Үйлдвэрлэлийн дадлага хийлгэх компани олддоггүй байсан үе ард хоцорсон

суралцах сонирхлыг нэмэгдүүлсэн.

Мөн сүүлийн жилүүдэд гадны төсөл хөтөлбөрөөр нарийн мэргэжлийн сургалтад ихээхэн хөрөнгө оруулалт хийх болсон билээ. Энэ нь бодит байдал дээр хэрхэн биеллээ олж байгааг тодруулах зорилгоор барилгын салбарын жишиг сургууль Техник технологийн коллежийн мэргэжлийн сургалтын менежер Ц.Оюунтуяатай ярилцлаа.

-Төр болон олон улсын байгууллагаас МСҮТ-ийг нэлээд дэмжиж байгаа харагддаг. Бодит байдал дээр хэр өөрчлөлт гарч байна вэ?

-Мэргэжлийн боловсролын сургалтын талаар төрөөс дэмжлэг үзүүлж байгаа нь үнэн. Тухайлбал, Мэргэжлийн боловсролын тухай хуулинд өөрчлөлт оруулсан. Мөн Засгийн газрын тогтоолоор суралцагчдад сар бүр тэтгэлэг олгодог болсон зэрэг дэмжлэгийг дурдаж болно. Эдгээр дэмжлэгийн үр дүнд МСҮТ-үүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд сайжирч, элсэгчдийн /МСҮТ/-д хүүхдүүд элсэн тоо өсч, төгсөгчдийн чадавхи сайжирч байгаа.

-Манайханд яасан ч МСҮТ-д орохгүй юм шүү гэсэн сэтгэлгээ нэг хэсэг байсан. Энэ байдал одоо хэр өөрчлөгдөж байна. Ер нь МСҮТ-ийн онцлогийг дурдвал?

-Сүүлийн жилүүдэд МСҮТ-д элсэн суралцагсдын тоо эрс өсч байгааг харахад таны хэлсэнчлэн манайхны сэтгэлгээнд өөрчлөлт оржээ. Ер нь өндөр хөгжилтэй оронд мэргэжлийн боловсрол маш чухал байдаг. МСҮТ олон давуу талтай. Суурь боловсрол эзэмшсэн сурагч МСҮТ-д орсноор нэгдүгээрт, 10, 11 дүгээр ангийн бүрэн дунд боловсролыг эзэмшинэ.

Хоёрдугаарт, суралцаж байх хугацаандаа сар бүр 45.000 төгрөгийн тэтгэлэг авдгийг та бүхэн мэдэж байгаа. Гуравдугаарт, төгсөхдөө суурь боловсролтой, мэргэжилтэй ажилчин болно. Дөрөвдүгээрт, МСҮТ-ийг төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд их, дээд сургуульд суралцах боломжтой.

Мэргэжлийн боловсролын төв нь чадамжид суурилсан сургалтын тогтолцоо бий болгон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ур чадвартай, сүүлийн үеийн шинэ техник, тоног төхөөрөмжтэй ажиллаж чаддаг, багаар ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх талд их анхаарч байгаа. Энэ хүрээнд олон улсын байгууллагын дэмжлэг, санхүүжилтээр МСҮТ-д дадлагын шинэ тоног төхөөрөмж нийлүүлж, мөн багш нарын сургалт семинарыг зохион байгуулдаг.

-Танай сургуулийн хувьд төгсөгчдийн хэдэн хувь нь их, дээд сургуульд ордог вэ?

-Техник технологийн коллежийн хувьд мэргэжлийн боловсрол эзэмшиж буй төгсөгчдийн 70-80 хувь нь үйлдвэрлэлийн дадлага хийх явцдаа ажлаа олчихсон, ажил олгогч нь ажилтнаа болгочихдог. Урьд нь үйлдвэрлэлийн дадлага хийлгэх компани олддоггүй байсан үе ард хоцорсон. Одоо ажил олгогчдын эрэлт хэрэгцээ маш их байна. Тэдгээрт судалгаа хийсний үр дүнд мэргэжлийн боловсролын ангийг зохицуулж байгаа. Тиймээс ихэнх төгсөгч шууд мэргэжлээрээ ажилладаг. Нийт төгсөгчдийн 20 орчим хувь нь их, дээд сургуульд элсдэг.

-Ерөнхий боловсролын сурагчид удахгүй сургуулиа төгсөх гэж байна. Тэдний дунд МСҮТ-ийг сонгох сонирхолтой хүүхдүүд мэдээж байгаа. Тэдэнд хандаж ямар журмаар элсүүлдэг талаар тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй байх?

-Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангиа төгсөж буй хүүхдүүд МСҮТ-д шилжин 2.5 жилээр суралцаж, мэргэжилтэн болж төгсөх бүрэн боломжтой. Зургаадугаар сарын эхний долоо хоногоос ихэнх МСҮТ элсэлтээ авч эхэлдэг. Мөн хяналтын тоо дуусаагүй бол намар нэмж, элсэлт авдаг. Элсэхдээ ямар материал бүрдүүлэх талаарх мэдээллийг тухайн сургууль дээр байршуулсан байдаг. Мөн вэб сайтаар тавигдсан байгаа. Өнгөрсөн жилээс элсэгчдээс шалгалт авдаг журам гарч, тэр дагуу шалгалт авч элсүүлдэг.

-МСҮТ-д суралцагчид сургалтын төлбөр төлдөг үү?

-Төрийн өмчийн бус төвүүдэд тодорхой хэмжээний сургалтын төлбөр төлнө. Төрийн өмчийн МСҮТ сургалтын төлбөр авахгүй.

Төрийн дэмжлэг МСҮТ-үүдэд хүрч байна, одоо сурагчдын цалинг нэмэх ёстой

Манай улсын хүн амын 70 хувь нь залуучууд байдаг. Энэ тодорхойлолтоор хүн амын ихэнх хэсэг нь ажил хийх чадвартай гэсэн үг. Гэтэл ажиллах хүчний дутагдалд орчихсон мэт бид гаднаас ажиллах хүч оруулж ирсээр байна. Тэгсэн хэрнээ хөдөлмөрийн чадвартай эрүүл иргэдээ гадагшаа экспортолчихдог.

БНСУ-д очиж байгаа монголчууд нарийн мэргэжил шаарддаггүй хар ажлыг нь хийж байгаа. Монголд ийм хар ажлын үнэлгээ доогуур учраас харь орныг зорьдог. Гэтэл БНХАУ-аас ирсэн иргэд манайд аар саархан зүйл хийгээд монголчуудаас илүү цалин авдаг нь нууц биш.

Энэ байдлыг цэгцлэх үүднээс төрөөс МСҮТ-ийг дэмжсэний үр дүнд тодорхой амжилт гарч байгаа талаар мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулж буй багш, боловсон хүчний төлөөлөл ярьж байна. Харин их, дээд сургуулийн оюутанд 70 мянган төгрөг өгч эхэлснээр МСҮТ-ийг дэмжих бодлого алдагдах магадлалтай болж мэдэх юм.

Энэ талаар БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр Цаашид бид МСҮТ-д сурч байгаа хүүхдүүдийнхээ цалинг нэмэх бодлого барих ёстой. Төсвөө өргөн барьсны дараа Дээд боловсролын тухай хууль батлагдсан учраас МСҮТ-ийн хүүхдийн цалинг хөдөлгөж чадаагүй. Үүнийг анхаарч, дараагийн төсвөөс нэмэгдүүлэх ёстой. Мэргэжлүүдийг зардлаар нь санхүүжүүлдэг болъё гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үсчин бэлтгэх, гагнуурчин бэлтгэх хоёр тэс өөр зардалтай. Үсчинд оруулж байгаа хөрөнгө оруулалт бага. Гэтэл гагнуурчин бэлтгэх гэхээр электродоос эхлээд асуудал байна. 175 мянган ам.долларын үнэтэй машин нийлүүлж, үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ гэдэг улсын төсөвт хүндээр тусна.

Ерөнхий сайд Оюу толгой компанид очиход Зургаадугаар зэрэглэлийн гагнуурчин 1300 хэрэгтэй байна. Гэтэл Монгол Улсад нэг ч алга гэж шүүмжилж байсан. Манай МСҮТ-д одоогийн олгож байгаа зардлаар III зэргийн гагнуурчин л бэлтгэнэ. ҮI зэргийнхийг бэлтгэхийн тулд зардлыг нь нэмэгдүүлэх ёстой. Тиймээс бид хөдөлмөрийн зах зээлд уялдсан зардлыг нь гаргаж өгөх ёстой хэмээн мэдэгдэж байсныг энд дурдах нь зүйтэй байх.

Д.Баяржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button