсдийг хүн амын доод давхаргынхан гэдгийг эсэргүүцэж байна. Профессор Дүр­вэг­сэд БНАСАУ-ын бүх хэсгээс ирсэн, нийгмийн янз бүрийн давхаргад хамаа­рах хүмүүс. Бид Хойд Солонгосын Зас­гийн газар, тус улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын агентлагуудын мэдээллийг судалж үзэхэд бидний су­далгааны үр дүнтэй яг тохирч байсан гэж мэдэгджээ.

Тэгэхээр өмнөд солонгосчууд бая­жиж, өндөр нуруутай болж байхад, БНАСАУ-ын хүүхдүүд хоол тэжээлийн дутагдлаас болж өсөлт бага байгаа харамсалтай дүр зураг ажиглагдаж байна.

Э.Мөнхзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button